Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 211/МА2024/00017

 

211/МА2024/00017

 

 

 

Т банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2024/00280 дугаартай шийдвэртэй

Т банк ХК /регистрийн дугаар:00000000/-ийн нэхэмжлэлтэй

А аймгийн Э сумын 0 дүгээр багийн Б 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух У овогт Чийн Н /иргэний бүртгэлийн дугаар: 000000/, Х овогт Дийн Ц нарт  холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 23,635,299.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ч.Н, Д.Ц нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Дийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.А, Б.Д хариуцагч Ч.Н, Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч Ч.Н, Д.Ц нарт Т банкны А салбараас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 322 тоот гэрээгээр 22,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээнүүдэд зээлдэгч Ч.Н болон хамтран зээлдэгч Д.Ц нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлийн барьцаанд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 322 тоот гэрээгээр 2022 оны малын А дансаар 490 толгой мал барьцаалсан. 2023 оны малын А дансаар 710 толгой малтай байна. Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ч.Н, хамтран зээлдэгч Д.Ц нар нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Ч.Н болон хамтран зээлдэгч Д.Ц нар нь дээрх 322 тоот зээлийн гэрээний болон түүний хавсралт 1 дэх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдэгчдэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Зээлдэгчтэй Т банкны А салбарын ажилтнууд байнга утсаар холбогдон очиж уулзаж байсан бөгөөд зээлдэгч 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлээ төлөхгүй 132 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч Ч.Н, Д.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 21,882,085.99 төгрөг, хуримтлагдсан хүү 1,712,321.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,892.72 төгрөг, нийт 23,635,299.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, “Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон зээлийн гэрээ, барьцааны гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ч.Н, Д.Ц нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 23,635,299.86 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ...гэжээ.

 

2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А Б.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Зээлдэгч Ч.Н, Д.Ц нар нь “Т банк” ХК-ийн А салбараас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 322 тоот зээлийн гэрээ байгуулж 22,000,000 / хорин хоёр сая/ төгрөгийн зээлийг сарын 1,8% хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 15-нд төлөх 6,265,336.99 төгрөгийн эргэн төлбөрийн хуваарийг зөрчиж төлөлгүй өнөөдрийн байдлаар 169 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэ үед зуд болоогүй малын хорогдол гараагүй байсан үе бөгөөд малын ашиг шимийн орлогоор зээлээ төлөх бүрэн боломжтой үе байсан. Харилцагчтай зээл төлүүлэхээр удаа дараа очиж уулзаж хангалттай хугацаа өгсөн боловч худал ярьж хууран мэхэлж хугацаа авдаг байсан. Зээл хойшлуулах хүсэлтийн тухайд харилцагч цахимаар болон цаасаар албан ёсоор өргөдөл гаргаагүй болно. “Т банк” ХК нь 2024.02.20-ний өдрөөс эхлэн зээл хойшлуулж эхэлсэн бөгөөд 2024 оны 2 дугаар сараас 6 дугаар сард төлөгдөх зээлүүдийг хойшлуулж байгаа тул хойшлуулах хугацаанд хамрагдах боломжгүй болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 20.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалтын дагуу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлөх ёстой 23,635,299.86 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч нараас гаргуулан Т банканд олгуулж өгнө үү... гэжээ.

 

3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь Т банкнаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 322 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан байдаг. Зээл авснаас хойш зээлийн гэрээний анхны төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан ч төлөөгүй, мөн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй, нийт 200 гаран хоног хугацаа хэтрүүлэн явж байгаа. Ийм учраас зээлдэгч Ч.Н, Д.Ц нараас 23,635,299.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч Ч.Н, Д.Ц нарт Т банкны зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хангалттай хугацаа өгсөн. Тухайн үед байгаль цаг уурын хүнд нөхцөл байдал буюу зуд турхан үүсээгүй байсан. Тухайн хүмүүс нь намар тарга тэвээргээ авсан малаа худалдан борлуулаад зээлээ хангалттай төлөх боломжтой байсан. Тухайн үед зээлээ төлөөгүй. Мөн хариуцагч нарт манай талаас зээлээ төлөх талаарх заавар зөвлөгөөг хангалттай өгч байсан. Долоо хоног болгон очиж уулзахад харилцагч нар нь биднийг хууран мэхэлж, хугацаа авах зорилгоор манай нөхөр хүнээс мөнгө авах гээд явсан, малаа ачаад хот руу явсан, удахгүй миний 5 жилийн нэмэгдэл орно тэгээд төлье гэх мэтээр худлаа ярьдаг байсан. Энэ талаарх баримтууд нь уулзалт хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Уг хоцроосон зээлийн төлөлтүүд нь энэ өвлийн зудаас өмнөх хугацааны асуудал байгаа. Хариуцагч нар нь зээлээ санаатай төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ санаатай биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Багийн Засаг даргаас авсан тодорхойлолтод бичигдсэн тоо нь 2023 оны малын тоо. 2023 оны 12 дугаар сард гарсан мал тооллогоор хариуцагч Ч.Нын нэр дээр 710 толгой мал тоологдсон байсан. Малыг барьцаанд авч малчны зээл гаргахдаа бүх малыг нь хонин толгойд шилжүүлээд зах зээлийн үнээр нь үржүүлж, түүнийхээ 30 хувиар буюу хамгийн доод түвшингээр зээл гаргадаг. Манай зүгээс малын хорогдлыг хангалттай тооцож зээл гаргасан. Ч.Н 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 710 толгой мал тоолуулсан. Хариуцагч нар зээлээ 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлөөгүй. Малчны зээл олгоход малыг даатгуулах боломжгүй, учир нь малчны зээлийн эрсдэлийн даатгалд тухайн зээлийн үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч хоёрын амь нас, эрүүл мэндийг даатгадаг даатгал. Зээлдэгч нар нь гэнэтийн ослын улмаас нас барах эсхүл хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах, үйлдвэрлэлийн осолд орох, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амь нас эрүүл мэндэд нь хохирол учрах, ахуйн эрсдэлд өртөх буюу тогонд цохиулах, халтирч унах, хавчуулагдах, түлэгдэх, хорт хийнд хордох, зам тээврийн осолд өртөх, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдлууд нь хамаарахаар тусгагдсан байгаа. Улсын хэмжээнд зудтай аймаг, сумын судалгаа гарсан. Уг судалгаанд А аймгийг зудархаг аймаг гэж тогтоосон. Гэхдээ аймгийн хойд сумд буюу Т, Ц, Х, Ж, Ц зэрэг сумыг цагаан зуд болсон сум гэж үзсэн. Бусад сумдыг зудархаг байна гэж үзсэн. Э сумын тухайд цагаан зуд болоогүй. Хариуцагч нар нь малчны зээлээ төлөх боломжгүй, зээлээ хойшлуулах талаар манай банкинд хүсэлт гаргаж байгаагүй. Албан ёсоор зээл хойшлуулах хүсэлтийг ирүүлж байгаагүй. Манайх зээл хойшлуулах хүсэлтээ цахимаар авдаг, тухайн зээлдэгч нар нь банкин дээр ирэхгүйгээр хүсэлтээ гаргаад өгчих боломжтой. Манай зүгээс 2022 оны 02 дугаар сараас бүх зээлээ хойшлуулсан. Харилцагчийнх 2023 оны 11 дүгээр сард төлөх байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... С.А төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна... гэжээ.

 

5. Хариуцагч Ч.Н, Д.Ц нар шүүхэд гаргасан талбартаа: ....Миний бие Д.Ц нь Ч.Нтай хамтран амьдардаг бөгөөд энэ хугацаанд бие хоёр малчин зээлийг Т банкнаас 22.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Зээлийн төлбөрт 0000000000 тоот  дансанд 2023 оны 12 сарын 21-нд 900.000 төгрөг, 12 сарын 27-нд 500.000 төгрөг, 12 сарын 28-нд 1.000.000 төгрөг эргүүлэн төлсөн. Нийт 2.400.000 төгрөг төлсөн. Т банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээлдэгч нарын хувьд эхний төлөлтөөс 4.600.000 төгрөгийг дутуу төлсөн. Дараагийн төлөлт болоогүй байхад нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Санхүүгийн тодорхой хэмжээний эрсдэл үүссэн цаг үед иргэдэд боломж олгож ээлтэй байдлаар хандах ёстой гэж үзэж байна. Хахир хатуу зудтай өвлийг арай гэж давж ихэнх малаа хорогдуулсан. Энэ байдлыг харгалзан үзээд зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй байна гэжээ.    

 

6. Хариуцагч Ч.Н, Д.Ц нар анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...А аймгийн Э сумын 4 дүгээр багийн малчин Ч овогтой Н 0000000000 регистрийн дугаартай, Д овогтой Ц 00000000000 регистрийн дугаартай бид хоёр Т банкнаас малчны зээл авсан. Бидний амьжиргааны эх үүсвэр бол мал юм. Бид малаа маллаж амьдрал ахуйгаа залгуулж явдаг. Энэ жил малчдад маш хүнд нөхцөл байдал тулгараад байна. Учир нь өвөлжилт хүндэрч бид бүхэн малчны зээлээ төлөх боломжгүй болоод байна. Өнгөрсөн өвлийн цас зуднаар малын хорогдол ихтэй, зээлээ төлөх боломжгүй хүнд нөхцөл байдалтай учраад байгаа тул бидний Т банкны салбараас авсан малчны зээлийг Т банкны салбартай хамтран “Зээлийн үйл ажиллагааны журмын 21.7.3-т заасны дагуу сунгах, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж” холбогдох журам зааврын дагуу хойшлуулж, хугацааг сунгаж шийдэж өгнө үү. Мөн малчдад Засгийн газраас зээлийн хороонд зээлийг сунгах эрх олгосоор байтал Т банк бидний зээлийн хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож зээлийг нэг доор бөөнөөр нь нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай малчин бидэнд дарамттай байна. Мөн маргааш бидний шүүх хурал болох тул амьдралын гачигдлаас болж шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул бидний эзгүйд шийдэж өгнө үү. Хууль эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Г.Эыг сонгон авсан. Өмгөөлөгчийг маань шүүх хуралдаанд оролцуулж бидний эрх ашгийг хамгаалуулж өгнө үү. Мөн иргэний хэргийн шүүх бидний хүсэлтийг нэхэмжлэгч Т банкны салбартай зөвлөлдөж заавар журмын дагуу хугацааг сунгаж шийдэж өгнө үү. Мөн бидний малчны зээл ангилал буурч хадгалагдаж байгааг засуулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2023 оны 11 дүгээр сараас эхлэн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн. Нийтэд илэрхий нөхцөл байдал үүссэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ихэнх малаа алдаж 38 тооны мал үлдсэн. Энэ нөхцөл байдал нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч тал 38 тооны мал үлдсэн гэдэг нь худлаа, энэ айлын мал хэвээрээ байгаа гэж тайлбарлаж байгаа ч үүнийгээ нотлохгүй байна. Мөн хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан цаг хугацаанд мал нь байсан гэж маргаж байгаа хэдий ч тэрнээс хойших цаг хугацаанд мал нь үрэгдсэн байхгүй болсон гэдгийг багийн Засаг дарга нотлоод байна. Багийн Засаг даргын 38 толгой мал байгаа гэсэн тодорхойлолттой нэхэмжлэгч тал маргадаггүй. Ийм учраас 38 тооны малыг л гаргаж шийдвэрлэх боломжтой байна. Бусад малыг гаргах боломжгүй байна. Учир нь тэр хүмүүст огт тухайн мал байхгүй болсон. Байхгүй болсон малыг гаргаж шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой байна гэв.

 

 А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2024/00280 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Н, Д.Ц нараас 23,635,299.86 /хорин гурван сая зургаан зуун гучин таван мянга хоёр зуун ерэн есөн төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар хариуцагч Ч.Н, Д.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд тэдний өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгө болох 490 толгой мал /хонь-186, ямаа-300, үхэр-4/, А аймгийн Э сумын 0 дүгээр баг, Б 0-0 тоотод байршилтай 5 ханатай, давхар бүрээстэй 1 ширхэг гэр зэргийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н, Д.Ц нараас 276,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Н, Д.Ц нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06-р сарын 10 ний өдрийн 129\ШШ2024\00280 дугаартай шийдвэрээр Т банкны нэхэмжлэлтэй А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Б 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух У овогт Чийн Н Х овогт Дийн Ц нарт хариуцагдах 23.635.299.86иргэний хэргийг хэлэлцээд Ч.Н, Д.Ц биднээс 23.635.299.86 төгрөгийг бүгдийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Учир нь бид анх зээл авахдаа 490 толгой мал барьцаалсан зээлийн хугацаа үргэлжлэх явцад мал ахуйд эрсдэл гарч цаг зуурын хүнд нөхцөлөөс болж мал үхэж үрэгдэж 38 толгой ямаа үлдсэн. Энэ талаарх нотлох баримт болох харьяалах багийн засаг дарга Жавхлангийн тодорхойлолтыг шүүхэд өгсөн. Энэ талаар хариуцсан байгууллага маргаагүй. Малчин зээл авсан мал байхгүй болчихсон төлөх барьцааны хөрөнгө үрэгдсэн байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж буй нь учир дутагдалтай байна. Энэ шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж буй тул хохирлыг багасгуулахаар / төлөх төлбөрийг/ гомдол гаргаж байна. Хянаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хуулийн хүрээнд хүчин төгөлдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслээд шүүхийн шийдвэр гарсан байгаа. Ер нь банк зээл олгохдоо Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Иймд зээлдэгчийн малын тоо, толгой буурсан нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлыг дэмжиж оролцож байна. Яагаад гэхээр анх зээл авахдаа 497 толгой малаа барьцаалаад хэрвээ зээлээ төлж чадахгүй бол 497 толгой малаараа энэ зээлийг төлнө гэсэн барьцаа тавьж зээл авсан. Гэтэл барьцааны хөрөнгө болох 497 толгой малаас 38 тооны ямаа үлдээд бусад нь үрэгдсэн. Энэ жил нийтэд илэрхий зуд, гамшгийн үйл, явдал болсон. Мал үрэгдсэн байна гэдгийг багийн Засаг дарга тодорхойлж өгсөн. Эрсдэлийн үнэлгээ цаг, ямагт хийгдэж байсан юм билээ. Малын хорогдлын тооцооллоор 38 толгой мал үлдсэн гэдгийг багийн Засаг дарга тодорхойлоод байна. Тэгэхээр барьцаагаараа зээлээ төлнө гэж байхад барьцааны хөрөнгө байхгүй болсон тохиолдолд 497 толгой малыг байгаа мэтээр ойлгож энэ барьцааны хөрөнгөөр төлбөрөө төл гэж гаргаж байгаа нь учир дутагдалтай байгаа учраас хянуулъя, байгаа 38 толгой малаа, гэрээ өгөөд хохирлыг төлье гэсэн байр суурьтай оролцож байна гэв.

 

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Т банк ХК , хариуцагч Ч.Н, Д.Ц нарт  холбогдуулан зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 23.635.299,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч  Ч.Н, Д.Ц нар “…Зээлдэгч нарын хувьд эхний төлөлтөөс 4.600.000 төгрөгийг дутуу төлсөн. Дараагийн төлөлт болоогүй байхад нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өвөлжилт хүндэрч, малын хорогдол ихтэй, зээл  төлөх боломжгүй хүнд нөхцөл байдалтай учраад байгаа тул бидний Т банкны салбараас авсан малчны зээлийг төлөх хугацааг сунгаж шийдэж өгнө үү…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү,, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийн гэрээний 2.1.6, 3.2.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, Т банк ХК-тай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан баримт бичиг хэрэгт авагдаагүй, шүүх хариуцагч нарын өмнөөс Т банк ХК-тай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрлөлт оруулах боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ч.Н, Д.Ц нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  ...Бид  зээл авахдаа 490 толгой мал барьцаалсан. Зээлийн хугацаа үргэлжлэх явцад мал ахуйд эрсдэл гарч цаг зуурын хүнд нөхцлөөс болж мал үхэж үрэгдэж 38 толгой ямаа үлдсэн. Малчин зээл төлөх барьцааны хөрөнгө үрэгдсэн байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж буй тул төлөх төлбөрийг багасгаж өгнө үү ... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон байна.

 

Т банкны А салбар, хариуцагч Ч.Н, Д.Ц нар 2023 оны 05 сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, барьцаат зээлийн гэрээ байгуулан, гэрээний дагуу зээлдэгч Ч.Н, Д.Ц нар Т банкны А салбараас 22.000.000 төгрөгийн зээл авчээ.

Хариуцагч Ч.Н, Д.Ц нар зээлийг 2023 оны 11 сарын 15, 2024 оны 05 сарын 15, 2024 оны 11 сарын 15, 2025 оны 05 сарын 15-нд хувааж төлөхөөр зээлийн гэрээнд заасан боловч  гэрээнд заасан хуваирын дагуу зээл төлөх үүргийг биелүүлэлгүй, 2023 оны 11 сарын 15-нд төлөх зээлийн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлдүүлэгч Т банкны А салбар 2023 оны 12 сарын 20, 2024 оны 01 сарын 30, 2024 оны 02 сарын 14-ний  өдөр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Т банкны А салбар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Мөн хариуцагч Ч.Н, Д.Ц нар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар Т банкны А салбарт хандаагүй, гэрээний талууд харилцан тохиролцсоноор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах болохоос шүүх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, шийдвэрлэх боломжгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Зээлийн гэрээний нэг тал болох банк гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгчийн эд хөрөнгийг барьцаалж байгаа бөгөөд барьцааны зүйл устаж, үрэгдсэн нь зээлийн үүргээс чөлөөлөгдөх, үүргийг багасгах үндэслэл болохгүй юм.

 

Барьцаат зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т “Барьцааны зүйл үрэгдэх, үнэ цэнэ алдагдах нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагчийн шаардлагаар барьцаалуулагч нь нэн даруй барьцааны зүйл болон түүний тодорхой хэсгийг нэмэгдүүлэх буюу барьцаалагчийн бичгээр тогтоосон үнийн хэмжээнд өөрийн өмчлөх бусад хөрөнгийг нэмж барьцаална” гэж заасан байх ба барьцааны хөрөнгө үрэгдсэн тохиолдолд зээл төлөх үүргээс чөлөөлөх, багасгах талаар гэрээнд тусгаагүй, талууд энэ нөхцөлөөр тохиролцоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлэн, үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв хэрэглэн, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч Ч.Н, Д.Ц нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч Ч.Н, Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.126 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээх нь зүйтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

           1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 129/ШШ2024/00280 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н, Д.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

           2. Хариуцагч Ч.Н, Д.Ц нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 276.126 /хоёр зуун далан зургаан мянга нэг зуун хорин зургаан / төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

       

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.Д

             

                           ШҮҮГЧИД                                  В.Ц

 

                                                                                   Т.Г