Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 184/2023/01971/И |
Дугаар | 210/МА2024/01560 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01560
2024 08 09 210/МА2024/01560
Г.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/02783 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Тгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Г.Т би, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 219/591 тоот Нрын Мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хамт 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/03123 дугаар захирамжаар Г.Тгээс 81,981,664 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Г.Т миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, .... хороо, ........, .... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, гурван өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоож 158,086,300 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4-21/591 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу Нраас Г.Т миний өмчлөлийн орон сууцыг 158,086,300 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 тоот дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүссэн. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээд бараг 6 жил болж байна. Дээр дурдагдсан ...3 өрөө орон сууц нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгө юм.
Төлбөр төлөгч Г.Тгийн хүсэлтээр хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр Ашидбилгүүн ХХК томилогдсон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тухайн байрыг 158,086,300 төгрөгөөр үнэлсэн.
Нраас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч Г.Т нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин иргэний хэрэг үүсгэн хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч тал ингээд 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад, санаатай саад учруулаад байх шиг байна. Энэ 2 дахь удаагийн хэрэг маргаанд миний зүгээс тухайн барьцааны хөрөнгийг хураах ажиллагаанаас нь эхлээд бүх ажиллагаа дээрээ төлбөр төлөгчийг оролцуулаад, танилцуулаад, эрх зүйн утга, арга зэргийг тайлбарлаж байсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээ бодитой буюу зах зээлийн ханшаар гарсан гэж бодож байна. Мөн шүүхээс томилсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт болон Нрын томилсон үнэлгээний газрын дүгнэлт хоорондоо бараг зөрөөгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Тгээс шинжээчийн зардалд 250,000 төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000142787 тоот дансанд олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс ...миний орон сууцны үнийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг бодитой гэж дүгнэсэн, мөн нэхэмжлэлийг гаргахдаа анх нэхэмжлэлийг хүлээж авахдаа дардас 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авсан гэсэн өөрөө үндэслэлгүй зүйл юм.
Миний би анх 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд хэрэв тус нэхэмжлэлийн гаргахдаа хуулийн хугацаандаа гаргаагүй бол татгалзах захирамж гарах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаагүй бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл яг хэргийг шийдвэрлэх үедээ нэхэмжлэлийг хүлээн авсан өдөр 27-ны өдөр гэсэн байна гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй зүйл юм.
Анх Нраас гаргасан үнэлгээ, хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн даалгаж хийсэн үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй гарсан байгаа хэргийг шийдвэрлэхдээ үнэлж авч үзээгүй нь өөрөө нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.
Иймд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/02783 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцааж, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.... зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 тоот захирамжаар Капитрон банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 81,628,414 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 81,628,414 төгрөгийг төлөх, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Гэвч Г.Т нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хариуцагч Нар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 349 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Сонгинохайрхан дүүрэг, .... хороо, ........, .... байр, ... тоот хаягт байрлах 68.86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр түдгэлзүүлсэн бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилж, мөн 2024 оны 0.... сарын 08-ны өдөр хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /х.х-ийн 52-55, 58-63, 68-69/.
4. Төлбөр төлөгч Г.Т нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 230,000,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч Капитрон банк ХК нь хүлээн зөвшөөрсөн боловч төлбөр төлөгчөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хариуцагч Нар хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/73 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамъяаныг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна. /х.х-ийн 73, 75, 76, 78/.
5. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланд дурдсанаар төлбөр төлөгч Г.Тгийн орон сууцыг 158,086,300 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү тайланд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна /х.х-ийн 35-51/.
6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Нэхэмжлэгч Г.Т нь төлбөр төлөгч этгээд болохын хувьд барьцаа хөрөнгийн үнийг 158,086,300 төгрөгөөс их буюу 230,000,000 төгрөгийн үнэтэй гэж маргаж буй тохиолдолд үүнийг нотлох үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6.2. Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Тэнхлэг зууч ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орон сууцны үнэ ханшийн лавлагаагаар 153,520,684 төгрөг гэж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланд 166,228,000 төгрөг гэж тус тус үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн тайланд дурдсан үнээс 4,500,000 төгрөгөөс 8,100,000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь тухайн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хэт доогуур тогтоосон гэж дүгнэх үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.
7. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Нар нь төлбөр төлөгч Г.Тд Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан байна. уулж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна /х.х-ийн 84/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д тус тус зааснаар талууд үнэлгээний талаарх гомдлыг ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой байтал нэхэмжлэгч Г.Т нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн .би 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн давж заалдах гомдол нь анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 22 минутад 5 хуудас баримт хүлээн авав гэсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/02783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР