| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00519/И |
| Дугаар | 532 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 532
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух, 1994 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ94060202, Төгрөг овогт Донойгийн Дэлгэрмаагийн,
Охин Д.Хонгорзулын эцэг Т.Төрбаяр мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Өмнөговь сумын харьяат Төмөрцоожийн Төрбаяртай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор сүй хадаг тавьж гэр бүл болсон боловч тухайн үед бид Өмнөговь суманд хөдөө малтай байсан тул гэрлэлтээ батлуулж амжаагүй байтал нөхөр Т.Төрбаяр нас барсан. Тэр үед би 6 сартай жирэмсэн үлдсэн ба ганцаараа айлын гэрт байх боломжгүй болоод хадам аав, ээжээ орхиж өөрийн аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Хонгорзулыг төрүүлсэн. 2015 оны 10 дугаар сард хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлж болзошгүй тул иргэний бүртгэл, халамжийн хэлтсүүдэд хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийг хүргүүлж халамжийн тэтгэвэр авах гэсэн боловч эцэг тогтоосон шийдвэр гараагүй байгаа тул тэтгэмж тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Т.Төрбаяр бид хоёрыг хамтын амьдралтай байсныг шүүх нэгэнт тогтоосон тул Т.Төрбаяраар овоглох боломжтой гэж үзэж байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 650 тоот шүүхийн шийдвэр, мөн бусад бичиг баримтуудыг үндэслэн охин Хонгорзулын эцгээр Т.Төрбаяр мөн болохыг тогтоож өгнө үү. Намайг Т.Төрбаярын охин Хонгорзулыг төрүүлсэн болохыг мэдэх аав М.Доной, нагац эгч Ж.Нямсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь охин Д.Хонгорзулын эцэг Т.Төрбаяр мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Төмөрцоожийн Төрбаяр нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 921 дүгээр нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Д.Дэлгэрмаа, Т.Төрбаяр нар нь 2013-2014 онуудад хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Хонгорзул төрсөн болох нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаар шийдвэр, 271 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Доной, Ж.Нямсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.Донойн “:2013 онд манай гэр Сагил сумын Хайрхан заставын хажууханд байдаг “Урт бэл” гэх газар мал маллаж өвөлжиж байсан. Т.Төрбаяр нь Өмнөговь сумын залуу бөгөөд Хайрханы заставт цэргийн алба хааж байхдаа Д.Дэлгэрмаатай танилцсан. Ингээд 2013 оны 9 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Өмнөговь сумаас Даваажав, Мөнхбат, Д.Дэлгэрмаагийн нөхөр болох хүргэн Төрбаяр гэх зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж хадаг сүү тавьсан. Ингээд 2013 оны 11 дүгээр сард Д.Дэлгэрмаа, Т.Төрбаяр нар нэг гэрт орж Өмнөговь суманд хамт амьдрах болсон. Тухайн үед Д.Дэлгэрмаа нь жирэмсэн байсан. Миний төрсөн дүү Жамбал нас барсан учир халуун ам бүлдээ ном уншуулж, засал хийлгэ гэсэн тул Д.Дэлгэрмааг засал хийлгэхээр Өмнөговь сумаас дуудуулахад Д.Дэлгэрмаа нь нөхөр Т.Төрбаярын хамт ирсэн. Ном уншуулах лам Улаангомоос ирэхгүй 2, 3 хоносон тул Т.Төрбаяр нь Д.Дэлгэрмааг ном уншуулаад заслаа хийлгэчихээд ир гээд харьсан. Тухайн үед мал төлөлтийн үе байсан ба малчид ажил ихтэй байсан учир харьсан байх. Удалгүй 2, 3 хоногийн дараа хүргэн Т.Төрбаяр нас барсан гэсэн дуудлага ирсэн. Тэгэхэд Д.Дэлгэрмаа жирэмсэн үлдсэн. Хүргэн Т.Төрбаярыг нас барсны дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Д.Дэлгэрмаа нь амаржиж охинтой болсон бөгөөд одоо охин Хонгорзул 2 настай, эрүүл саруул өсөж торниж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Ж.Нямсүрэнгийн “Д.Дэлгэрмаа нь миний төрсөн эгч Ж.Даваажавын 3 дахь охин юм. Т.Төрбаяр, Д.Дэлгэрмаа нар үерхэж байгаад 2013 оны сүүлээр нэг гэрт орж Өмнөговь суманд хамт амьдрах болсон. Тухайн үед Д.Дэлгэрмаа нь жирэмсэн байсан. 2014 оны 3 дугаар сард Доной ахын төрсөн дүү нь нас барсан учир халуун ам бүлдээ ном уншуулж, засал хийлгэ гэсэн тул Д.Дэлгэрмаад засал хийлгэхээр Өмнөговь сумаас дуудуулахад Д.Дэлгэрмаа нь нөхөр Т.Төрбаярын хамт ирсэн. Ном уншуулах лам Улаангомоос ирэхгүй 2, 3 хоносон тул Т.Төрбаяр нь Д.Дэлгэрмааг ном уншуулаад заслаа хийлгэчихээд ир гээд харьсан. Тухайн үед мал төлөлтийн үе байсан тул малчид ажил ихтэй байсан учир харьсан байх. Удалгүй 2, 3 хоногийн дараа хүргэн Т.Төрбаяр нас барсан гэж сонссон. Тэгэхэд Д.Дэлгэрмаа жирэмсэн үлдсэн. Хүргэн Т.Төрбаярыг нас барсны дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Д.Дэлгэрмаа нь амаржиж охинтой болсон бөгөөд одоо охин Хонгорзул 2 настай, эрүүл саруул өсөж торниж байгаа” гэх мэдүүлгийг тус тус шүүхэд өгчээ.
2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Хонгорзулын төрсөн эцэг нь Т.Төрбаяр мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаар шийдвэр, гэрч М.Доной, Ж.Нямсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Дэлгэрмаагийн хүсэлтийг хангаж, охин Хонгорзулын эцэг Зуутраг овогт Төмөрцоожийн Төрбаяр мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1654 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин Хонгорзулын төрсөн эцэг Зуутраг овогт Төмөрцоожийн Төрбаяр мөн болохыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Дэлгэрмаа нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ