Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/120

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Эхөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц Бд холбогдох эрүүгийн 1912.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:, Б  овгийн Ц Б /РД:/

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хадат гэх газар өвөлждөг иргэн Д.У ийн малын хашааны гадаанаас мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ мухар улаан зүсмийн дөнжин үнээг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Уийн өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг Хадат гэх газарт гэрээ сахиад охиныхоо хамт байсан. Шөнийн 00 цаг өнгөрч байх үед манай хоёр нохой маш их хуцаж, нэг зүйл боргоогоод малын саравчны орчимд морьтой хүн мал хөөгөөд байгаа малын дуугарах, мөн малын хөлийн чимээ шөнийн харанхуйд маш тод сонсогдоод байхаар нь гэрийнхээ хаалгыг онгойлгож, шагаагаад харахад гадаа сартай байсан учраас гадаа байгаа зүйлс ил харагдаж байсан. Тэгсэн харин манай гэрийн хажууд байх малын байрны урдаас нэг морьтой хүн хоёр тооны үхэр хөөгөөд зүүн урд зүг рүү явж байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гар чийдэнгээ аваад гэрийн үүдэн дээрээс гар чийдэнгээ тусгахад манай үхрийн байрны урд нэг хүн зогсож байхаар нь ямар учиртай хүнийг нь зайнаас олон удаа асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй, арагшаа малын байр руу ухраад нуугдаж орсон. Би тэр үед гэртээ ганцаараа надаас өөр том хүн байхгүй байсан болохоор айгаад гэртээ ороод охиноо аваад гарч ирээд малын байрны урд хэсгээр явахад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй, тэгээд ч тэр үед маш их айсан байсан болохоор нээх их ажиглаагүй. Харин манай хотлуулсан үхрүүд бүгд босоод бөөгнөрсөн байхаар нь гэртээ буцаж ороод саахалт айлын Г гэх эрэгтэй хүн рүү залгаад та хүрээд ирээч манай үхрийг хүн хөөгөөд байна, би айгаад сайн шалгаж чадахгүй байна гэж дуудсан. Тэгсэн төд удалгүй Г ах, манайд мотоцикльтой ирээд танай хашааны тэнд нэг морь уяатай  байх шиг байна гэхээр нь манай охин, Г ах бид нар гарч харахад манай аргалын байрны хажууд цав цагаан цана болсон одоон сүүлтэй, эмээлтэй нэг морь уяатай байхаар нь манай үхрийг хөөж байсан хүн бид нарыг гэртээ орох хооронд хэдэн малыг минь аваад явчихна гэж бодоод нөгөө морины уяаг нь тайлаад гэрийнхээ хажууд аваачиж уяаад дараа нь малын хашаандаа орж үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүгд бүрэн харин дотроос нь зөв талын чих онь, буруу талын чих урдаасаа сүйх имтэй мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ, мухар улаан зүсмийн дөнжин үнээ нарын бие нь битүү цантай, хөөгдөөд амьсгаадсан бололтой зогсож байсан. Тэгээд бид нар хулгайчийг нь цагдаад барьж өгөхөөр болж сумын цагдаад утсаар ярьж дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа гарч нөгөө уяатай морийг гар чийдэн тусгаж харахад үхрийн байрны зүүн талаар нэг хүн нуугдсан доошоо хагас суугаад бөгтийсөн байдалтай байрны цаагуур гүйгээд яваад өгөхөөр нь нөгөө морийг нь алдаж магадгүй юу ч гэсэн морийг нь манаж байя, харин цагдаа ирээд хулгайчийг олох байх гэж бодоод нөгөө хүнийг огт хайгаагүй харин морио манаж байсан. Шөнийн 03 цагийн орчимд дуудлагаар манай сумын цагдаа манайд ирээд нөгөө цантай морь руу нь гэрлээ тусгаад машинаас буугаад зогсоход, малын байран дээрээс нэг хүн үсрээд малын байрны ар хэсэг рүү буусан. Тэгэхээр нь араар нь яваад ороход байрны ард байсан тракторын чиргүүлийн хойно нэг хүн, бугуйл барьсан сууж байхаар нь гэрэлтэй гэгээтэй газар оруулж царайг нь харья гээд гэртээ дагуулж орж ирэхэд Цын Б гэх манай саахалт айлын залуу байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 09 цагийн орчимд манайд Б ирээд морио авах гэхэд нь би түүнд хандаад чи ямар муухай хүүхэд вэ чиний унаж явсан морь цав цагаан цантай байна түүнтэй адил манайхаас чиний хөөж явсан үхрүүд адилхан цав цагаан цантай байна гэж хэлэхэд эгчээ намайг уучлаарай согтуудаа би үхрийг чинь хөөсөн байна гэхээр нь би чамайг уучлахгүй би чамд гомдолтой байна гэж хэлээд түүнийг явуулсан. Тэр шөнө Б манай хоёр үхрийг морьтой хөөж явсан хүн мөн. Түүнээс өөр ямар нэгэн морь малтай хүн манайд ирээгүй, хэрвээ ирсэн бол чимээ сонсогдоно ядаж аргаа барахад нохой хуцах чимээ өгнө шүү дээ. Б өөрийгөө согтуу байсан гээд элдэв зүйл яриад байгаа, манай хоёр үхрийг тууж явсанг би нүдээрээ харсан, хоёр үхэр цантай байхыг манай охин бусад хүмүүс харсан байгаа. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд манайд Б нь ирж манайхаар ороод гарсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай охин болох Д гэртээ байж байхад Б нь ирээд намайг асуусан байсан тэр үед нь манай охин ээж айлаас хонио ялгах гээд явсан гэж хэлсэн байсан. Тэгсэн манай охиноос худгийн түлхүүр аваад үхрээ услах үедээ манай нөхрийг хэзээ ирэх талаар асуусан зэргээс нь үзэхэд манайхаас хулгай хийх гээд гэр орноор ямар хүн байгаа талаар ажиглаж явсан гэж бодож байна. Түүнээс гадна эрэгтэй хүн байхгүй байсан учраас элэг барьж дээрэлхэж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Тухайн өдөр дулаахан байсан учраас манай мал малын байрныхаа гадаа хэвтэж байсан. Манай охин үнээгээ саагаад тугалаа хашаад үхрээ хотлуулсан. Би дараа нь гарч үхрээ бүртгэж үзэхэд нийт 20 үхэр тоогоороо бүрэн байсан. 2 тооны үнээ хөөлгөсөн, би өөрийнхөө нүдээр хөөж байхыг нь харсан, мөн хөөлгөсөн хоёр үнээ маань битүү цан болсон байсан. Битүү цантай байна гэдэг нь мал хөдөлгөөн хийгээд хөлөрсөний улмаас хүйтэнд цантдаг юм. Харин тэр хоёр үхрээс бусад үхэр нь ямар нэгэн цана байхгүй хэвийн байсан. Тухайн үед манай үхэрт айлын үхэр огт байгаагүй, манай үхрүүд байсан. Би дөнжин гунжаа 850.000 төгрөгөөр, хязаалан насны үнээгээ 750.000 төгрөгөөр үнэлж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, харин элэг барьж улаан цайм хулгай хийсэнд нь маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу шалгуулж хариуцлага хүлээлгэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Гэрч Т.Хн өгсөн...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр сумын төв рүү мотоциклийн бензинд яваад орой 22 цаг өнгөрч байхад нилээн согтуу ирээд адуундаа явна гээд гэрээсээ гараад тэр шөнө ирээгүй. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг болж байх үед гэртээ орж ирсэн. Гэртээ ирэх үедээ унаж явсан морио орхисон морьгүй Г гэх айлаас ирсэн. Манай нөхөр хулгай хийгээд байдаггүй, томоотой гэр орноосоо гардаггүй хүн байгаа юм. Тухайн өдөр их архи уусан байсан. Согтуу байсан учраас гэрээ олоогүй ойрхон байдаг арынхаа айлыг гэрээ гэж андуурч бодсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/  

Гэрч Ц.Г өгсөн... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна 00 цагийн орчим байж мэднэ тэр багцаа сумын цагдаад У гэх айлыг зааж өгөөд Уийн гадаа машинтай зогсоход малынх нь байран дээр нэг хүн харагдсанаа байрны ар хэсэг рүү буухаар нь байрны хоёр талаар ар хэсэгт нь очиход нэг багтай хүн байрны ард тракторын чиргүүлийн хажууд сууж байсан. Харин нэг морь байрны үүдэн дээр уяатай байсан. Цагдаа очоод нөгөө хүнийг барьж аваад бид гурав буцаад сумын төв орж ирсэн. Намайг очих үед үхрүүд бүгд боссон байдалтай хөдөлгөөнд орсон байсан. Би тэгээд ч сайн өөр зүйл анзаараагүй нөгөө хүнээ барьж аваад шууд буцсан. Байрны ардаас бариад гэрт оруулж ирээд харахад Уийн саахалт айлын залуу байна гэж ярьцгааж байсан. Би тэр хүний нэр усыг нь мэдэхгүй, гэхдээ У өөрөө сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн  33-34 хуу/ 

Насанд хүрээгүй гэрч Г.Дн өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг Хадат гэх газарт гэртээ ээжтэй хамт гэрээ сахиад байж байхад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн буюу 00 цаг өнгөрч байхад манай ээж сэрээгээд босоорой үхэрүүдийг маань хүн хөөгөөд байна малын байран дотор хүн орчихлоо гэхээр нь ээжтэй хамт малын байрны урдуур алхаж харчихаад гэртээ орсон. Тэгсэн төд удалгүй Г ах манайд мотоцикльтой ирээд танай хашааны тэнд нэг морь уяатай байх шиг байна гэхээр нь манай ээж, Г ах бид нар гарч харахад манай аргалын байрнаас цав цагаан цана болсон одоон сүүлтэй, эмээлтэй нэг морь уяатай байхаар гэрийнхээ хажууд аваачиж уяад, дараа нь малын хашаандаа орж үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүгд бүрэн харин дотроос нь зөв талын чих онь, буруу талын чих урдаасаа сүйх имтэй мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ, мухар улаан зүсмийн дөнжин үнээ нарын бие нь битүү цантай, хөөгдөөд амьсгаадсан бололтой зогсож байсан. Би тухайн үед хоёр үхрээ амьсгаадаж байхыг нь сайн харсан. Шөнийн 03 цагийн орчимд дуудлагаар сумын цагдаа ирж, малын байрны ардуур яваад ороход байрны ард байсан тракторын чиргүүлийн хойно нэг хүн, бугуйл барьсан сууж байсан. Тэгээд гэртээ оруулж ирэхэд Цын Б гэх манай саахалт айлын ах байсан. Б ах 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд манайхаар орж ирээд аавыг хаа явсан юм бэ гэж асуухаар нь Улаанбаатар хот явсан гэж хэлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манайд ирээд надтай хамт худаг дээр үхэр услах үедээ надаас аав чинь хэзээ ирэх юм гэж асуухаар нь би удахгүй ирэх байх гэж хэлсэн. Манайх тугалнаас гадна 20 тооны үхэртэй. Би үхэр хөөлгүүлдэг өдрийн оройн нь үнээгээ саагаад тугалаа хашаад үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Түүний дараа ээж дахиж тоолж бүртгэсэн. Манай үхрүүд дотроос хоёр тооны үнээ бие нь битүү цантай хөлөрсөн байсан, харин бусад үхэр нь цантаагүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөөгүүр Б гэх хүн ирээд миний морь байгаа юм гэж хэлээд нөгөө уяатай хоносон морийг аваад явсан. Б ах тухайн асуудал болсоны маргааш өглөө нь ирж морио авах гэхэд ээж гэрээс гарч ирээд чи миний үхрүүдийг цана болтол нь хөөлөө дөө гэж хэлэхэд манай ээжид Б ах эгчээ уучлаарай согтуудаа танай үхрийг хөөчихлөө гэж хэлчихээд морьдоод явсан. Би тэр үед гадаа үхрийн баас арилгаж байсан учраас тэр хоёрын яриаг маш сайн сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/     

Гэрч С.Гн өгсөн:...намайг Улаанбаатар хотод байхад Б гэх залуу манай эхнэр хүүхдийг элэн барьж хоттой малаас хоёр сайхан үнээг цана болтол нь хөөж, элдэж, мөн хулгай хийсэн явдалд маш их гомдолтой байгаа тул тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

 

Гэрч Б.Ггийн өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад У манайх руу залгаад манай үхэр малыг хүн хөөгөөд байна хурдан хүрээд ирээ гэхээр нь мотоциклио асаагаад очиход тэдний байрны ард талд нь эмээлтэй морь уяатай байсан. Тэгээд У, Д нарын хамт нөгөө морин дээр очоод гэрийнхээ хажууд ойртуулаад морины байрнаас уясан. Харин тэр үед хүн  байгаа нь анзаарагдаагүй. Тэгсэн харин У нэг хүн байрны энд явган яваад байсан гэхээр нь малын байран дотор орж үзэхэд хүн байхгүй, харин үхрүүд нь бүгд боссон байрныхаа гадуур байсан. Тэгээд тэр үхрүүд дундуур явахад миний анзаарсанаар мухар улаан зүсмийн нэг үхэр их хөлрөөд цантсан байсан, харин бусад үхрийг нь тэр үед би анзаараагүй. Ямар зүсмийн үхрүүд цана болтлоо хөлөрсөн байсан талаар У, Д нар сайн мэдэх байх. Дараа нь үхрийнхээ талаар яриад байсан. Малын хашаа байраар явж байгаад Уийн гэрт ороод 10 орчим минут болсоны дараа У морийг нь харах гээд гарсанаа нөгөөдөх чинь гадаа явж байна гээд орилохоор нь Д, бид хоёр араас нь гарахад ямар нэгэн хүн анзаарагдаагүй. Тэгэхээр нь морийг нь сайн манахаар болоод морийг нь хараад зогсоод байж байхад малын байран дээр нэг зүйл өндөр нам болоод байсан. Тэр үед тухайн хүнийг байран дээр нуугдаад байна гэж сэжиг авсан. Удалгүй цагдаа ирээд машинаа гэрэлтэй нь үлдээгээд машинаас буухад, байран дээр бүртэлзээд байсан зүйл байрны хойд тал руу босоод буусан. Тэгэхээр нь би цагдаад хандаад байрнаас хойшоо буучихлаа цаагуур нь яваарай гээд байрны ард очиход, байрны ард байсан тракторын чиргүүлийн хойно нэг бугуйл барьсан хүн байсан. Тэр хүнийг Уийн гэрт оруулж ирээд харахад Б байсан. Тэр үед Бгийн унаж явсан морь маш их хөлөрсөн, цав цагаан цана болсон зогсож байсан. Тэр өдөр гадаа өдөр шиг гэрэлтэй бол байгаагүй гэхдээ бол сартай, холын зүйл бол сайн харагдахгүй, гэрийн байр бусад ойр орчим бол нүдэнд ил харагдаж байсан. Уийнх жижиг том нийлсэн 30 гаран үхэртэй айл байгаа юм. Малын байрынхаа урдуур тарсан байдалтай бүгд боссон байсан. Уг нь бол орой хотлуулсан мал ямар нэгэн байдлаар хүн тууж хөдөлгөөгүй бол шөнө хэвтсэн байдалтай байдаг гэтэл тухайн үхрүүдийг харахад хүн дундуур нь орж хөөж бужигнуулсан нь бол илт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

Гэрч С.Дн өгсөн:...Уийг гэрээ сахиж байхад нь морьтой хүн ирээд үхэр малыг хөөсөн гэж л сонссон тэрнээс бол надад мэдэх зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

 

Гэрч Г.Цн өгсөн:..У гэх айлынх үхэртэй, яг хэдэн толгой үхэртэй талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Гэрч Б.У өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 35 минутад 99931574 дугаарын утаснаас У нь манай үхрийн байрнаас нэг хүн үхэр туугаад байна гэх утгатай дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Би дуудлагыг хүлээн авч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хадат гэх газарт нутагладаг иргэн Уийнд ирж машинаа унтраагаад, машинаас буух үед тэдний малын байран дээрээс нэг хүн малын байрны ард хэсэг рүү үсрээд буусан. Тэгэхээр нь малын байр тойроод байрны ард гүйгээд очих үед байрны ард тракторын чиргүүлийн хажууд бугуйлийн сур барьсан нэг эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд түүнийг У гэх айлд дагуулж ороод гэрэлд царайг нь харахад У гэх айлын саахалт айлын залуу байсан. Би гэрээс гараад явах үед байрнаас цагаан цана болсон  нэг морь уяатай, үхрийн байрны урд хэсэгт үхрүүд зогссон түүний дунд хоёр тооны үхэр бусад үхрээ бодвол бие нь битүү цантсан юманд хөөлгөсөн мэт болсон байсан. Тэгээд би тухайн айлаас буцсан. У нь Бд хандаад чамайг гэж ёстой санасангүй чи бид нарыг элэг барьж хулгай хийлээ гэхэд Б нь за эгчээ учраа ольё, миний буруу гэсэн утгатай зүйл хоорондоо яриад байсан. Тэгээд би явсан.. гэх мэдүүлэг /хх-ийн  53-54 хуу/

Ц.Бгийн яллагдагчаар өгсөн:..тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдснээ зөвшөөрч байна. Би тухайн үедээ бол мэдээгүй. Харин цагдаагийн байгууллагад баригдсныхаа дараа өөрийгөө ямар үйлдэл хийсэн талаар мэдсэн. Би Уийн өмчлөлийн ямар үхрүүдийг хулгайлахыг завдснаа санахгүй байна. Ямар ч байсан дээрх тогтоолд дурьдагдсан үйлдлийг хийсэн гэдгээ мэдсэн. Иймээс уг малын зүс тоог болон ямар шалтгаанаар бусдын малыг хулгайлахыг завдсан болохоо хэлж мэдэхгүй байна.  Би тухайн үед бол суран бугуйлтай явсан юм. Гэхдээ түүнийг ашиглаагүй байх гэж бодож байна. Одоо бугуйл нь байхгүй. Уг бугуйлыг хэрэг болсны дараа морио солих гэж байгаад морины хүзүүнд зүүж тавиад хээр хаячихсан, хайгаад олоогүй. Эдэлгээнд муудчихсан байсан юм. Тасраад морины хүзүүнээс хаягдсан байх. Би өөрийн өмчлөлийн хүрэн зээрд зүсмийн соёолон насны, туранхайвтар морьтой явсан. Одоо адуун дотроо байгаа. Манай адуу одоо хаана байгааг мэдэхгүй байна. Би тухайн айлын үхрийг аваагүй учраас бусдад төлөх хохирол байхгүй. Хохирогч бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. Манайх Хотонт сумын Бургалтай багийн нутагт байдаг, харин Уийнх Хөөвөр багт оршин суудаг. Манайх Хөөвөр болон Бургалтай багийн зааг дээр оршин суудаг. Бид хоорондоо ямар нэгэн өр авлага өс хонзонгийн харилцаа холбоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс л болж ийм гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 73-76 хуу/ 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6 хуу, 7-8 хуу, 10 хуу, 12-13 хуу/  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуу, 11 хуу, 14 хуу/

Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 15 хуу, 81 хуу/

Малын А дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуу/

Ц.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моринд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 хуу/ 

Ц.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-86 хуу/ зэргийг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хадат гэх газар өвөлждөг хохирогч Д.Уийн малын хашааны гадаанаас мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ мухар улаан зүсмийн дөнжин үнээг хулгайлахыг завдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хадат гэх газар өвөлждөг хохирогч Д.Уийн малын хашааны гадаанаас мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ мухар улаан зүсмийн дөнжин үнээг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Хохирогч  Д.Уийн “...манай гэрийн хажууд байх малын байрны урдаас нэг морьтой хүн хоёр тооны үхэр хөөгөөд зүүн урд зүг рүү явж байсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гар чийдэнгээ аваад гарч гэрийн үүдэн дээрээс гар чийдэн тусгахад манай үхрийн байрны урд нэг хүн зогсож байхаар нь ямар учиртай хүнийг нь зайнаас олон удаа асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй, арагшаа малын байр руу ухраад нуугдаж орсон...”гэх мэдүүлэг, 

Гэрч Т.Х “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр сумын төв рүү мотоциклийн бензинд яваад орой 22 цаг өнгөрч байхад нилээн согтуу ирээд адуундаа явна гээд гэрээсээ гараад тэр шөнө ирээгүй. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг болж байх үед гэртээ орж ирсэн. Гэртээ ирэх үедээ унаж явсан морио орхисон морьгүй ирээд хэсэг хугацааны дараа Галбадрах гэх айлаас ирсэн....”гэх мэдүүлэг, 

Гэрч Ц.Г “...байрны хоёр талаар ард хэсэгт нь очиход нэг багтай хүн байрны ард байсан тракторын чиргүүлийн ёроолд нь сууж байсан харин нэг морь байрны үүдэн дээр уяатай байсан цагдаад очоод нөгөө хүнийг бариж аваад бид гурав буцаад сумын төв орж ирсэн. Намайг очих үед үхрүүд бүгд боссон байдалтай хөдөлгөөнд орсон байсан....”гэх мэдүүлэг, 

Насанд хүрээгүй гэрч Г.Дгийн өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг Хадат гэх газарт гэртээ ээжтэй хамт гэрээ сахиад байж байхад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн буюу 00 цаг өнгөрч байхад манай ээж сэрээгээд үхэр хүн хөөгөөд байна босоорой малын байран дотор хүн орчихлоо гэхээр нь ээжтэй хамт малын байрны урдуур алхаж харчихаад гэртээ орсон. Тэгсэн төд удалгүй Г ах манайд мотоцикльтой ирээд танай хашааны тэнд нэг морь уяатай байх шиг байна гэхээр нь манай ээж, Г ах бид нар гарч харахад манай аргалын байрнаас цав цагаан цана болсон одоон сүүлтэй, эмээлтэй нэг морь уяатай байхаар гэрийнхээ хажууд аваачиж уяад, дараа нь малын хашаандаа орж үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүгд бүрэн харин дотроос нь зөв талын чих онь, буруу талын чих урдаасаа сүйх имтэй мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ, мухар улаан зүсмийн дөнжин үнээ нарын бие нь битүү цантай, хөөгдөөд амьсгаадсан бололтой зогсож байсан. Би тухайн үед хоёр үхрээ амьсгаадаж байхыг нь сайн харсан. Шөнийн 03 цагийн орчимд дуудлагаар сумын цагдаа ирж, малын байрны ардуур яваад ороход байрны ард байсан тракторын чиргүүлийн хойно нэг хүн, бугуйл барьсан сууж байсан. Тэгээд гэртээ оруулж ирэхэд Цын Б гэх манай саахалт айлын ах байсан...гэх мэдүүлэг 

Гэрч С.Гн өгсөн:...намайг Улаанбаатар хотод байхад Б гэх залуу манай эхнэр хүүхдийг элэн барьж хоттой малаас хоёр сайхан үнээг цана болтол нь хөөж, элдэж, мөн хулгай хийсэн...гэх мэдүүлэг 

Гэрч Б.Ггийн өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад У манайх руу залгаад манай үхэр малыг хүн хөөгөөд байна хурдан хүрээд ирээ гэхээр нь мотоциклио асаагаад очсон...гэх мэдүүлэг 

Гэрч Г.Цн өгсөн:..У гэх айлынх үхэртэй, яг хэдэн толгой үхэртэй талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг 

Гэрч Б.Ун өгсөн:... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 35 минутад 99931574 дугаарын утаснаас У нь манай үхрийн байрнаас нэг хүн үхэр туугаад байна гэх утгатай дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Би дуудлагыг хүлээн авч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хадат гэх газарт нутагладаг иргэн Уийнд ирж машинаа унтраагаад, машинаас буух үед тэдний малын байран дээрээс нэг хүн малын байрны ард хэсэг рүү үсрээд буусан. Тэгэхээр нь малын байр тойроод байрны ард гүйгээд очих үед байрны ард тракторын чиргүүлийн хажууд бугуйлийн сур барьсан нэг эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд түүнийг У гэх айлд дагуулж ороод гэрэлд царайг нь харахад У гэх айлын саахалт айлын залуу байсан... гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 Аймгийн Прокурорын газраас Ц.Бгийн бусдын малыг хулгайлахыг завдсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Бг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Хадат гэх газар өвөлждөг хохирогч Д.Уийн малын хашааны гадаанаас мухар улаан зүсмийн хязаалан насны үнээ мухар улаан зүсмийн дөнжин үнээг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Д.У нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” гэж дурдсан, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй /хх-ийн 85 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан 550.000 төгрөгийн үнэ бүхий  хүрэн хээр зүсмийн соёолон насны туранхайвтар морь битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг морины үнэлгээ 550.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Цын Бг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан хүрэн зүсмийн морины үнэлгээ 550.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ