| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00449/И |
| Дугаар | 531 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 531
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9016001018, регистрийн 5341469 дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 2-09 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ86042011, Зуутраг овогт Хавтгайн Очирбатад холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.479.613 төгрөг, нотариатын хураамж 13.000 төгрөг, нийт 1.492.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Х.Очирбат нь Төрийн банктай 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22 тоот зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22 тоот барьцааны гэрээний дагуу гэр бүлийн хэрэгцээний газар, хадлангийн зориулалттай газар, Исузу элф маркийн автомашин тус тус барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч иргэн Х.Очирбат нь үндсэн зээлийн төлбөрт болон үндсэн хүүгийн төлбөрийг 154 хоногоор хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.288.213 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 191.400 төгрөг байна. Иймд зээлдэгч Х.Очирбатаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талбөрт нийт 1.479.613 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 13.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 38.832 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 22 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэв.
Хариуцагч Х.Очирбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкинд 1.200.000 төгрөгийн өр төлбөртэй ба одоогоор төлөх боломжгүй тул 10 дугаар сард 600.000 төгрөг, 11 дүгээр сарын цалингаас 600.000 төгрөгийг хоёр хувааж төлнө. Бүгдийн нэг дор төлөх боломжгүй тул уян хатан байдлаар шийдэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Х.Очирбатаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.479.613 төгрөг, нотариатын хураамж 13.000 төгрөг, нийт 1.492.613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Очирбат нь Төрийн банкны Увс салбараас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22 тоот зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлдэн авч, зээлийн барьцаанд гэр бүлийн хэрэгцээний газар, хадлангийн зориулалттай газар, Исузу Элф маркийн автомашин тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.288.213 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 191.400 төгрөг, нийт 1.479.613 үлдэгдэлтэй байгаа үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Төрийн банк нь гэрээнээс татгалзаж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Зээлдэгч Х.Очирбат нь “Одоогоор төлөх боломжгүй тул хоёр хувааж төлнө. Бүгдийн нэг дор төлөх боломжгүй” хэмээн шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан ба энэ нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Очирбатаас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.288.213 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 191.400 төгрөг, нотариатын хураамж 13.000 төгрөг, нийт 1.492.613 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэв хариуцагч Х.Очирбат нь дээрх 1.492.613 төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдэгчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 2-9 тоотод байрлах, нэгж талбарын 191902160 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1421 м.кв талбай бүхий, өмчлөх эрхтэй, гэрчилгээний 000182382 дугаартай С.Хавтгай, Х.Очирбат нарын нэр дээрх газар, Увс аймгийн Улаангом суманд байрлах, хадлангийн зориулалттай, 0.7 га талбай бүхий, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, гэрчилгээний 0145956 дугаартай С.Хавтгайн нэр дээрх газар, УВХ 45-63 улсын дугаартай, аралын 1987 дугаартай, Исузу Элф /Isuzu ELF/ маркийн ачааны автомашин зэргээс хуульд заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Очирбатаас 38.832 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкнинд олгож шийдвэрлэв.
Хариуцагч Х.Очиртбатад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Очирбатаас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.288.213 /нэг сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 191.400 /нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг, нотариатын хураамж 13.000 /арван гурван мянга/ төгрөг, нийт 1.492.613 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга зургаан зуун арван гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х.Очирбатын зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 2-9 тоотод байрлах, нэгж талбарын 191902160 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1421 м.кв талбай бүхий, өмчлөх эрхтэй, гэрчилгээний 000182382 дугаартай С.Хавтгай, Х.Очирбат нарын нэр дээрх газар, Увс аймгийн Улаангом суманд байрлах, хадлангийн зориулалттай, 0.7 га талбай бүхий, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, гэрчилгээний 0145956 дугаартай С.Хавтгайн нэр дээрх газар, УВХ 45-63 улсын дугаартай, аралын 1987 дугаартай, Исузу Элф /Isuzu ELF/ маркийн ачааны автомашин зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.832 /гучин найман мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Очирбатаас улсын тэмдэгтийн хураамж 38.832 /гучин найман мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ