| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00503/И |
| Дугаар | 549 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 549
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэлд оршин суух, 1955 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар МР55120411, Харагчид овогт Тогтохын Чотонгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Чотон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1955 онд төрсөн, 51 настай. Би 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Төмөр замын техникумын автомеханикийн ангийг төгсөж ирээд, 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллах болсон. Улмаар малчнаар ажиллаж байгаад 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1978 онд цэргээс халагдаж ирээд оюутан болсон билээ. Ингээд 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажилласан жилээ баталгаажуулахад Увс аймгийн архивт ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа боловч бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа тул миний Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар 1974 оны 8 дугаар сарын 01-нээс өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Батмөнх, А.Ганбаатар нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Чотон нь 1974 оны 8 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн 1974-1976 оны баримтыг шүүн үзэхэд Тогтох овогтой Чотонтой холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.
Улаанбаатар хотын Төмөр замын техникумын автомеханикийн ангиас Т.Чотонд 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 150705 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1970 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Төмөр замын техникумын автомеханикийн ангид сурагчаар элсүүлэв, 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Төмөр замын техникумын автомеханикийн ангийг төгссөн тул БНМАУ-ын тээврийн яамны мэдэлд шилжүүлэв, 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллуулав, 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цэргийн хугацаат албанд татагдсантай холбогдуулан нэгдлийн малчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Батмөнх, А.Ганбаатар нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Батмөнхийн “Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1973 оноос 1984 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Т.Чотон нь 1974 оноос эхлэн Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Т.Чотон нь нэгдэлд ажиллаж байх хугацаандаа ихэвчлэн эх мал малладаг байсан. Тус нэгдэлд 1976 он хүртэл ажиллаад Төв аймгийн Зүүнбаян-Улаанд байрлах ардын цэргийн армид цэргийн алба хаах болсон. 3 жилийн цэргийн албаа хаагаад тус ардын цэргийн армид шүхрийн ахлах захирагчаар үргэлжлүүлэн улиран ажилласан. Тухайн үед Хяргас нуур нэгдлийн даргаар Цэдэв гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Ганбаатарын “Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1970 оноос 1995 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Т.Чотон нь 1974 оноос эхлэн Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Т.Чотон нь нэгдэлд ажиллаж байх хугацаандаа ихэвчлэн эх мал малладаг байсан ба тус нэгдэлд 1976 он хүртэл ажиллаад цэргийн алба хаах болсон” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн 1974 оноос 1976 оны хооронд Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй боловч Т.Чотон нь дээрх онуудад тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын Төмөр замын техникумын автомеханикийн ангиас 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 150705 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Батмөнх, А.Ганбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Чотонгийн хүсэлтийг хангаж, түүний 1974 оны 8 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар 1 жил 11 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Харагчид овогт Тогтохын Чотонгийн 1974 оны 8 дугаар сарын 01-нээс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Чотонгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ