Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2013/00026

 

Д.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжпэгч Д.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 577А дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжпэгч Дийн Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хууль бус ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа шүүхэд хандсанаар Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх 2012 оны 9 сарын 19-ний өдрийн 22 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 сарын 07-ны өдрийн 319 тоот магадлалаар тус тус тогтоосон. Ийнхүү 2012 оны 9 сарын 19-нд шүүхийн шийдвэр гарснаас хойш 2013 оны 02 сарын 22-нд ажилд орох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 000төгрөгийг Хаан банкин дахь миний 000 тоот дансанд шилжүүлэх, нэхэмжлэгчийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтсийн нэрийн дансанд шилжүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т, нягтлан бодогч Ц.Н нарт тус тус даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

Миний бие Аймгийн Засаг даргын тамгын газраас 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй үеийн цалингаа 000төгрөгөөр анх нэхэмжилсэн. Харин шүүхийн шаардлагын дагуу Тамгын газрын нягтлан бодогч Ц.Н 3.638.324 төгрөг байхаар тооцон ирүүлжээ. Иймд анх нэхэмжилсэн 000төгрөг дээр Ц.Н нягтлан бодогчийн тооцсоны дагуу 824.437 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 3.638.324 төгрөгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байна. Мөн хуулийн дагуу

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хувь хэмжээг нөхөн төлүүлэх талаар шүүхээс гаргах шийдвэртээ албан ёсоор тусгаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Гийн Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Быг анх аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилтний ажлаас тэр үеийн тамгын газрын дарга Ц.Ж ажлаас нь чөлөөлсөн. ...энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзсэн тул буруутан нь Ц.Ж болно. Энэ хүний буруутай үйл ажиллагааны улмаас Бод ажил хийгээгүй хугацааны цалин байгууллагаас төлсөн.

Иймээс: Нэг. Д.Бын нэхэмжилсэн 000төгрөгийг гаргаж өгөх боломжгүй гэж үзэж байна. Быг ажилдаа ирж орооч гэдэг шаардлагыг ирж уулзах бүрт нь тавьдаг. Тэр бүрт хэл амаар доромжилчихоод гараад явчихдаг. Гэр лүү нь хоёр удаа жолоочоо явуулж дуудуулсан боловч байхгүй олдохгүй, эсвэл Улаанбаатар хот руу явчихсан байдаг. Тэгснээ гэв гэнэт хүрч ирээд өрөөнд орж ирэн хэл амаар доромжилчихоод гараад явчихдаг. ...эндээс ямар дүгнэлт хийж болох вэ. Б үүрэгт ажилдаа орж ажиллах сонирхолгүй, ажилгүй өөрөөр хэлбэл хувийн ажлаа хийгээд дараа нь энэ хугацааныхаа цалинг шүүхээр нэхэмжлүүлж авна гэсэн шунаг сэтгэлээр асуудалд хандаж байгаа нь ил байдаг. Ажил хийхгүйгээр мөнгө олох арга сэдэж олсон хүн.

Хоёр. Д.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж, тушаалыг өнөөдрийг хүртэл хэн ч гаргаагүй. Албан тушаал бууруулж ажиллуулах тухай захирамж, тушаал л бий. Д.Б тэрхүү захирамж, тушаалыг авангуутаа ажил хаяад алга болсон. Хэрэв уул захирамж тушаалыг эс зөвшөөрч байгаа бол заасан үүрэгт ажлыг хийгээд хийх явцдаа хууль хяналтын байгууллагад хандаж гомдлоо гаргах ёстой. Гэтэл тэгээгүй ажил таслаад жил гаруй алга болсон. Иймд төрд ажиллах сонирхолгүй гэсэн мөртлөө төрөөс цалин мөнгө нэхэж амьдардаг шулаачдад мөнгө олгох нь зөв юм болов уу даа.

Би 3 үндэслэлээр Бын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын шүүхэд шаардлага нэмэгдүүлэх тухай гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Б нь 824.437 төгрөгийг нэмэгдүүлээд 3.638.324 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн аймгийн шүүхийн 19 дүгээр магадлалаар цалинг нь нэмэгдүүлснээр 3.638.324 төгрөгийг гаргуулах боломжгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэмэгдүүлээгүй 824.437 төгрөгийг шүүх авч үзээд магадлалаар топгоосон байгаа юм. Ийм учраас Бын нэмэгдүүлсэн гомдол ямар ч ашиггүй юм. Бын нэхэмжилсэн 3.638.324 төгрөгийг Аймгийн шүүх шийдвэр дээрээ нэмэгдүүлээд шийдсэн байхад дахин нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй юм. Хоёр дахь үндэслэл нь өргөдөл гомдол дээрээ Засаг даргын тамгын газраас гаргуулах юм уу эсвэл Таас гаргуулах гэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Ийм учраас шаардлага хангахгүй нэхэмжлэл байна....Хамгийн гол үндэслэл нь нэгэнт шүүхээр өөрийнх нь хүссэн юмыг шийдээд гаргасан байхад дахин дахин шийдвэр гаргуулах гэж байгаа нь ямар учиртайг өөрөө тайлбарлах байх. 19 дүгээр магадлал дээр байгаа 3.638.324 төгрөгийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гаргаж нэхэмжлэгчид олгох уу үгүй юу гэдэг дээр маргаж байна. Надад шимтгэл гаргаад өгөөч гэж хандаж байгаагүй шууд шүүхэд өгсөн. Бод 3 сая гаран төгрөгийн цалин гаргуулахаар болсон байсан. Нэг хэсэг ажилгүй байж байгаад дараа нь орсон энэ хугацаанд ажилгүй байсныг нэхэмжлээд байгаа юм. Нийт 7 сая гаран төгрөг болчхоод байгаа юм. Быг ажлаас чөлөөлсөн тушаал тогтоол байдаггүй юм. Үр дүнгийн гэрээг дүгнээд би ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан чинь аймгийн Засаг дарга өөрийн бүрэн хэмжээнд чиний тушаал буруу байна гэж хүчингүй болгосон. Ийм учраас Быг ажлаас халсан ганц ч тушаал байхгүй юм гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 577А дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 3.638.324 /гурван сая зургаан зуун гучин найман мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажил олгогч буюу хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, нэхэмжлэгч Д.Б тус бүрийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчид даалгаж, нэхэмжлэгч Д.Бын 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.308 /наян дөрвөн мянга гурван зуун найм/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 73.163 /далан гурван мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т давж заалдах гомдолдоо:...1-рт. Д.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нэг ч захирамж, тушаал байхгүй байсаар атал яагаад ажлаас халагдсан гэж үзээд шүүх шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна....Д.Б 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тушаалыг хүлээн авахад шүүхэд албан тушаал буруу буруулсан байна гэсэн гомдлыг гаргаж шийдвэрлүүлсэн бол өөр хэрэг юм. Хэн нэг зальтай ажил хийдэггүй, ажлаас халаагүй чөлөөлөөгүй зөвхөн тушаал бууруулсны төлөө жил гаруй ажлаа хаяж тасалж яваад мөнгө авч төрийг хохироож буй албан тушаалтан байж болох уу....Албан тушаал бууруулж ажиллуулах, дэвшүүлж ажиллуулах эрх үүрэг нэг албан байгууллагад байхгүй гэж үү. Албан тушаал бууруулсныг буруу гэж үзэж байгаа бол энэ агуулгад анхаарлаа дахин хандуулж миний гаргаж гомдлыг эргэж нягталж үзэхийг хүсье. 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 577А дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Д.Бын нэхэмжилсэн 3638324 төгрөгийг олгуулахгүй шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас Д.Бын ажилгүй байсан хугацааны цалин 3638324 төгрөгийг гаргуулж Д.Бод олгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, нэхэмжлэгч Д.Б тус бүрийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчид даалгаж, нэхэмжлэгч Д.Бын 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн байх ба шүүх дээрх хугацаанд авбал зохих цалин хөлстэй тэнцэх олговор 3638324 төгрөг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” олгохоор заасныг зөрчсөн байна.

Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-а-д “....ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох”-оор заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар ажил, албан тушаал бууруулснаас хойш ажиллаагүй байх тул энэ хугацаанаас өмнөх буюу 2011 оны 10, 11, 12 дугаар сард авч байсан цалин хөлсний дундажаас /(486483төг +398030төг +481492төг):3сар =455335 төгрөг/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй байна.

Иймд Аймгийн Засаг даргын Тамгын газраас 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1329881 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар "төсвийн байгууллагын нэхэмжлэл" улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд энэ нь төсвийн байгууллагын гаргасан давж заалдах гомдолд нэгэн адил хамаарах тул хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35800 /гучин таван мянга найман зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 577А дугаар >

шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/. Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг: “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 000 /............ / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ....төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

б/ Шийдвэрийн 3 дахь заалтын "73163 төгрөг" гэснийг "51885 төгрөг" гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35800 /гучин таван мянга найман зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ