| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0766/Э |
| Дугаар | 797 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох 1906 00627 0831 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Хүн-Од”ХХК-д харуул ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ач, бэрийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 8 дугаар байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 10 дугаар байрны 41 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Дн Т /РД: ........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхалант хүлэг” автосервисээс иргэн Р.Хишигжаргалын 82-05 УНҮ улсын дугаартай “Субару Эксига” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Хишигжаргалын өгсөн: “...”Батхүлэг” авто сервисийн засварт машинаа оруулж тавиад түлхүүрээ машин дотор нь үлдээчихдэг юм. Тэгээд маргааш өглөө нь ороод иртэл манаач өвөө “Чи урд талынхаа гуперийг хагалаад хаячихсан байна шүү дээ” гэж хэлж байсан. Би өмнө нь автомашинаа уг газар байрлуулаад маргааш нь авахад бага зэрэг сэв болчихсон байдаг байсан. Тэгээд би тухайн орой машинаа байрлуулаад гарахдаа тойрч харчихаад гарсан юм. Тэгээд уг хүн “Чи урд гуперээ сэвтээчихсэн байна” гэж хэлэхээр нь би уг хүнийг “Сэвтээчихсэн юм биш үү” гэхэд “Би тэгээгүй. Чи өөрөө тэгчихсэн” гэж хэлж байсан. Тэгээд би ажилтанд нь хэлэхэд хяналтын камер шүүж үзсэн... тэгээд уг хүн камер шүүсний дараа үнэнгээ хүлээгээд ажилдаа ирэхгүй алга болчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алтаннавчийн өгсөн: “... машин эвдчихсэн, асуудалд орчихлоо гэж хэлж ирж байсан. Тэгэхээр нь би цалин бага юм чинь цалингаа суутгуулаад ажлаасаа гар гэж хэлээд дахин явуулаагүй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
“Арвижих-Эстимейнт” ХХК-й 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14129 дугаартай автомашин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тийн яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой бусдын тээврийн хэрэгслийг авч гараад хурдтай явж байгаад хурд сааруулагч харалгүй харайлгачихсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн гуперийг хагалчихсан. Тэгээд би гражид оруулж тавьсан юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба уг төлбөр мөнгийг бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.88-89/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант хүлэг” авто сервисээс иргэн Р.Хишигжаргалын 82-05 УНҮ улсын дугаартай “Субару Эксига” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Хишигжаргалын өгсөн: “... Тэгээд би ажилтанд нь хэлэхэд хяналтын камер шүүж үзсэн... тэгээд уг хүн камер шүүсний дараа үнэнгээ хүлээгээд ажилдаа ирэхгүй алга болчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Алтаннавчийн өгсөн: “... машин эвдчихсэн, асуудалд орчихлоо гэж хэлж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
“Арвижих-Эстимейнт” ХХК-й 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14129 дугаартай автомашин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тийн яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой бусдын тээврийн хэрэгслийг авч гараад хурдтай явж байгаад хурд сааруулагч харалгүй харайлгачихсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн гуперийг хагалчихсан. Тэгээд би гражид оруулж тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх.88-89/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Д.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Р.Хишигжаргалын нэхэмжилсэн 564.000 төгрөгөөс нөхөн төлөөгүй үлдсэн 464.000 төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялыг доод хэмжээг оногдуулахыг өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч учруулсан хохирол, хор уршгаа гүйцэд нөхөн төлж арилгаагүй учир түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Тт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Дн Тийг “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Тт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Тт сануулсугай.
5. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 100.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Таас 464.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Хишигжаргалд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР