Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01456

 

Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/02181 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н*******д холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ц.Б*******э нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 432 м.кв газрыг өв залгамжлалын үндсэн дээр эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Б*******ийн ээж н.Э гэдэг хүн уг газрыг эзэмшиж байсан бөгөөд 2020 онд нас барсан тул газрыг Ц.Б*******э өвлөж авсан байдаг юм.

1.2. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б*******ийн 432 м.кв газрын зүүн талд газар эзэмшдэг Б.Н******* нь 308 м.кв газрыг хашаалснаас болж өөрийн газрыг эзэмших, ашиглах боломжгүй болоод байна. Хариуцагч Б.Н******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/386 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ц.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 658 дугаар магадлалаар Б.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.3. Захиргааны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Б*******ийг хууль ёсоор газар эзэмших эрхтэй болохыг, түүнд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль ёсны болохыг тогтоосон төдийгүй Б.Н*******гийн эзэмшлийн 500 м.кв газар болон Ц.Б*******ийн эзэмшлийн 432 м.кв газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй, харин Б.Н******* нь нийт 1350 м.кв газрыг хашаалахдаа Ц.Б*******ийн эзэмших эрх бүхий 308 м.кв газрыг оруулан хашаалсан болох нь тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар уг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Харин кадастрын зургаас харвал хариуцагч Б.Н*******гийн газар нь нэхэмжлэгчийн газрын зүүн талд байрлалтай байна. Иймд хариуцагч Б.Н*******гийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн 432 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын 308 м.кв газрыг чөлөөлж өгнө үү гэж тодруулж байгаа тул газрыг чөлөөлж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Б.Н******* нь маргаан бүхий газрыг 2014, 2015 оноос эхлэн эзэмшээд 10 гаруй жил болсон. Харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг яаж тогтоосон нь тодорхойгүй, тухайн газар дээр хээрийн болон суурийн судалгаа хийгээгүй байдаг. Нэхэмжлэгч Ц.Б*******э нь уг газартаа огт амьдарч байгаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******ийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 432 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын 308 м.кв газрыг хариуцагч Б.Н*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Н*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******эд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Б.Н*******гийн хууль бусаар эзэмшиж байгаа гэх 308 м.кв газрын хил заагийг мэргэжлийн байгууллага тогтоохоос бус хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, кадастрын зургаас хараад тогтоох боломжгүй.

4.2. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд хариуцагч талын зүгээс Ц.Б*******ийн эзэмшлийн гэх гэр бүлийн хэрэгцээний 432 м.кв талбайн хил заагийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлт гаргасан, мөн хүсэлтэндээ хэрэгт ямар ач холбогдолтой талаараа дурьдсан боловч хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Дээрхи шийдвэр нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөд зогсохгүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх дээрээ тулсан тохиолдолд Б.Н*******гийн эзэмшиж буй газрын яг аль хэсгээс эхлээд аль хэсгийг нь албадан чөлөөлөх эсэх нь тодорхойгүй, бүр цаашлаад шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзэж байна. Тиймээс 02181 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:  Маргаан бүхий газрын хил заагийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дугаар шийдвэр болон Нийслэлийн давж заалдах шүүхийн магадлалаар Газрын харилцаа, барилга, геодиз, зураг зүйн газрын тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, шүүхээс газар дээр нь үзлэг хийсэн ба шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Б*******ий эзэмшлийн газраас хариуцагч Б.Н******* нь 308 м.кв газрыг хашаалсан болох нь тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байх тул нэхэмжлэл үндэслэлтэй, хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Б*******э нь хариуцагч Б.Н*******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлах, 308 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад тус шаардлагаа өөрийн эзэмшлийн, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 432 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын 308 м.кв газрыг чөлөөлүүлэх гэж тодруулсан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Ц.Б*******э нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар Чингэлтэй дүүргийн ******* хороо, Зуун мод зуслангийн 3 тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 432 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй этгээд байна. Ц.Б*******ийн эзэмшил газрын нэгж талбарын ******* дугаараар тогтоосон кадастрын зурагт газрын хил заагийг 6 цэгээр тодорхойлохдоо 1 дүгээр цэгийг урт 11.88 м, 2 дугаар цэгийг урт 2.80 м, 3 дугаар цэгийг урт 26.29 м, 4 дүгээр цэгийг урт 15.82 м, 5 дугаар цэгийг урт 1.01 м, 6 дугаар цэгийг урт 29.00 м гэж заасан байна.

4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 609 дүгээр шийдвэрээр: Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Н*******гийн эзэмшийн 500 м.кв газар болон гуравдагч этгээд Ц.Б*******ийн 432 м.кв газар, түүнчлэн нэхэмжлэгч Б.Н*******гийн хашаалан амьдарч буй газрууд нь хоорондоо хэрхэн давхцаж буй талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газрууд нь хоорондоо давхцалгүй, харин нэхэмжлэгч Б.Н******* нь 1350 м.кв газрыг хашаалахдаа гуравдагч этгээд Ц.Б*******ийн эзэмших эрх бүхий 308 м.кв газрыг оруулан хашаалсан болох нь тогтоогдож байна гэж хариуцагч Б.Н******* нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 308 м.кв газрыг оруулан хашаалсан үйл баримтыг тогтооосон, энэ үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 658 дугаар магадлалаар өөрчлөөгүй.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 503 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлохгүй тул шүүх шинжээч томилоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх хариуцагч Б.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Б*******ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 432 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын 308 м.кв газрыг эрх бүхий газрыг түүний кадастрын хэмжээнд чөлөөлөх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/02181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА