| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0097/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0097/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ганбаатар,
Иргэдийн төлөөлөгч Ч.Эрдэнэбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатараас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох 1731001950011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 10-21 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 6 дугаар сарын 24-нд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Г.Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Могойн гол” гэх газарт гар аргаар хамт алт олборлож байсан иргэдтэй архидан согтуурч улмаар тухайн шөнө хамт архи уусан Ш.Базартай маргалдаж, түүний толгойн тус газарт модоор цохиж, гэмтэл учруулсны улмаас Ш.Базар нь нас барсан;
2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг “Энхгэр нуур” гэх газраас иргэн Н.Батхуягийн 1 тооны морийг, монгол эмээлийн хамтаар хулгайлж, бусдад 745.000 төгрөгийн хохирол учруулсан;
2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан тэмээт” гэх газарт байх хяналтын постын байшингаас иргэн Д.Энхжаргалын нормын ажлын хувцас хосоороо 1 ширхэг, эсгий гутал 1 хос, мешок 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 410.000 төгрөгийн хохирол учруулсан;
2018 оны 01 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, “Барх” гэх газраас иргэн Х.Алтанхуягийн гэрийн гадна байсан аргамжаатай 1 тооны морийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан;
2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн байшингаас ямаан дах, эмээлийн даруулга олом, арьсан богц, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-9 тал/,
Хохирогч Ш.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед дүүгээ нас барсныг мэдсэн... Миний хувьд маш их гомдолтой байна. Хэрэг хийсэн этгээдийг түргэн шуурхай олж баривчлаад хүлээх ёстой хариуцлагыг нь хүлээлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 64-65 тал/,
Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Төв аймгийн Мөнгөнморьт сум болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заагт байдаг “Цагаан тэмээт”-ийн хяналтын постонд байгаль орчны байцаагчаар ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө “Цагаан тэмээт”-ийн хяналтын постонд хулгай орж миний өөрийн ажилд өмсөх гэж байсан байгаль орчны байцаагчийн нормын ажлын хувцас хосоороо /шинэ/, бамбагар цагаан эсгий гутал /шинэ/, мишок 1 ширхэг, хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хутга 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. ...Тэгээд хулгай орсон гэдгийг мэдээд эд зүйлсээ бүртгээд Мөнгөнморьт болон Өмнөдэлгэр сумын цагдаа нарт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 205-206 тал/,
Хохирогч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай аав, ээж хоёр над руу залгаад танай байшинд хулгай орсон байна, хаалга нь онгорхой, цоож нь эвдэрсэн байна гэж хэлсэн. Би мал дээрээ ганцаараа байсан учир очиж чадалгүй аав, ээж хоёрыг гэрийн эд зүйлийг бүртгэчих гэхэд цэнхэр өнгийн ямаан дах, эмээлийн даруулга, олом, арьсан богц, модон тагш зэрэг алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 194-195 тал/,
Хохирогч Х.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газарт байдаг. Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд гэрийнхээ урд өөрийн унаж байсан хүрэн зүсмийн хязаалан насны морио аргамжсан. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд босоод харахад манай гадаа сартай хүрэн зээрд зүсмийн морь ирсэн байсан. ...миний алдсан морь хүрэн зээрд зүсмийн хязаалан насны үрээ байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 199-200 тал/,
Хохирогч Н.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Гялан” гэх газарт самар цагаалахаар ганцаараа морьтой явсан юм. Тэгээд самраа цагаалчихаад 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой гэртээ иртэл манай өвсний хашаанд байсан морь, эмээлийн хамт алга болсон байсан. Тэгээд маргааш өдрөөс нь эхлэн эмээлтэй морио хайж эхэлсэн юм. Тэгээд сураг ажиг тавиад байж байхад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр “Бархын даваа” гэх газарт миний сартай хүрэн морь эмээлтэйгээ байна гэсэн сураг самарчдаас гарсан юм. Тэгээд би сумын төвөөс Санжааг УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй нь авч гараад замдаа Хишигдоржийг аваад бид гурав “Бархын даваа” гэх газарт очиж морио олж аваад УАЗ-469 маркийн машины ар талд морио багтааж ачиж авч ирсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 163 тал/,
Гэрч Ч.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Доржготов нь манай гэрт 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Бямбаатай орж ирээд “манай отогт байгаа Базараа урьд шөнө таталт өгөөд хүний хэлж байгааг ойлгоод хариу үг хэлэхгүй байна. Та очоод даралтыг нь үзээд өгөөч” гэж хэлсэн. Би нөхөр Чулуунбатын хамт Доржготовын отог руу очсон. Ингээд отог руу нь ороход модон нааран дээрээ цаашаа харчихсан хурхираад гар хөл нь таталтын байдалтай байсан. ...Доржготов, Бямбаа нартай тааралдаад “тэр хүн чинь найдваргүй болчихсон байна. Цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69 тал/,
Гэрч Д.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ингээд би өөрийн очиж унтдаг хэсэгтээ очиж унтаж амраад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед боссон юм. Ингээд намайг босох үед бусад маань унтаж байсан ба би түрүүлж босоод гал түлж цай чанасан. Манай отгийнхон босоцгоогоод цай ууцгаасан ба Базар гэх залуугийн баруун талынх нь нүд хавдаад хөхөрсөн баруун дух хэсгээр нь товойж, нүд нь тагларсан, цохиулсан шинжтэй байхаар нь юм болсон юм бэ гэж асуухад Базар чимээгүй сууж байсан. Хажуугаас нь Г.Б гэх залуу би өчигдөр орой цохьчихсон юмаа гэж хэлэхээр нь би аан гээд дахин лавшруулж асуугаагүй. Ингээд энэ өдөр Базар жаахан бие өвдөөд байна гээд ажилд гаралгүй отогтоо үлдсэн. Харин бид 5 отог руугаа очиход Базар хонины мах чанаад байцаатай шөл хийчихсэн, хоол ид гээд хийж өгсөн. Ингээд бид нар хоолоо идчихээд хэсэг юм ярьж сууцгааж байгаад унтаж амрахаар орондоо орцгоосон. Шөнө дунд үүрээр 05 цагийн үед Базар хий огиулаад байсан, нилээн удаан огиулсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө гэгээ ороод 8 цагийн үед би түрүүлж босоод гал түлээд байж байхад Базар орондоо босоод суучихсан, мөн л огиулаад шүлс нь гоожоод царай нь их эвгүй харагдахаар нь яаваа миний дүү яасан бэ гэж асуухад юм дугарахгүй огиулаад байсан, бие нь муу харагдсан. Ингээд би бусад хэдийгээ дуудаж босгоод Базарын бие нь огиулаад юм дугарч чадахгүй байна гэж хэлэхэд бүгд босоод Г.Б их сандраад, одоо яанаа гэж айж сандарсан байдалтай хоолой нь чичирч юм яриад байсан. Зодоон болдог өдөр 3 шил 0.75 граммын архи тавуулаа уусан. Г.Б уухгүй гээд архинаас уугаагүй шиг санагдаж байна. ...Талийгаач Базарын хувьд их архи уусан согтуу байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-80 тал/,
Гэрч А.Төрмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ингээд маргааш өглөө нь буюу 14-ний өглөө босчихоод байж байтал нөгөө хэд маань бас ирэхгүй болохоор нь 11 цаг өнгөрч байхад нөгөө хэдийн отог дээр очиход талийгаач Базка орон дээрээ хөнжил дотроо орчихсон хэвтэж байсан. Нүүрнийх нь баруун тал, баруун нүд нь хавдаж овойсон, хавдар дээрээ шүдний оо түрхсэн харагдсан, нөгөө хэд маань ч бүгд байсан. Би түүний байдлыг харчихаад юу болоо вэ гэж асуусан чинь Базка архиныхаа халуунд жаахан муудалжчихжээ. Төрөө бид 2 муудалцаад ийм юм болчихлоо л гэж байсан. ...Намайг тэд нар дээр очиход Готов өнгөрчихлөө гээд зогсож байсан. Төрөө, Баатар хоёр банаг дотроо байсан. ...Тэгээд л Готов цагдаад мэдэгдье гэхээр нь бид нар ч зөвшөөрөөд мэдэгдэх ёстой газар нь даруйхан мэдэгдэх ёстой гэж хэлээд цагдаа руу утсаар яриулахаар Готовыг Сүнжээ гэх утастай айл руу явуулсан. ...Энэ хооронд би Төрөөд чи Базкаг хэтрүүлчихжээ гэж хэлсэн чинь их харамссан байдалтай доошоо тонгойгоод сууж байхдаа, харин тиймээ би хэтрүүлчихлээ, хөрөөдсөн тайрдсаар толгой руу нь цохьчихсон юм, хөгшнийгөө уучлаарай гэж хэлээд дахин юм яриагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 тал/,
Гэрч Б.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө талийгаач Базарын дух нь хавдсан байдалтай босч ирсэн, мөн орон дээр модны тайрдас байхаар нь би талийгаачаас юу болсон талаар асуухад талийгаач юм хэлэхгүй, зүгээр, зүгээр гээд байсан. Харин хажуугаас нь Г.Б наадах чинь урд шөнө далжигнаад агсраад байхаар нь би модоор цохисон юм гэж хэлээд талийгаачийг толгойгоо бариулах уу гэж асуусан юм. Талийгаач би ганц юм уувал зүгээр болчих байх гээд байсан. Маргааш өглөө нь талийгаачийн бие нилээр муу, баргар байхаар нь Шарын гол сум руу түргэн дуудья гээд сүлжээ барьдаг газар руу Г.Б, Баатар, Бямбаа ах гурав явсан. ...Отог дээр талийгаач, би, манай хүү Мөнхдорж бид 3 үлдсэн. Тэгээд байж байтал талийгаач галзуу хүн шиг орилоод, хий гишгэж унаад байхаар нь орон дээр хэвтүүлчихээд хүүгээ аваад хажуу талын уурхайн гэр рү утсаар ярих гэж очсон... ...манай гэрийн гадаа хажуу отгийн Цээгий гэх эгч нөхөртэйгөө ирчихсэн танайх руу орлоо, энэ хүн чинь харвасан байна шүү дээ, ер нь бол найдваргүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд хүү, бид хоёрыг Төрмөнхийн гэрт хүргэж өгсөн. Төрмөнхийнд байж байтал Г.Б, Төрмөнх хоёр орж ирээд Г.Б намайг хоёулаа уулзья гээд дагуулаад гарч явсан. Тэгээд Г.Б намайг тэврээд найзыгаа уучлаарай, би найзыгаа алчихлаа шүү дээ, та нарт ямар ч хамаагүй шүү, би өөрөө араа даана гэж хэлээд уйлаад байсан. Талийгаачийг цохисон гэх модны тайрдас нь зууханд багтахаар хэмжээтэй байсан. Одоо тэр тайрдас манай отгийн гадаа байгаа байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 тал/,
Гэрч Н.Доржготовын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Маргааш өглөө нь буюу 14-ний өглөө босоход Базараагийн баруун талын дух, нүдний хэсэг нь овойж хавдсан хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би Базараагаас юу болсон бэ, толгой чинь өвдөж байна уу гэхэд зүгээрээ өвдөж байгаа юм алга гээд босохгүй хэвтээд байсан. Яагаад толгой чинь ийм болчихсон юм бэ гэхэд Төрөө над руу модны тайрдас аваад над руу шидээд цохьчихсон гэж байсан. Тэгэхэд Г.Б Базараад хандаж “чи согтчихоороо хүний дургүй хүргээд олон юм яриад байх юм, дандаа л уур хүргэсэн юм ярьж байх юм, уур хүргээд байхаар нь би тайрдас аваад шидчихсэн юм, өөр үйлдэл хийгээгүй, одоо толгой тархи чинь гайгүй юу” гэж хоорондоо ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-104 тал/,
Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн отог дээрээ 11 цагийн үед ирэхэд талийгаач Базараа орон дээрээ хэвтэж байсан. Базараа баруун нүдний дээр хөмсөгний орчим хавдаад баруун нүдээ дарсан байсан, би юу болсон талаар асуухад Төрөө би цохисон юм, Базараа архи уучихаад орилж хашгираад унт гэхэд унтахгүй, ноцолдоод дийлэхгүй байхаар нь бөөрөнхий сандал хийгээд тавьсан байсан хэрчим модоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108 тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №139 дугаартай:
Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, баруун ухархай ясны дээд ханын цөмөрсөн хугарал, тархины оройн хэсгийн судас өргөсөлт, хатуу хальсны чинэрэлт, III, IV ховдолд цусан бүлэн, хуралт, хамрын хянга нурууны зулгаралт, зүүн дээд, доод зовхины хөх өнгийн цус хуралт, зүүн шууны дотор хэсгийн зулгаралт, зүүн шилбэний зулгаралт, баруун хөмсгөн дээрх цус хуралт, хаван, баруун дээд, доод зовхинд улаан, хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр амьд үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас цус алдалт, ШОК-ийн хүндрэлээр нас баржээ. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач өөрийгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийсэн шинж тэмдэг үгүй байна. Талийгаач 2017.12.15-ны орой 10-12 цагийн хооронд нас барсан байх боломжтой” гэх дүгнэлт /1хх-ийн 152-153 тал/,
Шинжээч эмч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш.Базарт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр амь насыг нь аврах боломжтой байсан. Учир нь яаралтай хагалгаа хийж гэмтэл үүссэн хэсгийг авах, цус тогтоох эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан гэж үзэж байна. ...Ш.Базарын толгойдоо авсан гэмтэл нь шууд амь насанд нөлөөлж үхэлд хүргэхгүй. Учир нь толгойд үүссэн ухархай ясны /баруун нүдний/ дээд хананы хугарал үүсэж, улмаар цус хуралт аажмаар үүсэж тархинд нөлөөлж даралт өгснөөр төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал хүндрэлд орж улмаар нас барсан. Толгойд учирсан гэмтлээс үүдэн цус хуралт аажмаар үүссэн хугацаанд хүн амьд байх боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 тал/,
Хохирогч Д.Бат-Эрдэнэ, Х.Алтанхуяг, Д.Энхжаргал нарын алдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /2хх-ийн 196, 201, 207 тал/,
Хохирогч Н.Батхуягийн алдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /3хх-ийн 168 тал/,
Г.Бийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 194-198 тал/,
Шүүгдэгч Г.Бийн шүүх хуралдаанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 12-ны орой ...архи ууцгаасан. Бусад нь явчихсан талийгаач бид хоёр хоёулаа үлдсэн байсан. Би дуугүй цай уугаад сууж байсан чинь чи яагаад дугарахгүй байгаа юм, шоронд чи банди болж явахдаа дуу чинь гарахаа больчихсон юм уу гээд дайраад байхаар нь би сууж байсан түлээний модоо аваад шидчихсэн. Тэр үедээ талийгаачийн дух нь хавдчихсан байсан. Би гарч бие засчихаад орж ирээд одоо унтаж амар гээд оронд нь оруулаад унтуулсан. Маргааш нь ажилд гарах гэсэн чинь миний дотор муухайраад байна гэхээр нь яаж байна үзүүлэх үү гэсэн чинь яах юм бэ гайгүй архи уусандаа шартаад байгаа байх гэсэн. Би ажил тараад ирсэн чинь талийгаач хоол хийчихсэн сууж байсан. Тэр өдөр нь амарчихаад маргааш өглөө үүрээр бөөлжөөд байсан. Тэгээд доошоо очиж эмч дуудах гээд явсан. ...Нөгөө хоёр хүн маань буцаж ирээд бие нь муу байна чи өөрөө очиж үз гэсэн. Тэгээд би очоод удаагүй байхад нас барчихсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаад би их сандраад шоконд орчихсон байсан учраас гараад явчихсан. Хэд хоног уулаар яваад тэр үед усны гуталтай, нимгэн хувцастай байсан учраас даарсан. 10 гаруй хоног уулаар явж байгаад Төв аймгийн Мөнгөн морьт суманд очиж айлын гаднаас морь унаж хэд хоног явж байгаад замд нэг айл таарахаар нь орж эсгий гутал, ажлын нормийн хувцас, мишок, хоол хүнсний юм авсан. Тэгээд цаашаа 2-3 хоног явж байтал унаж явсан морь маань муудаад ахиад айлын гаднаас аргамжаатай байсан морийг авч унасан. Ахиад цаашаа 2-3 хоног ууланд явж байгаад хоол хүнсний зүйл байхгүй болоод айлын амбаараас хоол хүнсний зүйл авах гэсэн чинь байгаагүй тэгээд богц, аяга авсан. Ууланд 2 хонож байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар шүүгдэгч Г.Бийг хүнийг алсан хэмээн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүнийг санаатай алах санаа зорилго, сэдэлт тогтоогдохгүй, талийгаач руу мод чулуудах санаатай үйлдэл хийсэн ч уг үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн байдал тогтоогдож байна. Иймд зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Могойн гол” гэх газарт гар аргаар хамт алт олборлож байсан иргэдтэй архидан согтуурч улмаар тухайн шөнө хамт архи уусан Ш.Базартай маргалдаж, түүний толгойн тус газарт модоор цохиж, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ч.Цэндмаа, Д.Бямбажав, А.Төрмөнх, Ж.Жаргалтуяа, Б.Золзаяа, Н.Доржготов, Б.Алтансүх нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №139 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг “Энхгэр нуур” гэх газраас иргэн Н.Батхуягийн 1 тооны морийг, монгол эмээлийн хамтаар хулгайлж, бусдад 745.000 төгрөгийн хохирол; 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан тэмээт” гэх газарт байх хяналтын постын байшингаас иргэн Д.Энхжаргалын нормын ажлын хувцас хосоороо 1 ширхэг, эсгий гутал 1 хос, мешок 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 410.000 төгрөгийн хохирол; 2018 оны 01 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, “Барх” гэх газраас иргэн Х.Алтанхуягийн гэрийн гадна байсан аргамжаатай 1 тооны морийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол; 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барх” гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн байшингаас ямаан дах, эмээлийн даруулга олом, арьсан богц, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээ, Г.Бийн яллагдагчаар мөрдөн байцаалтад болон шүүгдэгчээр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан арга замаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Бийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлөл явуулахдаа шүүгдэгч Г.Бийг ууланд 20 гаруй хоног тэнэж явахдаа гарцаагүй байдлын улмаас амьд үлдэх гэж хоол хүнс, унаа морь зэргийг хулгайлсан тул хулгайн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн боловч Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Бийн хувьд дээрх байдал хамаарахгүй юм. Шүүгдэгч Г.Б нь амьд үлдэхийн тулд аргагүйн эрхэнд хулгай хийсэн гэдэг боловч түүний амь насанд хэн нэгэн заналхийлээгүй, ойр хавийн айлуудаар болон сумын төв, орж өл залгах, амьд үлдэх боломжтой, тухайн үйлдлийг өөрөө таслан зогсоох боломжтой, өөрийгөө илчлэн ирснээр дээрх байдал зогсох боломжтой байсан, гэвч өөрөө энэ замыг сонголгүй, уул хадаар зугтаж, бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах, бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн хуульд заасан доод хэмжээнээс доош татаж ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх учиртай бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд дээрх журмыг хэрэглэж, хуульд заасан хэмжээнээс доош татаж ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хэдийгээр бусдад төлөх төлбөргүй ч, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хэзээ ч нөхөн төлж барагдахааргүй хохирол учирсан гэж үзэж, “эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 465 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн Г.Бийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 08 /найм/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 08 /найм/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 465 /дөрвөн зуун жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН