Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 0689

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Мөнхсайхан

хохирогч : Ц.О, С.Э

шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус  заасан гэмт хэрэгт Л овогт Э Б  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201201022961 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Э Б, 19 оны 4 дүгээр  сарын 08-ны  өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар  хороо  тоотод оршин судаг, улсаас авсан гаьяа шагналгүй,

2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн

2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах  ялаар шийтгүүлсэн

2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар  дүүргийн шүүхийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гарсан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж суллагдсан

2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, оногдуулсан  хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.

2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 623 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ял буюу 03 сар 10 хоногийн ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 13 жил 03 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          1.Э.Б нь 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Б.Ч, Г.Г нартай бүлэглэж  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Т амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Хосбаярын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн,

          2.Ч.С, Б.М нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг Баянрхайрханы 5 дугаар гудамжинд Д.Д хүч хэрэглэн довтолж хөнгөн гэмтэл учруулан 130.000 төгрөгийн үнэтэй самсунг галахси Эс-3 маркийн гар утсыг бэлэн 18.000 төгрөгийн хамт дээрэмдсэн

   3.2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 20-2956 тоот иргэн Э.Э гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, чемодан, машин угаадаг насос, цахилгаан дрилл хулгайлж 550.000 төгрөгийн,

   4.2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б.Чинбаттай бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 13-а-371 тоотод оршин суух иргэн Ц.О байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

        5.2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 18-21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2-85 тоотод байрлах иргэн Г.Н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, аплэ, асер брендийн 2 нөөтбүүк, Эл Жи брендийн гар утас, Шарпийн Си Ди тоглуулагч зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

   6. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 13-16 тоотод оршин суух Д байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн Самсунг маркийн зурагт, 40 литрийн бетон, эмэгтэй монгол дээл хулгайлж 555.000 төгрөгийн,

    7.2015 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 3-75 тоотод оршин суух Б.Б гэрээс 32 инчийн Скайворт маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

    8.2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан-Өлгийн 29 задгайд оршин суух иргэн Б.Э гэрээс 32 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 350.000 төгрөгний хохирол  буюу нийт 5.869.000 төгрөгийн хохирол учруулсан

          9.2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Цогцолбор байрны цагдаагийн хэсгийн байцаагчийн өрөөний цонхоор орж суурин компьютерийн процессор, албаны гар чийдэн 1ш, Делл брендийн  Ай-3 үзүүлэлттэй процессор хулгайлж 550.000 төгрөг,

         10.  мөн шөнө тухайн хэсгийн байцаагчийн цүнхтэй бичиг баримтыг шатааж устгасан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Цагдан хорих хугацааг 5 сар суусаныг 4 сар суугаад батлан даалтад гарсан гэж бичсэн байсан. Би 4 дүгээр сарын 9-ний өдөр батлан даалтанд гарсан гэв.

          Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,  Алтан-Өлгийн тоотод оршин суудаг. 2014 оны 5 дугаар сараас хойш 2015 оны 7 дугаар сар хүртэл миний амьдарч байгаа гэрт 3 удаа хулгай орсон байдаг. Эхнийх нь манай хөрш орсон байсан. 2 дахь удаа хулгай ороход үнэтэй эд зүйл алдагдсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаад явсан боловч илрээгүй. Би өөрөө хөөцөлдөж явж чадаагүй тул таг болсон. 3 дахь нь 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11-13 цагийн хооронд хулгай орсон. Нийт 1.500.000 төгрөгийн эд зүйл алдагдсан. Үнэлгээний ком 550.000 төгрөг гэж бичсэн байсан. Хөрш айлын хүнийг би хулгай хийсэн гэж сэжиглэж байсан. Би тухайн үед тэр хүнтэй уулзаж, ярилцсан. Тэр айсандаа ч тэр үү, би хулгайлсан. Хашаагаа зараад хохирол төлнө гэж хэлсэн байдаг. Тэр хүнийг биед би халдсан. Хүний биед халдсан гэж цагдаагийн хэлтэс дээр шалгагдсан. Ингээд 9 дүгээр сарын 25-ныг хүртэл 2 сар гаран цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүн зодсон болон хулгайд эд зүйлээ алдсан асуудлаар шалгагдаж байсан. Тухайн хугацаанд нэг ч удаа танай гэрт хулгай хийсэн хүн Б гэж хэлж байгаагүй. Тухайн үед Батмөнх гэдэг байцаагч тэр хэргийг шалгаж байсан. 2 жилийн дараа 2017 оны 6 дугаар сард Нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахмад залгаад 2015 онд танайд хулгай хийсэн хүнийг олсон. Чингэлтэй дүүргийн иргэн Батжаргал гэдэг хүн гэж хэлсэн. Би тухайн үед хэргийн материалтай танилцаад Чингэлтэй дүүргийн иргэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд очоод гэрт хүн байхгүй байгааг яаж мэдэж хулгай хийх вэ? Ийм боломж байгаа юу? гэж би асууж байсан. Гэтэл Батжаргал өөрөө танай гэрийг заагаад хулгай хийсэн гэж хэлсэн гэж байсан. Би та нар яг энэ хүний хурууны хээг манайхаас олсон юм уу энэ хүн хийсэн гэсэн баттай нотолгоо байна уу би хохирлоо гаргуулж авмаар байна гэдгээ хэлсэн. Би хулгай хийсэн гэж сэжиглэж байгаа хүн байна гэдгээ хэлсэн. Гэтэл намайг өөрөө цагдаагийн хэлтэст өргөдлөө гаргаад, Б хэргийг тусгаарлуулаад, хэргийн материалаа шалгуулаад яв гэсэн. Би прокурор дээр өөрөө хэргийн материал ухаж Бн хэргийг олж аваад дахин гомдол гаргасан. Тухайн үед хэрэг нь бараг шийдэгдсэн байсан. Хоёр ч шүүх хуралдаан болчихсон байсан. Нийслэлийн прокурор луу ярьсаар байгаад хэрэг нь задархаар болсон. Тэгээд би дахин гомдол гаргана гэдгээ хэлээд бүх болсон асуудлыг бичиж өгсөн. Б би оны дараа урьдчилсан хэлэлцүүлгийн үед уулзаж асуухад 4 хүнтэй хамт орсон гэж хэлж байсан. Яллах дүгнэлт дээр ганцаараа орсон гэж бичсэн байна. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 16 дугаар хорооллоос баригдсан гэж Батжаргал өөрөө хэлсэн. Тэгээд зарим эд зүйлийг чинь зараад архи уусан, зарим эд зүйлийг цагдаагийн хэлтэст хураалгасан гэж хэлсэн. Гэтэл цагдаагийн газраас эд зүйл хурааж авсан гэж хэлээгүй. 2 жил таг чиг байсан. Тэгээд гэнэт нийслэлийн цагдаагаас дуудаад Э  гэдэг хүнийг хулгай хийсэн гэж хэлж байснаа дахин хэсэг хугацааны дараа дуудаад Б гэдэг хүнийг хулгай хийсэн гэж хэлсэн нь логикийн хувьд авцалдахгүй байна гэж үзэж байна. Би Э гэдэг хүнийг хулгай хийсэн гэхээр нь сайн шалгуулъя гэж хэлж байсан. Б 4 хүнтэй хамт хулгай хийсэн гэж хэлж байсан. Тийм учраас хэн хулгай хийе энэ айлд хүн байхгүй гэж хэлсэн тухай шалгуулах, мөн эд зүйлийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна. Миний зурагт 550.000 төгрөг, машин угаадаг хэрэгсэл 300.000 гаран мянган төгрөг, цоож зэрэг жижиг зүйлс нийлээд 1 сая гаран төгрөг болно гэж би хэлж байсан. Үнэлгээний тайлантай танилцаад би хэлж байсан. Нийслэлийн Ча байцаагч хэргээ тусгаарлуулаад гомдлоо гаргаад явж болно гэж байснаа сүүлдээ намайг Батжаргалтай хамаатан юм уу  яагаад хамгаалаад байгаа юм бэ чамайг шалгана гэж хүртэл хэлж байсан. Өөрийн сэжиг таамгийг батлуулж, энэ хүн ганцаараа хулгай хийсэн үү гэдгийг шалгуулмаар байна гэв.

          Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 сард наадмын үеэр 13-ны өдөр хөрш айлын хүн утсаар залгаад танайд орох гэтэл хаалга чинь онгорхой, зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ яваад очтол зурагт байхгүй байсан. Самсунг маркийн 40 инчийн 1.200.000 төгрөгөөр авч байсан зурагт байсан. Эд зүйлийн үнэлгээн дээр 700.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Өөр авсан юм байгаагүй. Цагдаагийн хэлтэс, шүүх дээр дуудахад нь ирж байсан. Нэг удаа энэ хүүхдийг шүүх дээр харж байсан гэв.

         Шүүгдэгч  Э.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Г, Ч нартай хамт Батлан хамгаалах их сургуулийн урд 15 орчим насны эрэгтэй хүүхэд ганцаараа явж байхад нь Г түрүүлж тэр хүүхэд дээр очоод тэр хүүхдийн гар утсыг аваад ирсэн. Ч бид 2 түрүүлээд явж байсан тэгээд дараа нь 82 дугаар цэцэрлэгийн хажууд Г 2 эрэгтэй хүүхэд дээр очоод юм ярьж зогсоод байсан Ч бид 2 түрүүлээд явсан. Араас Г 1 ширхэг хятад гар утас бариад ирсэн. Тэгээд тэр 2 гар утсыг зарсан. 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ганцаараа явж байгаад Баянзүрх дүүргийн Цайзын 19 дүгээр хороонд байшинтай айлын цонхоор ороод 32 инчийн зурагт хулгайлан авсан зурагтыг буцаагаад хүлээлгээд өгчихсөн, 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын гэр хороололд гэртээ айлаас хаш хөөрөг 32 инчийн зурагт хулгайлан авсан эдгээрийг мөн буцаагаад өгчихсөн. 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ч бүлэглэн өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын задгай тоотоос гэртээ айлаас 32 инчийн зурагт хөгжим хулгайлан аваад буцаагаад өгчихсөн. 2012 оны 12 дугаар сарын 9-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Газарчингийн байшинтай айлаас 37 инчийн зурагт хулгайлан авсан уг зурагтыг зарсан. 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелоос байшинтай айлаас 480.000 төгрөгний пүүз, нөөтбүүк, хулгайлан авч зарж үрсэн. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ЗАӨ-д байшинтай айлын цонхоор орж нөөтбүүк хулгайлан авсан. Нөөтбүүкийг зараад дуусгасан. 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоориноос байшинтай айлаас нөөтбүүк хулгайлан аваад явуулийн хүнд зарсан. 2014 оны 8 дугаар сарын 11-ны өдөр ганцаараа өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Наран Ундарга үйлчилгээний төвийн подволоос гагнуурын аппарат дрилл хулгайлан аваад авсан зүйлээ явуулийн хүнд зарсан, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан өлгийн гэртэй айлаас мөнгөн бүс, зурагт хөөрөг, хулгайлан аваад мөн хүнд зарсан, 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын гэр хороололд гэртээ айлаас Тошиба компьютер хулгайлан аваад мөн хүнд зарсан, 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан Өлгийгөөс дугуйтай чемодан, машин угаагч, дрилл зэргийг аваад мөн хүнд зарсан, 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чинбаттай хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзад гэртээ айлаас 40 инчийн зурагт хулгайлаад зурагтаа зарсан, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чинбат, Ариунбаяр нартай хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын гэр хорооллоос гэртээ айлаас 32 инчийн зурагт аяны цүнх, түрийвч, шаазан эвтэй 4 амьтан мөнгөн аяга зэргийг аваад зарсан, 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулийн гудмаас гэртээ айлаас ДВД тоглуулагч, нөөтбүүк хулгайлан авч зарсан, 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо БАУ-н гэртэй айлаас мөнгөн бүс мөнгөн ээмэг гинж аваад мөн зарсан, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн гудманд байшинтай айлаас 42 инчийн зурагт авсан, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзад гэртээ айлаас 32 инчийн зурагт хулгайлан аваад зарсан,  2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны цагдаагийн байрнаас 2 ширхэг процессор, гар чийдэн хулгайлан аваад ширээн дээр байсан боодолтой үдээсээр хавчсан цааснуудыг ширээний буланд шатаасан 1 ширхэг процессорыг үлдээгээд 1 ширхэг процессорыг зараад өгөөгүй  гар чийдэнг хүлээлгээд өгчихсөн гэжээ. /19-р хх-ийн 82-83/  

           Насанд хүрээгүй хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед   мэдүүлэхдээ: .. 14 цаг өнгөрөөгөөд ангийнхаа Н, М нартай хамт тоглоомын газраас гараад байран дундуур урагшаа алхаж байтал өөдөөс  3 ах гарч ирээд хар куртиктэй нэг ах нь намайг утсаараа нэг яриулчих, эсвэл нэг мессеж бичүүлчих гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад нэгж байна уу даа гээд үзэх гэтэл тэр ах миний утсыг булааж аваад би өөрөө шалгачихъя гэсэн. Тэгснээ намайг хананд шахаж зогсоогоод 2 нь миний 2 талд зогсоод нөгөө нэг эрүүндээ сорвитой намхан ах нь миний урд суугаад хоолойг нь шилээр зүсчихье, бид 3 саяхан шоронгоос гарсан, эхнийх нь чи, нэг хүн алсан юм чинь дахиад нэг хүн алсан ч яадаг юм гээд намайг айлгасан. ... Тэр 3 ах намайг цохиж зодоогүй, элдэв юм яриад айлгаад байсан. Мөн утсаа авъя гэсэн чинь утсандаа хайртай юу, аминдаа хайртай юу, ална шүү гээд байсан” гэх мэдүүлэг /1-р хавтасны 108-109-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ … 82-р цэцэрлэгийн урд явж байтал араас 3 ах гүйгээд ирэхээр нь эргээд хартал нэг нь нэгж байвал утсаар чинь ганц мессеж биччихье гэсэн. Тэгэхээр нь би нэгж байхгүй гэж хэлээд явах гэтэл нэг залуу нь буюу хар куртиктэй нь  миний мөрөн дээгүүр гараа давуулж бариад нөгөө гараараа миний элэг рүү цохисон. Тэгтэл утсаар чинь мессеж биччихье гэсэн залуу нь миний зүүн гарнаас татахад би утсаа барьчихсан байсан болохоор халааснаас утас маань хамт гараад ирсэн. Тэр залуу миний гарт утас байгааг хараад шууд булаагаад авчихсан. ... хэрэв янз бүрийн үйлдэл гаргавал тархийг чинь хага цохино шүү гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтасны 112-113-р тогтоол/      

          Хохирогч Д.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 24-ны шөнө би өөрийнхөө 89-30 УБӨ улсын дугаартай машинаар халтуур хийх гээд 17 дугаар сургуулийн буудлын эсрэг талд Мишээл караокены үүдэнд ганцаараа байж байсан. Үйлчлүүлэгч хүлээгээд нилээн зогссон. Тухайн үед шөнийн 01.00 цаг болж байсан. Тэгтэл замын хажууд Соёл караокены үүдэнд үл таних 3 залуу гараа өргөөд зогсож байхаар нь очоод  аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх Уул руу хүргэсэн. Зүрх Уул руу гарах гэтэл машин гарахгүй байсан чинь урд суудал дээр сууж явсан барзгар нүүртэй ах эхлээд мөнгө аваад ир гэж хэлий гээд миний утсыг аваад залгасан. Тэгснээ гэнэтхэн машинаас буугаад гаднаас тоосго пивоны шил авч орж ирээд над руу заналхийлсэн. Пивоны шилээр намайг 3 удаа цохисон. Тэгээд намайг заналхийлж байгаад гурвуулаа буусан. Гэтэл барзгар нүүртэй ах нь намайг машинаас татаж буулгаад цохих гэхээр нь би зугтаасан. Тэгээд замд явж байсан хүнтэй уулзаад утсыг нь аваад цагдаад дуудлага өгсөн. Миний тухайд маш их гомдолтой байна гэжээ. /24-р хх-н 7-8,15-17, 89-94/

        Хэргийн газрын үлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /24-р хх-н 2-6/, эд зүйлийн үнэлгээ /24-р хх-н 18/

        Эд зүйлийн үнэлгээ, /1-р хх-н 110,114/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-рхх-н 93-94/, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-н 95-106/  

          Хохирогч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өглөө 11.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан Өлгийн  тоот гэрээсээ гараад  14.30 цагийн  орчимд эргээд иртэл хашааны хаалга онгорхой байшин, болон гэрийн хаалганы цоож өөрчлөгдсөн хаалганы цүүний нэгийг нь хөшиж эвдлээд хулгай орсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Манай  гэрээс 29 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгөтэй ТСЛ маркийн телевизор 2015 оны 2 дугаар сард таньдаг хүнээсээ 450.000 төгрөгөөр авсан, хар өнгийн дугуйтай чирдэг чемодан дотор нь шаргал өнгийн костюм хүрэм 2011 оны 5 дугаар сард 140.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Мөн машин угаадаг насос 2012 оны 8 дугаар сард Зуун айлаас 250.000 төгрөгөөр худалдан авч байсан, Incgo брэндийн хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан Дрилл 70.000 төгрөгөөр 2014 оны 1 дүгээр сард Гермес дэлгүүрээс авч байсан. Мөн 2012 оны 6 дугаар сард 40.000 төгрөгөөр худалдан авч байсан брэндийн хүрэн өнгөтэй гар цүнх зэрэг зүйлс алдагдсан. Тухайн үед ээж хөдөө явчихсан би ганцаараа гэртээ байсан юм гэжээ. /17-р хх-н 26-27/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 17-22/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 28/

    Хохирогч Ц.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  ... 15:30 минутын үед миний утас дугараад автал манай дээд давхарт өрөө түрээслэдэг У гэх залуу “О эгчээ танай хөргөгчинд махаа хийх гээд орох гэтэл гэрийн чинь хаалга онгорхой байна. Хананд байдаг зурагтыг чинь аваад явчихсан байна” гэж хэлсэн. Намайг очиход цагдаа ирчихсэн үзлэг хийгээд явсан гэх мэдүүлэг /5-р хавтасны 227-р хуудас/, /17- хх-н 53-55/

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-р хх-н 43-47/, эд зүйлийн үнэлгээ /17-р хх-н 55/

          Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ:2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би 16.00 цагийн орчим Баянбүрдэд байдаг ахых руугаа 2 хүүхдээ аваад усанд орох гээд явсан. Тэгээд орой гэртээ ирсэн чинь гадаа амбаарын цоож эвдэрчихсэн байсан. Манайх дотор гэрээ цоожилдоггүй юм. Тэгээд гэртээ ороод харсан чинь зурагтын хажууд байсан DVD алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс өмнө нь 2008 онд 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан DVD, Асер, Аппел брендийн нөөтбүүк алдагдаж байсан гэжээ. /17-р хх-н 88-89/

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-р хх-н 80-86/, эд зүйлийн үнэлгээ /17-р хх-н 90/

          Хохирогч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 13-ний өглөө 07.30 цагт гэрээсээ ажилдаа явсан. Тэгээд манай эхнэр 2 хүүхэд үлдсэн. Тэд нар 9.30 цагт гэрээсээ гарсан гэсэн. Манай эхнэр 15.00 цагийн орчимд гэртээ иртэл гал тогооны өрөөний цонх хагарсан байдалтай байсан гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд над руу ярьсан байсан. Манайхаас 42 инчийн ЛСД зурагт, 40 литрийн бетон, нимгэн Монгол дээл алдагдсан гэжээ.  /17-р хх-н 98-99/

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-р хх-н 43-47/, эд зүйлийн үнэлгээ /17-р хх-н 100/

         Иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Цагдаагийн газарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нярав албан тушаалд ажилладаг юм. 2016 оны 3 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор байранд байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд хулгай орж хэлтсийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй Самсунг брэндийн Duai core үзүүлэлттэй суурийн компьютерийн процессор 1 ширхэгийг эвдэж ашиглах боломжгүй болгосон байсан, мөн албаны гар чийдэнтэй цахилгаан бороохой 1 ширхэгийг хулгайлж авч явсан ба 504116, 504119, 504120, 500260 дугаартай 4 ширхэг үнэт цаас /шийтгэврийн/ Ө-2-5430 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материалын хамт шатаасан байсан. Мөн иргэний танхимд данстай Dell  брэндийн I3 үзүүлэлттэй суурин компьютерийн процессор 1 ширхэг хулгайд алдагдсан байсан гэжээ. /17-р хх-н 158-159/

          Хэргийн газрын үлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17-р хх-н 131-141/, эд зүйлийн үнэлгээ /17-р хх-н 160/

         Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016  оны 3 дугаар сарын 28-ны өглөө 08.22 цагийн орчимд хорооны хамгаалагч С 0948 утаснаас залгаад өрөөний чинь цонх онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэсэн. Тэгээд би Баянбүрдийн ойролцоо явж байгаад тэндээсээ шууд хорооныхоо байранд ирсэн. Тэгээд гадна талын хаалгыг түлхүүрээр онгойлгоод 06 тоот өрөөний хаалгыг онгойлгоход лац нь бүтэн ЧДЦХ-2 036 гэсэн лац хөдлөөгүй байсан. Өрөөг онгойлгож харахад вакум цонхны салхивч нь дотогшоогоо онгойсон, өрөөний эд зүйлсийг эмх цэгцгүй тараасан, бичгийн ширээний урд талд цагаан өнгийн цаас шатаасан байдалтай байсан. 05 тоот өрөөний хаалгыг онгойлгоход мөн өрөөний лац хөдлөөгүй байсан. Онгойлгоод харахад 2 өрөөний дунд байх голын цонхны доод талын салхивч онгорхой, өрөөний доторхи эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон байсан. Ширээн дээр процессор гаргаж тавиад эвдсэн хар өнгийн утаснуудыг нь тасалсан байсан. 06 тоот өрөөнд ороход ажлын гар цүнх алга болсон байсан. Гэтэл шатсан зүйл дотор гар цүнх байсан. Тэгээд энэ талаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Т мэдэгдсэн. Тухайн хулгай орсон 2 өрөөний цонхонд хамгаалалтын төмөр тор хийгээгүй байсан. Би төмөр тор хийх талаар удаа дараа мэдэгдэж байсан гэжээ.  /17-р хх-н 161-163/

          Кримналистикийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3090 дугаартай дүгнэлт /17-р хх-н 182-185/

           Хэргийн газрын үлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /19-р хх-н 102-107/, эд зүйлийн үнэлгээ /19-р хх-н 115/

          Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:          Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний орой шиг санаж байна өдрийг нь нарийн мэдэхгүй байна. Тэр орой би багийн найз Чн С /мооёо/, Э Б /бачка/ нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлын замын эсрэг талын дээшээ явдаг төв замаас такси бариад Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Зүрх ууланд байх С гэрт очих гэж явсан. Тухайн үед С гэрийн ойролцоо очоод С ээжээсээ мөнгө аваад ирье гэж хэлээд буусан бөгөөд С удаагүй ирээд ээжид мөнгө байхгүй байна гэж ирсэн. Гэтэл Б таксины жолоочийг айлгаж сүрдүүлж байгаад гар утас, мөнгийг нь авч байх шиг байсан. Би Б боль гэж хэлээд болиулсан. Тэгээд таксины жолооч яваад өгсөн. Бид гурав С ахынд очиж хоносон. Би Б дээрэм хийх гэж байгааг мэдээгүй бөгөөд Б ганцаараа таксины жолоочийг айлгаад эд зүйл мөнгийг нь авсан гэжээ. /25-р хх-ийн 119/, /24-р хх-н 147-149/

          Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /25-р хх-н 198-209/

          Э.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /24-р хх-н 165/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /24-р хх-н 187/, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /24-р хх-н 189-247/

          Э.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /24-р хх-н 156/, прокурорын тогтоол /24-р хх-н 157-159/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /24-р хх-н 160-161/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 67 дугаартай прокурорын тогтоол /25-р хх-н 212-214/, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 23 дугаартай прокурорын тогтоол /25-р хх-н 215-217/ зэрэг болно.

           Э.Б нь 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Б.Ч Г.Г нартай бүлэглэж  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хорооллын Батлан хамгаалах Их сургуулийн урд талд насанд хүрээгүй Б.Төрболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “Галакси Гео” маркийн гар утсыг, 82 дугаар цэцэрлэгийн орчим насанд хүрээгүй Г.Х амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, ССТВ маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Насанд хүрээгүй хохирогч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн ...өөдөөс  3 ах гарч ирээд хар куртиктэй нэг ах нь намайг утсаараа нэг яриулчих, эсвэл нэг мессеж бичүүлчих гэсэн. Тэгэхээр нь би утсаа гаргаад нэгж байна уу даа гээд үзэх гэтэл тэр ах миний утсыг булааж аваад би өөрөө шалгачихъя гэсэн. Тэгснээ намайг хананд шахаж зогсоогоод 2 нь миний 2 талд зогсоод нөгөө нэг эрүүндээ сорвитой намхан ах нь миний урд суугаад хоолойг нь шилээр зүсчихье, бид 3 саяхан шоронгоос гарсан, эхнийх нь чи, нэг хүн алсан юм чинь дахиад нэг хүн алсан ч яадаг юм гээд намайг айлгасан. ... Тэр 3 ах намайг цохиж зодоогүй, элдэв юм яриад айлгаад байсан. Мөн утсаа авъя гэсэн чинь утсандаа хайртай юу, аминдаа хайртай юу, ална шүү гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 108-109-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Х мөрдөн байцаалтад өгсөн …араас 3 ах гүйгээд ирэхээр нь эргээд хартал нэг нь нэгж байвал утсаар чинь ганц мессеж биччихье гэсэн. Тэгэхээр нь би нэгж байхгүй гэж хэлээд явах гэтэл нэг залуу нь буюу хар куртиктэй нь  миний мөрөн дээгүүр гараа давуулж бариад нөгөө гараараа миний элэг рүү цохисон. Тэгтэл утсаар чинь мессеж биччихье гэсэн залуу нь миний зүүн гарнаас татахад би утсаа барьчихсан байсан болохоор халааснаас утас маань хамт гараад ирсэн. Тэр залуу миний гарт утас байгааг хараад шууд булаагаад авчихсан. ... хэрэв янз бүрийн үйлдэл гаргавал тархийг чинь хага цохино шүү гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 112-113-р тогтоол/

          Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... үл таних 3 залуу гараа өргөөд зогсож байхаар нь очоод  аваад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх Уул руу хүргэсэн. Зүрх Уул руу гарах гэтэл машин гарахгүй байсан чинь урд суудал дээр сууж явсан барзгар нүүртэй ах эхлээд мөнгө аваад ир гэж хэлий гээд миний утсыг аваад залгасан. Тэгснээ гэнэтхэн машинаас буугаад гаднаас тоосго пивоны шил авч орж ирээд над руу заналхийлсэн. Пивоны шилээр намайг 3 удаа цохисон. Тэгээд намайг заналхийлж байгаад гурвуулаа буусан. Гэтэл барзгар нүүртэй ах нь намайг машинаас татаж буулгаад цохих гэхээр нь би зугтаасан. Тэгээд замд явж байсан хүнтэй уулзаад утсыг нь аваад цагдаад дуудлага өгсөн. Миний тухайд маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг  /24-р хх-н 7-8,15-17, 89-94/

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …би  энэ хэргийг хийсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Э.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Э.Б нь 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 20-2956 тоот иргэн Э.Эн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, чемодан, машин угаадаг насос, цахилгаан дрилл хулгайлж 550.000 төгрөгийн,

   2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б.Ч бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 13-а-371 тоотод оршин суух иргэн Ц.Он байрны хаалганы цоожийг эвдлэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 700.000 төгрөгийн,

    2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 18-21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2-85 тоотод байрлах иргэн Г.Н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, аплэ, асер брендийн 2 нөөтбүүк, Эл Жи брендийн гар утас, Шарпийн Си Ди тоглуулагч зэргийг хулгайлж 680.000 төгрөгийн,

    2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 13-16 тоотод оршин суух Д байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн Самсунг маркийн зурагт, 40 литрийн бетон, эмэгтэй монгол дээл хулгайлж 555.000 төгрөгийн,

     2015 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Дэнжийн 3-75 тоотод оршин суух Б.Бн гэрээс 32 инчийн Скайворт маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж 450.000 төгрөгийн,

    2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан-Өлгийн 29 задгайд оршин суух иргэн Б.Э гэрээс 32 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 350.000 төгрөгний хохирол  буюу нийт 5.869.000 төгрөгийн хохирол учруулсан

          2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Цогцолбор байрны цагдаагийн хэсгийн байцаагчийн өрөөний цонхоор орж суурин компьютерийн процессор, албаны гар чийдэн 1ш, Делл брендийн  Ай-3 үзүүлэлттэй процессор хулгайлж 550.000 төгрөг,

          мөн шөнө тухайн хэсгийн байцаагчийн цүнхтэй бичиг баримтыг шатааж устгасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 

Э.Э  мөрдөн байцаалтад өгсөн … 14.30 цагт гэртээ иртэл гэрийн болон байшингийн цоожийг хөшин эвдэж ороод зурагт, чемодан, машин угаадаг насос, цахилгаан дрилл зэргийг авч явсан байсан. 29 инчийн ЛСД зурагтыг 2015 оны 2 дугаар сард 450.000 төгрөгөөр худалдан авч байсан, чирдэг дугуйтай чемоданыг 70.000 төгрөгөөр авч байсан, машин угаадаг насосыг 250.000 төгрөгөөр авч байсан гэсэн мэдүүлэг /17-р хх-ийн 23/, хохирогч Г.Н мөрдөн байцаалтад өгсөн … 21.30 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой гэрт ороход үүдний амбаарын цоожийг цүүтэй нь хамт салгаж дотор нь шалан дээр хаясан байдалтай гэр доторх эд зүйлийг бусниулаад хаячихсан байсан. Би эд зүйлээ шалгаж үзэхэд зүүн талын авдар дээр зурагтны хажууд байсан хар өнгийн Марк нь тодорхойгүй Ди Ви Ди алдагдсан байсан. Уг Ди Ви Ди-г 40.000 төгрөгөөр авч байсан юм гэсэн мэдүүлэг /17-р хх-ийн 82/, хохирогч П.Д мөрдөн байцаалтад өгсөн … Манай эхнэр Бадамсүрэн өдөр 15.00 цагийн орчимд  гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонх хагарсан байсан гэсэн. Ингээд цагдаа дуудчихаад над руу мэдэгдсэн. Манайхаас 42 инчийн зурагт, 40 литрийн бетон, нимгэн монгол дээл алдагдсан гэсэн мэдүүлэг  /17-р хх-ийн 99/, Хохирогч Б.Эн мөрдөн байцаалтад  өгсөн … Хар Хорин зах орчихоод 17.00 цагийн орчимд ирсэн. Гэтэл байшингийх нь ертөнцийн зүгээр баруун талын хойд талын вакум цонх нь хагарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Том өрөөний хананд байсан 32 инчийн зурагт алга болсон байсан гэсэн мэдүүлэг,         Иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Цагдаагийн газарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Он  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нярав албан тушаалд ажилладаг юм. 2016 оны 3 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор байранд байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд хулгай орж хэлтсийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй Самсунг брэндийн Duai core үзүүлэлттэй суурийн компьютерийн процессор 1 ширхэгийг эвдэж ашиглах боломжгүй болгосон байсан, мөн албаны гар чийдэнтэй цахилгаан бороохой 1 ширхэгийг хулгайлж авч явсан ба 504116, 504119, 504120, 500260 дугаартай 4 ширхэг үнэт цаас /шийтгэврийн/ Ө-2-5430 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материалын хамт шатаасан байсан. Мөн иргэний танхимд данстай Dell  брэндийн I3 үзүүлэлттэй суурин компьютерийн процессор 1 ширхэг хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг  /17-р хх-н 158-159/, Гэрч С.Чойсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Тэгээд гадна талын хаалгыг түлхүүрээр онгойлгоод 06 тоот өрөөний хаалгыг онгойлгоход лац нь бүтэн ЧДЦХ-2 036 гэсэн лац хөдлөөгүй байсан. Өрөөг онгойлгож харахад вакум цонхны салхивч нь дотогшоогоо онгойсон, өрөөний эд зүйлсийг эмх цэгцгүй тараасан, бичгийн ширээний урд талд цагаан өнгийн цаас шатаасан байдалтай байсан. 05 тоот өрөөний хаалгыг онгойлгоход мөн өрөөний лац хөдлөөгүй байсан. Онгойлгоод харахад 2 өрөөний дунд байх голын цонхны доод талын салхивч онгорхой, өрөөний доторхи эд зүйлсийг эмх цэгцгүй болгосон байсан. Ширээн дээр процессор гаргаж тавиад эвдсэн хар өнгийн утаснуудыг нь тасалсан байсан. 06 тоот өрөөнд ороход ажлын гар цүнх алга болсон байсан. Гэтэл шатсан зүйл дотор гар цүнх байсан. Тэгээд энэ талаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Т мэдэгдсэн. Тухайн хулгай орсон 2 өрөөний цонхонд хамгаалалтын төмөр тор хийгээгүй байсан. Би төмөр тор хийх талаар удаа дараа мэдэгдэж байсан гэсэн мэдүүлэг   /17-р хх-н 161-163/

 /19-р хх-ийн 111/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлэг шалгах тухай тэмдэглэл, эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Э.Б холбогдох үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул түүний бусдад учруулсан хохирлыг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3.304.333 төгрөгийг гаргуулж нэр бүхий  хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.             

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Л овогт Э Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Э.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1,3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Э.Б оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Б оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн  1,3 дахь хэсэгт зааснаар Э.Б энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял дээр  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  18 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б цагдан хоригдсон 1594 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Б 3.304.333 төгрөгийг гаргуулж үүнээсээ 550,000 төгрөгийг Э.Э, 350.000 төгрөгийг Ц.О, 680.000 төгрөгийг Г.Н, 550.000 төгрөгийг П.Д, 550.000 төгрөгийг С.О, 225.000 төгрөгийг Б.Б, 350.000 төгрөгийг Б.Э, 49.333 төгрөгийг Д.Д тус тус олгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН