Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн 1938002530169 дугаартай хэргийг  2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.О-, 

Шүүгдэгч Г.О- нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө ХХ аймгийн Х сумын Х тоотод  иргэн Ч.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ                   2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө ХХ аймгийн Х сумын Х тоотод  иргэн Ч.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулын салстад шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөгний гадна өнцөг, зүүн алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны                    3 дугаар сарын 19-ны шөнө 12 цаг өнгөрч байсан. Хүү бид хоёр унтах гээд орондоо ороод хэвтэж байхад хүргэн болох Г.О-э ирээд хаалга нүдээд “би эрүүл байна, үүдээ” гэхээр нь би хаалгаа онгойлгож өгсөн. Орж ирээд манай гэрийн баруун талын орны тэнд сууж байсанаа намайг босч ирээд “миний хажууд суу” гэхээр нь би “хүйтэн байна, би босч чадахгүй, хэлэх юм байвал наанаасаа хэл” гэж хэлэхэд Г.О-э өөрөө миний орны хажууд ирж суугаад “би долоон овоогоо тахиж яваад ирлээ, хань ижлээ үзүүлэхэд сайхан хүүхэн байна гэсэн, намайг ууртай омогтой хүн байна” гэж хэлж байна” гээд миний нүүр лүү шууд цохиод авсан. Тэгэхэд миний хамрын цус гоожоод алган дээрээ дусаж байхад Г.О-э намайг “босч гоожуурт очиж угаа” гэж хэлээд би очиж угаасан. Буцаж очоод ярьж сууж байхад дахиад хамар луу 2 удаа, толгой руу 1 удаа, эрүү лүү 1 удаа цохисон. Үүднээс хоймор хүртэл миний үсийг гараараа ороож байгаад чирээд нүүр лүү маань өвдөглөсөн. Би цагдаа дуудах гэсэн боловч утсыг маань булааж аваад халаасандаа хийсэн. Тэгээд би “бие засъя” гэж хэлээд...хар хурдаараа гараад зүүн хашааны үүдэнд байсан машин дээр очоод “амь авраарай” гэж хэлээд машинд нь шууд гүйж орсон...Тэгээд цагдаа Г.О-ийг авч явсан... Одоо би ямар нэгэн гомдол, саналгүй болсон. Учир нь Г.О-этэй эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Насанд хүрээгүй гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тэр шөнө унтаж байсан чинь ээж орилоод байхаар нь сэрсэн чинь Отгоо ах
ээжийг цохиод байсан. Тэгээд үснээс нь зулгаасан, нүүр лүү нь өвдөглөөд байсан.
Тэгээд би айгаад уйлсан. Тэгсэн чинь ээж гараад цагдаа дуудах гээд явсан. Тэгээд зэжийг ирэхгүй байхаар Отгоо ахтай хамт ээж дээр очих гээд гарсан. Тэгээд гудамжинд явж байгаад буцаад ирсэн чинь ээж цагдаа ахтай ирсэн байсан. Тэгээд Отгоо ахыг
бариулаад явуулсан...Отгоо ах тухайн үед ээжийн хамар луу нь хоёр удаа цохисон. ...Тэгээд өөр яасныг нь хараагүй. Би айгаад уйлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 3 дугаар 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 24 цагаар жижүүрийн туслахаар гарч байсан. Тэгээд 02 цагийн орчимд ажил дээр байж байтал нэг эмэгтэй хүн “дуудлага өгөх гэсэн юм, манай хүргэн намайг зодоод агсам тавиад байна” гээд ирсэн. Тэгээд би тэр хүнийг харахад айж сандарсан байдалтай, үс толгой нь сэгсийсэн байдалтай байсан. Тэгээд би жолоочийн хамт тэр хаяган дээр нь очсон чинь хүн байхгүй байсан...Тэгээд гараад явах гэж байтал нэг залуу хүүхэд дагуулсаар ирж байсан. Тэгээд тэр согтуу залууг аваад явах гэтэл тэр залуу “би хүн дээрэлхэж зодсон юм байхгүй, би явахгүй” гэх мэтээр ярьж байсан...Тухайн үед машинд суулгаж аваад эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн...Тэр айлд ороход гэр орныг нь буулгаад хаясан байсан. Ширээ сандал эвдэрч хэмхэрсэн, хамаг юм хөдөлсөн байдалтай байсан. Шалан дээр галын урд орчимд цус болсон зүйл харагдаж байсан. Түүнээс үзвэл зодсон байж болзошгүй харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би дэд ахлагч Энхбаатарын хамт 5 дугаар багийн 02-16 тоотод очиход хүн байхгүй байсан. Тэгээд гараад гудамжинд хартал нэг залуу хүүхэд дагуулсаар ирж байсан: Тэгээд тэр соггуу залууг аваад явах гэтэл тэр залуу “би эхнэрээ аваад явна” гэж орилоод байсан. Тэгээд бид нар тэр залууг машинд суулгаад аваад эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн...Би зодож цохисон талаар уулзаж хараагүй учир сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

Шүүгдэгч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хадам ээж Ч.Б-ыгаа зодож, түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Хадам ээж Ч.Б-аасаа уучлалт гуйсан. Эмчилгээнд гарсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        3 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаартай: Ч.Б-ы биед тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулын салстад шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөгний гадна өнцөг, зүүн алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ч.Б-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/,зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Шүүгдэгч Г.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ                   2019 оны 3 дугаар сарын 19-ний шөнө ХХ аймгийн Х сумын Х тоотод  иргэн Ч.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулын салстад шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөгний гадна өнцөг, зүүн алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.   

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Г.О-эс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-д олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн 1938002530169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халиучин овогт Гиймаагийн Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.О-эс эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч ХХ аймгийн Х сумын - тоотод оршин суух - овогт Ч.Б- /-/-д олгосугай.

5. Эрүүгийн 1938002530169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР