| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00525/И |
| Дугаар | 535 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 535
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дїїрэг, 31 дүгээр хороо, Алтай 5-574 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОР59022206, Цорос овогтой Цээпилийн Цэцэгмаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1959 онд төрсөн, 56 настай. 1981 оны 7 дугаар сарын 11-нээс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Хяргас сумын Хїн эмнэлэгт бага эмч, дүн бүртгэгчээр тасралтгїй ажилласан. Би 1991 онд хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан байдлаа бичүүлсэн боловч хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учир тэтгэвэр тогтоолгох нас 1 жилээр єнгєрч хохирч явна. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг 6 сард төлсөн боловч хамт ажиллаж байсныг гэрчлэх хүн олдохгүй байсан шалтгаанаар тэмдэгтийн хураамж тєлєєд 4 сар гаруй болж байна. Иймд миний 1981 оны 7 дугаар сарын 11-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хяргас сумын Хүн эмнэлгийн Хөшөөт буюу 1-р бригадад бага эмчээр, 1992 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Хяргас сумын Хїн эмнэлэгт дїн бїртгэгчээр ажилласан хугацааг сэргээн тогтоож єгнє її. Тухайн їед надтай хамт ажиллаж байсан бага эмч С.Чимгээ, сувилагч Ш.Жаргал нарыг гэрчээр асууж єгнє її” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намсрай шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хот явах шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намсрай нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь 1981 оны 7 дугаар сарын 11-нээс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Хяргас сумын Хүн эмнэлэгт бага эмч, дїн бїртгэгчээр ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цээпилийн Цэцэгмаагийн 1981 оны 7 дугаар сараас 1994 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хүн эмнэлэгт бага эмч, дүн бүртгэгчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон 341657 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сургууль төгсөж ирсэн тул Хяргас сумын эмнэлгийн мэдэлд томилов, 1981 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хяргас сумын 1-р бригадын эмчээр томилов, 1994 оны 2 дугаар сарын 30-ны өдөр дүн бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж жирэмсний амралт олгов” гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Түүнчлэн Увс аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар “Анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах ба бага эмч, лаборант, сувилагч, гэрлийн техникч нарт шилжилт хөдөлгөөн хийх тухай” тушаалд: “Цэцэгмааг Хяргас сумын Хөшөө бригадад бага эмчээр шилжүүлсүгэй. Анагаах ухааны дунд сургууль төгсөгчид, шилжилт хөдөлгөөн хийгдэж буй бага эмч, сувилагч нарыг 1981 оны 7 дугаар сарын 11-нээс эхлэн тус тусын хуваарилагдсан эмнэлгийн салбаруудад ажиллуулж цалинжуулахыг төв, хөдөөгийн салбарын эрхлэгч нарт даалгасугай” гэжээ.
Хяргас сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тушаалд: “Хүн эмнэлгийн байгууллагын эмч ажилчдын цалинг 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхвөрийг үндсэн цалинд оруулан тооцож шинэ сүлжээгээр батлагдсан цалинг хавсралтаар баталсугай. Хавсралтын 19-т Ц.Цэцэгмаа-дүн бүртгэгч” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Жаргал, М.Чимгээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ш.Жаргалын “Миний бие нь 1978 оноос 1997 оны хооронд Хяргас сумын Хүн эмнэлгийн Хөшөөт бригадын эмч, ахлах сувилагчаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед буюу 1981 онд Ц.Цэцэгмаа нь Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч, бага эмчийн ангийг төгсөж ирээд Хяргас сумын Булганхангай багийн бага эмчээр ажиллах болсон. Ц.Цэцэгмаа багийн эмчээр 1992 он хүртэл ажиллаад дараа нь Хяргас сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгч эмчээр ажиллах болсон. Ц.Цэцэгмаа нь 1994 оны хавар хүртэл ажиллаад Улаанбаатар хот руу шилжин амьдрах болсон. Намайг ажиллаж байх үед Хяргас сумын Хүн эмнэлгийн эрхлэгчээр Ноф, Мөнхбат, Басанжав гэх хүмүүс ажиллаж байсан“ гэх мэдүүлэг, гэрч М.Чимгээгийн “Намайг 1988 онд Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч эмчийн ангийг төгсөөд тус суманд ирэхэд Ц.Цэцэгмаа нь Хяргас сумын Хангай багийн бага эмчээр ажиллаж байсан. Ц.Цэцэгмаа багийн эмчээр 1992 он хүртэл ажиллаад дараа нь Хяргас сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгч эмчээр ажиллах болсон. Ц.Цэцэгмаа нь 1994 оны хавар хүртэл ажилласан ба ажлаасаа чөлөөлөгдөөд Улаанбаатар хот руу шилжин амьдрах болсон. Миний бие нь 1988 оны 7 дугаар сараас одоог хүртэл Хяргас сумын Хүн эмнэлгийн Хөшөөт багийн бага эмч, Бугат багийн ортой салбарын эмч, арга зүйч бага эмч, вакциний бага эмч зэрэг ажлуудыг хийж байна. Хяргас сумын Хүн эмнэлгийн эрхлэгчээр Ноф, Басанжав, Мөнхбат гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн 341657 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт түүнийг 1981 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хяргас сумын 1-р бригадын эмчээр томилсноор бичилт хийгдсэн боловч ажилд томилсон тушаалд 1981 оны 7 дугаар сарын 11-нээс эхлэн ажиллуулсан байх тул Н.Цэцэгмаагийн ажилд томилогдсон өдрийг 1981 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь 1981 оны 7 дугаар сарын 11-нээс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Хяргас сумын Хүн эмнэлэгт бага эмч, дїн бїртгэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон 341657 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар “Анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах ба бага эмч, лаборант, сувилагч, гэрлийн техникч нарт шилжилт хөдөлгөөн хийх тухай” тушаал, Хяргас сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дүгээр тушаал, гэрч Ш.Жаргал, М.Чимгээ нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, түүнийг 1981 оны 7 дугаар сарын 11-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хяргас сумын Хүн эмнэлэгт бага эмчээр 10 жил 5 сар 20 хоног, 1992 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Хяргас сумын Хїн эмнэлэгт дїн бїртгэгчээр 2 жил 2 сар, нийт 12 жил 7 сар 20 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овогтой Цээпилийн Цэцэгмаагийн 1981 оны 7 дугаар сарын 11-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хяргас сумын Хүн эмнэлэгт бага эмчээр 10 жил 5 сар 20 хоног, 1992 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 2 дугаар сарыг дуустал Хяргас сумын Хїн эмнэлэгт дїн бїртгэгчээр 2 жил 2 сар, нийт 12 /арван хоёр/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ