Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 536

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 7-22а тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ62012205, Шандууд овогт Раднаагийн Алтанхуягийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Р.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд төрсөн, 54 настай. Би Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөөд 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллах болсон. Барилгачнаар 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад дараа нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллах болсон. Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар 1991 оныг дуустал ажилласан. Тухайн үед ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд 1981 оны 7 дугаар сарын 03-наас 1991 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар,  Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Л.Буянжаргал, Н.Дуламжав, Д.Жамбалдорж, Ж.Оюунчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Р.Алтанхуяг нь 1981 оны 7 дугаар сарын 03-наас 1991 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар болон Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

     Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Раднаагийн Алтанхуягийн 1985 оны 10 дугаар сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Р.Алтанхуягийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

      Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар “Ажилчид томилох тухай” тушаалд: “Техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн барилгын мэргэжилтэй ажилчдыг 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн барилгачнаар 1 дүгээр хавсралтаар баталсугай. 1 дүгээр хавсралтын 5-д Р.Алтанхуяг-барилгачин” гэжээ.

        Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11/39 дүгээр “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тогтоолд: “...Барилгачин Р.Алтанхуягт өвлийн түлшинд зориулж 4 тонн нүүрсийг 1 удаагийн буцалтгүй тэтгэмж болгон олгож зардлыг тэтгэвэр тэтгэмжийн фондоос зарцуулахыг Нэгдэл дундын үйлдвэрийн санхүүд зөвшөөрсүгэй” гэжээ.

       Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 367 дугаар “Зарим ажилчдыг илүү цагаар ажиллуулах тухай” тушаалд: “Нэгдэл дундын үйлдвэрийн 50 трактор засварын барилгын уурын тогооны гадна шугамын ажлыг яаралтай дуусгах шаардлагатай байгаа тул цахилгааны бригадын Буянжаргал нарын нийт 16 ажилчин, экскаваторчин Тэгшээ нарын бүгд 19 ажилчинг 1985 оны 11 дүгээр сарын 06-нд 4 цаг, мөн 7, 8, 9-ний өдрүүдэд тус бүр 8 цагаар тус тус ажиллуулсугай. Хавсралтын 15-д Р.Алтанхуяг-цахилгаанчин” гэжээ.

       Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд: “Цахилгааны бригадын цахилгаанчин ажилтай Раднаа овогтой Алтанхуягт нярай хүүхдээ асрахад нь зориулж 1987 оны 7 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тэтгэмжтэй 98 хоногийн чөлөө олгосугай” гэжээ.

      Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Буянжаргал, Н.Дуламжав, Д.Жамбалдорж, Ж.Оюунчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Л.Буянжаргалын “Миний бие нь 1981 оноос 1998 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан.  Р.Алтанхуяг бид хоёр 1981 онд Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллах болсон. Р.Алтанхуяг нь 1985 оны намраас Барилга угсралтын трестэд ажиллахаар болж ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү, бригадын даргаар Катуужин гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Оюунчимэгийн ”Миний бие нь 1975 оноос 1998 оныг дуустал Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д тус тус засалчнаар ажиллаж байсан.  Намайг тус байгууллагад засалчнаар ажиллаж байхад 1981 оноос эхлэн Р.Алтанхуяг нь Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж эхэлсэн. Р.Алтанхуяг нь 1985 оны намар ажлаасаа чөлөөлөгдөж, Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллах болсон” гэх мэдүүлэг, гэрч Н.Дуламжавын “Миний бие нь 1984 оноос 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон “Ундрах” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Р.Алтанхуяг нь 1985 оны намраас цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн. Цахилгааны бригад нийт 43 ажилтантай байсан ба Улаангом болон сумуудад баригдаж байгаа барилгуудын цахилгааны монтажийг хийдэг байсан. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд хувьчлагдаж компани болоход Р.Алтанхуяг бид хоёр “Ундрах” ХХК-д цахилгаанчнаар ажиллах болсон. Бид хоёр 1994 оныг дуустал тус компанид цахилгаанчнаар хамт ажилласан. Барилга угсралтын трестийн даргаар Батзул, “Ундрах” ХХК-ийн захирлаар Эрдэнэбилэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Жамбалдоржийн “Миний бие нь 1989 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллаж байсан. Намайг тус байгууллагад анх ажилд ороход Р.Алтанхуяг нь цахилгаанчнаар ажиллаж байсан. Тухайн үед цахилгааны бригадад нийт 43 ажилтантай байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Нэхэмжлэгч Р.Алтанхуяг нь 1981 оны 7 дугаар сарын 03-наас 1991 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар болон Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар “Ажилчид томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11/39 дүгээр “Буцалтгүй тэтгэмж олгох тухай” тотгоол, Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 367 дугаар “Зарим ажилчдыг илүү цагаар ажиллуулах тухай” тушаал, Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, гэрч Л.Буянжаргал, Н.Дуламжав, Д.Жамбалдорж, Ж.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

        Иймд нэхэмжлэгч Р.Алтанхуягийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар 4 жил 27 хоног, 1985 оны 8 дугаар сарын 01-нээс 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар 6 жил 4 сар, нийт 10 жил 4 сар 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шандууд овогт Раднаагийн Алтанхуягийн 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар 4 /дөрөв/ жил 27 /хорин долоо/ хоног, 1985 оны 8 дугаар сарын 01-нээс 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчнаар 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар, нийт 10 /арав/ жил 4 /дөрөв/ сар 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Р.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ