Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аимаг дахь сум дундын эрүүгиин хэргиин анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ид холбогдох эрүүгийн 1938001680097 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б-, 

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х тоотод  өөрийн төрсөн дүү А.Д-ийн хэвлийн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х тоотод  өөрийн төрсөн дүү А.Д-ийн хэвлийн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой 19 цагийн үед Мөрөн сумын 10-29-05 тоотод байрлах өөрийн гэртээ аав Агийгийнхаа хамт хоол идээд байж байхад гаднаас том ах Б.Б- маань согтуу орж ирсэн. Б.Б- ах гаднаас орж ирээд чимээгүй үүдэнд зогсож байсан. Би түүнийг зогсоод байхаар нь идэж байсан аягатай хоолоо сандал дээр тавих гээд урагшаагаа тонгойход Б.Б- ах хажуу талаас гэнэт л баруун хавирганы маань доод хавь руу өшиглөсөн. Түүнд өшиглүүлсний дарээ амьсгаа авч чадахаа болоод би газарт унасан. Намайг унаад босож ирэх хооронд аав Агий маань гарч хажуу талын айлаас Баасандорж ахыг дуудсан. Баасандорж ах орж ирээд Б.Б-ийг ахыг загнасан. Тэгээд байж байхад миний төрсөн эгч Насандэлгэр маань ирсэн. Насандэлгэр эгч ирээд Б.Б- ахыг цагдаад дуудаж өгсөн. Тухайн үед би Б.Б- ахад өшиглүүлээд юу ч дуу гараагүй, түүнтэй юм ч яриагүй. Удалгүй цагдаа ирээд Б.Б- ахыг аваад явсан. Б.Б- ахыг яваад өгсөний дараа Насандэлгэр эгч, Баасандорж ах хоер гэр луүгээ явсан. Би тэд нарыг гэрлүүгээ явсны дараа гэртээ байж байсан. Орой 21 цагийн үед гэнэт дотор маань муухайрч бөөлжсөн, би барагцаагаар 3-4 удаа бөөлжсөн. Орой 22 цаг өнгөрч байх үед хамаг бие маань салганаад, биеийн маань хар хөлс гараад, босохоор толгой эргээд уначих гээл байсан. Тэгэхээр нь Насандзлгэр эгч,Баасандорж ах хоёрыгоо дуудсан. Тэгээд ах, эгч нартайгаа хамт Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт очиж үзүүлээд рентгэнд харуулахад “ясанд ямар нэгэн гэмтэл алга байна” гэсэн. Тэгээд хэвлийн ЭХО-д харуулахад “элэг бяцарсан байна” гээд шууд хэвтэн эмчлүүлэхээр болсон. Нэгдсэн эмнэлэгт нийтдээ 15 гаруй хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа элэгний хагалгаанд нэг удаа орсон. Эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд амбулторын картан дээр маань байгаа. Эмнэлэгээс гарснаасаа хойш хувиараа эм тариа хэрэглэж, боолтоо солиулж байгаа...Миний хагалгааны оёо хүндүүртэй байгаа Мөн хүнд юм өргөж болохгүй, огцом хөдөлж болохгүй байгаа...Би гомдолгүй байна, ах маань миний эмчипгээнд гарах зардалд тус дөхөм болно гэсэн. Тийм болохоор надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн  15-16-р тал/

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчимд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух гэртээ байж байхад манай аав Агий гаднаас орж ирээд “Б.Б- ах чинь согтуу орж ирээд А.Д-ийн гэдэс рүү өшиглөчихлөө” гэсэн. Тэгээд намайг аавын гэрт ороход Б.Б- ах аавын баруун талын орон дээр суучихсан, А.Д- гэрийнхээ зүүн талд цээжээ дарчихсан зогсож байсан. Тэгээд би ахыг босож ирэх гээд байхаар нь хориглоод өөрийн төрсөн эгч Насандэлгэрийг дуудаад Насандэлгэр эгч ирээд “та одоо гэр лүүгээ яв, явахгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн боловч явж өгөхгүй байсан. Тэгээд манай эгч Насандэлгэр цагдаад дуудлага өгөөд хоёр цагдаа ирээд Б.Б- ахыг аваад явсан. Ингээд байж байтал оройн 22 цагийн орчимд дүү А.Д-ийн бие нь гэнэт муудаад бүр болохоо байхаар нь оройн 23 цагийн орчимд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь “элгэндээ гэмтэлтэй юм  шиг байна” гэж хэлсэн...Б.Б- ах нэлээд архи уучихсан байсан. Архины гайгаар ийм зүйл болсон гэж бодож байна. Тэрнээс Б.Б- ах А.Д- хоёр хэрэлдэж маргалдаад муудалцаад байх шалтаг шалтгаан байхгүй...Б.Б- ахаас тухайн болсон асуудлын талаар асуухад огт мэдэхгүй байна лээ. Харин А.Д- огт архи уугаагүй эрүүл байсан. Манай ах архи уухаараа жаахан авир муутай хүн байгаа юм. Гэхдээ тэр болгон хүн рүү тэгээд байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

Гэрч А.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...2019 оны     02 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед манай дүү Баасандорж над руу утсаар яриад “та хурдан ирээч ээ, том ах Б.Б- ирээд агсам тавиад байна” гэхээр нь би гэрээсээ такси бариад очиход манай аавынд том ах Б.Б-, дүү А.Д-, Баасандорж гурав байсан. Тэгээд аавын зүүн талын орон дээр том ах Б.Б-, дүү А.Д- хоёр зэрэгцээд суучихсан, А.Д- элгээ тэврээд эвхрээд суусан, Б.Б- хажууд нь том дуугараад загнаад байсан. Тэгээд Б.Б- ах сүүлдээ над руу агсраад намайг заамдаж авахаар нь би цагдаа дуудсан ба цагдаа ирээд аваад явсан. Тэгээд хариад байж байтал А.Д- “бие нь хямраад байна” гэхээр нь эмнэлэг дуудаж хүргүүлсэн...Ах Б.Б- ер нь архи уухаараа агсам согтуу тавьдаг, араншин муутай...  гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р тал/

Гэрч Д.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Б- нь миний нөхөр байгаа юм...Нөхрийн маань зан чанарын хувьд гэвэл хүүхдүүддээ үлгэр дууриалалтай, дуу цөөтэй, элдэв муухай ааш араншин байхгүй, төлөв даруу, шударга хүн байдаг. Нөхөр маань тамхи татдаггүй, харин архийг хааяа нэг хэрэглэдэг. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр орондоо иймээ, тиймээ ааш авир гаргаж байгаагүй...Нөхрийн маань төрсөн дүү Насандэлгэр над руу залгаад “Б.Б- ах А.Д- дүүг маань өшиглөөд гэмтээчихлээ, тэгээд би гэрт нь аваачиж өгөх гээд хүчирээгүй учир цагдаад дуудлага эрүүлжүүлчихлээ” гэж хэлж байсан. Нөхөр Б.Б-ийгоо эрүүлжүүлэхэд хонсоны маргааш нь цагдаа дээр очиж уулзаад “юу болсон” талаар асуухад  “юу болсоныг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд сэрлээ” гэж хэлж байсан... А.Д- нь нөхөр Б.Б-ийн маань төрсөн дүү нь байгаа юм. Би энэ хоёрыг урьд өмнө маргалдаж муудалцаж байхыг нь огт харж байгаагүй. Хоорондоо ах дүүсийн харилцаатай байсан. Нөхөр Б.Б- маань даралт өндөртэй, мөн хааяа бөөр нь өвддөг Үүнээс өөр өвчин зовиур байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн өдөр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байхад жижүүрийн шуурхай албанаас “Мөрөн сумын 10-29-05 тоотод согтуу хүн агсам тавьсан” гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Бямбабаярын хамтаар очиж зөрчил гаргагч Балжинням овогтой Б.Б-ийг цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. Мөрөн сумын 10-29-05 тоотод дуудлагаар очиход Б.Б- нь хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан, юу болсон талаар дуудлага өгсөн хүнээс асуухад “төрсөн дүүгээ өшиглөж зодсон” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “тийм юм бол та нар цагдаа дээр очиж уулзаарай” гэж хэлээд л явсан. Надад өөр мэдэх зүйл алга байна...Б.Б- нь нэлээд согтолттой байсан. Согтуурлын зэрэг шалгах багажийг үлээлгүүлсэн боловч үлээж чадахгүй байсан. Тийм учраас би эрүүлжүүлсэн бүртгэлийг хөтлөхдөө “үлээх чадваргүй” гэж бичсэн. Намайг явснаас хойш Б.Б-ийг дахин үлээлгэж согтуурлын зэргийг шалгасан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би төрсөн дүү А.Д-ийнхоо биед шинжээчийн дүгнэлт дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дүү А.Д-тойгоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын                 19-ний өдрийн 98 дугаартай: А.Д-ийн биед хэвлийн гол, баруун доод хэсэгт шарх, элэгний баруун дэлбэнд бяцрал, хэвлийн хөндий дэхь цус апдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. А.Д-ийн биед үүссэн элэгний баруун дэлбэнгийн няцрал, хэвлийн хөндий дэхь цус алдалт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/

Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дээрхи гэмтлийг авсанаас 1-2 цагийн дараа хэвлийгээр гэнэт хүчтэй өвдөх дотор муухайрах бөөлжих татаж унах ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хохирогч А.Д-ийн хувьд дотор муухайрч бөөлжсөн нь дээрхи гэмтлийн нэг шинж илэрсэн гэж үзэж байна. Хохирогч А.Д-ийн биед үүссэн гэмтэл нь нэг удаагийн өшиглөлтийн улмаас үүснэ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,

Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх гутланд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р тал/

Эрүүлжүүлэх, баривчлах байрны эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хх-ийн 10-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

        Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х тоотод  өөрийн төрсөн дүү А.Д-ийн хэвлийн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь  агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцэж, тохирсон байх ба шүүгдэгчийг цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

              Шүүгдэгч Б.Б- нь хохирогч А.Д-ийн хэвлийн тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохиролд зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

     Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч А.Б-, А.Н-, Д.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 23-26-р тал/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын 2019 оны                       3 дугаар сарын 11-ний өдрийн 14/02 дугаартай тодорхойлолт /хх-ийн 77-р тал/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүйг нотлох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хүнд хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн 1938001680097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

       4. Эрүүгийн 1938001680097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР