| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00383/И |
| Дугаар | 519 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 519
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД81030817, Шарнууд овогт Содномдаржаагийн Отгонбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-р 36 айлын 17 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОВ63101001, Зуутраг овогт Санжийн Пүрэвжавт холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.Пүрэвжавтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр С.Пүрэвжавын Голомт банкны 6200001003 тоот данс руу 12.500.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл С.Пүрэвжав нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд одоо миний гэрээ байгуулан худалдаж авахаар тохирсон Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Улаан загалмайн хорооны зүүн талд байрлах 10 айлын орон сууцны 2 дугаар орц, 2 давхар, 10 тоот орон сууцаар өөр хүний гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд С.Отгонбаяр миний бие С.Пүрэвжавтай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу төлсөн 12.500.000 төгрөгийг С.Пүрэвжаваас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн С.Отгонбаярын захиалсан байрыг 2015 оны 11 дүгээр сард бэлэн болгоод үлдэгдэл мөнгөө өгөөд байраа ав гэсэн шаардлагыг олон удаа тавьсан. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэхэд үлдэгдэл мөнгөө өгөөд байраа авна гэж тохирчихоод мөнгөө өгөлгүй явж байгаад гэнэт шүүхэд өгсөнд гомдолтой байна. Би тооцоогоо хийчихвэл байр чинь бэлэн байгаа гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүртэл яриулсан. Тэгтэл С.Отгонбаяр байраа авахаа болиод машин авах болсон учраас шууд л намайг шүүхэд өгсөн байсан. Ядахдаа байр авахгүй гэдгээ над руу бичгээр эс боловч мессеж бичээрэй гэж хэлсэн. Огт мессеж бичээгүй. Нэгэнт байраа авахгүй гэдэг нь шүүхэд өгсөн нэхэмжлэлээр тодорхой гэж үзэж тэр мөчөөс хойш байрыг нь зарах гээд чадахгүй байна. Би гэрээний дагуу байрыг нь зараад зарснаас хойш 30 хоногийн дотор урьдчилж өгсөн мөнгийг нь буцааж өгөх ёстой. Мөн буцааж өгөхдөө 20 хувийн суутгах ёстой. С.Отгонбаяр нь Иргэний хуулийг зөрчсөн. Тухайн үйл явдал болохоос өмнө нэхэмжлэл гаргах эрхгүй. Би байрыг нь зарчихаад мөнгийг нь өгөхгүй байвал энэ хүн нэхэмжлэх ёстой” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь хариуцагч С.Пүрэвжаваас орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанд талууд маргаагүй бөгөөд хариуцагч С.Пүрэвжав нь “С.Отгонбаяр гэрээнээс татгалзсан бол надад мэдэгдэх ёстой. Би гэрээний дагуу байрыг нь зараад зарснаас хойш 30 хоногийн дотор урьдчилж өгсөн мөнгийг нь буцааж өгөх ёстой, буцааж өгөхдөө 20 хувийг нь суутгана” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, хариуцагч нь тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар “Улаангом сумын 3 дугаар баг, Улаан загалмайн хорооны зүүн талд байрлах 10 айлын орон сууцны 2 дугаар орцны 10 тоот байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар орон сууцны нийт үнэд 29.400.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Тус гэрээнд Улаангом сумын 3 дугаар баг, Улаан загалмайн хорооны зүүн талд байрлах 10 айлын орон сууцны 2 дугаар орцны 10 тоот байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй байх тул барилгын ажил дуусах хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг уг орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа гэж үзэх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд “Орон сууц захиалгын гэрээ” гэх нэртэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууцыг тогтоосон хугацаанд нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн худалдаж авахаар тохиролцсон Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Улаан загалмайн хорооны зүүн талд байрлах 10 айлын орон сууцны 2 дугаар орц, 2 давхар, 10 тоот орон сууцыг иргэн Л.Гантөмөрт барьцаалан зээл авч, С.Пүрэвжаваас 20.128.000 төгрөг гаргуулж Л.Гантөмөрт олгох шүүхийн шийдвэрийн дагуу тус орон сууцаар Л.Гантөмөрийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 593 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 802 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Гэрээг цуцлах үндэслэлд тус байрыг хугацаандаа шилжүүлээгүй бол гэрээг цулах талаар тусгаагүй боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагч С.Пүрэвжаваас мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 12.500.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч С.Пүрэвжав “С.Отгонбаяр гэрээнээс татгалзсан бол надад мэдэгдэх ёстой” гэх тайлбарыг өгдөг боловч “Орон сууц захиалгын гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2-д “Гэрээний 6.1.2, 6.1.3-д зааснаар гүйцэтгэгч тал гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээнээс татгалзаж байгаа талаар захиалагчид бичгээр мэдэгдэнэ” гэсэн гүйцэтгэгч тал гэрээнээс татгалзвал захиалагчид мэдэгдэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн хариуцагч С.Пүрэвжав нь “Мөн буцааж өгөхдөө 20 хувийн суутгана” гэж маргасан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэрэв захиалагч тал орон сууцны өмчлөх эрх авахаас өмнө гэрээг цуцлах санал гаргавал захиалагчийн урьдчилгаа төлбөрөөс орон сууцыг өөр этгээдэд худалдсанаас хойш 30 хоногийн дотор захиалагчид шилжүүлнэ. Суутган авах зардал нь урьдчилгаа төлбөрийн 20 хувь болно” гэж заасан боловч хариуцагч нь гэрээг цуцалснаас ямар бодит зардал гарсан болохоо нотлоогүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч С.Отгонбаярын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 12.500.000 төгрөгөөс 20 хувийг хасах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 12.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонбаярт олгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас улсын тэмдэгтийн хураамж 214.950 гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаярт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалагт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэн, хариуцагч С.Пүрэвжавт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 12.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонбаярт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас улсын тэмдэгтийн хураамж 214.950 гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаярт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ