| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00509/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 530
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багт оршин суух, 1955 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОК55111015, Зана овогт Доржсүрэнгийн Даваасамбуугийн,
Ажиллаж байсан байдал болон Увс аймгийн Өндөрхангай сумын артелийн захиргаанаас 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 392126 дугаартай, Д.Даваа гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваасамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1955 онд төрсөн, 56 настай. Би 1969 оны 12 дугаар сарын 30-наас 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын артельд нормчноор ажиллаж байгаад 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өндөрхангай сумын артель нь улсын үйлдвэрт шилжиж ажилтнуудыг Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр лүү шилжүүлэхэд тус Модны үйлдвэрт мужаанаар 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Дараа нь Өндөрхангай сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байгаад 1974 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1977 оны 5 дугаар сарын 20-ноос Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн хашаа, худгийн бригадад ажилчнаар, 1980 оны 6 дугаар сарын 28-наас тус нэгдэлд тракторчноор 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1992 онд Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэл хувьчлагдаж “Шинэ зам” ХК болоход миний бие мөн л тракторчнаар ажиллаж байсан. Миний ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Мөн ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэрийг Даваа гэж бичсэн байсныг Даваасамбуу гэж зассан учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Намайг нэгдэлд ажиллаж байсныг сайн мэдэх С.Бямбабаатар, У.Цэрэнбадам нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваасамбуу 1969 оны 12 дугаар сарын 30-наас 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын артель, модны үйлдвэрт нормчноор, Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мужаанаар, тус сумын Шинэ зам нэгдэл болон “Шинэ зам” ХК-д ажилчин, тракторчноор тус тус ажиллаж байсан байдал болон Увс аймгийн Өндөрхангай сумын артелийн захиргаанаас 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 392126 дугаартай, Д.Даваа гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Доржсүрэнгийн Даваасамбуугийн 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 2 дугаар сарыг дуустал Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэл болон “Шинэ зам” ХК- тракторчноор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Өндөрхангай сумын артелийн захиргаанаас 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 392126 дугаартай, Доржсүрэнгийн Даваа гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын артельд нормчноор авч ажиллуулав, 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өндөрхангай сумын артель нь улсын үйлдвэрт шилжсэн тул Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт шилжүүлэв, 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өндөрхангай сумын артель нь манай үйлдвэрт тасгаар шилжин ирсэн тул мужаанаар авч ажиллуулав, 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Өндөрхангайн тасаг нь аймгийн төвийн модны үйлдвэрт тасгаар шилжсэн тул шилжүүлэв, 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Цагаанхайрханы модны үйлдвэрээс Увс төвийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Өндөрхангай сум дахь модны тасагт нормчноор авч ажиллуулав, 1974 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдсан тул ажлаас чөлөөлөв, 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн хашаа, худгийн бригадын ажилчнаар ажиллуулав, 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн тракторчнаар авч ажиллуулав, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөр салбарт ажиллах болсон тул нэгдлийн тракторчны ажлаас чөлөөлөв” гэжээ.
Ой модны аж үйлдвэрийн харьяа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1979 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр тушаалд: “Үйлдвэр хоршооллын Өндөрхангайн тасгаас шилжиж ирсэн Доржсүрэн овогтой Давааг 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мужаанаар авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд: “Тракторын курс төгсөж ирсэн Доржсүрэн овогтой Давааг трактор хүрэлцээгүй байгаа учир 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хашаа худгийн бригадад авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Доржсүрэн овогтой Даваа нь трактор авах болсон тул 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар “Механикжуулагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Тракторчин Доржсүрэн овогтой Давааг 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Бямбабаатар, У.Цэрэнбадам нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Бямбабаатарын “Миний бие нь 1988 оноос 1989 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан. Д.Даваасамбуу бид хоёр нэг нутаг, нэг бригадын хүмүүс учраас түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Д.Даваасамбуу нь Увс аймгийн Өндөрхангай сумын артельд нормчноор ажиллаж байгаад тус артель нь Цагаанхайрхан сумын харьяа Модны үйлдвэрт шилжихэд мөн л ажиллаж байсан.Дараа нь 1974 оноос 1977 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1977 оноос 1992 он хүртэл Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн хашаа, худгийн бригадад ажилчин, мужаан, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед тус нэгдлийн даргаар Памаж, Цэрэннадмид, Баянбилэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч У.Цэрэнбадамын “Миний бие нь 1979 оноос 1985 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт амбулаторийн бага эмчээр ажиллаж байсан. Д.Даваасамбуу бид хоёр нэг нутаг, нэг багийнх бөгөөд эхнэр Ичинхорлоотой Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт хамт ажиллаж байсан учраас Д.Даваасамбуугийн ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна. Намайг 1979 сургууль төгсөж ирээд Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт ажиллаж эхлэхэд Д.Даваасамбуу нь Шинэ зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1985 онд миний бие нь Увс аймгийн Улаангом сум руу шилжин ажиллахад Д.Даваасамбуу нь тус нэгдэлд ажиллаж тракторын жолоочоор л ажиллаж байсан. Түүнийг тухайн үед манай нутгийнхан Даваа гэж дууддаг байсан” гэж мэдүүлсэн ба У.Цэрэнбадамын ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Д.Даваасамбуу нь 1955 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ОК55111015 болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Даваасамбууд Увс аймгийн Өндөрхангай сумын артелийн захиргаанаас 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 392126 дугаартай, Доржсүрэнгийн Даваа гэх нэртэй хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Даваа гэж зөрүүтэй бичсэн бөгөөд түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч У.Цэрэнбадамын мэдүүлгийг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэдийгээр Д.Даваасамбууг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудад түүний нэрийг Д.Даваа гэж бичсэн байгаа боловч түүнийг Даваа гэж дууддаг байсан болох нь гэрч У.Цэрэнбадамын мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх тушаалуудыг Д.Даваасамбуугийнх гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Д.Даваасамбуу нь 1969 оны 12 дугаар сарын 30-наас 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын артель, модны үйлдвэрт нормчноор, Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мужаанаар, тус сумын Шинэ зам нэгдэл болон “Шинэ зам” ХК-д ажилчин, тракторчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын артелийн захиргаанаас 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 392126 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ой модны аж үйлдвэрийн харьяа Увс аймгийн Цагаанхайрхан сумын модны үйлдвэрийн даргын 1979 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” ХК-ийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар “Механикжуулагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч С.Бямбабаатар, У.Цэрэнбадам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Даваасамбуугийн хүсэлтийг хангаж, түүний 1969 оны 12 дугаар сарын 30-наас 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын артельд нормчноор 1 жил 1 сар 26 хоног, 1972 оны 2 дугаар сарын 25-наас 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мужаанаар 11 сар 20 хоног, 1973 оны 2 дугаар сарын 15-наас 1974 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Модны үйлдвэрт нормчноор 1 жил 3 сар 11 хоног, 1977 оны 5 дугаар сарын 20-ноос 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд ажилчнаар 2 жил 1 сар 8 хоног, 1980 оны 6 дугаар сарын 28-наас 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Шинэ зам нэгдэл болон “Шинэ зам” ХК-д тракторчнаар 11 жил 8 сар 2 хоног, нийт 16 жил 1 сар 7 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зана овогт Доржсүрэнгийн Даваасамбууд Увс аймгийн Өндөрхангай сумын артелийн захиргаанаас 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 392126 дугаартай, Доржсүрэнгийн Даваа гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, түүний 1969 оны 12 дугаар сарын 30-наас 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын артельд нормчноор 1 жил 1 сар 26 хоног, 1972 оны 2 дугаар сарын 25-наас 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мужаанаар 11 сар 20 хоног, 1973 оны 2 дугаар сарын 15-наас 1974 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Модны үйлдвэрт нормчноор 1 жил 3 сар 11 хоног, 1977 оны 5 дугаар сарын 20-ноос 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд ажилчнаар 2 жил 1 сар 8 хоног, 1980 оны 6 дугаар сарын 28-наас 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Шинэ зам нэгдэл болон “Шинэ зам” ХК-д тракторчнаар 11 жил 8 сар 2 хоног, нийт 16 жил 1 сар 7 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Даваасамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ