Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01497

 

Д.Г*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02383 дугаар шийдвэртэй,

Д.Г*******ийн нэхэмжлэлтэй,

Л******* ХХК, Н.Н******* нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Л******* ХХК төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.Н*******аас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, хариуцагч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Л******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, хөдөлгүүрийн ******* дугаартай, Maybach Mersedes benz S500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 350,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийн дүнд 140 тонн арматурыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авахаар харилцан тохиролцож автомашиныг хүлээлгэн өгсөн.

1.2. Гэтэл хариуцагч нь гэрээгээр тохиролцсон арматураа өнөөдрийг хүртэлх хугацаанд нийлүүлээгүй, алга болсон.

1.3. Л*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Н******* нь гэрээ байгуулах үед автомашиныг өөрөө хүлээн авч Г.О*******ын нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу шууд түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Н.Н******* нь хувь иргэнээрээ тухайн автомашинтай холбоотой бүхий л төлбөр тооцоо, эвдрэл гэмтлийг хариуцах талаар батлан дааж үүнтэй холбоотой баталгаа бичиж өгсөн тул Н.Н*******аас төлбөрийг нэхэмжилж байна.

1.4. Гэрээний 6.2-т "...Худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаанд бартераар өгөх барааг /арматур/ нийлүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө..." гэж заасан ба 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 399 хоногоор хугацаа хэтэрч, алдангид 418,950,000 төгрөг төлөхөөр байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 175,000,000 төгрөг, автомашины төлбөрт 350,000,000 төгрөг, нийт 525,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч Н.Н*******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.2. 2021 оноос 2022 оны 10 дугаар сар хүртэл Л******* ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд манай байгууллага ажилчдын цалин тавих мөнгөгүй болсны улмаас хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, хурлын нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж манай хувьцаа эзэмшигч С.Эрын гаргасан саналын дагуу түүний ахын эхнэр болох Д.Г*******ээс Maybach Mersedes benz маркийн автомашиныг 350,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлж аваад банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж санхүүжилтээ босгохоор болсон.

Хувьцаа эзэмшигч С.Эрын өгсөн үүрэг даалгаврын дагуу бэлдсэн гэрээн дээр нь очиж гарын үсэг зураад автомашиныг нь нягтлангийн нэр рүү шилжүүлэн авч ирсэн. Тухайн үед миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа санхүү мөнгө захиран зарцуулах эрхгүй зөвхөн үйл ажиллагаа хариуцсан захирал байсан.

Дээрх худалдах-худалдан авах гэрээг компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Л******* ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан ба тухайн автомашиныг миний бие хувьдаа шилжүүлэн авч, түүнийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд өөрийн нэр дээр тавих гэх мэтээр ямар нэгэн байдлаар захиран зарцуулаагүй. Түүнийгээ компанийн санхүүгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, компанийн тус өдрийн хурлын протокол зэргээр нотлох болно.

2.3. Иймд би тухайн автомашин худалдан авах харилцаатай холбоогүй ба Л******* ХХК-ийн хариуцах асуудал гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт болох нягтлан Г.О*******ын гар бичмэл болон худалдах, худалдан авах гэрээ, хурлын протокол байгаа. Би сард 1,800,000 төгрөгийн цалин авч байж яагаад ч батлан даалтын гэрээ байгуулахгүй гэжээ.

3. Хариуцагч Л******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2022 онд Л******* ХХК-ийн үйл ажиллагааг явуулахын тулд хувьцаа эзэмшигч С.Эрын хамаатан гэх иргэн Д.Г*******тэй дээрх автомашиныг зээлээр авах, хариу төлбөрт нь арматур өгөхөөр тохиролцож, үүний дагуу шийдвэр гарган компанийн гүйцэтгэх захирал Н.Н*******ид үүрэг даалгавар өгсөн. Н.Н******* нь иргэн Д.Г*******ийн ажлын байр болох 10-р хороолол, Техник импорт ХХК-ийн байранд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр очиход иргэн Д.Г*******, Л******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эртай тохиролцсоны дагуу худалдах, худалдан авах гэрээг бэлдсэн байсан болохоор нь гарын үсэг зурж гэрээг байгуулсан.

Ингээд гэрээ байгуулсан даруйдаа тухайн автомашиныг хүлээн авч Т ХХК-аас зээл авахаар болж судалгаа хийлгэхэд компанийн данс хаалттай, гүйцэтгэх захирал Н.Н******* нь зээлийн мэдээллийн санд ангилал буурсан үзүүлэлттэй байсан тул зээл олгох газрын шаардлагын дагуу иргэнээр, нягтлан бодогч Г.О*******ын нэр дээр автомашиныг барьцаалан 30 хоногийн хугацаатай 100,000,000 төгрөгийн зээл авч компанийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.

3.2. Улмаар Л******* ХХК-ийн нөхцөл байдал хүндэрч цаашид бие даан үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй байсан тул өөрийн эзэмшлийн Төв аймаг, нарт 4 баг, усан 51 хэсэгт байрлах ган туйвангийн үйлдвэрийн үйл ажиллагааг Л******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрын К ХХК-тай хамтран явуулахаар болж 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3 тоот Менежментийн гэрээ-г байгуулсан. Менежментийн гэрээний дагуу К ХХК-ийн Л******* ХХК-д төлөх төлбөрийн хугацаа хэтэрч байсан тул Т ХХК-д барьцаанд тавьсан дээрх авто машины зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр К ХХК-д шилжүүлсэн.

Манай компанийн хувьд К ХХК-тай байгуулсан дээрх менежментийн гэрээний дагуу К ХХК нь Д.Г*******т тус төлбөрийг төлсөн гэсэн ойлголттой байсан бөгөөд хуульд зааснаар гэрээний үүрэг, шаардах эрхийг К ХХК-д шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л******* ХХК-иас 525,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Н*******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,576,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л******* ХХК-иас 2,788,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г*******т, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,788,000 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Г*******т тус тус олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч Л******* ХХК нь Төв аймгийн Бсуманд байрлах Төмөр боловсруулах үйлдвэрийн хууль ёсны эзэмшигч бөгөөд хувьцаа эзэмшигчид нь Р.Б, Д.Л, С.Эр нар байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч С.Эр нь хувьцаа эзэмшигчдийн хурал нэрэн дор хууль бус хуралдаан зохион байгуулж, хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарган, тухайн өдөртөө нэхэмжлэгч Д.Г*******ээс 350,000,000 төгрөгөөр автомашин худалдан авахаар, төлбөрийн хариуд 140 тн арматурыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулж, тухайн үед гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан Н.Н*******ид автомашиныг хүлээн авах үүргийг өгсөн байдаг.

Ингээд уг автомашиныг Тайгын булаг ББСБ ХХК-д барьцаалж 100,000,000 төгрөгийн зээлийг авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлагнадаг. Энэ талаар бусад хувьцаа эзэмшигчдийн хэн нь ч мэдээгүй. Хувьцаа эзэмшигч С.Эр нь дээрх гэрээг байгуулах саналыг анх гаргахдаа нэхэмжлэгч Д.Г*******ийг өөрийн хамаарал бүхий хүн гэж тайлбарласан байдаг.

Үүнээс гадна С.Эр нь К ХХК-ийг дангаар эзэмшдэг бөгөөд Л******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт Төв аймгийн Бсуманд байрлах Төмөр боловсруулах үйлдвэрийг Менежментийн гэрээгээр шилжүүлэн авч түрээслүүлэх санал гаргасныг компанийн хувьцаа эзэмшигчид хүлээн авч 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргаж, гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу үйлдвэрийг бүхэлд нь С.Эрын компани болох К ХХК-д шилжүүлсэн. Улмаар 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр К ХХК-аас Д.Г*******ийн автомашины төлбөр болон бусад өр төлбөрийг гэрээний дагуу төлөх бөгөөд танай компанид төлөх төлбөрт харилцан тооцно гэх хүсэлтийг ирүүлснээр бусад хувьцаа эзэмшигчид 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хууль бус хувьцаа зэмшигчдийн тогтоол гаргаж, автомашин авсан болохыг мэдсэн.

Гэвч нэгэнт уг машиныг С.Эр өөртөө шилжүүлэн авч төлбөрийг төлнө гэсэн тул Л******* ХХК-иас хүлээн зөвшөөрч автомашиныг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш Л******* ХХК-ийн хувьд, автомашины төлбөрийг Д.Г******* төлсөн гэх тооцоолол, ойлголттойгоор өнөөдрийг хүрсэн.

Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Г*******ийн нэхэмжлэлтэй Н.Н*******д холбогдох хэрэгт хамтран хариуцагчаар Л******* ХХК-ийг тодорхойлсноор нэхэмжлэгч Д.Г*******ийн машины төлбөрийг С.Эр буюу К ХХК нь төлөөгүй болохыг мэдсэн. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Д.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах эрх бүхий этгээд нь Л******* ХХК биш бөгөөд албан ёсоор шилжүүлэн авсан этгээд нь К ХХК буюу С.Эр юм. Нэхэмжлэгчийн хувьд С.Эртай хамаарал бүхий харилцаатай учраас зориуд хариуцагчаар Л******* ХХК-ийг тодорхойлсон гэж үзэж байгаа.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн бодит үнэнг тогтоох, хэргийг шударгаар шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан ч шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Үүнд:

а. Л******* ХХК-ийн зүгээс Д.Г*******т төлөх төлбөрөө С.Эраар дамжуулан төлсөн. Хэдийгээр нэхэмжпэгч төлбөр огт төлөгдөөгүй гэх мэтээр тайлбарлаж байгаа ч С.Эр нь манай компанид Д.Г*******ийн машины төлбөрийг төлж байгаа, төлсөн мэтээр тайлбарладаг байсан тул К ХХК буюу С.Эрыг бие даасан шаардпага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд талуудын маргаанд цэг тавьж чадах гол этгээд бөгөөд үнэхээр С.Эр нь өөрөө эсхүл К ХХК-аараа дамжуулан Д.Г*******ийн төлбөрийг төлсөн эсэхийг тодруулах боломжтой байсан. Цаашлаад уг хэргийг заавал шүүхийн журмаар бус эвийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан.

б. Хавтаст хэрэгт К ХХК-аас Л******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг авагдсан байдаг. Уг албан бичигт Д.Г*******ийн автомашины төлбөрийг төлнө гэдгээ бүрэн илэрхийлсэн байсан, хожим Л******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт төлбөрийг төлсөн гэх агуулгаар тайлбарладаг байсан тул Д.Г*******ийн болон С.Эр, К ХХК-ийн бүх банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Уг баримтыг гаргуулснаар үнэхээр Д.Г******* нь С.Эр буюу К ХХК-аар дамжуулан төлбөрөө авчихаад давхар Л******* ХХК-аас нэхээд байх магадлалтай учраас үүнийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байсан.

в. Маргаан бүхий автомашины түүхчилсэн лавлагаа нотлох баримтаар авагдсан ч ямар баримтанд үндэслэн нэг иргэн, хуулийн этгээдээс нөгөө иргэн, хуулийн этгээдэд шилжээд байгаа талаарх баримт огт авагдаагүй. Маргаан бүхий автомашин нэгээс нөгөөд шилжихдээ тодорхой гэрээнд үндэслэн шилжсэн байх учиртай тул Автотээврийн үндэсний төвөөс уг автомашин 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ямар баримтанд үндэслэн шилжээд байгаа талаарх баримтыг гаргуулахыг хүссэн. Энэхүү баримтыг гаргуулснаар уг автомашин яг одоо хэний эзэмшилд, ямар үндэслэлээр шилжсэн, төлбөрийг Л******* ХХК авсан уу эсхүл К ХХК буюу С.Эр авсан уу гэдэг нь тодорхой болохын зэрэгцээ Д.Г*******ийн автомашины төлбөрийг төлөх үүрэг хэнд шилжсэн бэ гэдэг нь илэрхий болох байсан.

г. Л******* ХХК нь маргаан бүхий автомашиныг Т ХХК-ийн барьцаанд тавьж зээлийг авсан байдаг боловч төд удалгүй зээлийг хааж дараагийн этгээдэд шилжүүлсэн байдаг. Иймд зээлийг хэн гэдэг хүн, ямар данснаас, хэдэн төгрөг төлж хаасан талаарх баримтыг Т ХХК-аас нотлох баримтаар гаргуулахыг хүссэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Эр буюу К ХХК-аараа дамжуулан төлнө гэдгээ илэрхийлж байсан учраас үүнийг тодруулах нь хэргийг шударгаар шийдвэрлэх буюу уг баримтаар төлбөрийг хариуцвал зохих этгээд хэн болох нь тодорхой харагдах байсан.

Анхан шатны шүүх хариуцагч Л******* ХХК-ийг буруутай мэтээр тайлбарлан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд ярьснаас өөр асуудлаар тайлбарлалаа. Худалдах, худалдан авах гэрээ буюу машин авсан дээр маргаан байдаггүй. Маргааны гол асуудал юу вэ гэхээр машиныг манайхаас авчихаад цаашаа зарсантай холбоотой асуудал яригддаг. Хувьцаа эзэмшигчдийнхээ хоорондох маргааныг манайх руу энэ хүн хариуцах ёстой гэдэг байдлаар тайлбарладаг. Авсан машинаа цаашаагаа өөр хүмүүст зарчихаад тэрийг нэхэмжлэгч тал төлөх ёстой мэтээр тайлбарлаад ийм баримт гаргуулъя, тэр хүнийг гэрчээр оруулъя гэх агуулгаар хүсэлт гаргадаг. Анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй байх үндэслэлтэй. Энэ нь Лелминерал ХХК, Д.Г******* хоёрын хоорондын маргаанд ямар ч хамааралгүй. Тухайн машинаа цаашаа зарсан асуудлаа энэ асуудалтай холиод яваад байдаг. Хувьцаа эзэмшигчдийн талаар баримт яриад байдаг энэ баримт нь өөрсдийнхөн гаргаж өгсөн баримт, өөрсдийнхөө гаргаж өгсөн баримтыг өөрсдөө няцааж яриад байна. Манайхтай гэрээ хийсэн н.Н******* нь өөрчлөгдсөн, түүнээс хойш захирал нь бараг 2 удаа солигдсон. Давж заалдах гомдол нь бичгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэдэг агуулгатай байсан, одоо хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байдлаар тайлбарлаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Г******* нь хариуцагч Л******* ХХК, Н.Н******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 525,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Л******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн улсын ******* дугаартай, хөдөлгүүрийн ******* дугаартай, Maybach Mersedes benz S500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашины үнэ 350,000,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байна гэх агуулгаар тайлбарласан байна.

4. Шүүх 525,000,000 төгрөгийг хариуцагч Л******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйн улмаас давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хууль болон нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлох боломжгүй байна.

5. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч Л******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдах авах гэрээний дагуу дээрх автомашиныг шилжүүлсэн, үүний хариу төлбөрт 140 тн арматурыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч Л******* ХХК-ийг 140 тн арматур шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас уг гэрээнээс татгалзаж байгаа эсэх, эсхүл хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагч талын гүйцэтгэх үүрэг болох арматурыг нийлүүлээгүйтэй холбоотойгоор уг арматурын үнийг мөнгөн хөрөнгөөр орлуулан шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байна.

6. Түүнээс гадна хариуцагч талаас гуравдагч этгээдээр К ХХК буюу С.Эрыг бие даасан шаардпага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн тайлбар нь ач холбогдолтой эсэхийг шүүх тайлбар авсны үндсэн дээр тодорхойлох боломжтой. Иймд Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж зааснаар шүүх гуравдагч этгээдийн байр суурийг тайлбар авах замаар сонсоогүй байж түүний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэх нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасантай харш болжээ. Харин холбогдох хүсэлтийг шийдвэрлэхэд хуулийн этгээд эсхүл иргэнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулах учиртай.

7. Дээрх тохиолдол буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар хариуцагч Л******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтийг дахин гаргах боломжтой гэж үзсэн тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Л******* ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,784,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА