Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01457

 

Б.Б*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/02177 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*******, Э.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х*******аа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би, М******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын 22201/1060 дугаартай гэрээ-г байгуулан өөрийн өмчлөлийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан.

1.2. Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслээ жолоодож яваад бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалган намайг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4 дүгээр зүйлийн а-д заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх ослын улмаас миний өмчлөлийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 135,421,089 төгрөгийн хохирол учирсан.

1.3. Дээрх даатгалын тохиолдлыг талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар даатгуулагчид 100 хувийн нөхөн төлбөр олгохоор тохиролцсон.

1.4. Дээрх даатгалын гэрээний дагуу холбогдох материалыг М******* ХХК-д бүрдүүлэн өгсөн боловч 62,009,222 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний дансанд шилжүүлсэн.

1.5. Би үнэлгээгээр тогтоогдсон 135,421,089 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн нөхөн төлбөрийг миний дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг М******* ХХК-д өгсөн боловч нөхөн төлбөрийн үлдэгдлийг төлөхөөс татгалзсан утга бүхий хариуг өгсөн.

Улмаар миний бие Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч М******* ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгох шийдвэр гаргаж М******* ХХК-д хүргүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр олгоогүй байна.

М******* ХХК-иас даатгалын гэрээний нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 73,411,868 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* улсын дугаартай Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг даатгалын баталгаа бичүүлж 22201/1060 дугаар Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-гээр 1 жилийн хугацаатай даатгуулсан байна.

2.2. Дээрх үйл баримттай холбогдуулан шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны 23/04 дугаар дүгнэлтэд ... М.Бенз G500 ******* улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орох үедээ 96 км/цагаас дээш хурдтай явсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

2.3. Тухайн осол нь суурин газарт болсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн жолоодож явсан нь тогтоогдсон тул даатгагч нөхөн төлбөр олгохдоо талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7.2.8-д Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичиг материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах гэж, 8.5.2-т Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон, мал амьтан мөргөсөн тохиолдлуудад гарсан үнийн дүнгийн 50 хувиар олгоно гэж заасны дагуу олгосон байна.

Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч М******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус зааснаар хариуцагч М******* ХХК-иас 73,411,867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 525,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна гэж шүүх дурдсан байх бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж хариу тайлбар, татгалзлаа нотлох үүднээс 23/04 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн, тус нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхиж хэрэгт нотлох баримтаар авсан. Мөн шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэн хэрэгт баримтаар авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт... зэргээр тогтоогдоно гэж заасны дагуу уг шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хурд хэтрүүлсэн үйл баримт нь хөдлөшгүйгээр тогтоогддог.

4.2. Шийдвэрийн 12-т Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ болгож Монгол Улсын зөвлөх инженер А.Ц*******гийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №23/04 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн ч энэхүү дүгнэлт нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д заасан дүгнэлт гэж үзэх боломжгүй байна гэж, Шийдвэрийн 13-т Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно, гээд 8.4.4-д шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гэж заасан ба мэргэжлийн байгууллага гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгох тул хариуцагч нь Монгол Улсын зөвлөх инженер А.Ц*******гийн гаргасан дүгнэлтийг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гэж заасан хэдий ч талуудын хооронд байгуулсан 22201/1060 дугаар даатгалын гэрээний 7.2.8-д Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичиг материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах гэж нарийвчлан зохицуулсан бөгөөд уг гэрээний заалтанд талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч даатгалын гэрээг байгуулсан тул даатгалын гэрээний заалтыг баримтлах хууль зүйн үндэслэлтэй юм.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Шинжээч гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг гэж заасан байдаг бөгөөд зөвлөх инженерийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл /Шинжилгээ хийх этгээд/ гэж, 8.1-т Шинжилгээг шинжилгээний байгууллага, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2.2-т энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч гэж заасныг зөрчсөн бөгөөд тус зохицуулалтын дагуу дүгнэлт гаргасан Монгол Улсын зөвлөх инженер А.Ц******* нь дүгнэлт гаргах бүрэн эрхтэй эрх бүхий мэргэжлийн эксперт юм.

4.4. Нэхэмжлэгч хурд хэтрүүлээгүй гэж маргадаг боловч хурд хэтрүүлээгүй талаарх тайлбар баримтаа нотлох баримтаар хэрэгт ирүүлээгүй бол хариуцагчаас тайлбар татгалзалаа нотлосон баримтыг шүүхэд гаргасан байтал шүүх баримтаар нотлогдож буй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн нэг талд давуу байдал олгож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******ын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн дүгнэлт гэх баримтыг шүүх хүлээж авсан боловч нотлох баримтаар үнэлэх эсэх нь асуудалтай гэх талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Миний бие хариуцагч компани дээр очиход тухайн дүгнэлтийг гаргаж өгөөгүй буюу анхан шатны шүүх хуралдааны үеэр тухайн баримттай танилцсан ба тухайн баримтыг ямар учиртайг асуун хэрэгт хамааралгүй болохыг тайлбарласан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилсон гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Гэтэл хариуцагч М******* ХХК нь шинжээч томилох эрх бүхий этгээд биш. Мөн хариуцагч тал нь зөвлөх инженер А.Ц******* гэх хүнээр дүгнэлт гаргуулсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн баримтад А.Ц******* дүгнэлт хийх эрх бүхий, нарийн мэргэжлийн, ур чадвартай этгээд мөн эсэх нь тогтоогддоггүй ба эрх бүхий байгууллагаас А.Ц******* гэх хүнийг шинжээчээр томилсон тухай баримт хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч компани нь нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн гэж маргадаг боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Цагдаагийн байгууллагаас тухайн ослын тэмдэглэл, шийдвэр, бүрдүүлэлт зураг зэргийг шалгасан бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4.1 дэх хэсэгт цагдаагийн байгууллага зөрчлийг бүтэн шийдвэрлэх эрх бүхий этгээд гэж заасан байх бөгөөд тухайн эрх бүхий этгээд нь шалгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Б*******э нь урсгал сөрсөн буюу гүйцэж түрүүлэх үйлдлийг хийснээс үүдэн осол гарсан гэж дүгнэж шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Б*******э нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 73,411,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-гээр нэхэмжлэгч Б.Б*******э нь өөрийн өмчлөлийн Mercedes Benz G500 маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч М******* ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлохоор Монгол Улсын зөвлөх инженер А.Ц*******гийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23/04 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн байх ба нэхэмжлэгч нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш гэж хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж маргасан.

5. Анхан шатны шүүх Монгол Улсын зөвлөх инженер А.Ц*******гийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №23/04 дугаартай дүгнэлтийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-д заасан дүгнэлт гэж үзэх боломжгүй гэсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Талууд гэрээний 8.5.2-т Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болн экспертийн дүгнэлтээр тогтоогдсон, ... хохирлын үнийн дүнгийн 50 хувиар олгоно гэж тохиролцсон байгаа тохиолдолд хариуцагчаас гаргасан экспертийн гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах байжээ. Ийнхүү нотлох баримтаас хасаагүй тохиолдолд дүгнэлт гэж үзэхгүй гэсэн үндэслэлээ заах учиртай.

Хэрэгт А.Ц******* нь дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэх баримт авагдаагүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/02177 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА