Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00871

 

Ж.М*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний 181/ШШ2024/00613 дугаар шийдвэртэй,

Ж.М*******ын нэхэмжлэлтэй,

Н*******т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаатай Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамжийн дагуу Н*******т гүйцэтгэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ж.М*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилга болох үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаяг байршилтай нэгж талбарын дугаартай, 960 кв.м талбайтай газрыг хөрөнгүүдийг Д ХХК-аар үнэлүүлсэн байх бөгөөд нийт 1,649,208,481 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 4-150/4445 дугаар мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан болно.

Д ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1,649,208,481 төгрөгөөр үнэдэхдээ газрыг 1,242,556,665 төгрөг, дуусаагүй барилгыг 406,651,816 төгрөг гэж зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гарсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх журмыг баримтлаагүй. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна., 10.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж заасныг тус тус зөрчижээ.

Хуульд зааснаар дээрх ажиллагаануудыг шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урьдчилан хийж гүйцэтгэх ёстой байтал шинжилгээ хийсний дараа буюу дүгнэлтийг хүлээн авсаны дараа дүгнэлтэд холбогдох баримтуудыг хавсаргасан байгаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ нь шинжээчээс шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхдээ холбогдох баримтуудыг хавсаргасан байгаагаас урьдчилан хийлгэх тухай журмыг зөрчсөн нь нотлогдож байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь бизнесийн хамгийн ашигтай байршилтай, орон сууц, оффис, худалдаа, үйлчилгээний төвүүдийн дунд байрладаг, давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлуудыг хөрөнгийг үнэлэхдээ тооцож үзээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зориулалтаар үнэлэгдэж байгаа нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилготой бөгөөд үнэлгээг бодитоор тогтоох нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Ж.М******* надаас төлбөр гаргуулахтай холбоотой ямар ч шүүхийн шийдвэр байхгүй байхад миний эд хөрөнгөнд шууд бүдүүлгээр халдаж шинжээч томилогдон үнэлгээ гаргасан байна. С ХХК-д би хувьцаа эзэмшдэггүй.

Шинжээчээр ажилласан Д ХХК-аас шинжилгээ хийх объекттой холбоотойгоор төлбөр төлөгч, өмчлөгчөөс ямар ч материал шаардан аваагүй, уулзаагүй, хөрөнгийн талаар асууж тодруулаагүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Шинжээч томилох тухай тогтоолыг дүгнэлт гаргахаас өмнө танилцуулаагүй, шинжээчид ямар ч материал өгөөгүй, шаардан аваагүй, ямар баримт мэдээлэлд тулгуурлан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж ажилласан байна.

Шинжээч нь хөрөнгийг үл хөрөнгийг хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг дүгнэн үнэлгээг хийсэн нь тодорхойгүй байх бөгөөд хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг хэрхэн яаж тодорхойлсон нь ойлгомжгүй, энэ талаар ямар ч баримт үнэлгээний тайланд авагдаагүй байна. Үзлэгийг хэзээ хэрхэн хийсэн, ямар тэмдэглэл хөтөлсөн, үзлэгийн үеэр ямар нөхцөл байдал илэрсэн, барилгын зураг төсөл, ажлын зургыг авч танилцсан эсэх зэргээс үнэлгээ бодитой, үнэн зөв болоогүй байна.

Мөн шинжээч нь дуусаагүй барилгыг үнэлэхдээ талбайг хэрхэн тооцон гаргасан нь тодорхойгүй, өртгийн хандлагын аргаар тооцоолсон гэх боловч бусад аргатай харьцуулаагүй үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээ шударга, бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг хангаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэхдээ төлбөр төлөгчийн саналыг харгалзах буюу шинжээч нь хөрөнгийн талаар мэдээллийг төлбөр төлөгч, өмчлөгчөөс аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, баръцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасныг зөрчсөн байна.

Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ харьцуулах хөрөнгийн мэдээллийг хавсаргасан боловч зөвхөн 1 хөрөнгөтэй харьцуулж гаргасан зэрэг нь бодит үнэлгээг гаргаж чадаагүй гэж үзэж байгаа ба хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах ямарч баримт, материалыг аваагүй, барилгын зураг, ажлын төсөв зэрэг үнэлгээ гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээлэлгүй үнэлгээг гаргасан байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана. гэж, 8.3.9-д "хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, 8.3.10-т "хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэж заасан шаардлагад огт нийцээгүй байна. Иймд үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* захирамжаар С ХХК-аас 71,960,994 төгрөгийг гаргуулж У.Н, С.У нарт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Төлбөр төлөгч С ХХК, Ж.М******* нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* хаягт байрлах 32 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай дуусаагүй барилга, тус хаягт байрлах Ж.М*******ын эзэмшилд бүртгэлтэй нэгж талбарын дугаартай 960 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Д ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 1,649,208,481 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжпэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын дугаартай, 960 м.кв талбайтай газрыг үнэлсэн Д ХХК-ийн ШГ23-09 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ж.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа хийж Ж.М*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 32 /гучин хоёр/ хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилга үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаяг байршилтай нэгж талбарын дугаартай, 960 кв.м талбайтай газрыг хөрөнгүүдийг Д ХХК-аар үнэлүүлсэн байх бөгөөд нийт 1,649,208,481 төгрөгөөр үнэлсэн.

Д ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1,649,208,481 төгрөг, газрыг 1,242,556,665 төгрөг, дуусаагүй барилгыг 406,651,816 төгрөг гэж хэт бага үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн шинжээч нь дуусаагүй барилгыг үнэлэхдээ талбайг хэрхэн тооцон гаргасан нь тодорхойгүй, өртгийн хандлагын аргаар тооцоолсон гэх боловч бусад аргатай харьцуулаагүй үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээ шударга, бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг хангаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэхдээ төлбөр төлөгчийн саналыг харгалзах буюу шинжээч нь хөрөнгийн талаар мэдээллийг төлбөр төлөгч, өмчлөгчөөс аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжпэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө ... гэж заасныг зөрчсөн байна.

Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ харьцуулах хөрөнгийн мэдээллийг хавсаргасан боловч зөвхөн 1 хөрөнгөтэй харьцуулж гаргасан зэрэг нь бодит үнэлгээг гаргаж чадаагүй гэж үзэж байгаа ба хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах ямарч баримт, материалыг аваагүй, барилгын зураг, ажлын төсөв зэрэг үнэлгээ гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээлэлгүй үнэлгээг гаргасан байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т "... Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана ... гэж, 8.3.9-д ... хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл ..., 8.3.10-т "... хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал ... гэж заасан шаардлагад огт нийцээгүй байна.

Дээрхи байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсан байхад анхан шатны шүүх тухайн үндэслэл бүрд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжпэгч өөрсдөө баримтаа гаргаж өгөөгүй байна, нотлоогүй байна гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 00613 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: 2009 оноос хойш тус хүмүүсээс мөнгөө нэхэмжлээд явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасны дагуу ажлаа хийж байна гэж үзэж байна. Үнэлгээг холбогдох журмын дагуу үнэлгээний компаниар үнэлүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.М******* нь хариуцагч Н*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ. /хх1-3, 62/

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* захирамжаар С ХХК нь У.Н, С.У нарт 71,697,024 төгрөгийг төлөхөөр болсон байх ба тус шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 300 дугаар гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн Н******* 2010  оны 05 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч нарт төлбөр төлөх талаарх мэдэгдлүүдийг хүргүүлснийг анхан шатны шүүх тус тус зөв тогтоосон. Энэ талаар зохигч гомдол гаргаагүй. /хх64-67, 71-79/

4. С ХХК болон Ж.М******* нарын хооронд 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2008 оны 4 дүгээр сарын 08-ын өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Сүхбаатар дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр дэх Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд тал /******* хороолол ******* гудамж, ******* хаяг/т байрлах 960 м.кв талбай бүхий Ж.М*******ын эзэмшлийн газар дээр 1036.8 м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихаар харилцан тохиролцсон. С ХХК болон Ж.М******* нарт 32 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тэдний өмчлөлд бүртгэсэн талаарх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000082373 тоот гэрчилгээг олгожээ.

4.1. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч С ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд ажиллагаа явуулах эрхтэй.

4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Ж.М*******ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 960 м.кв талбайтай газар дээр байршиж буй тул салгаж болохгүй эд хөрөнгийн хувьд уг газар эзэмших эрхэд явуулж буй ажиллагааг буруутгах боломжгүй.

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 150/03, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 200925040010/150-07 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 200925040010/150-06, мөн оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 200925040010/150-08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дуусаагүй барилга болон газар эзэмших эрхийг битүүмжлэн хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./хх-73-79/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/6*******тай тогтоолоор Д ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Тийг шинжээчээр томилж, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэжээ. Энэ ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, талууд гомдол гаргаагүй байна. /хх 86-90/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т зааснаар бичгээр гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр мөн хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянана.

6.1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохоос өмнө эрх бүхий этгээдээр шинжилгээ хийлгүүлэхдээ шинжилгээ хийлгэх санал тавих, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах, шинжилгээ хийлгүүлэх шийдвэрийг гардуулан өгөх, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагаа хийлгүүлээгүй гэх үндэслэлийг заасан боловч давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд бичгээр гаргасан давж заалдах гомдлыг дэлгэрүүлэн тайлбарлах эрхгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т заасан зарчмаар хязгаарлагдахтай холбоотой.

Иймд анхан шатны шүүхийн холбогдох дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

7. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн гэж зөв дүгнэжээ.

7.1. Шинжээч Д ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ц.Т дээрх эд хөрөнгийг 1,649,208,481 төгрөгөөр үнэлэхдээ газар эзэмших эрхийг 1,242,556,665 төгрөг, дуусаагүй барилгыг 406,651,816 төгрөгөөр тодорхойлжээ. Газар эзэмших эрхийн үнэлгээний талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

7.2. Шинжээч дуусаагүй барилгын талбайн хэмжээг 821 м.кв гэж тооцохдоо тэрээр тухайн обьектын байдалтай гадна талаас нь танилцсан талаар дүгнэлтийн 6 дэх хэсэгт тусгаж, мөн дүгнэлтийн 7 дах хэсэгт Үнэлэгдэж буй орон сууцны барилга нь бүрэн ашиглалтад ороогүй, газраас доош 1 давхар, газраас дээш 1 давхарын каркасны ажил хийгдсэн барилга болно. ... Үнэлэгдэж буй дуусаагүй барилга нь цутгамал төмөр бетон суурьтай, зоорийн давхарын ханыг төмөр бетоноор цутгасан, 1 дүгээр давхарын төмөр бетон каркас босгож, төмөр бетоноор хучилт цутгасан, 2 дугаар давхарын баганы арматурчлал хийгдсэн байдалтай байлаа. гэсэн тодорхойлолт өгч, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... өөрийн биеэр газ дээр очиж хэмжилт хийж, түүнийгээ баримтжуулж үзлэгийн акт үйлдэж, фото зургаар давхар баримтжуулж дээрх үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. ... Газар дээр нь барилгатайгаа өөрөө очиж танилцсан. ... гэснийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан дуусаагүй барилгыг үнэлэхдээ талбайг хэрхэн тооцон гаргасан нь тодорхойгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

7.3. Шинжээч дуусаагүй барилгыг үнэлэхдээ зардлын хандлагын аргыг хэрэглэжээ.

Орлогын хандлагын аргаар үнэлэхгүй гэсэн үндэслэлээ шинжээч Үнэлэгдэж буй хөрөнгө нь өмчийн эзэнд өгч байгаа өгөөжийг тооцоолох боломжгүй ... гэж тодорхойлсоныг буруутгах боломжгүй. Учир нь энэ барилгын гүйцэтгэл 32 хувьтай байгаа тул орлогын хандлагын аргаар үнийг тодорхойлохгүй болно.

Зах зээлийн хандлагын аргыг мөн хэрэглэх боломжгүй нь тухайн дуусаагүй барилга нь бодитойгоор бий болоогүйтэй холбоотой.

Шинжээч дүгнэлтдээ Зардлын хандлагын аргаар үнэлэхдээ дахин үйлдвэрлэлтийн өртгөөр хөрөнгийн яг ижил хувилбарыг дахин бий болгнох өригийг барилгын төсвөөр тооцож холбогдох норм ба дүрмийг баримтлан түүгээр тооцохол хэрэглэл 1 м.кв талбайн жижиг үнэ, түүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлс, зардлын итгэлцүүр, хөнрөнгийн үнэлгээний аргачлалаар тооцоог хийж биет болон эдийн засгийн элэгдэл орчны шинжилгээг харгалзан үзэж тогтоодог гээд үнэлгээг хийсэн ажлын дараалалд хөрөнгийн үнэлгээнд хөрөнгийн бүрэн сэргээх өртөг, хөрөнгийн бүрэн орлуулах өртөг зах зээлийн үндэслэлтэй ртөг, суурилагдсан үндсэн хөрөнгүүдийн зах зээлийн өртгийг ашигласан гэж дурдаж бүрэн сэргээх болох орлуулах өртийг тооцолох орох аргаас дам тооцооны аргыг тайландаа хэрэглэсэн гэжээ. Ингэхдээ газрын ажил, суурийн ажил, каркас, хана, хучилтын ажил, цалин, барилгын материалын хэрэгцээ барилгын машин механизмын хэрэгцээ, барилгын тээврийн тооцоо тус тус хийсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Иймд шинжээч нь өртгийн хандлага /дахин үйлдвэрлэлтийн өртгийн арга/-ын аргыг хэрэглэснийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчээс гаргасан өртгийн хандлагын аргаар тооцоолсон гэх боловч бусад аргатай харьцуулаагүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

7.4. Өртгийн хандлагын аргаар дуусаагүй барилгыг үнэлэхэд зах зээлийн хандлагын аргад хамаарах харьцуулалт хийх шаардлагагүй.

Шинжээч нь газар эзэмших эрхийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга хэрэглэж үнэлэгдэж буй обьектыг өөр нэг обьекттэй харьцуулсан нь дуусаагүй барилгын үнэлгээнд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

7.5. Дээрхээс дүгнэвэл шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.9, 8.3.10-т заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний 181/ШШ2024/00613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА