Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01496

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/02760 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч.Г*******т холбогдох,

Шатахууны зардал 4,501,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т ХХК, Ч.Г******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 02-нд ТТТ/2019/1086-2 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх 5 гэрээ байгуулсан. Тус 5 гэрээгээр 5 өөр улсын дугаартай 5 автомашиныг ажиллуулахаар тохирч Ч.Г******* төлөөлөн гэрээ байгуулж жолооч нараас авсан итгэмжлэлийн дагуу төлбөр тооцооны асуудлыг Ч.Г******* хариуцаж байсан.

Нэхэмжлэгч Т ХХК нь З******* ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан тул жолооч нар тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн шатахуун аваад дараа нь манайтай тооцоо нийлэх үедээ зээлсэн шатахууны зардлаа хасуулж, тээвэрлэлтийн хөлсөө авдаг байсан. Тээврийн хэрэгслийн жолооч нар шатахуун авахдаа өөрийнхөө гарын үсгийг зурах эсвэл Ч.Г*******тэй гэрээ хийсэн гэх байдлаар Ч.Г*******ийн нэрийг тооцооны хуудаст бичдэг байсан. Нэг машин сард хамгийн багадаа 8 рейс хийнэ гэж гэрээнд тусгасан. Жолооч рейс хийхдээ өөрөө шатахуунаа төлөөд явж болно. Энэ тохиолдолд манайх ямар нэгэн суутгал бодохгүй мөнгийг бүтэн шилжүүлдэг. Боломжгүй үедээ З******* ХХК-ийн шатахууны түгээгүүрээс зээлээр авдаг. Гэтэл 2019 онд Т ХХК жолооч нарын авсан түлшний тооцоог хасалгүйгээр ажлын хөлс олгосон асуудал үүссэн. Үүнтэй холбоотой З******* ХХК манай компаниас төлбөр мөнгөө нэхэмжилж шүүхийн шийдвэр гарсан байгаа.

Т ХХК-аас хамтран ажиллах гэрээгээр тээвэр хийж байсан 5 автомашины төлбөр тооцоог Ч.Гөнтөмөрийн данс руу шилжүүлдэг байсан. 2019 оны түлшний тооцоог манай компанид 2020 онд ирүүлсэнтэй холбоотой тооцоог дуусгах талаар жолооч нарын жагсаалтыг гаргаж 2 жилийн хугацаанд сануулж, шаардлага тавьж төлүүлж ирсэн боловч Ч.Г******* төлбөрийг зөвшөөрөөгүй. Ч.Г******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 50 литр түлш, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 26-нд 220 литр түлш, ******* дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 31-нд 640 литр түлш, ******* дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 17-нд 570 литр түлш, дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 600 литр түлш тус тус авсан. Иймд Ч.Г*******өөс шатахууны зардал 4,501,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2019 оны 08 дугаар сарын 02-нд Т ХХК-тай ТТТ/2019/1086-2 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх 5 гэрээ байгуулсан. Тээврийн ажил гүйцэтгэх явцад ажлын хөлсийг тухай бүр авч байсан. Гэхдээ гэрээний заалтад шатахуунтай холбоотой заалт байхгүй. Гэрээ хийх үед бодож тохирсон тээврийн хөлсийг 5 автомашины жолооч нарт өгсөн. З******* ХХК-тай би ямар нэгэн гэрээ байгуулаагүй, шатахуунтай холбоотой ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Жолооч нар шатахуун авсныг мэдээгүй. Миний зөвшөөрлөөр тухайн машинд шатахуун өгөх ёстой байсан. Гэрээний ажил дуусаж, тооцоогоо дуусгаад явцгаасан байхад шатахууны тооцоотой гэж дуудсан асуудлыг ойлгохгүй байна. 2020 онд эдний гэрээний ажилтан гэх хүн над руу холбогдож танай жолооч нар шатахуун авсан байна гэж анх холбогдсон. Дараа нь 2023 онд шүүхэд шатахуунтай холбоотой нэхэмжлэл гаргасан гэж холбогдсон. Тээвэрлэлт хийх явцад би өөрийн автомашины шатахууны төлбөрийг 100 хувь хувиасаа гаргасан. Би тээврийн хэрэгслийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн түлшний үнэ 104,000 төгрөг, УБХ тээврийн хэрэгслийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн түлшний үнэ 1,320,000 төгрөг нийт 1,424,000 төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Ч.Г*******өөс 4,501,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,477 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г*******өөс 122,477 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны 08 дугаар сарын 02-нд Тавантолгой түлш ХХК-тай хамтран ажиллах 5 гэрээг байгуулж, 5 өөр улсын дугаартай 5 автомашиныг ажиллуулахаар тохирсон. Уг гэрээний заалтад шатахуунтай холбоотой /хэн хариуцах талаар/ ямар ч заалт байхгүй. Гэрээ хийх үед жолооч нарт тээврийн гэрээ хөлсийг бодож өгсөн, үүгээр төлбөр тооцооны бүх асуудал дууссан байхад 2 жилийн дараа 2023 жолооч нарын авсан шатахуунтай холбоотой 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчйн давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хариуцагч Т ХХК-тай хамтран ажиллах 5 гэрээ байгуулж, 5 өөр улсын дугаартай, 5 тээврийн хэрэгслийг ажиллуулахаар тохирсон. Уг гэрээний заалтад шатахуунтай холбоотой хэн хариуцах талаар ямар ч заалт байхгүй. Тиймээс гэрээ байгуулах үед жолооч нарт тээврийн хөлсийг бодож өгсөн бөгөөд үүгээр төлбөр тооцооны бүх асуудал дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ч.Г******* өөрөө компанийн нэр дээр 5 тээврийн хэрэгсэл хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрт явуулж байсан. Тухайн жолооч нарын өмнөөс Ч.Г******* өөрөө байгуулсан. Иймд Т ХХК, Ч.Г*******тэй тооцоо нийлж, тээврийн зардлыг шилжүүлдэг байсан. Ч.Г******* нэг ч удаа тээвэрт явж байгаагүй. Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хөлсийг шилжүүлэхдээ тухайн жолооч өөрийнхөө мөнгөөр шатахуунаа авч тээвэрлэлтээ хийсэн бол тээврийн хөлсийг 100 хувь шилжүүлдэг. Өөрийн мөнгөөрөө шатахуун аваагүй тохиолдолд манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа З******* ХХК-ийн нэг салбар Т ХХК-ийн дундын бүсэд байгуулагдсан байдаг. Тэндээс зээл авч, түүний дагуу тээврийн авсан шатахуунаа тээврийн хөлснөөс суутгуулах, үлдсэн мөнгөө авах зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Ч.Г*******ийн 5 тээврийн хэрэгслийн жолооч нар дээр бүгдэд нь шатахууны өр зээлийн асуудал санхүүгийн тооцоо нийлэхэд гарсан тул энэ төлбөрийг нэхэмжилсэн. Ч.Г******* энэ төлбөрийг төлөхгүй, өөрт нь хамааралгүй гэж маргадаг. 2019 он, 2020 онуудад өр төлбөр барагдуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байхдаа Ч.Г*******тэй холбогдож байсан. Өр төлбөрөө өгөхгүй байсан тул З******* ХХК нь Т ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Ч.Г*******т холбогдуулан шатахууны зардалд 4,501,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 1,424,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

3. Т ХХК, Ч.Г******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 02, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулагдаж Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх 5 гэрээ байгуулж *******УБО, , УБХ, , ******* улсын дугаартай автомашинаар тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх, гэрээний 3 дугаар зүйлд 1 рейсийн зардал 2,750,000 төгрөгийн 1,550,000 төгрөг түлшний зардал, 1,200,000 төгрөг нь тээвэрлэлттэй холбоотой бусад зардал гэж тохиролцсон.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлоогүй атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан Тээвэрлэлтийн гэрээний харилцааг тодорхойлсон заалтыг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

4. Хариуцагч Ч.Г******* нь Э ХХК-ийн захирал бөгөөд өөртөө итгэмжлэл олгож иргэнийхээ хувиар компанийг төлөөлж 9 тээврийн хэрэгслээр ЭТТ-УБ чиглэлд утаагүй түлшний нүүрс тээвэрлэх ажилд төлөөлөн гэрээ байгуулах, төлбөр тооцоог өөрийн дансаар хүлээн авахаар тохиролцжээ. Хэрэгт авагдсан энэ баримттай танилцсан, нэхэмжлэгч тал гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн төлөөлж гэрээ байгуулсан тээврийн хэрэгслүүд З******* ХХК-ийн шатахуун түгээгүүрээс түлш авдаг байсан, тээврийн хөлсийг төлөхдөө уг түлшний зардлыг хасч тооцдог талаарх үйл баримтыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь З ХХК-иас түлш худалдах, худалдан авах гэрээгээр авч, уг түлшийг тээврийн хэрэгслийн жолооч нар худалдаж, үнийг тээврийн хэрэгслийн жолооч нарын хөлснөөс суутгаж авдаг үйл баримт тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

Харин хариуцагч Ч.Г******* нь тээврийн хэрэгслийн жолооч болон нэхэмжлэгч талыг зуучлахдаа холбогдох төлбөр тооцоог хийдэг тул түлш худалдах, худалдан авах гэрээний үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой.

5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрийг шилжүүлэхдээ түлшний үнийг суутгаагүй гэх боловч дээр дурдсан гэрээний дагуу автомашинд авсан нийт түлшний хэмжээ, түүнээс тооцоо хийж суутгасан хэмжээ тодорхой бус байх тул нэхэмжлэгч талаас гаргасан 2019 оны 10 дугаар сарын 26, 31, 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шатахуун тослох материалын зардлын падаан гэх баримтад дурдсан хэмжээгээр түлшний тооцоог хийлгүйгээр хөлс шилжүүлсэн гэж дүгнэхээргүй байна.

Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 1,424,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/02760 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж, 4,501,600 гэснийг 1,424,000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,077,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

Шийдвэрийн 2 дахь заалтад Ч.Г*******өөс 122,477 төгрөг гаргуулж гэснийг Ч.Г*******өөс 37,734 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА