Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01498

 

Т*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02186 дугаар шийдвэртэй,

Т*******ийн нэхэмжлэлтэй,

Б.Э*******од холбогдох

Гэм хорын хохирол 5,465,067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Э.М*******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Э.М*******э нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" А/50 дугааp тушаалаар 5,465,067 төгрөгийг Э.М*******эд ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон.

1.2. Т******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан эрхийн дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1.3. Б.Э*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,465,067 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк *******/ буруутай албан тушаалтан Б.Э*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2.1. Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаргасан Э.М*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл нь буруу байсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон болохоос Б.Э*******ын санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл байсан гэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй байна.

2.2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хохирол шаардах үндсэн нөхцөлд албан хаагчийн үйлдэл болон иргэнд учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Үүнээс гадна хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хуулиар тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтан шууд санаатай байх, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Б.Э*******ын хувьд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүйгээр хандаж, үүний улмаас төрд хохирол учруулсан үйлдэл байхгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байдаг. Үүнээс гадна Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т "гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана" гэж заасан.

2.3. Маргаануудын тухайд хариуцагч Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэдийг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах санаа зорилго байгаагүй, гүйцэтгэж буй ажил үүргийнхээ хувьд төрийн албаны мэргэшсэн байдлыг сайжруулах санаа зорилгоор ажлаас чөлөөлсөн.

2.4. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэжээ. Гэтэл 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нийтийн эрх ашгийн үүднээс төлөөлөн нэхэмжлэл гаргах, шаардах эрх Т*******д анх хуулиар олгосон. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д "Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 35.1.2-т "...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах" эрхтэй гэж заасан хэдий ч мөн хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн албаны тусгай зарчмуудыг тухайлан тодорхойлохдоо 4.2.7-д "хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах"-аар заасан. Мөн 2002 оны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25 /халах/, 26 дугаар /сахилгын шийтгэл ногдуулах/ зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл 2002 оны хуулиар төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэгэнд ... учруулсан хохирлыг төр хариуцан арилгах зарчмыг тодорхойлж үндсэн баталгаа болгосон, төр эргээд ажилтанд хүлээлгэх хариуцлагын төрөлд хөрөнгийн хохирлыг мөн хуулийн 41 дүгээр зүйлээр хамааруулаагүй байна. Үүнийг бататгаж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

 2.5. Дээрх зохицуулалтуудаас үзвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар регресс шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ Т*******д 2002 оны Төрийн албаны тухай хуулиар олгогдоогүй. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан шаардах эрх хэрэгжих боломж, тухайлсан нөхцөл нь 2002 оны Төрийн албаны хуулийнхаа бусад зохицуулалт, үндсэн зарчмаараа амилаагүй, хэрэгжих боломжгүй байсан тул Т*******д нэхэмжлэл гаргах, шаардах эрх байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э*******оос 5,465,067 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүлйин 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Э*******оос 102,391 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Э.М*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ Б.Э*******ын санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл байсан гэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хохирол шаардах үндсэн нөхцөлд албан хаагчийн үйлдэл болон иргэнд учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Үүнээс гадна хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хуулиар тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтан шууд санаатай байх. эсхүл илтэд болгоомжгуй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Б.Э*******ын хувьд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүйгээр хандаж, үүний улмаас төрд хохирол учруулсан үйлдэл байхгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байдаг.

4.2. Дээрхээс гадна Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана" гэж заасан.

4.3. Маргаануудын тухайд хариуцагч Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэдийг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах санаа зорилго байгаагүй, Э.М*******эд нь ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

4.4. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэжээ. Гэтэл 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нийтийн эрх ашгийн үүднээс төлөөлөн нэхэмжлэл гаргах, шаардах эрх Т*******д анх хуулиар олгосон. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 35.1.2-т ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах" эрхтэй гэж заасан хэдий ч мөн хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн албаны тусгай зарчмуудыг тухайлан тодорхойлохдоо 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах -аар заасан. Мөн 2002 оны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25 /халах/, 26 дугаар /сахилгын шийтгэл ногдуулах/ зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл 2002 оны хуулиар төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэгэнд ...учруулсан хохирлыг төр хариуцан арилгах зарчмыг тодорхойлж үндсэн баталгаа болгосон, төр эргээд ажилтанд хүлээлгэх хариуцлагын төрөлд хөрөнгийн хохирлыг мөн хуулийн 41 дүгээр зүйлээр хамааруулаагүй байна. Үүнийг бататгаж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйАийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтуудаас үзвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар регресс шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ Т*******д 2002 оны Төрийн албаны тухай хуулиар олгогдоогүй. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан шаардах эрх хэрэгжих боломж, тухайлсан нөхцөл нь 2002 оны Төрийн албаны хуулийнхаа бусад зохицуулалт, үндсэн зарчимаараа амилаагүй, хэрэгжих боломжгүй байсан тул Т*******д нэхэмжлэл гаргах, шаардах эрх байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т*******ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж гомдолд дурдсан. Т*******ийг нэхэмжлэл гаргах эрхийг 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих гэж хуулиар зохицуулсан байдаг. Гэм хорын хохирлыг илт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр учруулсан байх ёстой гэдэг. Б.Э******* гэдэг хүн Хан уул дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа н.Манлай-эрдэнийг хууль бусаар ажлаас халсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон. Мөн илтэд санаатай хэлбэрээр ажлаас халсан гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байна. Гомдолд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг төр хариуцах ёстой иргэн хариуцахгүй гэдэг байдлаар тайлбарласан. Тухайн зохицуулалт хүчингүй болсон хуульд тусгагдсан ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж зохицуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Т******* нь хариуцагч Б.Э*******оос төрд учруулсан хохирол 5,465,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Э******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Э.М*******ийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн үйл баримтын анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Б.Э*******ын дээрх шийдвэрийг Э.М*******э эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 128/ШШ2018/0685 дугаартай шийдвэрээр түүнийг Санхүү төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин хөлс 5,457,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.М*******эд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

5. Дээрхи шийдвэрийн дагуу төрөөс 11,487,905 төгрөгийн олговрыг Э.М*******э төлж барагдуулсан байх ба үүнд хариуцагч Б.Э*******ын гэм буруутай үйлдэлтэй холбоотой байна.

Үүнтэй холбогдуулаад төрд учирсан хохирлыг гаргуулахаар Т******* Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

7. Тухайн үйлдэлд хариуцагч Б.Э******* нь санаатай буюу илтэд болгоомжгүйгээр хандаагүй гэх байдлаа нотлоогүй тул түүнийг мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

8. Иймд хариуцагч нь Э.М*******ийг ажлаас чөлөөлөхдөө өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй гэх үндэслээр гаргасан тайлбар, гомдлыг хангахгүй орхив.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Хариуцагч Б.Э*******од холбогдох гэм хорын хохиролд 5,465,067 төгрөг гаргуулах тухай Т*******ийн нэхэмжлэлд анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/19979 дүгээр захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлг Т.А*******т нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүргийг мөн өдөр танилцуулсан, шүүхээс тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тайлбар гаргах үүргээ хариуцагч тал биелүүлээгүй, анхан шатны шүүхэд хариуцагч талаас 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг мөн өдрөөр огноолсон 181/ШЗ2024/03057 дугаар захирамжаар хангажээ. Иймд давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хүндэтгэн үзэх шалтгаангүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА