Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0110/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                          Н.Н нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 1939001050097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Ишгэн толгой” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2013 оны 04 сарын 29-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Н.Н /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 дугаар 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” баарны гадна иргэн Н.Ц-н нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 дугаар 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” баарны гадна иргэн Н.Ц-н нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд тамхиа татаж дуусаад баар руу орох гээд гадна талын үүдний хаалга таттал дотроос нь нэг залуу гарч ирээд үгийн солиогүй миний нүүр рүү гараараа цохиод унагаасан. Тэгээд намайг ойчсон байхад гуталтай хөлөөрөө миний толгой руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босож зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. ...Би эмнэлэгт үзүүлж толгойдоо 4 оёдол тавиулсан. Намайг зодсон залууг Н.Н гэдэг юм байна лээ. Би тэр залууг огт танихгүй, урьд өмнө харж байгаагүй хүн байсан. Би Н.Нтэй уулзсан, сайн дураараа эвлэрсэн. Надад Нандин-Эрдэнийг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Э.Өлзийтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай нөхөр Цэрэннадмид нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” баарны гадаа танихгүй залууд зодуулсан гээд шөнө ирэхдээ толгой нь хагараад эмнэлэгт очиж оёдол тавиулаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №88 дугаартай шинжээчийн: “...Н.Цын биед баруун дээд 1-р шүдний сулрал, дух зүүн гарын ядам хурууны 3-р үе, амны дотор салстад шарх, дух баруун нүдний дээд зовхи, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, амны дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/,

Н.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Цэрэннадмидын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй, хүний эрх чөлөөнд халдаж болохгүй гэдгийг ойлгосон, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байна. Цэрэннадмидын нэхэмжилсэн 150.000 төгрөгийг төлсөн, мөн хамрын муруйлтыг цаашид янзлуулж өгөхөөр тохирсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Ц нь “...Би Н.Нтэй сайн дураараа эвлэрсэн, надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 69 дүгээр талд өгсөн байх тул шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА