Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Хохирогч: П.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Н.Ж нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн Н Ж /РД: /-д холбогдох 1812......... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгч:, Л овгийн Н Ж /РД: /

 

                    Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Жыг Архангай аймгийн...багийн нутагт өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.У байнга буюу 2017 оны 08 дугаар сард, 2018 оны 04 дүгээр сард, 2018 оны 05 дугаар сард, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус тус зодсон,  

 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эхнэр П.У зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед: 

Хохирогч: П.У: Би хэдэн сарын хэдэнд зодуулж байсан гэдгээ санахгүй байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Н.Ж байхгүй бол ганцаараа 4 хүүхдээ тэжээж явж чадахгүй. Би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зодуулсан. Намайг аарц шахаж байхад үснээс зулгаагаад хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, гараараа чих рүү 1 удаа цохисон. Эмнэлэгт үзүүлэхэд зүгээр байна гэсэн, надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. 

Мөрдөн байцаалтын үед:

 

              Хохирогч П.Уын өгсөн:..Манайх Архангай аймгийн ... багийн Модотын ам гэх газарт зусланд байдаг. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өглөө намайг үнээндээ гарахаас өмнө манай нөхөр Ж нэг удаа тогоо нэрж хоёр аяга орчим граммаар бол 500 грамм монгол архи гаргаж шилэнд хийгээд тавьчихсан харагдсан. Тэгээд би гарч үнээгээ саачихаад орж ирээд би үргэлжлүүлээд хоёр удаа тогоо нэрж гарсан архийг нь өмнө нь нэрсэн архин дээр нэмж хийгээд тавьчихсан байхад манай нөхөр гарч орох хоорондоо уугаад байсан. Тэгээд манай хажуу айл Б-ынд Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс хотын ганзага задалж байна гээд манай хотны хүмүүс тэднийд орцгоосон байсан. Тэнд нэг шил архи задалж тойруулаад ууцгаасан. Манай нөхөр мөн орж архи уусан. Тэгээд гэртээ орж ирээд би согтоод байна гэхээр нь унтаж амар гэж хэлсэн чинь чи ээжид хөлдөөгчөө үлдээсэн үү гэж хэлсэн үү гэж асуугаад байхаар нь би чадахгүй өөрөө хэлэхгүй юу гэж хэлэхэд та нар надаас идэж ууж ханаагүй юу гээд хэрүүл хийж уурлаад байсан. Манай ээж аймгийн төвд байдаг юм. Тэгээд Улаанбаатар хот руу нүүхээр болсон. Одоогоор нүүдэл хийгээгүй байгаа хөлдөөгчийг нь авч үлдэхээр болсон байсан. Анх тэр хөлдөөгчийг авахдаа манай нөхөр 300.000 мянган төгрөг өгч зээлүүлсэн гэж байсан. Дараа нь би гэрийн ард гарч аарц шахаад сууж байсан чинь араас ирж зайл гээд хараагаад байхаар нь чи өөрөө зайл гэж хэлээд аарцаа бариад гэрийн урд талд гарсан. Тэр үед манай айлын О гэх залуу гарын нь барьчихсан байж байгаад алдчихсан. Тэгээд над руу орилж таны араас чинь гүйчихлээ шүү гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр миний араас гүйж ирээд миний үснээс хойш татаж зулгаагаад хэвлий рүү нэг удаа өшиглөсөн би хэвлийгээ бариад өвдөөд доош тонгойсон чинь баруун талын чих рүү цохисон юугаар цохисон талаар мэдээгүй миний чихнээс цус гарч усаар угаасан боловч тогтохгүй байхаар нь 00-н цаас хийж тогтоосон. Дараа нь дахиад манай охин Б тай хэрүүл хийж муудалцаад манай охины урдаас хэрэлдлээ гээд гуя руу нь өшиглөсөн байсан. Би тэгэхээр нь зодох мөрөөрөө хүүхэд битгий зодоод бай оронд нь намайг зод гэж хэлсэн. Тэгтэл зуухны өмнө сууж байтал манай нөхөр гараараа толгой руу цохиод авсан. Тэр үед манай дүү Г яах гэж дандаа хүн зоддог юм гэж хэлээд хоёр гараас нь дээш нь бариад автал одоо яах ч үгүй гэж хэлээд гараа тавиулаад миний араар гарах гэж явж байснаа миний зүүн хацар руу өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр хөл нүцгэн явж байсан болохоор нүцгэн хөлөөрөө өшиглөчихөөд гараад явчихсан. Би өөрийн нөхөр Ж 2007 онд гэр бүл болсон. Анх гэр бүл болохдоо би өөрөө 2 охинтой байсан. Дараа нь Ж суугаад 2 хүүхэдтэй болсон. Манай бага хүүхэд одоо 4 настай том хүүхэд 17 настай. Анх сууснаасаа хойш 3,4 жилд ямар нэгэн байдлаар гар хүрдэггүй байсан. Сүүлийн 4,5 жилээс намайг зодох болсон. 2018 оны 4 дүгээр сард манай хамт байсан айлд хүүхдийн гуйлга ирж сүү хадаг тавьсан. Тэгээд маргааш нь манай хотны айлууд архи дарс болцгоож ууцгаасан. Тэр үед би гарч хонь хурга эргүүлчихээд ороод ирсэн чинь манай нөхөр хаагуур юу хийгээд яваад байдаг юм гэж загнахад нь хаагуур явдаг юм хонь хурга эргүүлчихээд ирлээ гэж хэлээд зуухны урд сууж байсан чинь гараараа миний баруун нүдний дээд хэсэгт цохисон. Би хажуу тийшээ унахад дахиж зодох гээд дайраад байсан. Тэр үед манайд хажуу айлын Г, Э, Т гээд залуучууд тэнд байсан учраас Жыг надаас салгасан. Мөн дараа нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Хангай сумын төв орчихоод буцаж явж байтал Ж хээр зогсчихоод танай ээж хүүхдүүд чинь дандаа надаас идэж ууж мөнгө төгрөг нэхдэг гэж хэрүүл хийж дайраад байхаар нь би ээж нь юм чинь байгаа боломжиндоо өгөхгүй яадаг юм гэсэн чинь миний хоолойг шахаад амьсгал боогдоод ирэхээр тавьчихаад 2,3 удаа багалзуур шахсан. Тэгээд би зугтаагаад бага хүүтэйгээ явж байсан хүүгээ тэврээд зам дагаж яваад гэртээ харьсан. 2017 оны 8 дугаар сард ах дүү нарын хамт айлын хурим найранд явж байгаад би согтоод муудсан байсан чинь намайг явъя л гэж хэлсэн юм шиг байсан тэгсэн над руу дайрч намайг миний нуруу руу өшиглөсөн тэрийг манай ах Б чи яах гэж дандаа дүү зоддог юм гэж хэлээд манай нөхрийг зодчихсон. Тэгсэн танай ах намайг зодсон гээд надруу дайрч та нарыг ална гээд өөрийнхөө машинаар гэрийн ар хэсэг рүү дайрч дараа нь урдаас нь дайрч гэр эвдэлсэн. Миний баруун чихнээс цус их гарсан толгой өвдөж байна. Баруун талын хавирга орчмоор хөндүүрлэн хавдаж байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баруун чих рүү нэг удаа цохисон юугаар цохисон талаар харж чадаагүй, хэвлий рүү нэг удаа өшиглөсөн, зүүн хацар руу нэг удаа өшиглөсөн, үснээс зулгааж арагш унагаасан. Өглөө нь намайг зодоод байхаар нь би өөрийн дүү Ггэх дүүгээ дуудсан байсан мөн манай 2 дахь охин Д, хажуу айлын О гэх залуу байсан мөн манай хотны хажуу айлын хүмүүс байсан учраас болсон асуудлын талаар бүгд мэдэж байгаа. Би зодуулсандаа маш их гомдолтой байна. Олон жил насаараа энэ хүнд зодуулж нүдүүллээ салж амьдарна гэхээр салахгүй зууралдаад байдаг юм....гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу, 17-19 хуу, 20-22 хуу/ 

 

          Гэрч Г.Гн өгсөн:...Би Жыг эхнэр Уыг зодож байсан талаар сонсож байгаагүй. Би 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Жын хажуу айлд хадагны найртай байсан. Би очсон найр тараад ирсэн хүмүүсийг явуулчихаад орсон чинь Ж нь эхнэр Уыг зодсон хөмсөгнийх нь тэндээс цус гарсан У цусаа арилгаад зогсож байсан. Ж нилээн их согтуу байсан. Би Жыг загнаж унтуулсан. Дахин ийм асуудал гаргасан талаар мэдээгүй. Би зодоон болох үед байгаагүй, намайг очиход зодоон болоод өнгөрсөн О, Ганзориг нар салгаад аваад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/ 

 

          Гэрч Б.И өгсөн:...Жыг эхнэр Уыг зодсон талаар мэдээгүй байж байгаад дараа нь сонсож мэдсэн. Урьд өмнө нь ийм асуудал яригдаж байгаагүй. Би Ж нь эхнэр Уыг удаа дараа зодож байсан талаар нөхцөл байдлын үнэлгээ гаргаж байгаагүй. Би Ж болон түүний эхнэр У нартай уулзаж ярилцаж байхад 2018 оны 07 дугаар сар гаргасан асуудлаас хойш дахин зодсон дарамталсан үйлдэл гаргаагүй засарч байгаа гэж байна. Цаашид энэ хүн дээр анхаарлаа хандуулж ажиллана... гэх мэдүүлэг /хх-ийн  34-35 хуу/ 

 

          Гэрч Г.Гн өгсөн:.. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Жын хажуу айлд хадагны найртай байсан. Би очсон найр тараад ирсэн хүмүүсийг явуулж байхад Жын гэрт хүмүүс орилоод байхаар О бид хоёрыг орсон чинь Ж нь эхнэр Уыг зодсон хөмсөгнийх нь тэндээс цус гарсан, У цусаа арилгаад зогсож байсан. Ж нилээн их согтуу байсан. О бид хоёр салгаад байж байхад гаднаас Г орж ирээд Жыг загнаж унтуулсан дахин ийм асуудал гаргасан талаар мэдээгүй. О бид хоёртой нэг охин байсан. Зодоон болсны дараа Гантулга орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38  хуу/ 

 

          Гэрч Б.Г өгсөн:... Манай Гичгэнэ багийн иргэн Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр орондоо агсан тавьдаг гэж дуулдаж байсан. Эрүүл үедээ зүгээр томоотой малчин залуу байгаа юм. Би түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь тааралдаж байгаагүй. Тухайн зодоон болох үед нь би байгаагүй, сүүлд иргэдийн ярьж байхыг сонссон. Би Жтай уулзаж чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь би тасарсан байсан, дахин ийм асуудал гаргахгүй гэж надад хэлж байсан. У нь Ж намайг зодож байна гэж гомдол гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн  41-42 хуу/ 

 

          Насанд хүрээгүй гэрч А.Б өгсөн:...Ээж бид хоёрыг үнээ бариад байж байхад гаднаас миний хойд аав Ж орж ирээд ээжийг суу хоёулаа юм яръя гэхээр нь би юу ярих гэсэн юм одоо хэлчих гэхэд танай эмээ чинь хөлдөөгч авчихаад өгөхгүй байна гэж хэлсэн. Манай эмээ Архангай аймгийн төвд байдаг. Эмээгээс хөлдөөгч авах авцаатай байсан юм. Ээжтэй маргалдаад үлдсэн би тугалаа уяах гээд үнээний зэл рүү явсан. Нэг харсан чинь ээж У газарт хэвтэж байсан. Хажууд нь манай сумын О ах аав Жын араас тэврээд авсан зогсож байсан. Намайг очиход манай ээжийн баруун талын чихнээс цус гоожоод газарт хэвтэж байсан. Би нойлын цаасаар арчиж тогтоосон. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж бодож байна. Ямар учраас цохиж зодсон талаар би мэдэхгүй. Урьд өмнө нь хэрүүл маргаан зодооны асуудал зөндөө гарч байсан. Ихэндээ миний ээж Уыг зодож хэрүүл маргаан байнга хийдэг, архи уух болгондоо хэрүүл маргаан хийж зоддон. Архи уугаагүй эрүүл үедээ гайгүй байдаг. Гэр бүлийн асуудлаас болж хэрүүл маргаан хийдэг. Гол нь манай хойд аав байгаа юм. Танай хүүхдүүд ингэлээ тэглээ гээд архи уусан үедээ ээжийг байнга зоддог. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тэрнээс өмнө хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Архи  уусан үедээ байнга зодож хэрүүл маргаан хийдэг. Тэр өдөр нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж мөн цээж рүү нь өшиглөж унагаад толгой руу нэг юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдэхгүй. Надад тэгж хэлж байсан. Би тугалаа хаших гээд үхрийн зэл рүү явсан үед тийм асуудал болсон байсан. Хойд аав ээжийг зодох үед манай ээжийн төрсөн эгчийн хүү Г, нутгийн ах О нар байсан. Ж тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...он сарыг нь сайн санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга хэрүүл маргаан хийж ээжийг зоддог. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болсон айлын найран дээрээс ирээд ээжийг зодож хэрүүл маргаан хийж тухайн үед сумын цагдаад хэлж байсан. Мөн 2018 оны 07 дугаар 04-ний өдөр зодож чих рүү нь гараараа алгадаж хөлөөрөө өшиглөж зодсон. Чихнээс нь цус гарсан болохоор эмчид үзүүлж цагдаад хэлсэн. Мөн 2018 оны 05 дугаар сард сумын төв ороод буцаж явахдаа хээр зогсоод танай хүүхдүүд чинь дандаа надаас идэж уудаг гэж хэлээд хээр хоолойг нь боогоод багалзуурдаж, амьсгал авч болохгүй болгоод хоолой шахсан гэж ээж надад хэлж байсан. Тухайн үед манай 3 настай бага дүүтэй хамт явган явж гэртээ харьсан байсан. Өмнө нь зөндөө олон удаа зодож байсан. Одоо зарим зүйлийг нь мартсан байна. Зун гэртээ сурагч амралтаар амардаг, харин бусад үед нь аймгийн төвд сургуульд сурдаг. Байнга хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Утсаар хааяа ээж надтай ярихдаа аав чинь архи уугаад намайг зодлоо гэж байсан. Эгч бид хоёр хойд аавтай өөрийнх нь хүүхдүүд биш болохоор таарамжгүй харьцаатай байдаг. Хойд аав архи уусан үедээ хэрүүл хийж ээжийг зоддог. Эгч бид хоёрын аав биш манай хойд аав  бид хоёрыг ээжид тэглээ ингэлээ, юм хийсэнгүй, танай хүүхдүүд болохгүй байна гээд тэрнээс болж хэрүүл маргаан гардаг байх гэж боддог. Хичээл орсон үед би аймагт эмээгийн хашаанд дүү нартайгаа хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу, 48-51 хуу/ 

 

          Гэрч С.М өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой үхрийн зэлэн дээр У надтай таарахдаа манай нөхөр Ж намайг зодчихлоо гэсэн. Хүмүүс ярихдаа чихнийх нь хэнгэрэгийг хагалсан юм болов уу гэж ярьцгааж байсан. Нутгийн хүмүүс ярихдаа хэрүүл маргаан зодоон хийдэг гэж ярьдаг. Ж архи уусан үедээ эхнэр Уыг зоддог гэж хүнээс дуулсан. У хэлэхдээ манай нөхөр чих рүү цохьчихлоо, чих дүлийрээд байна гэж хэлж байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ 

 

          Гэрч Т.Дн өгсөн:...Би аймгийн төвд гэртээ байхад манай охин Б утсаар яриад Ж Уыг зодоод байна, эмээ та Гахыг хурдан дуудаад өг гэж хэлсэн. Хүүхдүүдээсээ сүүлд сонсоход манай хүргэн Ж эхнэр Утай хэрүүл маргаан хийж байгаад зодсон байсан. Ж нь миний бага охин Уын нөхөр байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга хэрүүл маргаан хийж зоддог гэсэн. Би хүргэн Жад миний хүү битгий ингэж хэрүүл маргаан хийж бай, эхнэрээ битгий зодож бай гэж хэлсэн. Манай охин манай гэрт ирэхдээ баруун талын чихнээс нь цус гарсан, нүүр ам нь хөхөрч хавдсан ирсэн. Би юу болсон талаар асуухад манай нөхөр Ж намайг зодлоо гээд ирсэн. Тэгээд бид нар эмнэлэгт үзүүлсэн. Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Утай хэрүүл маргаан хийж, зоддог... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57  хуу/       

 

          Гэрч Б.Он өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай Жых манай гадаа нүүж ирээд гэрээ янзалж байхад Ж нь эхнэр Утайгаа маргалдсан. Эхнэр нь гэрийн гадаа аарц дараад сууж байснаа үхрийн зэлний цаагуур явж байхад нь Ж ах ахынхаа гарыг тавь гэхээр нь гарыг нь тавихад У эгчийн араас гүйж очоод баруун гараараа чих рүү нь нэг удаа цохиод, түлхэж унагаасан. Би араас нь очиж салгаад гэртээ оруулчихаад би өөрөө баяр үзэхээр явсан. Ж ах У эгчийг баруун гараараа чих рүү нь нэг удаа цохиод, дарж унагаагаад нэг удаа хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тухайн өдөр Ж ах, У эгч, Б, бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Манайх энэ жил хамт зусаж байгаа юм, түүнээс өмнө нь ямар байсан талаар мэдэхгүй. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Утай хэрүүл маргаан хийж түүнийг зодсон. Тэр өдөр Ж ах архи уусан согтуу байсан. Ж ах эрүүл үедээ эвтэй найртай байдаг. Харин архи уусан үедээ хэрүүл маргаан хийж байгаа харагддаг... гэх мэдүүлэг /хх-ийн  58-60 хуу/ 

 

          Гэрч Б.Д өгсөн: ...Тухайн өдөр адууны хашаан дээр адуугаа хашаад морь барьж авч байхад манай хажуу талын айл Ж, У нар хоорондоо маргалдаад орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ одоо боль гэж хэлээд Тариат сумын наадам руу явсан. Ж, У нар хоорондоо эвтэй найртай байдаг. Эхнэр У нь дагавар хоёр охинтой сүүлд гэр бүл болсон учраас хоёр охиноосоо болоод хэрүүл маргаан хийдэг байх... гэх мэдүүлэг /хх-ийн  61-63 хуу/ 

 

          Гэрч Н.Э өгсөн: ...Тухайн өдөр үнээний зэлэн дээр тугалаа хашиж байхад манай ах түүний охин Б нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Би юу болсон талаар мэдээгүй. Амьдрал ойр байдаггүй болохоор хоорондоо ямар харьцаатай байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн  65-66 хуу/ 

 

          Гэрч Г.Г өгсөн: ...Тариат сумын Хорго баг, Улаан чулуу гэх газар гэртээ байж байхад өдөр аймгийн төвөөс манай эмээ Давгадорж утсаар залгаад Хангай сум, Гичгэнэ баг Модотын эх газарт манай ээжийн дүү Уыг нөхөр болох Ж нь зодоод байна гэж хэлсэн. Түүний дагуу гэрт нь ирэхэд үхрийн зэлэн дээр манай эгч У нөхөртэйгээ хамт тугалаа эхэд нь  тавиад өгч байсан. Манай эгч нөхөртөө зодуулсан бололтой баруун талын чихнээс нь цус гараад хатсан байсан. Намайг тэнд байхад хэрүүл маргаан хийгээд манай эгчийг газар сууж байхад зүүн хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн, өөр байдлаар цохиж зодоогүй. Нутгийн хүмүүс ярихдаа хааяа зодлоо гэж ярьдаг. Миний дэргэд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэг удаа нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн  67-69 хуу/ 

 

     Гэрч Г.Гн өгсөн: ... намайг тус суманд томилогдон ирж ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Хангай сум Гичгэнэ багт оршин суух иргэн У гэдэг хүнээс өөрийн нөхөр  Ж гэх хүнд зодууллаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага мэдээлэл 2017 оны 08 дугаар сард нэг удаа түүний дараа дахин 2 удаа архи ууж агсам согтуу тавьж намайг зодлоо гэх дуудлага мэдээлэл өгч байсан. 2017 оны 08 сард дуудлага мэдээллийн дагуу очиход иргэн У үхрийн зэлэн дээр манай нөхөр Ж намайг зодчихоод явлаа гээд орилж хашгираад та нар тэр хүнийг бариад аваад яваач гээд орилж байсан. Дараагийн удаа ирсэн дуудлага мэдээллийн дагуу очиход иргэн Уыг түүний нөхөр Ж түүнийг айлд очоод намайг хүлээсэнгүй гэртээ харилаа гэх шалтгааны улмаас түүнийг зодсон гэж хэлсэн. Хөндлөнгөөс харахад нүүр хэсэг нь хавдсан хөхөрсөн байсан. Тухайн сар өдрийн санахгүй байна ямар ч байсан 2017 оны 08 дугаар сард түүний дараа хоёр удаа агсам согтуу тавьж намайг зодож дарамтлаад байна гэх дуудлага мэдээлэл ирж байсан. Тухайн үед манай суманд хэсгийн төлөөлөгч байхгүй би ганцаараа ажил үүрэг гүйцэтгэж байсан. Хангай сум Гичгэнэ баг иргэн Уаас манай нөхөр Ж намайг зодоод байна гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж дуудлага мэдээлэл өгч байсан мөн гэр бүлээ цуцлуулах талаар хууль эрх зүйн зөвлөгөө авмаар байна гэх мэтээр Цагдаагийн байгууллагад хандаж ирж байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч байсан ахмад Сд хүлээлгэн өгч хууль эрх зүйн зөвлөгөө өгч байсан мөн өөрийн гараар гаргасан зөрчлийн талаар дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар өөрөөр нь баталгаа гаргуулан авч, хэсгийн төлөөлөгч ахмад Самбуу торгуулийн арга хэмжээ авч байсан. Ж нь Хангай сум Гичгэнэ багийн иргэн. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч судалгаанд байдаг. Эхнэр У байнга дуудлага мэдээлэл түүний талаар өгдөг мөртлөө хэд хоногийн дараа бид хоёр одоо эвлэрсэн гомдол санал байхгүй гээд ирдэг гэр бүлийн таарамж муутай байнга хэрүүл маргаан хийдэг хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн  69-72 хуу/

 

   Гэрч Г.Гн өгсөн: …2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Жын хажуу талын айлд хадагны найр болоод найранд ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд байж байхад Ж өөрийн эхнэр Уыг зодоод зүүн хөмсөг рүү нь гараараа нэг удаа цохисон. Хөмсөг нь язраад цус гоожоод эхнэр У цусаа угаагаад зогсож байсан. Тэгээд би Жыг загнаж унтуулсан хоорондоо юунаас болж маргалдаж эхнэрээ зодсоныг би мэдэхгүй байна. 2018 оны 05 дугаар сард Ж эхнэрээ зодсон талаар би сайн мэдэхгүй, хамт нэг дор байдаггүй манайх өөр багт тэдний гэрээс зайтай амьдардаг. Тухайн үед 04 дүгээр сард хадагны найран дээр таараад тэр хоёр хоорондоо маргалдаж эхнэр Уыг зодсон байсан. Нутгийн хүмүүс ярихдаа хэрүүл маргаан зодоон хийдэг гэж ярьдаг. Ж нь архи уусан үедээ эхнэр Уыг зоддог гэж хүнээс дуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 хуу/ 

 

          Гэрч Н.Бн өгсөн: ...У надруу утсаар залгаад манай нөхөр Ж намайг зодоод гэрээ дайрлаа гэж хэлсэн. Би иргэн хүний үүргээ биелүүлж, Хангай сумын цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 79-82  хуу/

 

Гэрч Н.Мн өгсөн: ... миний дүү Ж гэртээ байхдаа төлөв даруу ааштай ажилсаг хүн байсан. Эхнэр аваад ааш зан өөрчлөгдөж архи дарс уудаг болсон байсан. Би байнга хамт байдаггүй, сүүлд эхнэр авч хоёр хүүхэдтэй хүнтэй сууж хоёр хүүхэд гарсан. Эхнэрийнхээ дагавар хүүхдүүдэд эцэг хүний зүгээс юм хэлэхэд үг зөрөх санаа нийлэхгүй зэрэг таарамжгүй асуудлаас болж хэрүүл маргаан үүсдэг гэсэн. Би өөрийн нүдээр хараагүй нутгийн хүмүүс тэгж хэлсэн. Миний дүү Ж Хангай суманд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн мал малладаг малчин хүн байгаа юм. Нутгийн хүмүүс хамт олондоо нэр хүнд сайтай малчин хүн байгаа юм. Ж архи согтууруулах ундаа хэрэглэдэг ааш зан гайгүй гэр бүлийн таагүй асуудлаас болоод хэрүүл маргаан гарч архи уусан үедээ эхнэртэйгээ маргалдаж агсан тавьж асуудал гаргадаг. Бид нар хоорондоо сайн харьцаатай ямар нэг таагүй харьцаа байхгүй. Ж архи уугаагүй үедээ зүгээр, архи уусан үедээ эхнэр хүүхдүүдтэйгээ харьцаа таарамж муу гэр бүлийн маргаантай байдаг. Том болсон 2 дагавар охинтой тэрнээс болж хэрүүл маргаан гарч одоо цагдаад шалгагдаж байгаа гэж дуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 хуу/ 

 

Гэрч Н.Э өгсөн:... миний ах Ж гэртээ байхдаа төлөв даруу ааштай ажилласаг хүн байсан. Эхнэр аваад ааш зан өөрчлөгдөж архи дарс уудаг болсон байсан. Би байнга хамт байдаггүй учраас байнга зоддог талаар нь мэдэхгүй, энэ зун хамт айл саахалт бууж зуссан юм. Манай ах Ж Хангай суманд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн мал малладаг малчин хүн байгаа юм. Нутгийн хүмүүс хамт олондоо нэр хүнд сайтай малчин хүн байгаа юм. Манай ах архи согтууруулах ундаа хэрэглэдэг ааш зан гайгүй гэр бүлийн таагүй асуудлаас болоод хэрүүл маргаан гарч архи уусан үедээ эхнэртэйгээ маргалдаж асуудал гаргадаг юм шиг надад санагдсан. Бид нар хоорондоо сайн харьцаатай ямар нэг таагүй харьцаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/

 

Хохирогч П.У, гэрч Н.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт:... хохирогч Уаас та 2017 оны 08 сард болсон айлын хурим дээр болсон талаар ярина уу гэхэд хохирогч Уаас тухайн үед Архангай аймгийн Хангай сум, Гичгэнэ баг Өвөр даваат гэх газар манай хамаатан хурим хийж байсан айлын найран дээр архи уугаад нилээн согтсон байсан. Найр тарах үед нөхөр Жад хандаж гэртээ харъя гэж хэлэхэд манай нөхөр уурлаад миний нуруу руу нэг удаа өшиглөсөн тэрийг манай ах Батмөнх хараад уурлаад манай нөхөртэй маргалдаж чи яах гэж дандаа дүү зоддог юм гэж хэлээд манай нөхрийг зодчихсон. Тэгсэн танай ах намайг зодсон гээд над руу дайрч та нарыг ална гээд өөрийнхөө машинаар гэрийн ар хэсэг рүү дайрч дараа нь урдаас нь дайрч гэр эвдэлсэн тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй. Тухайн үед манай жаахан хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Гэрч Бс та 2017 оны 08 дугаар сард Хангай сум Гичгэнэ баг Өвөр даваат гэх газар айлын найран дээр байсан уу тэнд юу болсон бэ энэ талаар ярина уу гэхэд тухайн үед Архангай аймгийн Хангай сум Гичгэнэ баг Өвөр даваат гэх газар нутгийн дүүгийн хурим найр болж манай ээжийн эгчийн хүүхэд У нөхөр Жтай хамт хурим найран дээр ирсэн байсан найр тараад тэр хоёр гэрт хүргэж өгсөн өөр мэдэхгүй харин маргааш өглөө У харин над руу залгаад манай нөхөр Ж намайг зодоод гэр дайрлаа гэж хэлсэн тэрний дагуу тухайн сумын цагдаад дуудлага мэдээлэл өгч хэлсэн өөр зүйл болоогүй мэдэхгүй байна. Би тухайн үед  Уыг гэрт хүргэж өгсөн миний дэргэд эхнэрээ зодоогүй харин маргааш өглөө над руу утсаар залгаад манай нөхөр Ж намайг зодож нүдлээ гэрээ машинаар дайрч эвдэлсэн гэж хэлсэн өөр энэ талаар би мэдэхгүй байна. Тэр өдөр би архи бага уусан байсан. Гэхдээ болсон асуудлын талаар санаж байна. Хохирогч Уаас та тухайн үед хэр их согтуу байсан бэ, болсон асуудлын талаар санаж байна уу гэж асуухад нь би тухайн үед архи уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг санахааргүй тийм согтуу бол байгаагүй гэжээ. Гэрч Б таныг Уыг гэрт хүргэж өгөхөд тэдний гэрт хэн байсан юм бэ гэхэд намайг гэрт нь хүргэж өгөхөд түүний нөхөр хүүхдүүд нь байсан гэжээ. Хохирогч П.Уаас таныг Ж хэрүүл маргаан хийж байх үед Батмөнх та хоёрыг салгасан юм уу гэхэд тухайн үед энэ хүн байгаагүй салгаагүй хэрүүл маргаан хийгээгүй байсан энэ хүн байхгүй байсан гэжээ. Хохирогч П.Уаас таны мэдүүлэг гэрч Батмөнхийн мэдүүлэгтэй зөрж байна. Та худал мэдүүлэг өгсөн үү гэхэд би болсон явдлыг үнэнээр нь мэдүүлж байна гэжээ. Гэрч Батмөнхөөс таны мэдүүлэг хохирогч Уын мэдүүлэгтэй зөрж байна. Та худал мэдүүлэг өгсөн үү гэж асуухад би худал мэдүүлэг өгөөгүй болсон асуудлын талаар би үнэн зөвөөр мэдүүлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 90-93 хуу/

 

Н.Жын яллагдагчаар өгсөн: ... Би өөрийн эхнэр Утай гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй байгаа сүүлд гэр бүл болж хамт амьдраад миний хоёр хүүхэд гарсан.  Манай эхнэр өмнө нь гэр бүлтэй байсан. Түүний хоёр охин том болсон. Охиноос болж хэрүүл маргаан хийж хэрэлдэж байгаад эхнэр Уыг хэд хэдэн удаа зодож байсан тухайн он сарыг нь сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар 2017 онд айлын найран дээрээс гэртээ хариад зодсон дараа нь 2018 оны 4, 5, 7 дугаар саруудад хэрэлдэж маргалдаж байгаад эхнэрээ зодсон. Эхнэрээ зодсон үйлдэл нь миний буруу дахиж би хэрүүл маргаан хийж эхнэр хүүхдээ айлгаж зодохгүй. Одоо бид хоёр учраа олсон хүүхдүүдтэйгээ эвтэй найртай сайхан амьдарч байгаа. Би Утай 2006 онд танилцаад үерхэж байгаад том охин Б 2010 онд гарч, улмаар 2014 онд бага хүү Б гарсан. Одоо Б 8 настай, Б 4 настай, тэгээд хамт амьдарч байгаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа. Хуримаа хийхээс өмнө зарим нэг маргаантай асуудлаас болж хааяа архи уусан үедээ буруу зөрүү зүйл ярьчихдаг байсан. Гэхдээ тэгтлээ архи уух болгондоо агсан тавьж, зодож нүдэж байгаагүй. Одоо тийм асуудал гаргахаа больсон цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн тэр үеэс эхнэр хүүхдүүдтэйгээ учраа олж дахиж ийм асуудал гаргахгүй гэж амлалт өгч тэр үгэндээ хүрч байгаа. Хэрүүл маргаан хийж байгаад эхнэр Уыг 2017 онд нэг удаа 2018 онд 4, 5, 7 дугаар саруудад хэрүүл маргаан хийж амьдралын хэрүүлээс болж зодсон. Манай эхнэрийн дагавар том охин энэ жил оюутан болоод тэрний төлбөр мөнгө зэргээс болж хэрүүл маргаан гарч би архи уусан үедээ эхнэрээ зодсон байсан. Одоо зодохоо больж, дахиж ийм асуудал гаргахгүй миний буруу эхнэр хүүхдүүдтэйгээ учраа олсон. Гэр бүлийн хэрүүл маргаанаас болоод архи уусан үедээ дотроо бодож явсан зүйлээ гаргаад хэрэлдэж байгаад зодсон байдаг. Архи уусан үедээ би өөрийн хийж байгаа үйлдлээ хянаж чадахаа байсан байдаг. Түлхэж унагах, ноцолдох зэргээс биеийнх нь энд тэнд ганц нэг хөхөрсөн харагддаг байсан, их хэмжээгээр гэмтээж, бэртээж байсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-109 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай дүгнэлт:

1. П.Уын биед тархи доргилт, баруун чихний гадна сувагт шарх, эрүүний зүүн 

доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох зааварын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл 

тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 

дүгнэлт /хх-ийн 98 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 15-16 хуу/

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 23-29 хуу/

Үзлэг хийсэн эмчийн дүгнэлт /хх-ийн 96 хуу/ 

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 97 хуу/

Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 113 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 114 хуу/  

Н.Жын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 116 хуу/

Архивын лавлагаа /хх-ийн 117-118 хуу/

Малын А дансны хуулбар /хх-ийн 121 хуу/

Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 122 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 126-127 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Жад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ж нь Архангай аймгийн ...багийн нутагт өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр П.У байнга буюу 2017 оны 08 дугаар сард, 2018 оны 04 дүгээр сард, 2018 оны 05 дугаар сард, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус тус зодсон, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эхнэр П.У зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Ж үйлдсэн болох нь 

Хохирогч П.Уын”...манай нөхөр миний араас гүйж ирээд миний үснээс хойш татаж зулгаагаад хэвлий рүү нэг удаа өшиглөсөн би хэвлийгээ бариад өвдөөд доош тонгойсон чинь баруун талын чих рүү цохисон юугаар цохисон талаар мэдээгүй миний чихнээс цус гарч усаар угаасан боловч тогтохгүй байхаар нь 00-н цаас хийж тогтоосон. Дараа нь дахиад манай охин Бтай хэрүүл хийж муудалцаад манай охины урдаас хэрэлдлээ гээд гуя руу нь өшиглөсөн байсан. Би тэгэхээр нь зодох мөрөөрөө хүүхэд битгий зодоод бай оронд нь намайг зод гэж хэлсэн. Тэгтэл зуухны өмнө сууж байтал манай нөхөр гараараа толгой руу цохиод авсан. Тэр үед манай дүү Гта яах гэж дандаа хүн зоддог юм гэж хэлээд хоёр гараас нь дээш нь бариад автал одоо яах ч үгүй гэж хэлээд гараа тавиулаад миний араар гарах гэж явж байснаа миний зүүн хацар руу өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр хөл нүцгэн явж байсан болохоор нүцгэн хөлөөрөө өшиглөчихөөд гараад явчихсан...манай нөхөр хаагуур юу хийгээд яваад байдаг юм гэж загнахад нь хаагуур явдаг юм хонь хурга эргүүлчихээд ирлээ гэж хэлээд зуухны урд сууж байсан чинь гараараа миний баруун нүдний дээд хэсэгт цохисон. Би хажуу тийшээ унахад дахиж зодох гээд дайраад байсан...миний хоолойг шахаад амьсгал боогдоод ирэхээр тавьчихаад 2,3 удаа багалзуур шахсан. Тэгээд би зугтаагаад бага хүүтэйгээ явж байсан хүүгээ тэврээд зам дагаж яваад гэртээ харьсан. 2017 оны 8 дугаар сард ах дүү нарын хамт айлын хурим найранд явж байгаад би согтоод муудсан байсан чинь намайг явъя л гэж хэлсэн юм шиг байсан тэгсэн над руу дайрч намайг миний нуруу руу өшиглөсөн.  Миний баруун чихнээс цус их гарсан толгой өвдөж байна. Баруун талын хавирга орчмоор хөндүүрлэн хавдаж байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баруун чих рүү нэг удаа цохисон, юугаар цохисон талаар харж чадаагүй, хэвлий рүү нэг удаа өшиглөсөн, зүүн хацар руу нэг удаа өшиглөсөн, үснээс зулгааж арагш унагаасан...гэх мэдүүлэг, 

Гэрч Г.Г... 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Жын хажуу айлд хадагны найртай байсан. Би очсон найр тараад ирсэн хүмүүсийг явуулчихаад орсон чинь Ж нь эхнэр Уыг зодсон хөмсөгнийх нь тэндээс цус гарсан У цусаа арилгаад зогсож байсан. Ж нэлээн их согтуу байсан. Би Жыг загнаж унтуулсан…гэх мэдүүлэг, 

Гэрч Г.Г...гэрт хүмүүс орилоод байхаар О бид хоёрыг орсон чинь Ж нь эхнэр Уыг зодсон. Хөмсөгнийх нь тэндээс цус гарсан У цусаа арилгаад зогсож байсан. Ж нэлээн их согтуу байсан....гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Г.. сүүлд иргэдийн ярьж байхыг сонссон. Би Жтай уулзаж чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь би тасарсан байсан, дахин ийм асуудал гаргахгүй гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг, 

Насанд хүрээгүй гэрч А.Б...тэр өдөр нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж мөн цээж рүү нь өшиглөж унагаад толгой руу нэг юмаар цохисон. Юугаар цохисныг нь мэдэхгүй..гэх мэдүүлэг, гэрч Т.Дийн...миний хүү битгий ингэж хэрүүл маргаан хийж бай, эхнэрээ битгий зодож бай гэж хэлсэн. Манай охин манай гэрт ирэхдээ баруун талын чихнээс нь цус гарсан, нүүр ам нь хөхөрч хавдсан ирсэн...гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Он...У эгчийн араас гүйж очоод баруун гараараа чих рүү нь нэг удаа цохиод, түлхэж унагаасан. Би араас нь очиж салгаад гэртээ оруулчихаад би өөрөө баяр үзэхээр явсан..гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Г...Тариат сумын Хорго баг, Улаан чулуу гэх газар гэртээ байж байхад өдөр аймгийн төвөөс манай эмээ Давгадорж утсаар залгаад Хангай сум, Гичгэнэ баг Модотын эх газарт манай ээжийн дүү Уыг нөхөр болох Ж нь зодоод байна гэж хэлсэн. Түүний дагуу гэрт нь ирэхэд үхрийн зэлэн дээр манай эгч У нөхөртэйгээ хамт тугалаа эхэд нь  тавиад өгч байсан. Манай эгч нөхөртэй зодуулсан бололтой баруун талын чихнээс нь цус гараад хатсан байсан. Намайг тэнд байхад хэрүүл маргаан хийгээд манай эгчийг газар сууж байхад зүүн хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн..гэх мэдүүлэг, 

Гэрч Г.Г…2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Жын хажуу талын айлд хадагны найр болоод найранд ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд байж байхад Ж өөрийн эхнэр Уыг зодоод зүүн хөмсөг рүү нь гараараа нэг удаа цохисон. Хөмсөг нь язраад цус гоожоод эхнэр У цусаа угаагаад зогсож байсан...гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Шүүгдэгч Н.Ж нь хохирогч П.У зодож цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн тархи доргилт, баруун чихний гадна сувагт шарх, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

  

Аймгийн Прокурорын газраас Н.Жын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Иймд шүүгдэгч Н.Ж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ж нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан байх тул түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч П.У нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэж  /хх-ийн 126 хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                 

                                                       ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Л овгийн Н Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жад оногдуулсан 240 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 

Н.Ж-д оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ