Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 225/МА2013/00024

 

Б.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Л.Н нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөөрөгт овогт Бгийн Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлд Ү-000 дугаар бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 2.869кв.м талбайтай, 540.000.000 /таван зуун дөчин сая/ төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Д мөн болохыг топгоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

"М" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 1994 оны 02 сард "Ж" бүрэн бус хариуцлагатай компанийг 13.900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хавтаст хэрэгт хөрөнгө хүлээлцүүлсэн тухай акт, хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, илтгэх хуудас зэрэг баримтууд байгаа. "Ж" бүрэн бус хариуцлагатай компани бие даасан хуулийн этгээдээр үлдэж, "М" хязгаарлагдмал хариуцлагатай компаний охин компани болж, Татварын албатай харьцдаг байсан. Тэр үед татварын албанд бүртгүүлдэг байсан.

Уг компаний нэрийг хятад нэр байна өөрчил гэсний дагуу "Ц" хязгаарлагдмал хариуцлагатай компани нэртэй болгосон ба үүсгэн байгуулагч нь Б.Д, ганц гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллана гэсэн дүрэмтэй. Би "Ц" хязгаарлагдмал хариуцлагатай компаний үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг авахуулахаар эхнэр П.Жг итгэмжлэлээр явуулсан боловч тухайн үед улсын бүртгэгч хайнга хандаж, П.Жгийн нэрээр 2001 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ олгосон байсан.

Гэвч 2001 оны 04 сарын 04-ний өдрөөс 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн нэрээ буцааж авч улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Учир нь гадны түнш манай компанийг нэрээ өөрчилснөөр бусдад танигдахгүй байна, хуучин нэрээрээ үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэсэн асуудал тавьсан. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дэлгэрэнгүй лавлагаагаар ч миний өмчлөлийн мэдэлд байгаа юм.

"М" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь "Н" хадгаламж зээлийн хоршоонд төлөх зээлийн үлдэгдэл 59.000.000 төгрөгийн өрөнд "Ц" хязгаарлагдмал хариуцлагатай компаний үл хөдлөх эд хөрөнгө, "Баянбулаг" амралтын газрын объектыг барьцаанд тавьсан бөгөөд тус хоршоо нь зээлийн үлдэгдэл мөнгийг манай дансанд оруулснаар дээрх 2 объектыг танай хүсэлтээр хувь хүн болон аж ахуйн нэгжийн нэр дээр ямар нэгэн маргаангүй шилжүүлж өгнө гэж надад албан тоот өгсөн.

Тус хадгаламж зээлийн хоршоонд төлбөрийг төлсөн байхад надад өгсөн амлалтаасаа буцаж надаас далдуур миний зөвшөөрөл оролцоогүйгээр, миний гарын үсэгтэй, тамгатай цаасыг С.С нь хулгайлан авч 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гурван талт гэрээ гэдгийг хуурамчаар байгуулж, уг гэрээг үндэслэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 2.869кв.м талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар

  1. 000 төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.О гэгчид 1.000.000 төгрөгөөр худалдаж, Б.О нь өөрийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээ авсан үйлдлүүд хийгдсэн байсан.

Дээрх үйлдэл нь Прокурорын шалгалтын явцад илэрсэн. Миний итгэлийг алдсан, би итгэмжлэл өгөөгүй, гарын үсэг зураагүй, тэр гурван талт гэрээний дагуу 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компаний баримтыг өгөөгүй. Үл хөдлөхийн гэрчилгээ бусдын нэр дээр гарсан гэдгийг 2011 онд мэдсэн. "Н" хадгаламж зээлийн хоршоонд П.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлүүлэхийн тулд тус хоршооны нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн гэж бичиг хийж өгсөн ба уг хоршоо нь тийм бичиг хэрэгтэй гэж хийлгэж авсан. Гэтэл Отой хуйвалдаж, хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж авчихаад шүүхийн шийдвэрээр 2 объектыг авсан гэдэг. Уг шүүхийн шийдвэр нь зээлийн гэрээг цуцалсан шийдвэр байгаа юм. 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь "М" болох эх компаний өрийг төлөх эрх байхгүй. Тэгтэл Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дараахь хууль бус шийдвэр гаргаж миний өмчлөлийн объектыг бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан. Үүнд:

  1.  "Ц" хязгаарлагдмал хариуцлагатай компани, 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дүрэмдээ Б.Дийн өмч гэж тусгагдсан ба үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлнэ гэсэн байхад П.Жгийн явуулсан албан бичгээр шилжүүлсэн,

 Б.Од 1.000.000 төгрөгөөр худалдагдсан 540.000.000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хуулийн хүчин төгөлдөр бус, гарын үсгийг үнэн зөв гэж гэрчилсэн баталгаатай байхад мэдсээр байж Б.Од уг эд хөрөнгийг шилжүүлсэн.

3. 2008 оны Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 12 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Би 2011 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай аялал жуулчлалын зориулалттай 2.869кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-000 дугаар бүртгэлтэй гэрчилгээг жинхэнэ 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компани өмчлөгч мөн гэж авсан. Энэ гэрчилгээ нь хууль ёсны юм. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь миний бие мөн болохыг тогтоож өгнө үү. Яагаад гэвэл би тус компаний хууль ёсны өмчийн эзэн буюу өмчлөрч нь юм. Захиргааны хэргийн шүүхээр Эд шилжсэн бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгосноос биш миний бие Б.Дид шилжүүлсэн гэрчилгээг хүчингүй болгоогүй юм гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаар бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Р хэмээх газарт байрлах 2869кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгө нь Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлд байгаа бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Оы нэр дээр шилжүүлэхийг даалгасан шийдвэр гарсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг үндэслэн дээрх нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 онд "М" хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирлын тушаалаар "Ц" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тус компаний бүрэлдэхүүнээс хасч, ганц гишүүнтэй, бие даасан компани хэлбэрээр зохион байгуулж, захирлаар нь П.Жг томилсон байгаа. Захирал П.Ж нь Үл хөдлөх хөрөнгийн газарт гэрчилгээ олгоно уу гэсэн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн гишүүний анкет, үнэлгээний комиссоор хийсэн үнэлгээний хамт өгсөн. Эдгээр баримтыг үндэслэж 2001 оны 04 сарын 09-ний өдөр П.Жгийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон байна. "М" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас "Н" хадгаламж зээлийн хоршоонд 83.513.766 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад "Ц" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрийн өмчлөлийн объектыг төлбөрт өгөх хүсэлт гаргаж, битүүмжлэлээс чөлөөлүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хүссэн тухай албан бичиг, П.Жгийн хүсэлтээр битүүмжлэлээс чөлөөлөгдөж, уг объект "Н" хадгаламж зээлийн хоршооны нэр дээр бүртгэгдсэн. Улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлж өгсөн материалаас харахад П.Ж нь тус компаний захирал юм шиг харагдаж байгаа. Тус хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.О гэдэг

хүнд худалдсан байдаг. Материал нь хуулийн дагуу бүрдсэн учир Б.Од шилжүүлсэн. Үүнээс хойш маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр шийдэгдээд Улсын дээд шүүхийн тогтоолоор Оы нэр дээр бүртгүүлэхийг даалгасан шийдвэр гарсан учир 2013 оны 05 сард Б.Оы нэр дээр шилжүүлэн бүртгэсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дийг улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай аялал жуулчлалын зориулалттай 2.869 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг Б.Дийн нэр дээр өөрчлөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.509.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.509.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 348.675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:...1-рт. Ү- 000 /Ү-000/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 134 дугаар шийдвэрээр иргэн Б.Оы нэр дээр 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн бүртгэсэн бөгөөд энэ хөрөнгө нь иргэн Б.Оы өмч юм. Энэ тухай шүүх хуралдааны явцад тус хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд мэдэгдсэн болно. Нэгэнт гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул иргэн Б.Оы хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

  1. рт. Ү-000 /Ү-000/ дугаартай хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээдийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг тус хэлтсээс хүсэж тайлбар хүргүүлсэн. Энэ асуудлыг анхан шатны шүүх анхааран үзсэнгүй.
  2. рт. Нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардпагаа өөрчилж зөвхөн өмчлөх эрхтэйг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэл байх бөгөөд тус хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.509.275 / хоёр сая таван зуун есөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан иргэн Б.Дид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмхслэгч Б.Д нь Ж Тур ХХКомпаниас Н ХЗХоршоонд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээ олгосон Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдлийг хуулийн хүчин төгөлдөр бусад тооцож, 'Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлд Ү-000 дугаар бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 2.869кв.м талбайтай,

  1. 000 /таван зуун дөчин сая/ төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь шаардлагаа өөрчилснөөр шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дийг улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай аялал жуулчлалын зориулалттай 2.869 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг Б.Дийн нэр дээр өөрчлөн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Дийн гаргасан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Р хэмээх газар байрлах 2869 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь Хөвсгөл аймгийн шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр Ж Тур ХХКомпаний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Оы нэр дээр шилжүүлэн бүртгэсний дээр нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмчлөлийн болон гэрээний эрх зүйн ямар нэгэн маргаангүй байхад Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар оролцуулсан нь буруу байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д       "... нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл

зөвшөөрөөгүй бол хариуцагчийг сольж болохгүй...” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3- д “...шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардпага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно..” гэж тус тус заасны дагуу шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэгчийн сонгож авсан хариуцагчийг солих, гуравдагч этгээдийг оролцуулах эрхгүй ба нэхэмжлэгч, хариуцагч нар хариуцагчийг солих, гуравдагч этгээдийг оролцуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Дийн гаргасан Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 2.869кв.м талбайтай,

000 /таван зуун дөчин сая/ төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгохыг хүссэн аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгч Б.Д нь Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай аялал жуулчлалын зориулалттай 2.869 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж тооцуулах, бүртгэл болон түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн маргаанаа холбогдох этгээдийг хариуцагчаар татан анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Дийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Ж тур" хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлд Ү-000 дугаар бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Р хэмээх газар байршилтай аялал жуулчлалын зориулалттай 2.869кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.579.475 / хоёр сая таван зуун далан есэн мянга дөрвөн зуун далан тав / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ