Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 550

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 77а гудамжны 11 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОК83071836, Уран Намжил овогт Бямбажавын Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг, 8-8 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК84090108, Багш овогт Ядамсүрэнгийн Пүрэвсүрэнд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь эхнэр болох Ядамсүрэн овогтой Пүрэвсүрэнтэй 2005 онд танилцан улмаар 2006 оны 8 дугаар сарын 20-нд гэрлэлтээ бүртгүүлж 2006 оны 8 дугаар сарын 21-нд хүүтэй болон гэр бүл болсон билээ. Тэр үед би оюутан байсан ба Улаанбаатар хот руу сурахаар явсан. Сургуулиа төгсөөд Зам тээврийн яаманд ажилд орсон ба ажилд ороод удаагүй байсан тул чөлөө авч болохгүй байсан. 2007 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад 12 дугаар сард чөлөө аваад Я.Пүрэвсүрэн, хүү Д.Лувсанбат хоёр дээр очоод удалгүй ажлаас дуудаад буцаад хот руу явсан. Дахиад тэр намар нь ирэхэд Я.Пүрэвсүрэн гэрлэлтээ цуцлуулаагүй байж өөр хүнтэй суусан гэдгээ хэлсэн. Тэгээд нэг хүүхэдтэй болсон дахин нэг залуутай гэрлээд хүүхэдтэй болсон гэж сонссон. Энэ асуудалд бид хоёрын хэн хэн нь буруутай байж магадгүй гэж бодож хүлээж байсан. Тийм учраас гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд хүү Д.Лувсанбатыг өөрийн асрамжид авахад татгалзах зүйлгүй ба хүүхдийн шийдвэрийг хүндэлнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэв.

       Хариуцагч Я.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Даваасүрэнтэй 2005 онд танилцаж үерхэн гэрлэлтээ бүртгүүлж хүү Д.Лувсанбатыг 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрүүлсөн. Б.Даваасүрэнтэй 2007 онд үл ойлголцолд хүрэхэд хүү бид хоёр дээр ирээгүй бөгөөд намайг албан ёсоор эхнэр болгон авч нэг гэрт огт амьдраагүй юм. Иймд хүү Д.Лувсанбатыг төрсөн цагаас нь хойш өөрийн биеэр ганцаараа өсгөж байгаа болно. Иймд эцэцг Б.Даваасүрэнгээр хүү Д.Лувсанбатад тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

    Б.Даваасүрэн, Я.Пүрэвсүрэн нар 2006 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Д.Лувсанбат төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 66 дугаар төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Б.Даваасүрэн, Я.Пүрэвсүрэн нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Гэрлэгчид нь 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Д.Лувсанбатыг хэн хэн нь өөрийнхөө асрамжид байлгах шаардлага гаргасан ба хүүхдийн саналыг харгалзан хүү Д.Лувсанбатыг эх Я.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Лувсанбатыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Даваасүрэнгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

    Шүүх хүүхдийг эх Я.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

       Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

   Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 9 дүгээр 05-ны өдрийн байдлаар 164.800 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 82.400 төгрөгийг нэхэмжлэгч сар бүр хариуцагчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 988.800 төгрөг/ 28.281 төгрөгийг нэхэмжлэгчээс  гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

      Хариуцагч Я.Пүрэвсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Уран Намжил овогт Бямбажавын Даваасүрэн, Багш овогт Ядамсүрэнгийн Пүрэвсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Д.Лувсанбатыг эх Я.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Лувсанбатыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Даваасүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

    4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

    5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.  

       6. 3охигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

     7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгож, нэхэмжлэгч Б.Даваасүрэнгээс хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ