Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 547

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Овоотын 7-9 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ61082616, Боржигон овогт Тоохүүгийн Баярдаваагийн, 

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Т.Баярдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1985 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тушаалаар цэвэрлэх байгууламжийн насосны станцын  мастераар ажилд орсон. Дараа нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс сантехникийн слесарь, халаалтын зуухны механикаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цэвэрлэх байгууламжийн хлорын операторчноор тус тус ажиллаж байсан. 1985-1991 оны хоорондох ажилласан хугацааны Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын цалингийн баримт архивт шилжиж ирээгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ч.Даваасүрэн, Г.Ядамсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Т.Баярдаваа нь 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэх байгууламжийн насосны станцын  мастер, сантехникийн слесарь, халаалтын зуухны механикаар, цэвэрлэх байгууламжийн хлорын операторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 199 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын цалингийн 1985-1990 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Тоохүү овогтой Баярдаваагийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

     Нэхэмжлэгч Т.Баярдаваагийн 1985-1990 оны цалингийн жагсаалтад: “Түүний 1985 оноос 1990 оны хооронд ажиллаж байхдаа авч байсан цалин бичигджээ”.

     Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас Т.Баярдаваад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сантехникийн слесариар авч ажиллуулав, 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд явах болсон учир ажлаас нь чөлөөлөв, 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанаас халав, 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сантехникийн слесариар авч ажиллуулав, 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр насос станцын мастераар дэвшүүлэн ажиллуулав, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сантехникийн слесариар шижлүүлэв, 1986 оны 10 дугаар сарын 01-ний халаалтын зуухны механикаар ажиллуулав, 1987 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ОСНАА газар болсон тул тус газарт механикаар авч ажиллуулав, 1989 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэвэрлэх байгууламжийн хлоржуулагч операторчнаар авч ажилуулав, 1992 оны 7 дугаар сарын 24-ний цэвэрлэх байгууламжийн хлоржуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв...” гэжээ.

       Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1985 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар “Ажилд дэвшүүлэн ажиллуулах тухай” тушаалд: “Т.Баярдавааг 1 дүгээр сарын 01-нээс насосны станцын мастераар дэвшүүлэн ажиллуулсугай” гэжээ.

       Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр “Цалин тогтоох тухай” тушаалд: “...Халаалтын зуух, цэвэр усны станцын техникч Т.Баярдавааг 550 төгрөгөөр цалинжуулахыг ня-бо Д.Жавзанд зөвшөөрсүгэй” гэжээ.

      Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар “Ажилд шилжүүлэх тухай” тушаалд: “...1-р 10 жил, 1-р халуун ус, нийтийн зуухны механик Баярдавааг шилжүүлэн ажиллуулсугай” гэжээ.

       Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаар “Ажилчдын тушаалыг өөрчлөх тухай” тушаалд: “1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хлорын операторчнаар Баярдавааг томилон ажиллуулсугай” гэжээ.

     Т.Бардаваагийн 109601 дугаартай Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэхэд: “Түүний 1987 оноос 1998 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин, төлж байсан татвар бичигджээ”.

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Даваасүрэн, Г.Ядамсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Даваасүрэнгийн “Миний бие нь 1977 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт сантехникийн слесарь, механикаар тус тус ажиллаж байсан. Харин Т.Баярдаваа нь анх 1985 оноос Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цэвэрлэх байгууламжийн насосны станцын мастераар ажиллаж эхэлсэн. Т.Баярдаваа тус байгууллагад зуухны механик, хлорын операторчноор тус тус ажиллаж байсан. Миний бие 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн газарт шилжин ажиллах болсон. Тэгэхэд Т.Баярдаваа нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллаад үлдсэн. Т.Баярдаваа нь ажиллаж байхдаа Оросын Холбооны Улс руу курст явж байсан манай байгууллагын шилдэг ажилтны нэг байсан юм. Тухайн үед Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаар Давааням, ерөнхий нягтлан бодогчоор Надмид гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Ядамсүрэнгийн “Миний бие нь 1983 оноос 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Ус сувгийн газар, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-д операторчин, гагнуурчнаар тус тус ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллаж байхад буюу 1985 оноос Т.Баярдаваа нь тус байгууллагын цэвэрлэх байгууламжийн насосны станцын мастераар ажиллаж эхэлсэн. Дараа нь Т.Баярдаваа зуухны механик, хлорын операторчноор тус тус ажиллаж байсан. Миний бие нь 1992 оноос Ус сувгийн газарт гагнуурчин, операторчноор ажилласан ба Т.Баярдаваа нь 1992 оноос 1993 он хүртэл мөн Ус сувгийн газарт хлорын слесариар, цэвэр, бохир усны техникчээр тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Т.Баярдаваагийн 1985-1990 оны цалингийн жагсаалт гэх өөрөө түүвэрлэн гаргаж, гарын үсэг зурсан баримт нь ямар баримтыг үндэслэж гаргасан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

      Мөн Т.Бардаваагийн 109601 дугаартай Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэхэд 1987 оноос 1998 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин, төлж байсан татвар бичигдсэн байгаа боловч хаана ажиллаж байсан талаар бичигдээгүй байх тул үнэлэх боломжгүй байна.

       Нэхэмжлэгчийн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэх байгууламжийн хлорын операторчноор авч ажиллуулсан он, сар, өдөр нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдалтай зөрүүтэй байх тул Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаар “Ажилчдын тушаалыг өөрчлөх тухай” тушаалыг үндэслэн түүнийг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хлорын операторчнаар ажилласан гэж үзэх нь зүйтэй байна.

      Нэхэмжлэгч Т.Баярдаваа нь 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэх байгууламжийн насосны станцын мастер, сантехникийн слесарь, халаалтын зуухны механикаар, цэвэрлэх байгууламжийн хлорын операторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1985 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар “Ажилд дэвшүүлэн ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр “Цалин тогтоох тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар “Ажилд шилжүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаар “Ажилчдын тушаалыг өөрчлөх тухай” тушаал, гэрч Ч.Даваасүрэн, Г.Ядамсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

    Иймд нэхэмжлэгч Т.Баярдаваагийн хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэх байгууламжийн насосны станцын  мастераар 9 сар, 1985 оны 10 дугаар сарын 01-нээс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар 1 жил, 1986 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл газарт халаалтын зуухны механикаар 4 жил, 1990 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэвэрлэх байгууламжийн хлорын операторчноор 1 жил 9 сар 23 хоног, нийт  7 жил 6 сар 8 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Тоохүүгийн Баярдаваагийн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэх байгууламжийн насосны станцын  мастераар 9 /ес/ сар, 1985 оны 10 дугаар сарын 01-нээс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сантехникийн слесариар 1 /нэг/ жил, 1986 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл газарт халаалтын зуухны механикаар 4 /дөрөв/ жил, 1990 оны 10 дугаар сарын 01-нээс 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэвэрлэх байгууламжийн хлорын операторчноор 1 /нэг/ жил 9 /ес/ сар 23 /хорин гурав/ хоног, нийт 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 8 /найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Т.Баярдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ