Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 49

 

М.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 853 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалтай, М.Т-т холбогдох 1909001730286 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 2, ***, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт М-н Т- /РД:***/.

М.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” авто машин угаалгын газарт хохирогч Н.Б-ыг бусадтай маргалдлаа хэмээн нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Я.Баатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүхийн магадлалд “... гэрч Б.Н-, Б.Б-, Г.Н- нарын мэдүүлэг нь хохирогч Н.Б-, гэрч Г.Э-, Г.Г-, Д- нарын мэдүүлгийг няцааж чадахгүй байх тул ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв” гэж бичсэн шүүх бүрэлдэхүүний дүгнэлт дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлэг хохирогч Н.Б- түүний талын хүмүүсийн мэдүүлгийг яагаад няцааж чадахгүй байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой .... байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

Харин өмгөөлөгчөөс гэрч Б.Н-, Б-, Г.Н- нарын мэдүүлэг нь яллагдагч М.Т- хохирогч Н.Б- нартай ашиг сонирхлын зөрчилгүй учир хохирогч Н.Б-ын эхнэр Г.Э-, түүний дүү Г.Г- нараас илүүтэй нөлөөнд авталгүй үнэн зөв мэдүүлсэн байх... үндэслэлтэй тул няцааж үгүйсгэх чадвартай гэж үзэж байна. Мөн гэрч Б.Н-, Б.Б-, Г.Н- нар бол хэрэг учралын үед бүх үйлдлийг нүдээр үзэж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрсэн шууд нотлох баримтын эх сурвалж тул хүнээс сонсож дам мэдээлэлтэй гэрч Н.Д-, Ганбагана нарын мэдүүлгийг няцааж чадах үндэслэлтэй юм.

Хохирогч Н.Б-ын мэдүүлэг эргэлзээтэй гэдгийг хэрэг учрал болох үед дуудлагаар ирсэн цагдаа нарт гэмтэж гэдгээ хэлээгүй, 3-4 хоногийн дараа цагдаад гомдол гаргасан, мөн түүний нүүрэн дээр ил байгаа гэмтлийг цагдаа нар хараагүй өнгөрсөн байх боломжгүй, 2019 онд эхнэр Г.Э- нь түүнийг гэмтээж шүүхээр шийтгүүлсэн, шүүх дуудсаар байхад биеэр оролцолгүй хаа байгаа нь мэдэгдэхгүй алга болсон, учирсан хохирлоо шүүхэд өөрөө нотлоогүй зайлсхийсэн тул нэхэмжлэлийг нь авч үзээгүй орхисон, мэдүүлэг зэрэг байдал нь давхар давхар батлаж байгаа юм. Хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан гэрч Б.Н-ы мэдүүлгийг “... маргааш нь Н.Б- ажил дээрээ ирсэн. Тэгэхэд нүүр нь хөхөрч хавдаагүй зүгээр байсан” гэж цалингаа авах гэж ирсэн Н.Б-ын үнэн төрхийг хэлсэн байдаг. Гэрч Б.Н-ы “... М.Т- ах Н.Б- дээр очоод тэндээс гаргах гэж байгаад давхарладаад унасан” гэх мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх үзэж үнэн зөв мэдүүлэг өгөөгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Б.Н-ы дээрх мэдүүлэг нь М.Т- тухайн үед Н.Б-ыг цохисон гэмтээсэн үйлдэлд ач холбогдолгүй, яагаад гэвэл давхарлаж унахад хохирогч М.Б-ын биед гэмтэл үүсэх боломжгүй гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтэнд “...Н.Б-ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ” гэж бичсэнээр үгүйсгэгдэж байгаа юм.

Харин Б.Н-ы “М.Т-, Н.Б-ын нүүр лүү цохиогүй...” гэсэн мэдүүлэг нь гэрч Б.Б-, Г.Н- нарын мэдүүлгээр давхар нотлогдож хэрэгт ач холбогдол, хамааралтай тул шүүхийн дүгнэлт Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “... шүүх тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн заалтанд харшилж, гэрч Б.Н-ы мэдүүлгийг бүхэлд нь үнэлж үзээгүй өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Хохирогч Н.Б- 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цагдаад өгсөн өргөдөлдөө “...нөхөр нь ирж намайг зодож шүдийг минь гэмтээж унагаасан тул М.Т-т гомдолтой” гэж бичжээ. Н.Б-ын өргөдөлд байгаа “... шүд унасан” гэсэн гомдол шүүх эмнэлгийн 969 дүгээр дүгнэлтэнд байгаа “... Н.Б-ын зүүн дээд 3 дугаар шүд хөдөлгөөнд орсон’’ гэсэн дүгнэлттэй зөрж байна. Өөрөөр хэлбэл хүний хөдөлгөөнд орсон шүд “унана” гэж байхгүй бөгөөд гэмтсэн 3 дугаар шүдний эмчилгээний зардал гэж Н.Б- ерөөсөө нэхэмжлээгүй зөвхөн хиймэл 4 шүдний үнэ 1,400,000 төгрөг гаргуулж өгөхийг шаардсан байдаг. Ийм учраас шүүх Н.Б-ын нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийг гэмтсэн шүдтэй холбоогүй гэж үзээд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон билээ.

Иймд шүүх өмгөөлөгчийн гомдлыг дээрх үндэслэлээр хянан үзэж М.Т-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Т- 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Н.Б-ын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Энэ хэрэгт гэрч, хохирогч, яллагдагч нийт 9 хүн мэдүүлэг өгсөн бөгөөд хоорондоо зөрүүтэй хэдий ч шинжээчийн дүгнэлт болон хохирогч Н.Б-, гэрч Г.Э-, Н.Д- нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан мэдүүлгээр давхар нотлогдсон.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Т-ийг 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд шийтгэх тогтоол 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэж байна.

Харин шүүгдэгчийн үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй” гэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатарын гаргасан гомдлыг үндэслэн М.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 Прокуророос М.Т-ийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” авто машин угаалгын газарт хохирогч Н.Б-ыг “бусадтай маргалдлаа” хэмээн нүүрэн тус газар нь мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхтүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 Хоёр шатны шүүх болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоог тогтоогдсон гэж үзэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

 Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Н.Б-ын эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь М.Т-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыгхөдөлбөргүй тогтоогдоогүй, уг гэмтлийг өөр бусад хүн учруулсан, эсхүл өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зэргээс үзэхэд тухайн гэмтлийг гарцаагүй М.Т- учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхад шүүх гэм буруутай гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

 Тодорхой үйл баримтын талаар өөр, өөр зүйлийг мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг нэгэн ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус харин бодит үнэнийг таньж олох, тогтооход ашигладаг эрх зүйн болон логик дүгнэлтэнд үндэслэсэн дотоод итгэлээр үнэлэх ёстой байдаг.

 Шүүх, М.Т-т зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх Н.Б- болон түүний эхнэр Г.Э-, түүнчлэн тухайн цаг хугацаанд маргаан болсон газар байгаагүй хадам дүү Г.Ганбаганы дамжмал мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг илэрхийлсэн, үнэн зөв баримт гэж дүгнэхдээ, эдгээр хүмүүсийн нэгдмэл ашиг сонирхолтой нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй атлаа, болсон үйл явдал, хэрэг маргаан болсон газар, цаг хугацаанд хамт байсан тул түүний шалтгаан, эхлэл, өрнөлийн талаар шууд гэрчлэхдээ өөр зүйлийг мэдүүлсэн буюу Н.Б- нь өөрөө согтуугаар Б.Б-тэй хэрүүл маргаан өдүүлж, түүнийг цохиж, мөргөсөн гэх, мөн түүнчлэн Н.Б-ыг цохиж зодоогүй, харин бусадтай дахин дахин маргаан, зодоон үүсгээд байхад нь түүнийг салгаж болиулсан, түүнд гэмт учруулах үйлдэл хийгээгүй гэх М.Т-ийн мэдүүлэг, түүнтэй ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн гэрч Б.Н-, Б.Б-, Г.Н- нарын цөөнгүй нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ дээрх 3 мэдүүлгийг няцааж, эх сурвалжаа зааж чадаагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 Согтуугаар бусадтай маргалдан удаа дараа зодоон үүсгэж, бусдыг мөргөх үед өөрийн нүүр, духандаа гэмтэл учруулсан байж болох, эсхүл түүний бусадтай хийж байсан маргааныг салгах явцдаа М.Т- дээрх гэмтлийг учруулсан байж болох, эсхүл тухайн маргаан болсон цаг хугацаанаас хойш өөр газар орон зайд мөн бусадтай маргалдаж уг гэмтлийг авсан байж болзошгүй зэрэг хэрэгт авагдсан өөр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүргийг хангаагүй, яллах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хангалттай байдал хангагдаж байгааг харуулах үүднээс гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг М.Т-ийн гэм буруутай үйлдлийг нотолж байгаа нотлох баримт хэмээн дурдаж, мөн гэрч Н.Д-гийн мэдүүлгээс “...маргааныг М.Т-, Г.Н-, Б.Н- нар салгаж байсан. ...Н.Б-ыг зодуулж байхыг хараагүй.” гэх М.Т- гэм буруутай үйлдэл хийснийг үгүйгэсэн хэсгийг орхигдуулж, харин “... цагдаад М.Т-, Н.Б- гэх залуутай маргалдаж зодолдоогүй гээд мэдүүлэг өгөөдхөөчээ гэсэн.” гэсэн хэсгийг хэсэгчлэн авч түүнийг яллах нотлох баримт гэж үнэлсэн зэрэг нь шүүн таслах ажиллагаа хууль ёсны явагдах шаардлагыг хангаагүй, шүүх зөвхөн яллах талын баримтыг үнэлж, мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоогоогүй гэх өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй болохыг харуулж байна.           

 Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтууд чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг болно.

 Мөн энэхүү зорилтын үүднээс хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэгдэх ёстой болохыг анхаарч уг ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л  нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нийтлэг үндэслэлийг баримтлах чиг үүргийг шүүх хүлээдэг.

 Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, М.Т-ийн үйлдлийн улмаас Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.

 Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, М.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатарын гаргасан “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 853 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр М.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН