Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01525

 

 С.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ч-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, **-р хороо, **-р хороолол /14182/, И, **-р байрны ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 71.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгийн нэг юм. Н-ын 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 4-145/2900 тоот албан бичгээр С.Ч миний орон сууцыг 209,804,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Дээрх үнэлгээг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, үндэслэлгүй үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд сүүлийн үед шинэ, хуучин орон сууцны үнэ тогтмол өсөлттэй байгаагаар зогсохгүй, ашигтай байршилд байдаг тул өндөр үнэлэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэрээр М ХХК, Г.Л, С.Ч, Б.Ц, Г.Н, М.С нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Ч-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, **-р хороо, **-р хороолол /14182/, Их тойруу **-р байрны ** тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй 71.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 1/20 дугаар шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 2024 оны 01 сарын 27-ны өдрийн байдлаар 209,804,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгүүдэд Н-аас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Төлбөр авагч Х ХК болон төлбөр төлөгч нар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 сарын 22-ны өдөр шинжээчээр Ц.О-ийг томилсон. Тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээ хийх эрхтэй үнэлгээчнийг шинжээчээр томилсон нь хуулийн шаардлага хангасан. Шинжээчийн гаргасан дээрх үнэлгээ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн эцсийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой үнэ билээ. Уг хөрөнгө нь өөрийн үнэ цэнээр дуудлага худалдаагаар үнэ нь өсөж, зах зээлийн үнэлгээгээр худалдан борлогдох ёстой. Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч нь өөрөө худалдан борлуулахаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, худалдан борлуулж чадаагүй зэрэг нь уг хөрөнгийг шинжээчийн үнээс өндөр байж чадахгүй гэдгийг харуулж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н-т холбогдох, С.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол /14182/, Их тойруу **-р байр, ** тоот хаягт байршилтай, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Шинжээч томилуулах тухай хүсэлтийг С.Ч болон Х ХХК гаргасны үндсэн дээр шинжээч томилуулан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, **-р хороо, **-р хороолол, Их тойруу, **-р байрны ** тоот хаягт байрлах орон сууцанд үнэлгээ хийлгэсэн. Гэтэл үнэлгээчинтэй байгуулсан Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн байгууллага Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О-ийг үнэлгээ хийлгэхээр томилсон тушаал, шийдвэр мөн адил хэрэгт авагдаагүй байхад шүүх тухайн үнэлгээг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.2.  Түүнчлэн С.Ч нь ганцаараа зээл аван, зээл төлөх үүргээ биелүүлээгүй бус М ХХК болон Г.Л нар ч мөн зээл авч, зээл төлөх үүргээ биелүүлээгүй байхад дан ганц С.Ч-ын барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь нэхэмжлэгчид илт шударга бус болох бөгөөд төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгөнөөс адил хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 1/20 дугаар тогтоолоор шинжээч Ч.О-ийг томилсон. Тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 2-т дурдсан асуудлыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна гэжээ.  

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс тус хуулийн 5.1.3-т заасан мэргэжлийн байгууллагаас шинжээчийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилно гэж заасан зохицуулалтад хамаарна гэж үзэж байна. Тийм учраас гэрээ байгуулах шаардлагагүй. Шинжээч томилох тогтоолоор үнэлгээ гарах үндэслэл нь болж байна. Хэрэгт тогтоол болон шаардлагатай нотлох баримтууд авагдсан. Шүүхийн шийдвэрээр 434,000,000 төгрөг гаргуулахад 4 байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. 2 байраар үүргийн гүйцэтгэл хангагдсан. Одоо 3 дахь байрны хувьд ажиллагаа явагдаж байгаа. Манай төлбөр 163,000,00 төгрөг байна. С.Ч-ын дараагийн байрыг ипотекийн барьцаалагч нь сонгоод ажиллагаа хийгдэж байгаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв. 

2. Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Н-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол /14182/, Их тойруу, **-р байрны ** тоот хаягт байршилтай, 71.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 209,804,000 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О-ийн гаргасан 2024 оны 01 сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК нь хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлалаар хариуцагч М ХХК, Г.Л нар шүүгчийн захирамжийн дагуу 434,598,362 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ч-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол /14182/, Их тойруу, **-р байрны ** тоот хаягт байршилтай, 71.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ. 

4. Н нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2022 оны 05 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр, магадлалд дурдагдсан дээрх орон сууцыг 2023 оны 01 сарын 12-ны өдөр битүүмжилж, 2024 оны 01 сарын 10-ны өдөр хураан авч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 01 сарын 22-ны өдөр Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

5. Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба хариуцагч байгууллагаас 2024 оны 01 сарын 22-ны өдөр шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна.

6. Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О нь үнэлгээний тайландаа үнэлгээ гаргахад ашигласан арга, аргачлалыг тодорхой тусгаж, үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтад орсон он, талбай, байршил, бүтээц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг харгалзан үзсэн байна.

7. Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О-ийн гаргасан 2024 оны 01 сарын 27-ны өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байхаас гадна үнэлгээчин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас багаар үнэлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

8.  Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

8.1. Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан эрхийнхээ хүрээнд буюу хуульд заасан үндэслэлээр шинжээч томилсон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх гэрээг байгуулах шаардлагагүй тул ...хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ хэрэгт авагдаагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.2.  Өмнө дурдсанчлан, хариуцагч байгууллага 2024 оны 01 сарын 22-ны өдөр шинжээчээр Б ХХК-ийн шинжээч Ц.О-ийг томилсон байх тул ...Ц.О-ийг үнэлгээ хийлгэхээр томилсон тушаал, шийдвэр байхгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.3.  Н нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд заасны дагуу С.Ч, С.Ц, Г.Н, М.С нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулж, тодорхой төлбөрийг албадан төлүүлсэн байх тул ...дан ганц С.Ч-ын барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг нь шударга бус... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР