Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 533

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 11-05 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА62082600, Хошууд овогт Рэнчээгийн Цэцэгмаагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Р.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд анх 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тугал түр маллагчаар ажиллаж байгаад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар ажиллах болсон. Тус сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа учраас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тугал түр маллагчаар, 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Л.Ичинноров, Р.Уранчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.Цэцэгмаа нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тугал маллагчаар, 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаар албан бичигт: “Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн 1992 оны тушаал болон “Шинэ жинст” ХК-ийн захирлын баримтууд манай архивт шилжиж ирээгүй тул Р.Цэцэгмаад холбогдох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Цэцэгмаад 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн боловсон хүчнээс олгосон 626490 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Мал фермд тугал маллагчаар авч ажиллуулав, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хорголжин холимог тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгчээр авч ажиллуулав, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хорголжин тэжээлийн үйлдвэрийн соронзон цэвэрлэгчийн ажлаас чөлөөлөв” гэжээ. 

        Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 295 дугаар “Малчид томилох тухай” тушаалд: “Рэнчин овогтой Цэцэгмааг 9 дүгээр сарын 01-нээс тугал түр маллагчаар томилсугай” гэжээ.

         Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаар “Тэжээлийн үйлдвэрт ажилчид авч ажиллуулах тухай” тушаалд: “Үйлдвэрт ажиллахаар өргөдөл хүсэлтээ ирүүлсэн нэр бүхий 58 хүнийг Сангийн аж ахуйн захиргааны мэргжилтний хамтарсан хурал ба улсын комиссын шийдвэрийг үндэслэн хавсралт 1-ээр баталж 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ.

        Түүнчлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар “Чөлөө олгох тухай” тушаалд: “Тэжээлийн үйлдвэрийн ажилчин Р.Цэцэгмаад 1989 оны 1 дүгээр сарын 30-нд Цогтгэрэл овогтой Гэрэлцэцэгийг төрүүлсэн 26 тоот гэрчилгээг үндэслэн 5 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ныг  хүртэл 104 хоногийн тэтгэмжтэй чөлөө олгосугай” гэжээ.

Р.Цэцэгмаа нь 1985 онд хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг, 1986 онд сонинд тавигдсан гэрэл зураг, түүнд 1986 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 19 дүгээр бага хурлын төлөөлөгчийн мандат зэрэг баримтууд авагджээ.

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Ичинноров, Р.Уранчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Л.Ичинноровын “Миний бие нь 1984 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан. Намайг Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд, 1984 онд Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хорголжин холимог тэжээлийн үйлдвэрт хуваарилагдаж очоод ажиллахад Р.Цэцэгмаа нь машинистаар ажиллаж байсан. Тус үйлдвэрт Р.Цэцэгмаа нь 1 дүгээр ээлжинд, миний бие нь 3 дугаар ээлжинд тус тус ажиллаж байсан. Би тухайн байгууллагад машинистаар 1990 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхэд Р.Цэцэгмаа нь Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хорголжин холимог тэжээлийн үйлдвэрт машинистаар ажиллаад үлдсэн. Тухайн үед тус байгууллагын даргаар Хүрэлхүү, инженерээр Чимэд гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Уранчимэгийн “Миний бие нь 1983 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд машинистаар ажиллаж байсан. Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хорголжин холимог тэжээлийн үйлдвэр 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр анх байгуулагдахад Р.Цэцэгмаа, Л.Ичинноров бид гурав машинистаар хамт ажилд орж ажиллаж байсан. Р.Цэцэгмаа нь 1 дүгээр ээлжинд, миний бие нь 2 дугаар ээлжинд тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд  хэрэгт авагджээ.

      Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 295 дугаар “Малчид томилох тухай” тушаалд нэхэмжлэгчийн овгийг Рэнчин гэж бичсэн боловч уг тушаалд бичигдсэн Р.Цэцэгмаагийн нэр тохирч байгаа, түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тугал маллагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гэж үзэх үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч Р.Цэцэгмаа нь 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тугал маллагчаар, 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн боловсон хүчнээс олгосон 626490 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 295 дугаар “Малчид томилох тухай” тушаал, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар “Чөлөө олгох тухай” тушаал, 1985 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, 1986 онд сонинд тавигдсан гэрэл зураг, 1986 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 19 дүгээр бага хурлын төлөөлөгчийн мандат, гэрч Л.Ичинноров, Р.Уранчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Р.Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тугал маллагчаар 1 жил 10 сар, 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар 8 жил 3 сар, нийт 10 жил 1 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Цэцэгмаа нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1633 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.        

         Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаар “Тэжээлийн үйлдвэрт ажилчид авч ажиллуулах тухай” тушаалын хавсралтаар нэр бүхий 58 хүнийг ажилд томилсон боловч уг тушаалын хавсралт хэрэгт авагдаагүй тул тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хошууд овогт Рэнчээгийн Цэцэгмаагийн 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тугал маллагчаар 1 /нэг/ жил 10 /арав/ сар, 1983 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Сангийн аж ахуйн хорголжин тэжээлийн үйлдвэрт соронзон цэвэрлэгч буюу машинистаар 8 /найм/ жил 3 гурав/ сар, нийт 10 /арав/ жил 1 /нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.           

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Цэцэгмаа нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ