Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 520

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Нисэхийн 60 айлын 58 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ66122736, Цагаагчид овогт Батын Баянцогтын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7-03 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ82101216, Бөхнүүд ОО74111470, овогт Отгонбаярын Төмөр-Очирт холбогдох,    

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөг, нийт 7.256.560 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баянцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч О.Төмөр-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.Баянцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанид О.Төмөр-Очир гэх залуу 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аман гэрээгээр 3 жил ажиллахаар тохиролцон ажилд орсон. Би сард түүнд 2.000.000 төгрөгийн цалин өгье гэж анх ажиллуулсан. Яагаад гэвэл хашаа байшин, өр ширтэй гээд олон зовлон яриад байхаар нь би 2.000.000 төгрөгийн цалин 3 жилийн гэрээг харилцан итгэлцлийн дагуу аман гэрээ байгуулж өөрийн гэсэн хашаа байшинтай, унах унаатай болоод ав, дараа нь манай компанийг банкны зээлээс гаргая гэж тохиролцсон. О.Төмөр-Очир нь хувь хүн болон банкинд олон сая төгрөгийн өртэй гэдгээ өөрөө ярьж байсан учир тэр цалинг итгэлцлийн түвшинд амалсан. О.Төмөр-Очир анх ажилд орохдоо 2015 оны 5 дугаар сарын 01-нд надаас 2.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан. Дараа нь 6 сарын хугацаанд сар бүр 2.000.000 төгрөг буюу нийт 12.000.000 төгрөг авсан. Дараа 4 сар 1.500.000 төгрөгийн цалин, нийт 6.000.000 төгрөг авсан. Нийт 14 сар ажиллахдаа тэрээр цалинд 22.800.000 төгрөг авсан. 2015 оны 2 дугаар сарын 02-нд суудлын автомашин авахад зориулсан 3 сая төгрөгийн зээлийг О.Төмөр-Очир гуйгаагүй байхад нь миний бие өөрөө санаачлан 3 сая төгрөгийг өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Цагаан сарын битүүний шөнө машинаа аваад гэртээ ирж байсан. О.Төмөр-Очирын авгай Жавзан хүүхэд төрүүлсэн учир О.Төмөр-Очир ажил хийх боломжгүй болж, түүний ажлыг тасалдуулахгүйн тулд сургууль, цэцэрлэгт түүний хүүхдүүдийг манай эхнэр Б.Бадамханд 3-4 сарын турш зөөж хүргэж, түүний ажил хийх нөхцлийг хангаж байсан юм. Би О.Төмөр-Очирт одоо авгайгаа жолооны курсэд оруул, алийн болгон бид танай хүүхдийг зөөж хүргэж байх юм гэж хэлж байсан. Ингээд тэр эхнэрээ 2015 оны 4 дүгээр сард жолоонд сургасан. О.Төмөр-Очир манай компанид орж ажиллаад зөвхөн өөрийн хувийн хүндрэлтэй асуудлуудыг шийдүүлж аваад манай компанийг орхисон. Би Хас банкнаас авсан шугамын зээлээс 2 сая төгрөг дараа нь 3 сая төгрөг өгсөн юм. Ххямрал нүүрлээд хийсэн бүтээгдэхүүн борлохгүй байгаатай холбоотой одоо хүртэл 100 сая төгрөгийн сарын 2.2 хувийн хүүтэй шугамын зээл төлөгдөөгүй байгаа. Одоо миний бие өөрийн зээл дээр О.Төмөр-Очирын надаас 2014 оны 5 дугаар сарын 01-нд авсан 2 сая төгрөг, мөн 2015 оны 2 дугаар сарын 01-нд авсан 3 сая төгрөг зээлүүдийн сарын 2.2 хувийн хүүг төлсөөр байгаа. О.Төмөр-Очир 2015 оны 7 дугаар сарын 02-нд Батдэлэгийн “Их  өргөө” зоогийн газрын хаалга хийж өгнө гэсэн ажлын захиалгын урьдчилгаа болох 680.000 төгрөг зөвшөөрөлгүй аваад ажлаас гарсан. Энэ мөнгө нь бас л банкинд төлөх ёстой мөнгө байсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 02-ноос хойш мөн 2.2 хувийн хүү бодогдох юм. О.Төмөр-Очир нь манай компанид байхдаа өөрийн амьдралын чухал асуудлаа шийдүүлэхэд манай компаниас баталгаа гаргуулж банкны эдийн засагч нартай яриулан тодорхойлолт гаргуулан хашаа байшин авсан бөгөөд мөн Жи-королла автомашинтай болсон ба хэд хэдэн хүний өрнөөс гарсан. Хаан банкны урьд тавьсан өрнөөс гарсан гэх мэтээр өөрийн асуудлаа шийдүүлж аваад аман гэрээгээ зөрчөөд ажил хаяад явсан. Одоо манай компанид төлөх мөнгийг банкны хүүтэй нь хамт О.Төмөр-Очироос нэхэмжилж байна. О.Төмөр-очирт өөрт нь мөнгө өгч байхдаа банкны хүүтэй мөнгө шүү гэж байгаад зээлдэж байсан тул тэрээр өөрөө мэдэж байгаа цагдаагийн байгууллагад өгч байсан гэрчийн мэдүүлэг дээрээ мөнгө авсан, мөнгөө төлнө гэж мэдүүлсэн байдаг. Түүний хийсэн ажил нийт 7-9 хүний хамт хийсэн, бүтээгдэхүүн нь авсан цалинд нь хүрэхгүй маш бага ажил хийгдсэн байдаг. Шаардлагатай гэвэл түүний хийсэн ажлыг хөтөлсөн 2 нимгэн дэвтэрт хийгдсэн ажлыг бүртгэсэн байдаг юм. О.Төмөр-Очирын авсан мөнгө түүний хүүг бодсон тооцоо: 2 сая төгрөгийн хүү 2014 оны 12 дугаар сарыг дуустал 7сар х 44000=308.000 болсон байна. 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сар дуустал 12сар х 44000=528000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сар буюу төлбөр төлөх хүртэл 5сар х 44000=220.000 төгрөг, 3 сая төгрөг х 2.2%=66.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 02-ноос хойш 11сар х 66.000=726000, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 сар буюу төлж дуусах хүртэлх хүүгийн хамт 5 х 66.000=330.000, 680.000 төгрөг 2.2 %-ийн хүү 11сар х14960=164560, нийт хүү 2.276.560 төгрөг болж байгаа юм. Үндсэн зээлдсэн 5.000.000 төгрөг, мөн бараа захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн хүү 2.275.560 төгрөг, нийт 7.256.560 төгрөг болж байна. Иймд О.Төмөр-Очироос надаас зээлдсэн 5.000.000 төгрөг, мөн барааны захиалгын мөнгө 680.000 төгрөг, тэдгээрийн банкинд төлсөн хүү 2.275.560, нийт 7.256.560 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

            Хариуцагч О.Төмөр-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь “Зэл говь” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай сарын 2.000.000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулан нийт 14 сарын хугацаанд ажилласан. Нэхэмжилж буй 2 сая төгрөг нь цалин юм. 2014 оны 5 дугаар сарын 30-нд дансаар авсан. Гэрээний хугацаанд хөдөлмөрийн хөлс нийт 2.000.000 төгрөг авах байсан боловч 22.430.000 төгрөгийн цалин авсан. 2014, 2015 оны шагналт цалин гэж 3.000.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр дансаар өгсөн. Нэхэмжилж буй 680.000 төгрөг нь цалин гэж 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн. Иймд эдгээр нэхэмжилсэн мөнгийг хууль зүйн төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

           Хариуцагч О.Төмөр-Очир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ““Зэл говь” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 5 жилийн хугацаатай сарын 2.000.000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулан нийт 14 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд нийт 28.000.000 төгрөгийн цалин авах ёстой байсан боловч 22.403.000 төгрөгийн цалин, 2014, 2015 оны шагналт цалин гэж 1 удаа 3 сая төгрөг авсан. Тус компани нь миний хөдөлмөрийн хөлснний зөрүү 5.597.000 төгрөгийг олгоогүй. Иймд тус компаниас миний хөдөлмөрийн хөлс 5.597.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

           Нэхэмжлэгч Б.Баянцогт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “О.Төмөр-Очирын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан хөдөлмөрийн гэрээ нь О.Төмөр-Очир банкнаас зээл авахад зайлшгүй танайд ажиллаж байгаа гэсэн хөдөлмөрийн гэрээ хэрэгтэй байна гэж банкинд зээл авахад зориулж бичиг баримт бүрдүүлэхдээ манай эхнэр Б.Бадамхандаас шаардаж байгаад хашаа байшингийн барьцаа ашиглан зээл авахад хэрэглэсэн гэрээ юм. Түүнээс биш манай компанитай албан ёсоор хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаагүй юм. “Зэл говь” ХХК-ийн захирал би өөрөө юм. Энэ бол миний нэхэмжлэлээс бултах гэж банкнаас зээл авахад хэрэглэсэн гэрээний хуулбарыг хавсаргасан байна. Үнэхээр албан ёсны гэрээ хийсэн бол эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа энэ талаар мэдүүлэг өгөх л байсан. О.Төмөр-Очирын мөнгөний жагсаалт нь банкны хуулгатай тулж байна. Харин дараах мөнгийг орхигдуулсан байна. Үүнд: Хадам ээж ходоодны хорт хавдар туслаа гээд бэлэн 400.000 төгрөг авсан, анх ажилд орохдоо зээлдэж авсан 2.000.000 төгрөгийг бичээгүй байна, 3.000.000 төгрөгийн шагналт цалин гэж худлаа бичиж байна. Өөрт нь банкны мөнгөнөөс 3.000.000 төгрөг өгсөн. Үүнийг машин авахдаа лизингийн урьдчилгаа төлбөрт өгсөн юм. Дээрх 5.000.000 төгрөг, 680.000 төгрөгийг шугамын зээлийн 2.2 хувийн хүүтэй мөнгөнөөс өгсөн учир шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүүг нь гаргаж өгнө үү. Манай компани ашиггүй, орлого байхгүй байхад юун 3.000.000 төгрөгөөр О.Төмөр-Очирыг шагнах билээ дээ. Энэ шиг худлаа юм гэж байхгүй. Тухайн хөдөлмөрийн гэрээг банкнаас зээл авах шаардлагатай гэсний дагуу 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрээр хийлгүүлсэн байна. О.Төмөр-Очир манайд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон байдаг. Би энэ хөдөлмөрийн гэрээг хийгээгүй. Тэрээр эхний 6 сар 2.000.000 төгрөгийн цалин авч байсан, манай компанид борлуулалт, ашиг байхгүй гэдгийг О.Төмөр-Очир сайн мэдэж байсан. Одоо орлого ашиг багаслаа гээд О.Төмөр-Очир өөрөө цалингаасаа 500.000 төгрөг хасаад 1.500.000 төгрөгийн цалин өгөөч гэж 4 сар цалин авсан. О.Төмөр-Очир нь би нөхөж сайн ажиллана, банкны зээлтэй, гэрт ажилгүй авгай, 4 хүүхэд байгаа гэж зовлонгоо тоочиж байсан юм. Дараа нь 1.200.000 төгрөгийн цалин авч 4 сар болоод сийлбэртэй авдар байсныг хулгайлж аваад мөн Их өргөө зоогийн газрын 15 ширхэг хаалга хийлгэнэ гэсэн урьдчилгаа 680.000 төгрөг аваад тэр өдрөө ажил хаяад явсан. Иймд О.Төмөр-Очирын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр хийсэн ажлаа өөрөө өдөрт дэвтэр дээр тэмдэглэж байсан. Тэр сард 2 сая төгрөгийн цалин авах ажил хийж байгаагүй. Би түүний амьдрал ахуй өртэй байдлыг харгалзан үзээд харин ч хангалттай цалин өгч байсан. Бид хоёрын хооронд цалингийн ямар нэгэн тооцоо байхгүй үнэхээр цалин авах байсан бол энэ залуу аль эрт нэхэмжлэл гаргах байсан тэр надаас авсан мөнгөө төлөхгүй заль мэх гаргаж байна” гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Баянцогт нь хариуцагч О.Төмөр-Очироос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөг, нийт 7.256.560 төгрөг гаргуулах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч нь “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гаргасан тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж, зээлдсэн 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөг, нийт 7.256.560 төгрөгийг О.Төмөр-Очироос гаргуулахаар шаарджээ.

         Үндсэн нэхэмжлэлийн талаар:

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

      Хариуцагч О.Төмөр-Очир нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь түүний Б.Бадамханд, Ш.Жавзан нарт холбогдох 201520000284 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн “...Би ажиллах хугацаандаа Б.Баянцогт ахаас 2 сая төгрөг 1 удаа, 3 сая төгрөг 1 удаа, сүүлд ажлаас гарах гэж байхад хүн хаалга хийлгэх гээд урьдчилгаа 680.000 төгрөг өгөхөөр нь түүнийг Б.Баянцогт ахад өгөх гэхэд Б.Баянцогт, Б.Бадамханд нар нь намайг ав гэсээр байж өгсөн иингээд нийт Б.Баянцогтоос 5.680.000 төгрөг авсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул зээлдүүлэгч Б.Баянцогт нь зээлдсэн 5.000.000 төгрөг, барааны захиалгын 680.000 төгрөг, нийт 5.680.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

      Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

     Нэхэмжлэгч Б.Баянцогт нь 5.000.000 төгрөгийг хариуцагч О.Төмөр-Очирт зээлдүүлэхдээ хүүгийн талаар тохиролцож бичгээр гэрээ хийгээгүй байх тул тэдгээрийн банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөгийг шаардах эрхгүй байна.

        Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зааснаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, нийт 5.680.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

      О.Төмөр-Очир нь Б.Баянцогтоос ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл сөрөг нэхэмжлэл гаргажээ.

    Нэхэмжлэгч Б.Баянцогт нь “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

      О.Төмөр-Очир “Зэл говь” ХХК-д мужаанаар 14 сар ажилласан хугацаа болон анх түүнийг ажилд авахдаа цалинг 2.000.000 төгрөгөөр тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

      Нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн гэрээг О.Төмөр-Очир нь банкнаас зээл авахын тулд  манай эхнэр Б.Бадамхандтай хийсэн, манай компанитай албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан байх тул Б.Баянцогт нь ажилтан О.Төмөр-Очиртой хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг юм.

      “Зэл говь” ХХК болон О.Төмөр-Очир нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч О.Төмөр-Очирын Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цалин авсан, мөн түүний Б.Бадамханд, Ш.Жавзан нарт холбогдох 201520000284 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн “...2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Баянцогт ах надтай ирж уулзаад намайг модон эдлэлийн үйлдвэрийг хариуцаад ажиллаад өгөөч гэж гуйхаар нь би сарын 2.000.000 төгрөгийн цалин авна гэж тохиролцон, модон эдлэлийн үйлдвэрийн цехийн даргаар ажилд орсон...” гэх мэдүүлгээр хариуцагчийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

      Мөн нэхэмжлэгч Б.Баянцогт нь О.Төмөр-Очирыг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн, хариуцагч нь миний бие нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилласан гэж маргадаг боловч О.Төмөр-Очир нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын цалингаа нэхэмжлээгүй, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны 14 сар ажилласан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.

       Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр шагналт цалин гэж 3.000.000 төгрөг өгөөгүй гэх тайлбар нь О.Төмөр-Очирын Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулгад “гүйлгээний огноо: 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр, хуулгын агуулга: шагналт цалин, дүн: 3.000.000 төгрөг” бичигдсэн байдлаар няцаагдаж байх тул шагналт цалинг О.Төмөр-Очирт олгосон гэж үзэх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Б.Баянцогт нь хариуцагчийг 2 сая төгрөгийн цалин авах ажил хийж байгаагүй, дутуу ажилласан гэж байгаа боловч О.Төмөр-Очир ажил тасалсан талаарх цагийн бүртгэл болон түүний ажлыг 2014-2015 онуудад дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй  байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

       Дээрх нөхцөл байдлаас дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгүүдэд зааснаар О.Төмөр-Очирын 14 сарын цалин 28.000.000 төгрөгөөс нийт авсан цалин 22.403.000 төгрөгийг хасч үлдэгдэл 5.597.000 төгрөгийг “Зэл говь” ХХК-аас гаргуулан О.Төмөр-Очирт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Зэл говь” ХХК-ийн Хас банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Увс аймаг дахь Хаан банкны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар тодорхойлолтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

       Мөн нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн О.Төмөр-Очир нь ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлаа хөтөлж байсан гэх 2 ширхэг дэвтэр, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн О.Төмөр-Очир, Ш.Жавзан нарын тайлбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Төмөр-Очироос улсын тэмдэгтийн хураамж 105.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 104.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баянцогтоос улсын тэмдэгтийн хураамж 104.510 төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

       1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Төмөр-Очироос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 /таван сая/ төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөг, нийт 5.680.000 /таван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх банкинд төлсөн хүү 2.275.560 /хоёр сая хоёр зуун далан таван мянга таван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Зэл говь” ХХК-аас ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 /таван сая таван зуун ерэн долоон мянга/ төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгосугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.055 /нэг зуун гучин нэгэн мянга тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Төмөр-Очироос улсын тэмдэгтийн хураамж 105.830 /нэг зуун таван мянга найман зуун гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 104.510 /нэг зуун дөрвөн мянга таван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баянцогтоос улсын тэмдэгтийн хураамж 104.510 /нэг зуун дөрвөн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгосугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ