| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 1906001561463 |
| Дугаар | 47 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 47
Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1309 дүгээр магадлалтай, Ц.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-н Ц-. /РД:***/
Ц.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.М-тай маргалдан, улмаар түүний толгойг цохих, чихийг хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц-ы өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргасан гомдолдоо “...Ц.Ц-ы холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаар 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх байтал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлт орсон нь яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн ойлголт бий болсон, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасныг Үндсэн хуулийн цэц хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 69 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан тухайн Эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол гэсэн үндэслэлээр Ц.Ц-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Шүүгдэгч Ц.Ц-, хохирогч Ч.М-, гэрч Ц-, Н.У- ...нарын мэдүүлгээс үзэхэд Ц.Ц- нь Ч.М-ыг зодсон цохисон зүйл байхгүй байх ба Ч.М- нь харин айлд орж ирэн агсам согтуу тавьж эд зүйлийг нь эвдэж гэмтээсэн байна. Мөн Ч.М- нь худал мэдүүлэг өгч байгаа нь “чихнээс хазсан, миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэж мэдүүлсэн ба Ч.М-ын сууж байсан ширээний араас цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөх боломжгүй юм.
Шинжээчийн дүгнэлтэнд Ч.М-ын цээжин тус газар гэмтэл тогтоогдоогүй, харин дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал нь цохих, цохигдох хүчний үед үүсэх боломжтой гэмтэл гэж үзсэн байхад Ч.М- нь Ц.Ц- нь намайг үсдсэн, хазсан, өшиглөсөн гэж мэдүүлж байгаа нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй байна.
...Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2904 дүгээр шүүгчийн захирамжаар ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хангалттай тогтоож ирүүлээгүй, ...Н.У-г гэрчээр асуух, ...хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах, ...шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. ...Мөн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3154 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх 2904 дүгээр шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Уг захирамжинд хохирогч Ч.М-, гэрч У- нарыг нүүрэлдүүлэн байцаах гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан бөгөөд шүүгчийн захирамжинд хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаалгахаар заасан, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа хэн нэгнийх нь зөвшөөрлийг авах шаардлага байхгүй болно. Гэтэл хохирогч Ч.М-аас гэрч Ц-, Н.У- нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөх үү гэж асууж “би нүүрэлдэж мэдүүлэг өгөхгүй. Татгалзаж байна” гэснээр мэдүүлэг аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн захирамжийн заалтыг мөн биелүүлээгүй гэж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн.
...Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1229 магадлалаар “... хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэмт буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй...” гэж үзэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Тэгэхэд анхан шатны шүүх хохирогчийг шүүх хуралд биечлэн оролцуулаагүй нь болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтоогоогүй ба шүүгдэгч Ц.Ц-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Дээрх шүүгчийн захирамжуудад заасан ажиллагаанууд хийгдээгүй нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа ба шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Гомдол гаргасны дагуу хэргийг түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ц-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Ц.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэрэг нь 2021 онд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарч байна” гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 1054 дүгээр шийтгэх тогтоолоор, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1309 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулахаас өмнө үйлдэгдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ц.Ц- нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.М-тай маргалдан, улмаар түүний толгойг цохих, чихийг хазах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Ц-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн үнэн бодитой байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Ц.Ц-ы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх үндэслэлгүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил бөгөөд тухайн хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох заалтыг хууль тогтоогч өөрчлөн тогтоожээ.
Уг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх түдгэлзүүлсэн бөгөөд тухайн үндэслэл арилсан тул 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэрэг хянан шийлвэрлэх ажиллагааг сэргээж ердийн журмаар хянан хэлэлцсэн болно.
Дээр дурдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд тухайн хэм хэмжээ нь тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг зохицуулж байгаа, процессын шинж чанар бүхий хэм хэмжээний агуулгыг илэрхийлж байгаа тул хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс тухайн өөрчлөлт орсон заалт нэг мөр хэрэгжих ёстой гэж үзнэ.
Тодруулбал, эрүүгийн эрх зүйн салбар дахь материаллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь маргаангүй мэт боловч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжтэй байж болдог, түүнчлэн аль нэгэн хуульд тусгагдсан хэдий ч тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлаж, хэрэглэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тоолох тухай процессийн шинж чанартай заалтыг зөвхөн Эрүүгийн хуульд тусгагдсан хэлбэрээр нь авч үзэж материаллаг эрх зүйн хэм хэмжээтэй адилтган дүгнэх боломжгүй юм.
Харин шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн тул хэргийг тус хуульд хамруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг тодорхойлсон тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 хэсэгт “яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасныг баримтлан хэргийг уг хуулийн үйлчлэлд хамруулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Түүнчлэн хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлохдоо уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тодорхой субъектийг, харин 9 дүгээр зүйлд тодорхой гэмт хэргийг нэрлэн зааж хориглолт тогтоосон байх бөгөөд эдгээр заалтад хамаарахгүй хүний холбогдох эрүүгийн хэрэг болон шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тухайн хуульд заасан хэлбэр, хэмжээгээр өршөөх буюу хуулиар хориглоогүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэгжүүлж, хууль ёсны зарчмыг шүүх хангаж ажиллах учиртай.
Шүүгдэгч Ц.Ц-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан дүгнэж үзвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байвал оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр тогтоосон, уг заалт заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул шүүгдэгч Ц.Ц-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлын “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин түүний гомдлын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх.” гэсэн агуулгатай хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1309 дүгээр магадлалд “Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН