| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0810/Э |
| Дугаар | 812 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Эд холбогдох 1906 02101 1018 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эмээ, ахын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны 4-55 тоотод оршин суух,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт Сн Э /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Э нь 2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Агора” зочид буудлын 311 тоот өрөөнд иргэн Х.Уранбилэгийг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн эгэмд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Иргэн Х.Уранбилэгээс цагдаагийн байгууллагад гаргасан “бусдад зодуулсан” тухай бичгээр гаргасан өргөдөл болон гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх.6-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Уранбилэгийн өгсөн: “... Тухайн өдөр Э намайг гэрийнхээ ойролцоо байна хүрээд ир гээд залгаад байсан. Тэгээд би Эийн гэрийн ойролцоо яваад очтол Э гэрээсээ гарч ирээд Офицер луу таксигаар явсан... Бид 4-лээ Агора зочид буудлын хажууд байх караокед 1 цаг орчим сууцгаасан. Тус караокед Э, Магнай гэх залуу 1 шил 0.5 граммын архи уусан. Би тухайн үед 1 шил пиво захиалаад суусан. Магнай гэгчийн найз эрэгтэй нь архи дарс уухгүй байсан. Тэгээд удалгүй 1 цагийн дараа караокеноос гараад бид Агора зочид буудлын 3 давхарын булангийн өрөөнд орсон. Гэтэл Магнай гэгчийн найз нь явлаа гээд гараад явсан... Тэгээд би “явлаа” гэтэл Э “хоёулаа хамт гаръя” гээд надтай хамт буудлаас гарсан... Тэгээд бид хоёр “Мүүн” нэртэй бааранд ороод 1 цаг суухдаа тус тус 1 шил пиво ууж суусан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад баарнаас гарах гэтэл Магнай гэх залуу ирчихсэн байсан... Тэгээд буудалдаа эргэж ороод Э, Магнай хоёр архи уугаад байхаар нь би “явлаа” гээд хэлтэл Э “чи ямар сүртэй юм бэ? би чиний талаар Анугаас их зүйл сонссон” гээд намайг доромжлоод эхэлсэн. Тэгээд бидний хооронд үл ойлголцол гарч маргатал Э намайг үсдэн дарж чирээд газар унагаасан. Тэгээд миний нүүрэн дээр хөлөө тавьчихаад Магнай ахаасаа “Би энийг яах вэ? би энийг алчих уу? энийг алчихсан байхад хууль надад үйлчлэхгүй дээ” гэж хөлөөрөө нүүрэн дээр хүчтэй дарж гишгээд байсан. Тэгэхээр нь “би цагдаа дуудна” гээд утсаа гарган иртэл утсыг маань шүүрч аваад цагдаа дуудуулахгүй гэсэн. Тэгээд намайг үсдээд нүүр лүү гараараа солбилцон алгадаж байсан. Хэсэг намжиж намайг уучлаарай, нэг татчих гэхээр нь би уучлахгүй, би архи ч уухгүй гэж хэлтэл “чи ямар зэвүүн юм бэ?” гээд үсдэн угаалгын өрөө рүү чирч аваачин суултуурын плита мөргүүлээд байсан. Тэр үед буудлын хүмүүс “та нар чимээгүй бай, хүмүүс унтаж амарч байна” гэхэд нэг нь хаалга тайлахаар нь би зөрж гарч гүйн үйлчлэгч эгчийн ард ороод нуугдчихсан. Тэгээд үйлчлэгч болон хамгаалагч нарын хамт доош бууж явсан. Тэгээд би таксинд суугаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Болортунгалагийн өгсөн: “... Би тухайн өдөр Агора зочид буудалд 24 цагаар угтагч хийж байсан. Тухайн өдөр 00 цаг 15 минутанд Энхмагнай гэх хүний бичиг баримтаар бүртгүүлж 2 эрэгтэй, эмэгтэй орсон. Тэд 311 тоот 2 ортой өрөөнд орсон. Тухайн үйлчлүүлэгчдийн 2 эмэгтэй нь гарч яваад нилээн орой эргэн орж ирсэн. Гэтэл удалгүй буудлын өрөөний аль нэг өрөөнд эмэгтэй хүний орилох чимээ сонсогдохоор нь дээшээ гарахдаа хамгаалагч Чадраа гэх хүнтэй хамт түлхүүрүүдээ авч гарсан. Тэгээд 311 тоот өрөөг нээгээд ортол нэг эмэгтэй нь шалан дээр суучихсан “намайг зодоод байна” гэж орилоод хажууд нь нэг эмэгтэй босгох гээд дээш нь татаад “чи чимээгүй байгаач” гээд байсан... Тэгээд удалгүй тэр охин “би жоохон хүүхэдтэй, харимаар байна” гээд гарч гүйсэн. Тухайн үед тэр охин “намайг энэ өрөөнөөс аваад гараарай, энд орхиж болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэгээд хамгаалагч бид хоёр аваад гарсан... хохирогчийн үс нь арзайчихсан байдалтай байсан... Тухайн үед байсан нөгөө эмэгтэйн биед гэмтэл, ямар нэгэн шарх хараагүй...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхмагнайгийн өгсөн: “... Тэгээд би баарны үүднээс Э, найз гэх эмэгтэйг нь аваад буудал руугаа явсан. Гэтэл Э найзтайгаа үгээр идэлцэн маргалдаад байхаар нь “ах нь унтлаа” гээд унтаад өгсөн... Э хэлэхдээ “таниас 50.000 төгрөг нэхээд байхаар нь би уурлаад зодолдсон” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2822 дугаартай:
“... 1. Х.Уранбилэгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би “Чи тэнэг юм уу” гээд алгадтал гартаа барьсан гар утсаараа миний уруул руу цохисон. Тэгээд би Уранбилэгийг 2-3 удаа алгадаад буудлаасаа хөөсөн. Би гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан. Аль хацар луу нь алгадсанаа санахгүй байна... Би тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Би хохирогчийн нүүрэн тус газарт нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх.24-25, 52-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Э нь 2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорсоны нутаг дэвсгэрт байрлах “Агора” зочид буудлын 311 тоот өрөөнд иргэн Х.Уранбилэгийг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн эгэмд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Иргэн Х.Уранбилэгээс цагдаагийн байгууллагад гаргасан “бусдад зодуулсан” тухай бичгээр гаргасан өргөдөл болон гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх.6-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Уранбилэгийн өгсөн: “... Тэгээд бидний хооронд үл ойлголцол гарч маргатал Э намайг үсдэн дарж чирээд газар унагаасан. Тэгээд миний нүүрэн дээр хөлөө тавьчихаад Магнай ахаасаа “Би энийг яах вэ? би энийг алчих уу? энийг алчихсан байхад хууль надад үйлчлэхгүй дээ” гэж хөлөөрөө нүүрэн дээр хүчтэй дарж гишгээд байсан... Тэгээд намайг үсдээд нүүр лүү гараараа солбилцон алгадаж байсан. Хэсэг намжиж намайг “уучлаарай, нэг татчих” гэхээр нь би “уучлахгүй, би архи ч уухгүй” гэж хэлтэл “чи ямар зэвүүн юм бэ?” гээд үсдэн угаалгын өрөө рүү чирч аваачин суултуурын плита мөргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Болортунгалагийн өгсөн: “... Тэгээд 311 тоот өрөөг нээгээд ортол нэг эмэгтэй нь шалан дээр суучихсан “намайг зодоод байна” гэж орилоод хажууд нь нэг эмэгтэй босгох гээд дээш нь татан “чи чимээгүй байгаач” гээд байсан... Тухайн үед тэр охин “намайг энэ өрөөнөөс аваад гараарай, энд орхиж болохгүй шүү” гэж байсан... Тухайн үед хохирогчийн үс нь арзайчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхмагнайгийн өгсөн: “... Э хэлэхдээ “таниас 50.000 төгрөг нэхээд байхаар нь би уурлаад зодолдсон” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2822 дугаартай:
“...1. Х.Уранбилэгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... би “Чи тэнэг юм уу” гээд алгадтал гартаа барьсан гар утсаараа миний уруул руу цохисон... Би гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.24-25, 52-53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Х.Уранбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
С.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Уранбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч С.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
С.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Сн Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Эд сануулсугай.
5. Хохирогч Х.Уранбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, С.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР