Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 546

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багт оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай эрэгтэй, регистрийн дугаар ОЕ69122616, Алтан овогт Чийбаатарын  Цэрэнчимэдийн,

     Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ч.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 47 настай. Би Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 16 настайгаасаа буюу 1986 оны 1 дүгээр сараас эхлэн илгээлтээр малчин болж 1988 оны 9 дүгээр сар хүртэл хонь маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан С.Удвал, Д.Мижиддорж нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ч.Цэрэнчимэд нь 1986 оноос 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чийбаатарын  Цэрэнчимэдийн 1986 оноос 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Удвал, Д.Мижиддорж нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Удвалын “Миний бие нь 1978 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын 10-н жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан. Ч.Цэрэнчимэд нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж аав Ц.Чийбаатарын хамт Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллах болсон. Тухайн үед Ч.Цэрэнчимэд нь сурлага сайтай хүүхэд байсан ба түүнийг илгээлтээр малчин болоход нь Давшилт нэгдлээс урамшуулж даага өгч байсан. Ч.Цэрэнчимэдийн аав Чийбаатар нь сумын сайн малчин байсан ба хүүхдүүдийн амралтаар манай сургуулийн багш, ажилчид тэднийд очиж мал төллүүлэх, ямаа самнах зэрэг хаврын ажилд нь тусалж, намар хадлан хадах, бэлтгэх, малын буурь бууц, хашаа хороо янзлахад нь тусалдаг байсан. Тэгэхэд Ч.Цэрэнчимэд нь аав, ээжийнхээ дэргэд мал маллаж байсан. Ч.Цэрэнчимэд нь тус нэгдэлд 1988 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд явсан. Ч.Цэрэнчимэд нь цэргийн албанаас халагдаж ирээд Давшилт нэгдэлд мал маллаж байсан ба одоо ч хөдөө мал маллаж амьдардаг. Тухайн үед тус нэгдлийн даргаар Батмөнх, Сүхбаатар, Памаж, Сэртээ, Баянмөнх гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Мижиддоржийн “Миний бие нь 1980 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Цэрэнчимэд нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж аав Ц.Чийбаатарын хамт Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллах болсон. Тухайн үед Ч.Цэрэнчимэд нь бид хоёр 1 дүгээр бригад буюу Даланбулаг бригадад хамт нэгдлийн мал маллаж байсан. Ч.Цэрэнчимэд нь 1988 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд явсан. Ч.Цэрэнчимэд нь цэргийн албанаас халагдаж ирээд Давшилт нэгдэлд үргэлжлүүлэн мал маллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Ч.Цэрэнчимэд нь 1986 оноос 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч С.Удвал, Д.Мижиддорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

     Иймд нэхэмжлэгч Ч.Цэрэнчимэдийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оноос 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 2 жил 9 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

   Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.            

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Алтан овогт Чийбаатарын  Цэрэнчимэдийн 1986 оноос 1988 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ч.Цэрэнчимэдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ