Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01493

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/02254 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.П*******, М.Б******* нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзулнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.П*******, М.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

******* ХХК нь Г.П*******, М.Б******* нартай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ЗГ23110059 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 1,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 87,000,000 төгрөгийн зээлийг олгосон.

Энэхүү зээлийн үүргийн гүйцэтгэлд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж 4-3 давхрын 7 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 54,6 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-22050612*******т бүртгэгдсэн, 42,29 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй болно. Зээлдэгчид учирсан хувийн нөхцөл байдал, зээлдэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган, уригдсан тал нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн юм.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Г.П*******, М.Б******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 87,000,000 төгрөг, үндсэн хүү 5,045,523.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,412.15 төгрөг, нийт 92,058,935.43 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар нь гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тус тус шаардлагыг гаргаж байна. Хамтран хариуцагч М.Б*******гаас татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-тай 87,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа тус ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Батжаргал болон хуулийн зөвлөх н.Болдбаатар нар нь намайг дуудан танай хүүгийн өмнө нь авсан 50,000,000 төгрөгийн зээлийн хүү, алданги нийлсэн 87,000,000 төгрөгийг хэдүүлээ чам дээр зээл гаргаад хаачихъя, тэгэхгүй болохоор чиний хүү чинь муу зээлдэгчийн ангилалд орчихно, залуу хүүхэд нэр хүндэд нь муу гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад зээлийн батлан даагч байхгүй гэсэн чинь хамаагүй ээ, охиноо л дагуулаад ир, тэр тийм ач холбогдолтой биш гэж хэлсэн. Ингээд над дээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-тай 87,000,000 төгрөгийн ЗГ23110059 тоот зээлийн гэрээ, ******* тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн ЗГ21/83 тоот зээлийн гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БГ21/83 тоот барьцааны гэрээ бүхий зээлийг хаасан.

2.2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн ЗГ21/83 тоот зээлийн гэрээ байгуулсан миний хүү М.Бий нэр дээр сарын 5 хувийн хүүтэйгээр авч, би хамт бизнес хийх зорилгоор Р.Батзулд өгч залилуулан, бид зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ хэрэг нь одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн ЗГ21/83 тоот зээлийн гэрээтэй зээлийн хүүд нийт 29,100,000 төгрөг төлсөн бөгөөд сарын 5 хувийн хүүтэй учраас цаашид төлж чадахаа байсан. Энэ талаар тус ББСБ-ын захирал С.Батжаргал тун сайн мэдэж байгаа бөгөөд өөрөө Р.Батзултай байнга ярьж өрөө төл гэж хэлдэг байсан. Зээл эрсэдсэн, зээл төлөх чадваргүй болсныг мэдсээр байж өндөр хүүтэй зээл учраас хэт өөрийгөө бодсон эрх ашгаа бодож хүүний төлбөрийг нэмэгдүүлэх, өсгөх байдлаар арга хэрэглэсэн. Мөн төлөгдөх чадваргүй болохыг мэдсээр байж өөрийн ББСБ-ын балансын чанарыг сайжруулах үүднээс хуулийн зөвлөхтэйгөө нийлэн дахин шинээр төөрөгдүүлэн гэрээ хийсэн, улам баталгаажуулсан юм.

Тус ББСБ нь зээлийг өөр хүнд өгөөд алдсан, зээл төлөх чадваргүй болсныг мэдэж байсан бөгөөд бид удаа дараа хүсэлт тавьж хүүгээ зогсоон эвлэрэн төлөх хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй. Бид аргаа барахдаа өөрсдөө 2023 оны 02 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэмэгдүүлсэн хүү, хүүнээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан.

Энэ нь дүр эсгэсэн гэрээ байсан бөгөөд зээлийг гэрээний 2.1.6-д заасан зориулалтын дагуу хувийн хэрэгцээнд ашиглах боломж олгоогүй болно. Иймээс эргээд энэхүү өндөр зээлийг төлөх боломжгүй болсон. Хувийн хэрэгцээнд гэж зээлийн зориулалтаа гаргасан боловч хувийн хэрэгцээнд биш зээл хаахад 100 хувь зарцуулсан. Мөн барьцаа хөрөнгийг тэр өдрөө өөрсдөө чөлөөлөн буцаан барьцаалсан. Өөрөөр хэлбэл, хуучин зээлд байсан барьцаа хөрөнгийг дүр эсгэн өөрсдөө чөлөөлөн буцаан миний зээлд барьцаалсан.

Ингэхдээ надад мөнгө байхгүй гэхэд өөрсдөө өдрөөр хүүтэй зээл олгон, зээл чөлөөлүүлдэг хүнтэй хамтран ажилладаг гээд нэг хүн дуудсан. Н.Уянга гэж хүн дуудан тэр хүн нь миний данс руу 87,000,000 төгрөг шилжүүлэн захирал С.Батжаргал хуулийн зөвлөхтэйгөө хамт яван зээлээ хаалгаад буцаан зээл олгон олгосон мөнгөө Г.Уянгын данс руу хийлгэсэн. Энэхүү үйлдэл нь Санхүүгийн зохицуулах хорооны банк бус санхүүгийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, олгосон зээлийг 100 хувь зээл хаахад зориулан ашигласан, зохиомол дүр эсгэсэн гэрээ хийсэн гэж үзэж байгаа тул энэ нэхэмжлэлийг хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.П*******гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,748,137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 310,798 төгрөг, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.Б*******д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 688,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 616,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Г.П*******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн М.Бий нэр дээр авсан байсан зээлийг хаах зорилгоор дахин шинээр 87,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, өмнө авсан зээлийг хааж, шинээр гэрээ байгуулсан.

4.2. 2023 оны гэрээг байгуулахад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батжаргал болон хуулийн зөвлөх н.Болдбаатар нар манайг дуудан М.Бий нэр дээр авсан зээл нь хүү, алданги нь нийлээд 87,000,000 төгрөг болсон байна гэсэн. Би надад М.Бий зээлийг хаах мөнгө болон шинээр зээл авахад батлан даагч байхгүй гэхэд хамаагүй ээ чи охиноо л дагуулаад ир гэсэн.

Ингээд бид 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр уулзаж шинэ гэрээ байгуулах болоход ******* ХХК-аас өөрсдөө өдрөөр зээл хаадаг хүн дуудан ирүүлж М.Бий нэр дээрх зээлийг хаалгаж, надаар хүсэлт бичүүлэн авч миний нэр дээр шинээр зээлийн гэрээ хийж, олгосон зээлийг 100 хувь М.Бий нэр дээр авсан байсан зээлийг хаасан өдрөөр зээл өгдөг хүнд буцаан шилжүүлсэн.

Дээрх үйл баримтаар ******* ХХК нь намайг шинээр хийсэн гэрээний дагуу зээлээ төлж чадахгүйг мэдсээр байж өөрсдийн зээлийн чанарыг сайжруулах зорилгоор ашигласан, зохиомол дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:   

5.1. ******* ХХК нь 2023 оны 08 дугаар сард 30-ны өдөр хариуцагч Г.П*******, М.Б******* нартай ЗГ23110059 тоот зээлийн гэрээ байгуулж, эдгээр хүмүүст 87,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Г.П*******, М.Б******* нар зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээж, харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

5.2.Хариуцагч Г.П******* нэхэмжлэгч ******* ХХК-д хандаж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүү М.Бий нэр дээр байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 87,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлж, М.Бий зээлийн ангиллыг сайжруулж, хэвийн ангилалд шилжүүлж, холбогдох зардлыг нэмж 90,000,000 төгрөгийн зээлийг олгож өгнө үү гэж өөрөө хүсэлт гаргаж, бичгээр хандсан. ******* ХХК Г.П*******гийн хүсэлтийг судалж 87,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж, Г.П*******гийн Голомт банк ХК дахь дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн.

5.3. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээний 6.1, 6.1.1-т заасан үүргээ зөрчиж, нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Г.П*******гийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.П*******, М.Б******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 92,058,935 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК болон Г.П*******, М.Б******* нар 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 87,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч нар зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

4. Зээлдүүлэгч зээл 87,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлж өгсөн нь хариуцагч Г.П*******гийн банк дахь дансанд хийсэн бичилтээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэжээ.

5. Хэдийгээр хариуцагч Г.П******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д хандаж гаргасан хүсэлтэд 2021 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн ЗГ21/83 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 87,000,000 төгрөгийг миний нэр дээр шилжүүлэн М.Бий зээлийн ангиллыг сайжруулан хэвийн ангилалд шилжүүлэн өгнө үү, холбогдох зардлыг нэмэн 90,000,000 төгрөгийн зээл олгож өгнө үү гэсэн байх боловч тэрээр иргэн Г.Уянгаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөр М.Бий зээлийг төлсөн нь өөрийнх нь эзэмшлийн, Голомт банк ХК дахь дансны хуулга баримтаар тогтоогджээ.

Хариуцагч Г.П******* нь иргэн Г.Уянгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч болон гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгч байгууллагыг иргэн М.Бий зээлийн үүргийг хариуцагч Г.П*******гийн авсан зээлээр төлүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Түүнчлэн хариуцагч Г.П******* зээлийг зориулалтаар ашиглах боломж олгоогүй гэх боловч өөрт нэхэмжлэгчээс өөрт шилжүүлж өгсөн зээлийн мөнгөн хөрөнгийг тэрээр түр зээл төлөв гэсэн зориулалтаар зарлага гаргасныг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэж дүгнэхгүй, тэрээр өөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласанд нэхэмжлэгч талыг буруутгах баримт хэрэгт авагдаагүй байна.

6. Нэхэмжлэгч ******* ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б*******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч М.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.П******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 87,000,000 төгрөг, зээлийн хүү 4,736,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,524 төгрөг, нийт 91,748,137 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.

8. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар М.Бий өмчлөлийн, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 4-1 давхрын 3 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий Г- тоот улсын бүртгэлийн дугаартай, 42,29 м.кв талбайтай хувийн сууц, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 4-3 давхрын 7 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий Г-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 54,6 м.кв талбайтай хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээг барьцаалагч талаас ******* ХХК, нөгөө талаас М.Бээс олгосон итгэмжлэлийг үндэслэн М.Бийг төлөөлөн Г.П******* гарын үсэг зурж байгуулсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Төлөөлөл хэрэгжүүлж гэрээнд гарын үсэг зурсан Г.П*******г барьцааны гэрээний барьцаалуулагч тал гэж дүгнэхгүй бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээний барьцаалуулагч нь М.Б байна.

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч талаас шаардах эрхтэй бөгөөд төлөөлөн гарын үсэг зурсан этгээдийг гэрээний үүрэг гүйцэтгэгч тал гэж тодорхойлохгүй тул барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүхийн энэ шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.П*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/02254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.П*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г.П*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА