Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 551

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг, Ивэн хөдөөд оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66082522, Хошууд овогт Бэлэгсайны  Намсрайгийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Намсрай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хонь маллаж байсан бөгөөд 1989 оны 12 дугаар сар хүртэл малчнаар ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох болсон ба Лениний зам нэгдэл тарсан, хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Тэс сумын Лениний зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Х.Цэнджав, Д.Доноров нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Намсрай нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Бэлэгсайны  Намсрайгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Доноров, Х.Цэнджав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Доноровын “Миний бие нь 1972 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл болон Тэс сумын Мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсан. Намайг Лениний зам нэгдэлд ажиллаж байхад Б.Намсрай нь 1981 оноос эхлэн тус нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Б.Намсрай нь голдуу бог мал малладаг байсан ба нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Тухайн үед Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Х.Цэнджавын “Миний бие нь 1964 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл болон Тэс сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан.  Намайг Тэс сумын тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байхад Б.Намсрай нь 1981 оноос эхлэн тус сумын Лениний зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Б.Намсрай нь голдуу хонь малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

      Нэхэмжлэгч Б.Намсрай нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Доноров, Х.Цэнджав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Б.Намсрайгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

    Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хошууд овогт Бэлэгсайны  Намсрайгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Намсрайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ