| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00527/И |
| Дугаар | 548 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 548
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 14-02 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ63031101, Чоно овогт Дамбын Цэгээгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би 1979 оны хавар 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт анх цэвэрлэгчээр ажилд орсон юм. Улмаар тус тасагтаа ажиллаж байгаад 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс халдвартын тасагт асрагчаар ажилд орсон. Түүнээс хойш 1994 оныг дуустал халдвартын тасагтаа тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж байгаа тул баримт бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн ба тухайн онуудад ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт 1979 оны 6 дугаар сараас 1979 оны 11 дүгээр сар хүртэл цэвэрлэгчээр, тус эмнэлгийн халдвартын тасагт 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Буянаа, Г.Дээмээ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэгээ нь 1979 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт цэвэрлэгчээр болон тус эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дамбын Цэгээгийн 1988 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1978-1987 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Дамба овогтой Цэгээтэй холбогдох баримтыг түүвэрлэн хүргүүлэв” гэжээ.
Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “...Амбулаторийн тасгийн цэвэрлэгч Цэгээ халдвартын тасагт асрагчаар шилжсэн тул оронд нь Дүүсэйг цэвэрлэгчээр ажиллуулсугай...” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Буянаа, Г.Дээмээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Буянаагийн “Миний бие нь 1980 оноос 2014 оны хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж байсан. Намайг төгсөж ирээд 1980 оны 7 дугаар сард Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар ажилд ороход Д.Цэгээ нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан. Д.Цэгээ нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1994 оныг дуустал ажилласан. Дараа нь тогоочийн курст суралцаж төгсөөд Нэгдсэн эмнэлэгт тогоочоор ажиллах болсон. Д.Цэгээ Нэгдсэн эмнэлэгт тогоочоор 2013 он хүртэл тогоочоор ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Г.Дээмээгийн “Миний бие нь 1969 оноос 1996 оны хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Д.Цэгээ нь 1979 оноос эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1979 оны намраас Халдвартын тасагт асрагчаар ажиллах болсон. Д.Цэгээ нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1994 оныг дуустал ажилласан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Цэгээ нь 1979 оны 6 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт цэвэрлэгчээр болон тус эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Д.Буянаа, Г.Дээмээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Цэгээгийн хүсэлтийг хангаж, түүний 1979 оны 6 дугаар сараас 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт цэвэрлэгчээр 5 сар, 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал тус эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар 15 жил 2 сар, нийт 15 жил 7 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Чоно овогт Дамбын Цэгээгийн 1979 оны 6 дугаар сараас 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт цэвэрлэгчээр 5 /тав/ сар, 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал тус эмнэлгийн халдвартын тасагт асрагчаар 15 /арван тав/ жил 2 /хоёр/ сар, нийт 15 /арван тав/ жил 7 /долоо/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Цэгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ