Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01546

 

С******* компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З******* даргалж, шүүгч Т.Бадрах, Э.З******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/01998 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С******* /H*******/ хязгаарлагдмал хариуцлагатай хувийн /хамтарсан/ компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э*******т холбогдох

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 245,482.07 ам.доллар буюу 851,771,232 төгрөг гаргуулах хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.З*******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, С.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.О*******, М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ф******* ХХК нь Сингапур улс дахь Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Олон улсын Арбитрт Монгол Улсын иргэн Б.Э*******т холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Б.Э*******ээс 40,000,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Б.Э******* нь тус арбитрын маргаанд өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах, Сингапур улсад явагдаж буй арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх саналыг Монгол дахь хууль зүйн зөвлөгөө өгөх Д******* ХХН-өөр уламжлуулан мөн өөрийн бичгээр гаргасан хүсэл зориг болон удаа дараагийн зүүм уулзалтаар Хоган Ловеллс Лии энд Лий хуулийн фирмд гаргасан.

1.2. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр талуудын хэн аль нь харилцан хүлээн зөвшөөрсөн нөхцөл бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г бичгээр байгуулсан.

Хоган Ловеллс Лии энд Лий хуулийн фирм гэрээний дагуу Б.Э*******ийг тус арбитрын ажиллагаанд болон уг ажиллагаатай холбоотойгоор гуравдагч этгээдүүдийн өмнө 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлөөлж, харилцсан.

Бидний түүнд үзүүлсэн мэргэжлийн үйлчилгээний үр дүнд одоогийн байдлаар Б.Э*******т холбогдуулан гаргасан Ф******* ХХК-ийн дээрх нэхэмжлэл буцаагдсан.

Нэхэмжлэгч хуулийн фирм тухайн ажил үүргүүдийг гүйцэтгэлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн бөгөөд Б.Э******* дээрх 2 заалтаар тохирсон төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан.

Гэвч гэрээний 5.1.с хэсэгт заасан буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийгдэх ажлуудын талаар Монгол дахь хуулийн төлөөлөгчийг нь болон өөрсдийг нь оролцуулан уулзалт хийхэд энэ ажлыг цааш нь үргэлжлүүлнэ гэж Б.Э******* өөрийн гарын үсэг бүхий хүсэлтийг бид нарт илгээсэн. Энэ баримт нь хавтаст хэргийн 45-46 дугаар талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мэйл байгаа.

Фирмийн зүгээс үйлчлүүлэгч Б.Э*******т илгээсэн төлбөрийн нэхэмжлэх тус бүрд нэхэмжлэл илгээсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй талаар сануулж, тусгасан байдаг. Бидний зүгээс гүйцэтгэсэн ажлын үндсэн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд хүү, алданги тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд, Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э*******ээс хөлсөөр ажиллах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 245,482.07 ам.долларыг гаргуулж өгнө үү.

1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Б.Э*******ийн оршин суугаа газар буюу Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын иргэн Б.Э******* миний бие нь Сингапур улс дахь Олон улсын Арбитрт гаргасан нэхэмжлэлт хариуцагчаар татагдсан ба тус арбитрын маргаанд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парк Плэйс төвийн 705 тоот хаягт байрлах Д******* ХХН-д ажилладаг Д.З гэх эмэгтэйгийн надад санал болгосноор Сингапур улсад үйл ажиллагаа явуулдаг Хоган Ловеллс Лий энд Лий компанид хууль зүйн туслалцаа авахаар хүсэлт гаргасан.

Би тухайн компанийн нэг ч партнер болон бусад хуульчидтай уулзаж үзээгүй. Надад нэг ч минутын зөвлөлгөө өгч ярилцаагүй, энэ хугацаанд би Сингапур улс руу ч яваагүй, надаас нэхэмжилсэн 40,000,000 ам.долларын хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй. Тус хуулийн фирм нь зөвхөн Д.Зтай л харьцдаг байсан.

2.2. Тус хуулийн фирм нь надтай 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон үйлчилгээний нөхцлүүд гэсэн хэлцлийг байгуулсан.

Уг гэрээ хэлцлийг тус хуулийн фирмтэй зуучилж өгсөн Д.З гэгч нь орчуулж өгсөн. Уг гэрээн дээрхи гарын үсэгнүүд нь миний гарын үсгийг дууриаж зурсан байна гэж үзэж байна. Учир нь миний анх уншиж танилцсан гэрээнд Ф******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буюу шүүхэд ялсан тохиолдолд үйлчилгээний хөлсийг цагаар тооцож төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй үед төлбөрийг цагаар тооцох талаар тусгагдаагүй байсан.

Би тус хуулийн фирмд 30,000 ам.долларыг төлж барагдуулсан ба үүнийгээ Ф******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Олон улсын Арбитраас хэргийг буцааж шийдвэрлэсэн үйлчилгээний хөлсийг төлж барагдууллаа гэж ойлгосон. Тус компанийн 40,000,000 ам.доллар надаас нэхэмжилсэн нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Гэтэл Хоган Ловеллс Лий энд Лий компаниас гаргасан нэхэмжлэлд хавсаргасан гэрээнд хэргийн шийдвэрлэлттэй холбогдуулан үйлчилгээний хөлсийг тооцох талаар огт дурьдагдаагүй байгаа учраас надтай анх байгуулсан гэрээ биш байна гэж үзэж байна.

Тус Сингапур улс дахь хуулийн фирмийг надад зуучилж өгсөн Д.З нь уг фирмийг танилцуулахдаа болон уг фирм нь танилцуулгаа надад ирүүлэхдээ өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани юм. Хоган Ловеллс Лий энд Лий компани нь Англи болон Уэльс Улсад бүртгэгдсэн хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болох Хоган Ловеллс Интернэйшнл ХХН-ийн хамаарал бүхий этгээд гэж танилцуулгаа и-мэйлээр явуулсаны дагуу би Д.З гэгч гуравдагч этгээдээр зуучлуулан гэрээ байгуулсан.

Гэтэл тус хуулийн фирмийн гэрчилгээ нь хавтаст хэргийн 7-8 дугаар талд хягаарлагдмал хариуцлагатай хувийн компани гэсэн байна. Иргэн Б.Э******* миний бие нь Хоган Ловеллс Лий энд Лий гэсэн хязгаарагдмал хариуцлагатай хамтарсан компанитай гэрээ байгуулсан ба хувийн компанитай гэрээ байгуулаагүй зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

2.3. Нэхэмжлэгч талын хийсэн ажлын тохирсон хөлс буюу 105,000 ам.доллар болох монгол төгрөгөөр 370,000,000 орчим төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан 3 дугаар шатны ажлын хөлсийг нэхэмжилж байгаа бөгөөд манай зүгээс энэ шатны ажил огт хийгдээгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э*******ээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 427,475,905.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хоган Ловеллс Лии энд Лий ХХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 424,295,326.18 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,416.807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*******ээс 2,295,329.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хоган Ловеллс Лии энд Лий ХХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж дүгнээгүйн улмаас хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн тухайд;

Анхан шатны шүүх ...талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардсан нь үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь хэргийн баримтад тулгуурлагдсан үндэслэл бүхий болсон.

Харин шүүх ...хуульч Артур Азис, мөн мэргэшсэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй дадлагажигч Жулиа Кадуал, хуульчийн туслах Жошуа Аарон Ричмэн нарын ажилласан цагийн хөлс, задаргааны дагуу хөлсийг тооцон гаргуулах үндэслэлгүй... гэж, мөн гэрээт 5 хуульч нарын 1 цагийн үнэлгээг гэрээгээр тохиролцсон хөнгөлөгдсөн хэмжээгээр ...тооцон гаргуулах нь үндэслэлтэй... гэж тус тус дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэж байна.

Талууд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө буюу гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд нэхэмжлэгч нь хариуцагчийн Монгол Улс дахь хуулийн зөвлөхүүдтэй 2020 оны 07 дугаар сарын 27, 28, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус и-мэйлээр харилцаж, нэхэмжлэгч хуулийн фирмийн партнер, хуульч, хуульчийн туслах, дадлагажигч нарын 2020 оны стандарт үнэлгээ болон 12.5 хувийн хөнгөлөлт үзүүлж болох талаарх мэдээллийг бүрэн бөгөөд тодорхой байдлаар хүснэгтлэн илгээснийг нөгөө тал буюу хариуцагч хүлээн зөвшөөрснөөр гэрээг бичгээр байгуулсан.

Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээг байгуулах бэлтгэл үе шатаас эхлэн манай зүгээс ажил гүйцэтгэхийг зогсоох хүртэлх хугацаанд Б.Э******* нь өөрийн Монгол Улс дахь хуулийн зөвлөх болох өмгөөллийн Ди Би Энд Жи Ти Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал, партнеруудаар дамжуулан эсхүл тэдгээртэй хамт байхдаа видео дуудлага хийх зэргээр бидэнтэй харилцаж, гэрээний хэрэгжилт, нөхцлийн талаарх бүхий л мэдээллийг харилцан солилцож байсан.

Монгол Улс дахь хуулийн зөвлөх өмгөөллийн Ди Би Энд Жи Ти Эс ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан DB20-15 дугаартай Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний төлбөрөө бүрэн барагдуулсан талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж, энэ талаарх баримтуудаа хэрэгт хавсаргасан байдаг. Хэрэв манай хуулийн фирмтэй харилцахад хүндрэл гарсан эсхүл төөрөгдсөн, бидний хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тэрээр дотоодын зөвлөхүүддээ энэ талаараа мэдэгдэх байсан гэж ойлгож байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэрээр дотоодын зөвлөхүүдээрээ дамжуулан өөрийн хүсэл зориг, зохих зөвшөөрлүүдийг бидэнд олгож байсны дагуу бид Сингапур дахь ОУХТ-ын дэргэдэх Олон Улсын Арбитрын өмнө болон тухайн арбитрын ажиллагааны нэхэмжлэгч Ф******* ХХК, түүний өмгөөлөгч Олон улсын хуулийн фирм Клиффорд Чанс нартай харилцаж, улмаар түүний дотоодын зөвлөхүүдээс түүний өгсөн мэдээллийг авч, эргэн мэдээлэл өгөх байдлаар ажилласан байдаг.

Тодруулбал, 2020 оны 12 дугаар сараас хойш хийгдэх ажил, ажил гүйцэтгэх багийн талаар болон тэдгээрийн ажлын хөлсний үнэлгээ, 2021 оны 01 дүгээр сараас фирмийн стандарт үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөнгөлөгдсөн дүнд өөрчлөлт орж байгаа талаарх бүхий л мэдээллийг түүнд өгсөн. Ийнхүү мэдээлэл өгсний дагуу тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид бичгээр илгээсэн Захидал-даа ..(iii). Хоган Ловелсын Арбитрын шүүхтэй холбогдуулан гүйцэтгэсэн ажлаас нэхэмжлэх аливаа нэмэлт төлбөрийг Ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийн 14 дэх хэсэгт заасны дагуу төлөх болохоо мэдэгдэж байна... гэж өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний нөхцөл, бусад зардлуудын талаар маш сайн ойлгосны улмаас нэхэмжлэгчийг ажлаа үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг олгосон юм.

Б.Э******* нь гэрээний нөхцөлийг түүнд тайлбарлаагүй, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа агуулгаар хамгийн сүүлд гаргасан тайлбар, татгалзлаас үзвэл, тэрээр даган биелүүлэхээр тохиролцсон гэрээний үүргээс хожим нь үндэслэлгүйгээр мултрах гэсэн оролдлого төдий зүйл гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, Б.Э*******ээс нэхэмжлэгчид илгээсэн өр, төлбөрийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай бичгийг бид хүлээн авснаар арбитрын шүүх дээр үргэлжлүүлэн түүнийг төлөөлж ажилласан.

Түүнчлэн, гэрээний 2-т Лаурэнт, Кент Филлипс бид энэхүү маргаантай холбоотой асуудлыг бүрэн хариуцах партнерууд бөгөөд дотоод хамтын ажиллагаа болон маргаанд нэгдсэн чиг баримжаагаар ажиллах тал дээр бүрэн анхаарах болно. Бид Сингапур болон Парис дахь салбарт ажиллаж байгаа олон улсын арбитрын багаас шаардлагатай туслалцаа авч ажиллана. Олон улсын арбитрын багаас багаа бүрдүүлсний дараагаар аль болох багийн бүрэлдэхүүнийг таны зөвшөөрөлгүйгээр солихгүй байхыг эрмэлзэх болно. Танд үзүүлж буй үйлчилгээг хамгийн зардал багатай байлгахын тулд Лаурент бид 2 анхаарч ажиллана гэж Ажлын хариуцлага-ын талаар тусгасан.

Нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу түүнд үзүүлж буй үйлчилгээг хамгийн зардал багатай байлгахын тулд 2021 оны фирмийн стандарт үнэлгээг мөн хөнгөлөлттэй үнээр тооцуулсан. Түүнчлэн, гэрээнд тусгасан Benson Lim гэсэн өндөр үнэлгээтэй хуульчийн оронд хуульч Arthur Azis, , хуульч Sylvie Rugabira-ийн оронд дадлагажигч Julia Caudal нарыг багт оролцуулах нь үйлчлүүлэгчид илүү зардал бага гарахаар байсан тул энэ талаар мэдэгдэж, түүнээс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр зөвшөөрөл ирүүлсний дараагаар гэрээнд нэр нь тусгагдаагүй хуульч Arthur Azis, дадлагажигч Julia Caudal нарыг багт оруулж, ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээнд тусгагдсан стандарт үнэлгээнээс дээгүүр байдлаар ажлын хөлсийг тооцоогүй болно. Дадлагажигч нарын үнэлгээг ч анх имэйлээр илгээсэн үнэлгээ болох 425 ам.доллараас даруй хөнгөлөлттэй, бага дүнтэй байдлаар тооцуулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3, 6.1-д зааснаар манай төлбөрийн нэхэмжлэхэд мэргэжлийн ажлын хөлснөөс гадна фото хуулбарын төлбөр, татвар (хэрэв байгаа бол) болон улс хоорондын ярианы төлбөр, томилолтын зардал, гуравдагч этгээдтэй хамтран хийсэн хууль зүйн судалгааны хөлс зэрэг нэмэлт төлбөрүүд багтдаг талаар тусгасан.

Нэхэмжлэгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд Б.Э*******ийн хариуцагчаар оролцож байсан Олон Улсын Арбитр дах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний хууль ёсны эрх, ашгийг хамгаалах зорилго бүхий өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Ийнхүү өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн ажлын хөлснөөс гадна фото хуулбарын төлбөр, татвар (хэрэв байгаа бол) болон улс хоорондын ярианы төлбөр, томилолтын зардал, гуравдагч этгээдтэй хамтран хийсэн судалгааны хөлс зэрэг нэмэлт зардлууд гарах талаар түүнд дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ зардал гарсан тохиолдолд Төлбөрийн нэхэмжлэх-д тусган илгээх талаар Гэрээний 6.2-д тусгасан. Иймд бид түүнтэй гэрээгээр тохиролцоогүй төлбөр нэхэмжлээгүй болно. Мөн Гэрээний 6.2-д ...энэ тохиолдолд буюу аливаа гуравдагч этгээдийг оролцуулахаас өмнө танаас бичгээр зөвшөөрөл авах болно гэж тусгасны дагуу бид түүний 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр илгээсэн захидлын дагуу түүнээс гарах зардлыг бага байлгах үүднээс хуульч Arthur Azis, дадлагажигч Julia Caudal, Joshua Aaron Richman нарыг ажиллуулсан байдаг. Бидний бичгээр байгуулсан Гэрээнд 2 партнер, 3 хуульч ажиллах багийг тусгасан бөгөөд бид үйлчлүүлэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан, түүний эрх ашгийг дордуулахгүйгээр хамгийн бага зардлаар өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн гэрээнд заасан тохиролцооны дагуу тоог өөрчлөхгүйгээр 2 партнер, 2 хуульч, 2 дадлагажигч гэх байдлаар ажлыг гүйцэтгэсэн болно.

Түүнчлэн, гэрээний 6.3-т таны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр 1,000 ам.доллараас дээш хэмжээний дүнтэй шууд зардал гарахгүй болно гэсэн заалт нь нэхэмжлэгч хуулийн фирмийн дансанд үйлчлүүлэгч нарын зүгээс ажлын хөлсийг урьдчилан хийсэн тохиолдолд тухайн дансанд байрлах мөнгөнөөс шууд зардал гаргах тохиолдлын талаарх зохицуулалт юм.

Иймд Б.Э*******ийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах зорилгоор түүнтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг тэрээр өнгөрсөн хугацаанд бүрэн төлөх талаар илэрхийлж байсан бөгөөд гагцхүү санхүүгийн хүндрэлээс болж, төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг л бидэнд гаргаж байсан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэрээр өөрийн биеэр оролцож байх үедээ төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1, үйлчилгээний нөхцлийн 13 дах хэсэгт тус тус зааснаар тухайн гэрээний төлбөрийг америк доллараар төлөхөөр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу гэрээний 5.1.a. 5.1.b хэсэгт заасан төлбөрийн үүргийг хариуцагч нь америк доллараар бидэнд төлсөөр ирсэн. Иймд тус гэрээний төлбөр гүйцэтгэх валютыг талууд америк доллар гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний төлбөрөө ам.доллар байдлаар нь нэхэмжилсэн шаардлагыг гаргасан.

Гагцхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхой болгох зорилгоор нэхэмжлэлийн үнийн дүнг төгрөгөөр илэрхийлсэн болно. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гадаад валютаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шууд төгрөгөөр тодорхойлсныг эс зөвшөөрч байна. Мөн гэрээний дагуу хариуцагчийн төлбөр төлөх үүрэг үүсэх үеийг талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдөр болох 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн америк долларын төгрөгт харьцах ханшаар тодорхойлж, тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь, талууд гэрээний төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцоогүй бөгөөд гэрээний талууд л тухайн гэрээний төлбөр төлөх валютыг өөрчлөх учиртай. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний төлбөр төлөх үүргээ тухайн Гэрээ болон Төлбөрийн нэхэмжлэл-д тогтоосон хугацаанд төлөөгүй учраас уг үүргийг гүйцэтгэх үеийг нэхэмжлэгч талаас энэхүү үүргийг нь гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан үеийг үүрэг үүсэх үе гэж үзэж байна.

Иймд шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагчаас төгрөг буюу 427,475,905.82 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн, шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 150,038.4 ам.доллар гэж дүгнэн, тодорхойлсон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан дүн нь тухайн ам.долларын хэмжээнд хүрэхгүй юм.

Тодруулбал, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэгч Хоган Ловеллс Лии энд Лии ХХХК-ийн гаргасан хариуцагч Б.Э*******ээс Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр нийт 245,482.07 ам.доллар буюу /245,482.07х3,469.79 төгрөг/ 851,771,232 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.

Дээрхээс гадна, давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэх эрхийн хүрээнд анхан шатны шүүх ...Б.Э*******ээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 150,038.4 /34,387.5 + 33,989.4 + 86,661.5/ ам.долларыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Монголбанкны ханш болох 2,849.11 төгрөгөөр тооцож, нийт 427,475,905.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 424,295,326.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэсэн дүн нь 34,387.5 + 33,989.4 + 86,661.5= 155,038.4 ам.доллар болж байгааг болон шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ажил гүйцэтгэх гэрээний заалтыг баримталж, нэхэмжлэгчийн ам.доллараар тодорхойлон гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төгрөгт хөрвүүлэн өөрчилсөн байгааг мөн хянан үзэж, дүгнэж өгнө үү.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Д******* ХХН Монгол улс дахь хуулийн этгээд бөгөөд С******* компанитай хамтын ажиллагаатай. Монгол улс дахь хуулийн этгээдээр дамжуулан С******* компанитай танилцсан. Д******* ХХН-тэй зохих ёсоор хамааралтай 2 этгээд нэхэмжлэгч нарыг төлөөлж шүүхэд тайлбар өгч байна. Өөрөөр хэлбэл Б.Э******* гэх хүн Д******* ХХН-өөс хууль зүйн туслалцаа авсан. Д******* ХХН нь олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй Д.З гэх хүнээр дамжуулан арбитрын үйл ажиллагаанд оролцохоор болж, энэ хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, хариу тайлбар бэлдүүлж, бичгийн бүх нотлох баримтуудыг цуглуулан орчуулж, С******* компанид хүргүүлэхэд ажилласан хүмүүс. Д******* ХХН болон С******* компаниудад нэг агуулгаар хоёр төлбөр төлж явсан. Өөрөөр хэлбэл, Д******* ХХН болон С*******/H*******/ хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани нар нийлж Б.Э*******ээс үндэслэлгүйгээр хийгдээгүй ажлын төлбөр нэхэмжилж байна.

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт зориулсан үндэслэлүүдийн төслийг бэлтгэх гэсэн байна. Гэвч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хариу тайлбартай холбоотой хийсэн ажлуудаа 20-30 болгож бичсэн. Б.Э******* гэх хүн англи хэл мэдэхгүй. Д******* ХХН-өөр дамжуулан 105,000 ам.долларт гэрээний 5.1, 5.1.а, 5.1.b-д заасан ажлуудыг дүгнэнэ гэж заасан. Хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа үлдэх төлбөрийг төлнө гэдэг агуулгаар гэрээ байгуулсан.

5.2. Монгол хэл дээрх гэрээг орчуулж, Б.Э*******т танилцуулсан зүйл байхгүй. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Арбитрын шүүхээс гарсан шийдвэрийг үйлчлүүлэгчид тайлагнахад 2 цаг 50 минут зарцуулсан бөгөөд ажлын хөлсөнд 6,600,000 төгрөгийг нэхэмжилсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан. Гэтэл Арбитрын шүүхээс гарсан шийдвэрийг Б.Э******* огт мэдээгүй. Арбитрын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ф******* ХХК-ийн захирал н.Анхбаяр арбитрын төлбөрөө төлөөгүй бөгөөд Б.Э*******т ...та арбитрын хураамжийг төлөөд маргаанаа цааш нь үргэлжлүүлж болно. н.Анхбаяр төлөхгүй байна гэж хэлсэн байдаг. Тэр үед Б.Э******* ...арбитрын төлбөр төлөхгүй гэсэн байдаг. Ингээд н.Анхбаяр төлбөр төлөөгүй тул Б.Э*******ийн өргөдлийг буцаасан. Өөрөөр хэлбэл, маргааныг шийдвэрлээгүй. Үүнийг Д******* ХХН-ийн зүгээс тодорхой ажиллагаа явуулсан, ажлын үр дүн гэж хэлдэг. Энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд Сингапур улс дахь Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Олон улсын Арбитрын дүрэм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Гэрээний 5.1.b-д нэгдүгээр үе шат болох хариу тайлбарт зөвхөн 86,000,000 төгрөг өгсөн. Үүрэг үүсэх үеийн ханшаар нэхэмжлэлийг шийдвэрлэсэнг буруу гэж хэлэх боломжгүй. Гэрээний 5.1.а, 5.1.bд орсон, ажлын хөлсийг төлсөн ажлыг давхардуулж нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй тухайд;

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй атал анхан шатны шүүх ...хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт буюу хууль зүйн туслалцааг зохих хэмжээнд үзүүлсэн, зохих хэмжээний үр дүн гарсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, Нэхэмжлэгч нь хариуцагчаас 851,771,232 төгрөгний үйлчилгээний хөлс шаардаж, төлбөрийн нэхэмжлэх, түүнд хавсаргаж олон цаг ажилласан мэтээр, нэхэмжлэлийн үнийн дүнд тааруулан цагийн хүснэгт, цагийн задаргаа гэх баримтыг үйлдсэн байдаг.

Тухайлбал, захидал бичсэн, имэйл төсөл бэлдсэн, и-мэйл илгээсэн, жагсаалт, баримт бичгийн төсөл бэлдсэн, имэйл болон файлуудыг нэгтгэсэн, дүн шинжилгээ хийсэн, тэмдэглэл бэлтгэсэн, асуулт, баримт хүссэн жагсаалт шинэчилсэн, төслүүдийн талаар үйлчлүүлэгчтэй харилцсан, үйлчлүүлэгчтэй харилцахад бэлдсэн, танилцуулга бэлдсэн, баримт бичиг солилцсон гэх зэргээр жагсаалт үйлдсэн ч эдгээр ажлыг хэзээ, хаана, хэрхэн яаж гүйцэтгэсэн, гүйцэтгэл тус бүрт хэрхэн цаг хугацаа зарцуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэг анхан шатны шүүхэд 2 жил шахам болоход бичсэн захидал, илгээсэн имэйл, бэлдсэн баримт бичгийн төсөл, уулзалтын тэмдэглэл, танилцуулга зэрэг наад захын баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй, дээрх ажлыг хийж, гүйцэтгэсэн нь нотлогддоггүй.

Ганцхан жишээ дурьдахад, 2021.06.30-ны Арбитрын шүүхээс гарах шийдвэрийг хянаж, үйлчлүүлэгчид тайлагнасан /жагсаалтад дурьдсанаар/ гэх ажилд 2.50 цаг зарцуулсан гэх ба зөвхөн энэ ажлын хөлсөнд 2,295 ам доллар буюу 6,600,000 төгрөг нэхэмжилдэг. /1-p хх-44 тал/

Гэтэл бодит байдал дээр энэ ажил огт хийгдээгүй, арбитрын шийдвэрийг үйлчлүүлэгчдээ огт танилцуулаагүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Сингапур Улсын Арбитрын шийдвэрийг бид 2 жилийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд гаргаж өгөх үед нь анх танилцсан.

Дээрх шийдвэрт зааснаар ...нэхэмжлэгч тал /Ф******* Лтд/ арбитрын зардлын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг ба Хоган Ловеллс Лии энд Лий компани нь абритрын ажиллагаанд хэрхэн яаж оролцосон, үйлчлүүлэгчид Арбитрын шийдвэрийг ямар байдлаар танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, оролцооноос огт хамааралгүйгээр нэхэмжлэл буцаагдсан ба талуудын Арбитрын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгчийн ажлын үр дүн гараагүй, нэхэмжлэгчийн ямар ажиллагааны үр дүнд нэхэмжлэл буцаагдсан эсэх нь тодорхойгүй байх атал шүүх ...нэхэмжлэгч тал арбитрын маргаантай хэрэгт хариуцагчийн төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон тодорхой ажиллагаа явагдаж, улмаар тус хэргийг эцэслэн шийдвэрлээгүй ч нэхэмжлэлийг буцаалган шийдвэрлүүлсэн ажлын үр дүн зохих хэмжээнд гарсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6.2. Нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн тухайд;

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1 а-д зааснаар 1-р үе шатанд хийгдэх ажил; /1./ Хариу тайлбар өгөх хугацаа сунгах хүсэлт гаргах, /2./ 2020.09.17-ны өдрийн дотор хариу тайлбар бэлдэх ажлуудын тогтоосон нийт хөлс 30,000 ам доллар буюу 86,000,000 төгрөг,

Гэрээний 5.1 6-д зааснаар 2-р үе шатанд хийгдэх ажил; /1./ Хуралдааны талаар зөвлөгөө өгөх, /2/. Арбитрийн бүрэлдэхүүнийг томилох, /3./ Зохион байгуулалтын асуудлын талаар ОУХТ-тай холбогдох, /4./ Арбитрийн бүрэлдэхүүн болон Клиффорд Чанстай маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хэм хэмжээний талаар холбогдох, /5./ Урьдчилсан хуралдааны цагийн хуваарийн дагуу товлогдсон урьчилсан хуралдаанд бэлтгэх, оролцох, үндсэн нэхэмжлэл болон аливаа сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ажилуудын тогтоосон нийт хөлс 75,000 ам доллар буюу 215,000,000 төгрөг, гэрээний 1, 2 дугаар шатанд хийгдэх нийт ажлын хөлс 105,000 ам доллар буюу 301,000,000 байхаар тохиролцсож, уг төлбөрийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан.

Харин гэрээний 5.1 с-д зааснаар 3 дугаар үе шатанд хийгдэх ажил; /1./ Нотлох баримт цуглуулах,/2./ Гэрчээс мэдүүлэг авах, /3./ Тэдгээрийг шүүхэд гаргаж өгөх, /4./ Урьдчилсан хуралдаанд оролцох, /5./ 3-р шатны ажил эхлэхийн өмнө 2 дугаар шатны үр дүнг хэлэлцэж, арбитрын хуралдааны хэлэлцүүлэгт хамаарахгүй аливаа хөлсийг хариуцагчтай зөвшилцөж, тогтоохоор тохиролцсон.

Гэтэл дээрх ажлууд огт хийгдээгүй, гэрээний 3 дугаар шат руу орох нөхцөл бүрдээгүй ба цагийн хүснэгт, жагсаалтад дурьдсанаар хийгдсэн гэх ажлууд нь гэрээний 1, 2-р үе шатанд хийгдсэн, бүрэн хийгдэж дууссах байх ёстой, ажлын хөлс нь төлөгдсөн ажлуудыг 3-р шатанд хийсэн мэтээр шаардсан нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, ямар гэрчээс мэдүүлэг авсан, ямар нотлох баримт цуглуулж, Абритрын шүүхэд хэзээ гаргаж өгсөн, арбитрын урьдчилсан хуралдаан хэзээ хуралдсан, хуралдаанд хэрхэн оролцсон талаар нотолсон баримт болон 2-р үе шатны ажлыг дүгнэсэн акт байхгүй, 3-р үе шатны ажлын хөлсийг хариуцагчтай зөвшилцсөн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх атал анхан шатны шүүх ...ажлын хөлсөө нэхэмжлэгч тал шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цагийн задаргаа, хүснэгтэд дурьдсанаар хийгдсэн гэх ажлуудыг Монгол Улс дахь Өмгөөллийн Диби энд Жи Ти Эс ХХН урьдчилан бэлдэж, орчуулж, нэхэмжлэгчид хүргүүлдэг байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Эдгээр ажлууд нь гэрээний 1, 2 дугаар үе шатанд хийгдэж дууссан бөгөөд уг ажлын хөлсөнд хариуцагч нь Диби энд ЖиТиЭс ХХН-д 109,278,040 төгрөг төлсөн. Мөн Диби энд ЖиТиЭс ХХН-ийн хийсэнтэй ижил төрөл, ижил хэмжээний ажлын хөлсөнд нэхэмжлэгчид 301,000,000 төгрөг, нийт 410,218,040 төгрөг төлсөн.

Гэтэл нэхэмжлэгч нь огт хийж, гүйцэтгээгүй ажлын хөлсөнд 851,771,232 төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчид холбогдох Сингапур Улс дахь Арбитрын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгчийн ажлын үр дүн гаргаагүй байхад хариуцагчийг 1 тэрбум гаруй төгрөгний асуудалд оруулсан нь өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар нэхэмжлэгчид анх хандсан үеэс илүүтэйгээр түүний эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчиж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

6.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэргийн харьяалал зөрчсөн тухайд;

Гэрээний 9 дүгээр зүйлд талуудын маргааныг зохицуулах хууль нь Сингапур Улсын хууль байна гэж. Үйлчилгээний нөхцөлийн 54 дүгээр зүйлд зохицуулах хууль Сингапур Улсын хууль байх бөгөөд үйлчилгээний нөхцөлийн дагуу гаргасан аливаа төлбөрийн нэхэмжлэхүүд нь Сингапурын Олон Улсын Арбитрын Төвийн, Арбитрын дүрэмийг энэхүү Арбитрын тухай заалтад ишлэн тусгасан гэж үзэж, Сингапурын Олон Улсын Арбитрын Төвд хандаж, эцэслэн шийдвэрлүүлнэ. Арбитрын ажиллагаа явагдах газар нь Сингапур Улс, Абритрын ажиллагаа, явагдах хэл нь Англи хэл байна гэж тус тус заасан.

Талуудын хооронд үүссэн маргааныг Сингапур Улсын хуулийг хэрэглэн, Сингапур Улсын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд Сингапур Улсын Абритрын харьяалалтай маргааныг Монгол Улсын шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн ба энэхүү шийдвэр нь Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.3-т зааснаар хүчингүй болох учиртай.

Нэхэмжлэгч нь Сингапур Улсын Абритрын шүүхэд хариуцагчийг төлөөлж, Абритрын ажиллагаанд оролцсон гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж, түүнийг хариуцагч эс зөвшөөрч, маргаж байгаа тохиолдолд Үйлчилгээний нөхцлийн 54-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эсэхийг Сингапур Улсын Абритрын төвийн Арбитрын дүрэмд зааснаар тогтоох боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч Абритрын ажиллагаанд оролцсон эсэх нь тодорхойгүй, Арбитрын дүрэм хэрэгт авагдаагүй байхад шүүх Монгол Улсын хуулийг хэрэглэж, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 540 дүгээр зүйлийн 540.2, 549.1-т заасантай нийцээгүй.

Нэхэмжлэгч нь Сингапур Улсад үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани гэж нэхэмжлэлдээ тодорхойлдог боловч хязгаарлагдмал хариуцлагатай хувийн компани болох нь Компани байгуулагдсаныг баталгаажуулах бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. /1-р хх-8/

Бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр нэхэмжлэгч нь 1 үүсгэн байгуулагчтай, 1 хувьцаа эзэмшигчтэй, хувийн компани байх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч, шүүхэд нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох эрхтэй этгээдийг анхан шатны шүүх зөв тодорхойлолгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу болсон.

Нэхэмжлэгч нь анх 2022.10.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид 4,272,450 төгрөг төлсөн байдаг бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч нь 2022.11.04-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид 49,502 төгрөг төлж, 2022.10.07-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 4,272,450 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлснийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 65 дугаар зүйлийн 65.1.11, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 2022.10.07-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамид төлсөн 4,272,450 төгрөгийг 2022.11.04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлсөн гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн парктикт шүүхэд дахин нэхэмжлэл гаргах бол Улсын тэмдэгтийн хураамжийг шинээр төлөхийг шаарддаг.

Гэтэл шүүх бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуульд нийцээгүй, хэргийн оролцогчдын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Үйлчилгээний нөхцөлийн 14-т /1-р хх52-60/ зааснаар төлбөрийн нэхэмжлэх ирүүлэх талаар харилцан тохиролцоогүй бол сар бүрийн 22-ны өдөр төлбөрийн нэхэмжлэх илгээнэ гэж, 17-т төлбөрийн нэхэмжлэх хүлээж авснаас хойш 1 сараас дээш хугацаа өнгөрвөл цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзана, энэ тохиолдолд тухайн өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилнэ гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч сар бүрийн 22-ны өдрийн дотор нэхэмжлэх илгээх үүргээ зөрчиж, 3 сарын дараа төлбөрийн нэхэмжлэх илгээсний улмаас хариуцагч ажлын хөлсний талаар бүрэн ойлгоогүй төөрөгдсөн байдаг. Хэрэв нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүрт нь илгээсэн бол хариуцагч үйлчилгээний хөлсийг цагаар тооцож байгаа талаар эрт мэдэх, гэрээг цуцлах хүртэл эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Мөн хариуцагч төлбөрийн чадваргүй, төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн ч төлбөр төлөгдөөгүй, цаашид ч төлөгдөхгүй болохыг мэдсээр байж нэхэмжлэгч нь гэрээний 17-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчаас үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр гаргуулах зорилготой байсан нь тодорхой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.15-ны өдрийн 184/ШШ2024/01998 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг шаарддаг. Нэхэмжлэгч хуулийн фирм, хариуцагчийн өмнөөс Сингапур улс дахь Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Олон улсын Арбитрт явагдаж байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож 4 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Б.Э*******тэй бид нар харилцаа холбоотой байсан бөгөөд тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлдэг байсан. Энэ талаар бид давж заалдах гомдолдоо тайлбарласан тул нэмж дурдах шаардлагагүй гэж үзэж байна.

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу тухайн үед гарсан өр төлбөр, цаашид гарах өр төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэрээг хэрэгжүүлж байх явцад буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захидал ирүүлсэн бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дугаар талд авагдсан. Үүнээс хойш Б.Э******* 2022 оны 01 дүгээр сарын дундуур өмгөөллийн Д******* ХХН-тэй уулзаж ...хэрэгжүүлж байгаа төсөл маань удахгүй Засгийн газраас дэмжигдэх гэж байгаа, энэ хүртэл хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг гаргасны хүчинд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаасанд баярласан гэж хэлж байсан. Өмнө нь Б.Э*******ийн төлбөр төлөх хугацаа хойшилж байсан тул төлбөр төлөх хугацааг нь хойшлуулж байсан. Шүүхэд хандсаны дараа 1 хавтас хэргийн 78-80, 93, 98-99, 103, 111-114, 120 дугаар талд авагдсан баримтуудаас харвал Б.Э******* нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ болон гэрээний төлбөрийг татгалзах талаар тайлбар өгч байгаагүй. Зөвхөн төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү, үнийн дүнг багасгаж өгнө үү гэдэг байдлаар тайлбар гаргадаг байсан. Нэхэмжлэгч өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг нотолж, хариуцагч болон түүний Монгол улс дахь өмгөөлөгч нарт байнгын мэдээлэл өгч, харилцаа холбоотой байсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн жагсаалтад тусгагдсан Арбитрын шүүхээс гарах шийдвэрийг хянаж, бусад хувилбаруудыг зөвшилцөж, холбогдож байсан талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 187-189 дүгээр талд авагдсан. Шүүх хуралдаан хойшлуулах, хариу тайлбар гаргах хугацаа хойшлуулахтай холбоотой арбитраас гарсан тухайн үеийн захирамж, шийдвэрүүдийг танилцуулж байсан. 2023 оны 09 дүгээр сард танилцсан гэх шийдвэр нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн огноотой шийдвэр байсан. Тиймээс энэ талаарх гомдол үндэслэлгүй. 

7.2. Мөн нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, оролцоогүй нэхэмжлэл буцаагдсан гэж мэргэжлийн бус, ёс зүйгүй тайлбарыг хариуцагч тал гаргадаг. 1 дүгээр хавтаст хэргийн 20-44 дүгээр талд авагдсан төлбөрийн нэхэмжлэл, тухайн ажлыг хариуцаж ажиллаж байсан партнерийн бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.Э*******ийн өнгөрсөн хугацаанд бичгээр гаргасан тайлбар болон хүсэлт зэргээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын дагуу тухайн нэхэмжлэл буцаагдсан. Учир нь Ф******* ХХК нь Б.Э*******т холбогдуулан 40,000,000 ам.доллар буюу 140,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлтэй холбоотойгоор Олон улсад нэр хүнд бүхий хуулийн фирмийг хөлсөлж авсан. Эдгээртэй холбоотой маш их төлбөр гарч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар үндэслэлгүй тохиолдолд бүх зардлыг нэхэмжлэгч төлнө гэдэг байдлаар хүсэлтүүдийг тавьж бэлтгэж байсан. 

Түүнчлэн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ажлын үр дүн яригдана. Хөлсөөр ажиллах гэрээний хувьд бид нар Б.Э*******ийн өмнөөс түүний эрх ашгийг хамгаалан ажилласан. 

7.3. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж байна. Арбитр болон шүүхийн маргаан ямар хугацаанд шийдвэрлэгдэж дуусах нь тодорхой бус байдаг тул талууд анхнаасаа гэрээнд заасны дагуу ажлаа гурав хуваахдаа хугацаа зааж өгсөн. Гэрээний 5.1.а, 5.1.b-д 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдэх ажил. 5.1.с-д заасан ажлууд дээр дурдсан хугацаанд хамаарч байгаа бөгөөд эдгээр ажлуудтай хамаарч дараа дараагийн ажлуудыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийнэ. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажлуудыг хийж эхлэхээсээ өмнө танилцуулсан гэдгийг гомдолдоо дурдсан. 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Сингапур улс дахь Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Олон улсын арбитрт хандаж шийдвэрлүүлнэ гэсэн. Учир нь Б.Э******* өөрөө энэхүү маргааныг Монгол улсын шүүхийн онцгой бус харьяалал гэж бидэнд мэдэгдсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. 

7.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 541 дүгээр зүйл, 549 дүгээр зүйлийн 549.1 дэх заалтыг зөрчөөгүй. Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.2 дахь хэсэгт гэрээний талууд гэрээ байгуулсны дараа тухайн гэрээгээр харилцах асуудлаар харилцан тохиролцож, өөрчилж болно гэж заасан байдаг тул хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу тус улсын шүүхээр шийдвэрлүүлсэн нь буруу биш. 

7.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд өмгөөлөгч авахаасаа өмнө хариуцагч 1 удаа бичгээр хариу тайлбар гаргасан. Сүүлд Б.Э******* ийм хариу тайлбар гаргахыг хүсээгүй гээд хариу тайлбараа буцаан авч, шинжээч томилуулах хүсэлтүүдээсээ татгалзсан. Үүнээс өөрөөр хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүний үндэслэлээ бичгээр хариу тайлбар гаргадаггүй. Удаа дараа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Мөн Б.Э******* гэрээнд гарын үсэг зураагүй гэх үүднээс шинжээч томилуулах  хүсэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Б.Э*******ийн гарын үсэг мөн гэх дүгнэлт гарсан. Үүнээс харахад хэрэгт авагдсан бүх баримт дээрх гарын үсэг Б.Э*******ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсоноор хариуцагчийн хүсэл зориг хүчин төгөлдөр болсон. С******* компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хувийн болон хамтарсан гэж орчуулгын үгийн алдаа гарсан байсан. Сингапур улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани тул Сингапур улсын элчин сайдын яамаар дамжуулан тухайн компанитай холбоотой бүх эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгт хавсаргасан. Үүний дагуу бид нар хуульд заасан эрхийнхээ дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчи юм. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. 

7.6. Бид 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус хүлээж авахаас татгалзсан нэхэмжлэлийг зөвтгөж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст төлсөн 4,272,450 төгрөгийг буцаан аваагүй бөгөөд татварын хэлтсээс тодорхойлолт авч, тухайн үеийн ханшаар 49,500 төгрөг төлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжид анх төлөгдсөн дүн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн дансанд байгаа. Бид нар улсын тэмдэгтийн хураамжаа буцааж аваагүй. Тиймээс шүүх процессын алдаа гаргаж, хуулийг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч С******* /H*******/ компани нь хариуцагч Б.Э*******т холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 245,482.07 ам.доллар буюу 851,771,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч Б.Э******* болон нэхэмжлэгч Хоган Ловеллс Лии энд Лий компанийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч тал Олон улсын худалдааны төвийн Арбитрын 25471/HTG/ дугаартай Ф ЛТД-ийн нэхэмжлэлтэй Бульданийн Э*******т холбогдох ажиллагаанд тус арбитрын ажиллагаа эхэлснээс шийдвэр гарах хүртэл ажиллагаанд түүнийг төлөөлөн маргаантай холбоотой бүхий л асуудлыг хариуцан ажиллан зөвлөгөө өгөхөөр, хариуцагч Б.Э******* хөлсийг 2020 оны 07 дугаар сарын 27, 28 ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд и-мэйлийн дагуу төлөхөөр тохиролцоод, 1 дүгээр шатанд хариу тайлбар өгөх хугацаа сунгах хүсэлт гаргах, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хариу тайлбар бэлдэхэд 30,000 ам.долларын хөлс төлөхөөр, 2 дугаар шатанд худалдааны зөвлөгөө өгөх, Арбитрын бүрэлдэхүүнийг томилох болон бусад зохион байгуулалтын асуудлаар Олон улсын Худалдааны төвтэй холбогдох, арбитрын бүрэлдэхүүн болон Клиффорд Чанстай маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хэм хэмжээний талаар холбогдох, урьдчилсан хуралдааны цагийн хуваарийн дагуу товлогдсон урьдчилсан хуралдаанд бэлтгэх, оролцох, 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хийх эдгээр ажлын хувьд үндсэн нэхэмжлэл болон аливаа сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар арын 27-ны өдрийн и-мэйлд нарийвчлан тусгасны дагуу тогтоосон хөлс 75,000 ам.долларын хөлс төлөхөөр, 3 дугаар шатанд хариу тайлбар, нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авах, тэдгээрийг шүүхэд гаргаж өгөх, урьдчилсан хуралдаад оролцох, энэ үе шатанд 2 дугаар шатны үр дүнг хэлэлцэх, 3 дугаар шатны ажил эхлэхийн өмнө арбитрын хуралдааны хэлэлцүүлэгт хамаарахгүй аливаа үйлчилгээний хөлсийг зөвшилцөн төлөхөөр тохиролцжээ./1 хх 14-19, 206-209/

Тус гэрээний дагуу зохигч талууд 1 дүгээр шатанд төлөхөөр тохиролцсон 30,000 ам.долларын, 2 дугаар шатанд төлөхөөр тохиролцсон 75,000 ам.долларын хөлс тус тус төлөгдсөн, нийт 105,000 ам.доллар төлөгдсөн гэх үйл баримтын талаар маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4. Нэхэмжлэгч С******* /H*******/ хязгаарлагдмал хариуцлагатай хувийн /хамтарсан/ компани нь нэхэмжлэлд гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хавсаргасан байна.

5. Хариуцагч нь 3 дугаар шатанд үзүүлэх үйлчилгээний цагийн хөлсний үлдэгдлийн талаар ажил хийгдсэн эсэхэд маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тодруулах байжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу ямар ажил хэрхэн, хэзээ гүйцэтгэсэн, энэ талаар хариуцагч буюу үйлчлүүлэгчид хэрхэн мэдэгдсэн талаар тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгч талаас хийсэн ажлыг жагсааж бичсэн байх бөгөөд уг жагсаалтад дурдсан ажиллагааг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээний дагуу ажил гүйцэтгэснийг нотлох үүрэг нэхэмжлэгч талд хуваарилагдана. Энэ талаар анхан шатны шүүх тодруулалгүйгээр жагсаалт үндэслэн тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

6. Нэхэмжлэгч талын тайлбарт тусгагдсан, хэргийн 45-46 дахь талд авагдсан, имэйлээр илгээв гэсэн тэмдэглэлтэй, хариуцагч Б.Э*******ийн гарын үсэг бүхий баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болох эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх, боломжгүй бол үзлэг хийлгүүлсэн байх шаардлагад нийцээгүй хуулбар байдлаар авагдсан. Түүнээс гадна хэргийн 120-123 дахь талд авагдсан хариуцагч Б.Э*******ийн гарын үсэг бүхий баримт нь мөн дээр дурдсан хуулийн шаардлагад нийцээгүй хуулбар баримт байна.

Эдгээр баримтуудыг шүүх хүлээн авсан атлаа нотлох баримтын шаардлага хангуулаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болох шаардлага хангаагүй гэж үзэж буй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагаг хийгээгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчил гаргасан, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/01998 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,279,430 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,295,330 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА