Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 518

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 10-9 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ86011876, Цорос овогт Доожавын Бадралын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдох,

   Ажилгүй байсан хугацааны цалин 1.640.163 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бадрал, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Д.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдаж танай шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 620 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, тухайн өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгагдсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар ажилд орсон. Энэ хугацааны цалин болох 1.640.168 төгрөгийг авч чадаагүй. Мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж чадалгүй хохирч байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 1.640.168 төгрөгийг тус компаниас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү” гэв.

     Хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Бадрал нь 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тушаалаар борлуулалтын нягтлан бодогчоор ажилд орсон. Д.Бадрал нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамт ажиллаж байсан 3 хүнтэй хамтран хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хувьдаа завшиж Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт эрүүгийн 201420000151 тоот хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж мөрдөн байцаалтын явцад өөрөө мөнгө завшсан хэмээн хүлээн зөвшөөрч байгууллагад тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Д.Бадралыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 10.5.б-д зааснаар хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, дараалан 3 өдөр ажил тасалсан тул хууль журмын дагуу шийдвэрээ гаргасан боловч шүүхийн шийдвэр гарч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар ажилдаа орон ажиллаж байна. Д.Бадрал нь Ц.Лхагвасүрэн, Э.Цэндсүрэн, С.Түвшинжаргал нарт холбогдох эрүүгийн 2014420000151 тоот хэрэгт хэрэглэчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хувьдаа авч завшсан тухай “Си Эн Эм” мэргэжлийн аудитын ХХК-аар хохирлын хэмжээг тогтоолгоход эдгээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж манай компанид дахин 96 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн 23 сая төгрөгийн аудитын төлбөр болон бичиг хэргийн зардал гарсан. Мөн Д.Бадрал нь би Ц.Лхагвасүрэн, Э.Цэндсүрэн, С.Түвшинжаргал нартай бүлэглэж дансны аргаар бэлэн мөнгө хувьдаа ашиглаж байсан нь үнэн, би хэрэг үйлдсэн үеийнхээ огноог санахгүй байна хэмээн мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Дээрх яллагдагч Д.Бадрал, Ц.Лхагвасүрэн, Э.Цэндсүрэн, С.Түвшинжаргал нарын бүлэглэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Ингээд Увс аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 272 тоот тогтоолоор өршөөгдсөн. Иймд Д.Бадралын 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч  Д.Бадрал нь хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 1.640.163 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.                  

      Хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн төлөөлөгч Д.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

       Нэхэмжлэгч Д.Бадралыг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 620 дугаар шийдвэрээр Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн борлуулалтын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,  2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 8.701.290 /найман сая долоон зуун нэг мянга хоёр зуун ер/ төгрөгийг тус компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

       Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

      Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Бадралыг ажилд нь эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тушаалаар нотлогдож байна.

      Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд түүний 1 сард авсан дундаж цалинг тооцож үзэхэд 525.615 төгрөг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1.454.601 төгрөгийг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Бадралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185.567 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Д.Бадралын 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн даалгах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 1.454.601 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  38.223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадралд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.454.601 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадралд олгосугай.

       2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бадралын ажилгүй байсан 2015 оны 12 дугаар сарын 04-нөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгасугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.192 /дөчин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 38.223 /гучин найман мянга хоёр зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадралд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ