| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00513/И |
| Дугаар | 534 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 534
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-22 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66042209, Зуутраг овогт Нямаагийн Тунгалагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 21 настайдаа буюу 1987 оны 2 дугаар сараас эхлэн үйлчлэгчээр түр тушаалтай ажиллаж байгаад 1987 оны 5 дугаар сарын 01-нээс үйлчлэгчээр жинхлэн ажилласан. Худалдааны трестэд үйлчлэгчээр 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо 4 хүүхэд төрүүлэн өсгөсөн тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Улаангом хотын Худалдааны трестэд 1987 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан П.Гантуяа, М.Оюунтуяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Тунгалаг нь 1987 оны 2 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Нямаагийн Тунгалагийн 1987 оны 2 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд үйлчлэгчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаар “н.Тунгалагийг ажилд томилох тухай” тушаалд: “Нямаа овогтой Тунгалагийг 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2 дугаар гуанзанд цэвэрлэгчээр томилон ажиллуулсугай” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П.Гантуяа, М.Оюунтуяа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Гантуяагийн “Миний бие нь 1986 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Худалдааны трестэд анх сав угаагч буюу үйлчлэгч, зөөгчөөр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Н.Тунгалаг нь 1987 оноос Худалдаа трестэд үйлчлэгчээр ажиллах болсон. Н.Тунгалаг бид хоёр 1989 он хүртэл хамт ажилласан бөгөөд Н.Тунгалаг эрүүл мэндийн улмаас ажлаа чөлөөлөгдсөн. Н.Тунгалаг бид хоёр Худалдааны трестэд нэг бригадад, нэг ээлжинд хамт ажиллаж байсан ба хамгийн сүүлд бид бригадаараа 8 дугаар 5-н жилийн гавшгайч тэмдгээр шагнагдаж байсан. Тухайн үед Худалдааны трестийн даргаар Гомбодорж, орлогч даргаар Пүрэвсүрэн, эвлэлийн үүрийн даргаар Батмөнх гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Оюунтуяагийн “Миний бие нь 1987 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Худалдааны трестэд угаагч, тогооч зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг анх 1987 оны 8 дугаар сард ажилд ороход Н.Тунгалаг нь Худалдаа трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан. Н.Тунгалаг нь 1989 он хүртэл Худалдааны трестэд ажиллаад эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Н.Тунгалаг нь ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа сайн хийж, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнагдаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаар тушаалаар Н.Тунгалагийг 1987 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн үйлчлэгчээр ажиллуулсан байх боловч нэхэмжлэгч нь 1987 оны 2 дугаар сараас ажиллаж эхэлсэн болох түүний “Би Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 21 настайдаа буюу 1987 оны 2 дугаар сараас эхлэн үйлчлэгчээр түр тушаалтай ажиллаж байгаад 1987 оны 5 дугаар сарын 01-нээс үйлчлэгчээр жинхлэн ажилласан” гэх тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Тунгалаг нь 1987 оны 2 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаар “н.Тунгалагийг ажилд томилох тухай” тушаал, гэрч П.Гантуяа, М.Оюунтуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Тунгалагийн хүсэлтийг хангаж, түүний 1987 оны 2 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд үйлчлэгчээр 2 жил 11 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зуутраг овогт Нямаагийн Тунгалагийн 1987 оны 2 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд үйлчлэгчээр 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ