| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0050/э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 48
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-д холбогдох 1916000830056 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн өвс тэжээлийн хашаанд байрлуулсан иргэн Ц-ын унаж явсан 24-75 ГАҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэлд унтаж байгаад явахдаа машинд байсан хүрэн өнгөтэй, хурган дотортой эрэгтэй хүний хуучин дээлийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Р-д 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн өвс тэжээлийн хашаанд байрлуулсан иргэн Ц-ын унаж явсан 24-75 ГАҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэлд унтаж байгаад явахдаа машинд байсан хүрэн өнгөтэй, хурган дотортой эрэгтэй хүний хуучин дээлийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Р-д 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Мөнхтөр бид хоёрыг Залуурын буудалд байхад Ц Дуган буудлын үүдэнд хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр буудалд байхдаа архи уусан байсан. Тэгээд доод хашаанд очиж өвс тэжээл ачна гэж хэлэхээр нь доод хашаанд очсон. Тухайн өвсөө ачиж байхдаа архи уусан учир би согтсон байсан. Үдээс хойш Оросын овоо гэдэг газар Ц-ыг сум руу гаргаж өгсөн ... дээлний өнгө болон хурган дотортой дээл, товчийг буцааж өгсөн... 300.000 төгрөг өгсөн. Тэгээд хохиролгүй гэсэн бичиг авсан... Буудалд байхад 0.5 граммтай архи бид хоёр хувааж уугаад, доор очоод 0.5 грамм, 0.75 граммтай 2 шил архи уусан... Ээжтэйгээ хамт амьдардаг... ээж 66 настай... Ноднингоос хойш ажил хийгээгүй... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би энд таньж мэдэх айл байхгүй учир нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж өгнө үү. Би ажил төрөл олж хийх болно дахин ийм хэрэгт холбогдохгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг/Шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Р-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хурган дотортой дээлийг 2015 онд хийгээд өмсөж хэрэглээгүй шинээрээ байгаад байсан бөгөөд 2018, 2019 оны цагаан сараар л Ц-д өмсүүлсэн. Түүнээс өөрөөр өмсөж хэрэглээгүй. Энэ дээлийг нийт 34 ширхэг төрөөд удаагүй хурганы арзгар арьсаар хийсэн тэгэхээр арьс нь жижиг, жижиг гэсэн үг. Ц нь энэ дээлийг хулгайд алдчихаад цаад хүмүүстэй утсаар ярьсаар байгаад Халиун сум руу авахуулсан одоо дээл нь энэ байна. Энэ дээлний энгэрийн 3 ширхэг товч, суганы 1 ширхэг товч, захны 2 ширхэг товч нийт 6 ширхэг товчийг нь салгасан бөгөөд дээлний хажуу хэсэгт гялгар уутанд боогоод хийсэн байсан, товч нь одоо бүрэн бүтэн байна. Дээлний өнгийг нь хуулахдаа урсан байсан, мөн дотрыг нь урсан байна...” гэх мэдүүлэг/хх 11-12-рт/,
Хохирогч Р-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Ц нь машинаасаа хурган дотортой дээлээ хулгайд алдсан байсан. Түүнийг сургийг гаргахад Ц-ын машинд байсан хурган дээлийг Халиун сумын иргэн О гэж дууддаг залуу хулгайлж аваад аймгийн төвд нэг айлд аваачиж өгөөд дээлний өнгийг нь хурган арьснаас нь салгаад хурган арьсыг нь урсан байсан. Халиун сумын Чацран багийн иргэн И гэх залуу гэрчилнэ гэсэн. Гадна өнгө хэсэгт бага зэрэг хир болсон байсан, дээлийг би Солонгос улсад байгаа хүүдээ зориулж хийсэн манай хүү Солонгос улсад байгаа учраас энэ хэрэгт би хохирогч болно...” гэх мэдүүлэг/хх 15-рт/,
Гэрч Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...М-, О, Д, И, Б бид нар аймгийн хөдөө аж ахуйн газраас өвс ачсан. Б-ийн машинтай И-ийн гэрт очсон, тэр үед О нь согтуу миний машинд унтаад үлдсэн. Тухайн орой эхнэрээ аваад аймгаас ирсэн, өглөө нь машинаас ачаагаа буулгах гэхэд миний цагаан сараар өмсөж байсан хурган дотортой дээл алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /хх 18-рт/,
Гэрч Ц-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байсан, дээл алдагдсан цаг хугацаа нь үдээс өмнө юм. Би хулгайд алдсан дээлээ айлд байгааг мэдээд Цагдаагийн газрын 7048102 утас руу залгаж Г гэх өөрийн таньдаг цагдаатай ярьсан. Тэгэхдээ “нэг хүн дээлний өнгө, хурган арьс, товч зэрэг зүйлсийг аваачиж өгөх байх түүнийг аваад хадам аавд өгчих” гэж хэлээд гуйсан Г нөгөө хүнээс аваад манай хадам аавд өгсөн. Харин хадам аав дээрх зүйлсийг Халиун сум руу явуулсан, тэгээд би өөртөө байлгаж байсан...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,
Гэрч И-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Цаг хугацааг нь санахгүй байна. Цагаан сарын дараа би аймгийн төв орсон намайг тэнд байхад Ц надтай утсаар яриад “тэжээл ачих хэрэгтэй байна хүрээд ирээч” гэж дуудсан. Хөдөө аж ахуйн хашаанд очиж тэжээл ачихад өдрийн 12-13 цаг болж байсан. Ц хоёр шил архи авсан, түүнтэй хамт явсан нэг залуу нэг шил архи авсан. Бид нар нийлж тэжээлээ ачсан, тэр хэд “гадаа архи уугаад яахав айлд очиж ууя” гэхээр нь би өөрийн төрсөн ах А-ийн нэг жижиг гэр байгаа тэнд очьё гээд би мотоциклио унаад түрүүлж явсан харин нөгөө хэд миний араас машинтай явсан юм. Би гэртээ түрүүлж ирсэн боловч нөгөө хэд ирэхгүй байхаар нь буцаад явсан юм болов уу гэж бодоод буцаж өвс тэжээл ачсан газраа ирэхэд О нэг хурган дотортой дээл тэврээд хашаанаас гараад ирсэн, алхаж байсан. Тэгээд би очоод уулзахад “энэ миний дээл байгаа юм үүнийг би өчигдөр Ц-ын машины ар талд хийсэн байсан, одоо энэ дээлийг 500.000 төгрөгөөр зармаар байна, өнгөрсөн жил би нэг дээлээ 100.000 төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. Тэгээд нөгөө дээлээ тэврээд миний мотоциклийн ар талаар суусан. Би гэр рүүгээ явж байхад нөгөө хэд хашааны ар талын хаалган дээр ирсэн зогсож байсан. Намайг очих гэхэд О нь “энэ дээлийг нэг газар тавьчихаад очмоор байна, энэ хэд дээр очвол дээл зараад архи уучихна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнгөнсүх гэдэг айлд дээлийг нь тавиулчихаад нөгөө хэд дээр яваад очиход Б нь буцаад машинтайгаа явчихсан. Тухайн үед цаг 14 цаг өнгөрч байсан байх. Тэнд байсан хүмүүсээс Б гэдэг залуу нь архи уугаагүй бусад нь бүгд архи уусан согтуу байсан. Би архи уугаад ухаан алдсан байсан, нэг ухаан ороод сэрэхэд М-нд О-той хамт байсан санагдаад байгаа юм. Тухайн үед О дээлний өнгийг хуулж байсан би бодохдоо өөрийнхөө дээлний өнгийг хуулаад зарах гэж байгаа юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг, /хх 24, 27-28-рт/,
Гэрч Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...О, И нар нь яг хэдэн цагт манайд ирж хурган дотортой дээл өгсөн гэдгийг би сайн санахгүй байна. Ямар ч байсан сургуулийн хүүхэд хичээлдээ явсан байсан. Ойролцоогоор 13-14 цаг болж байсан байх. Манай хүүхэд 13 цаг өнгөрч байхад хичээлдээ явдаг. Түүнээс хойш 3 цаг орчмын дараа эргэж ирээд дээлний өнгө хуулсан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэгтээ дээлний өнгө хуулахад О, И нар хоёулаа оролцсон гэж хэлсэн. Тухайн өдөр тэр хоёр хамт ирж хурган дотортой дээл манайд үлдээсэн, сүүлд нь хамт буцаж ирсэн болохоор тэр хоёрыг хамт хулгай хийсэн юм байх гэж бодсон. Яг гэр дотор болсон үйл явцыг хэлэх юм бол О нь хутга, хайч асуусан чинь манай хүүхэд аваад өгсөн. Тэгээд О дээлний өнгийг хуулсан харин И өөрийнхөө авч явсан архийг уугаад сууж байсан. О нь дээлний өнгө хуулаад явахад манайд нэг цаг орчим болсон, тэгээд хашааны урд хаалгаар хамт гарч явсан. Дээлний эзэн Ц гэдэг залуу надтай утсаар яриад “миний дээлийг Г гэдэг хүнд аваачаад өгөөдөх” гэж хэлсэн. Тэгээд Г гэдэг цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг/хх 35-37-рт/,
Гэрч М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Цагаан сарын дараа байсан цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Тэр хоёр манайд ирэхдээ архи уусан согтуу байсан гэхдээ болж байгаа үйл явцыг мэдэж байсан. И нь мотоцикль унасан түүний ар талаар нөгөө О гэх залуу суусан явж байсан. Тэгээд манай гэрийн гадна ирээд хурган дотортой дээл өгөхдөө О нь манай эхнэрт өгсөн. И нь мотоцикль дээр суусан хэвээр байсан...” гэх мэдүүлэг/хх 38-39-рт/,
Гэрч Г-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Н гэх эмэгтэй хурган дотор, дээлний салгасан өнгө, товч зэргийг авч ирж өгсөн, тэр үед Ц-ын хадам аав гэх хүн ирээд дээлийг авч явсан...” гэх мэдүүлэг/хх 44-рт/,
Гэрч М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бид нар өвс тэжээл ачиж байхдаа тэнд архи уусан, тэгэхэд О согтоод машинд унтсан. И-нд очих болсон тэгэхдээ Ц-ын машиныг үлдээсэн, машин дотор нь О унтаж үлдсэн. Бид нар И-ийн хашааны ар талд очоод хүлээгээд байж байхад И, О нар мотоцикльтой хашааны дээд талаар тойроод явсан тухайн үед бид нар буруу хашааны ар талд ирсэн байх гэж бодож байсан чинь И, О нар удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид нар гэрт нь орж архи уусан юм...” гэх мэдүүлэг/хх 49-50-рт/,
Гэрч Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэнд бид нар айлынх нь хүнийг хүлээгээд байж байхад нөгөө тэжээл ачсан барзгар нүүртэй залуу нөгөө шар залуутай хамт ирсэн. Саяхан Ц надад ярихдаа миний дээлийг нөгөө шар залуу авсан байсан гэж хэлсэн. Би яг И, О гэдэг нэрээр нь мэдэхгүй байна, гэхдээ И гэдэг нь барзгар нүүртэй залуу, шар залуу гээд байгаа нь О гээд байгаа нь мөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх 51-52-рт/,
“Ашид билгүүн” ХХК-ний 149150 дугаар үнэлгээний “...ижил, төстэй хөрөнгийн үнэ ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийж, хуучин хэрэглэж байсан хурган дотортой дээл 1 ширхэг 700.000 төгрөгөөр тогтов...” гэсэн дүгнэлт/хх 61-рт/,
Шүүгдэгч О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Ц-ын машинаас авсан дээлний өнгө, хурган дотор, товчийг нь буцаагаад өгсөн. Тэгээд өнгийг нь хуулахдаа дотрыг нь урсан байна гээд би 300.000 төгрөгийг өгч гомдолгүй болгосон. Ц-ын ээж Р нь дээлний өнгийг өөрөө авна гэсэн, надад гомдол, санал байхгүй гэдэг бичиг хийж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 77-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Р-н мэдүүлэг хх11-12-рт, хохирогч Р-н гэрчээр өгсөн мэдүүлэг хх15-рт, гэрч Ц-ын мэдүүлэг хх18-рт, Ц-ын дахин өгсөн мэдүүлэг хх21-рт, гэрч И-ийн мэдүүлэг хх27-28-рт, гэрч Н-н мэдүүлэг хх35-36-рт, гэрч М-ийн мэдүүлэг хх38-39-рт, гэрч Г-ны мэдүүлэг, гэрч М-ийн мэдүүлэг хх49-50-рт, гэрч Б-н мэдүүлэг хх51-52-рт, Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан хх61-рт, О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч О нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтэй гэмшиж байна....” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч О нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц-ын унаж явсан 24-75 ГАҮ улсын дугаартай автомашинд унтаж байгаад явахдаа хохирогч Р-ийн хүрэн өнгөтэй, хурган дотортой, хуучин дээлийг түүнд мэдэгдэхгүйгээр авсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О-д нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байх бөгөөд түүний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Р нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...О нь миний хурган дээлний хохирол болон хурганы арьс 15 ширхэгийг мөнгөн төлбөрөөр барагдуулж дуусгасан болно. Иймд Найдан овогтой О-д хохирол гомдолгүй болсон нь үнэн...” гэсэн байх тул шүүгдэгч О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, прокурор 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч О-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч О-ын “...нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэх хүсэлт, “...Шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал оруулж байна...” гэх прокурорын санал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч О-ын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА