Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01585

 

 У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02164 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш болон Н холбогдох,

Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, А.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 181/Ш32018/05740 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар төлбөр төлөгч Ж ХХК-аас 1,300,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01865 дугаар шийдвэрээр 2,186,014,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 10,930,073 төгрөг, нийт 3,496,959,573 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж У ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 5 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа боловч манай компани нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна. Н-ын шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчид Ж ХХК-ийн өмчлөлийн, бусдын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, машин механизмыг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул Ш-ын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 03/1163 дугаар албан бичгээр Төлбөр төлөгч Ж ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгслээс 20 ширхэг тээврийн хэрэгслийг төрөөс Э ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө төрийн өмчийн компанийн эзэмшил, ашиглалтад байгаа нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд төлбөр төлөгч Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тал хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 5740 дугаар захирамжаар Ж ХХК-аас 1,300,015,000 төгрөг, мөн шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 1865 дугаар шийдвэрээр Ж ХХК-аас 2,196,944,573 төгрөгийг гаргуулж У ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Бүртгэлийн 18280767 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 06 сарын 28-ны өдөр, 20280835 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 08 сарын 27-ны өдөр тус тус ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж ХХК-д төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэртэй төлбөрөөс төлж барагдуулаагүй, мөн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжилж, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөл болон эзэмшилд бүртгэлтэй хөрөнгийг холбогдох байгууллагуудаас тодруулахад 22 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болох нь тогтоогдож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Иймд тус газраас төлбөр төлөгч Ж ХХК-ийн Дундговь аймгийн Г сумын С-ын уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл, 355,460 тонн, цагаан мөнгөний хүдэр, 518 тонн мөнгөний баяжмал, бусад эд хөрөнгө техник, тээврийн хэрэгслийг Төрийн өмчид шилжүүлэн авсан эсэхийг тодруулахаар 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 2-157/7244, 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 2-240/3036, 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 2-240/2873, 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 2-240/7206 дугаартай албан бичгүүдийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Э ХХК-д хүргүүлэхэд 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 01/306, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 02/216, 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 01/84, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 01/190 дугаартай албан бичгүүдээр Дундговь аймгийн Г сумын С-ын уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл, 355,460 тонн цагаан мөнгөний хүдэр, 518 тонн мөнгөний баяжмал, хөдлөх эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл 20 ширхэг зэргийг Төрийн өмчид жагсаалтаар хүлээн авсан бөгөөд жагсаалтад дурдсан Mitsubishi L200, Mitsubishi Canter маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг аваагүй талаарх мэдээллийг ирүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Дундговь аймгийн Г сумын нутагт орших С-ын уурхайн талбайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Mitsubishi L200, Mitsubishi Canter маркийн 2 тээврийн хэрэгсэл байхгүй болохыг тогтоосон. Цаашид төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө, мөнгө байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн Ш болон Н-т холбогдуулан гаргасан төлбөр төлөгч Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр буюу Ш-ын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 03/1163 албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж ХХК-д төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэртэй төлбөрөөс төлж барагдуулаагүй, мөн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжилж, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөл болон эзэмшилд бүртгэлтэй хөрөнгийг холбогдох байгууллагуудаас тодруулахад 22 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болох нь тогтоогдож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

4.2.  Тус газраас төлбөр төлөгч Ж ХХК-ийн Дундговь аймгийн Г сумын С-ын уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл, 355.460 тонн, цагаан мөнгөний хүдэр, 518 тонн мөнгөний баяжмал, бусад эд хөрөнгө техник, тээврийн хэрэгслийг Төрийн өмчид шилжүүлэн авсан эсэхийг тодруулахаар 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 2-157/7244, 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 2-240/3036, 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 2-240/2873, 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 2-240/7206 дугаар албан бичгүүдийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Э ХХК-д хүргүүлэхэд 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 01/306, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 02/216, 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 01/84, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 01/190 дугаар албан бичгүүдээр Дундговь аймгийн Г сумын С-ын уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөл, 355,460 тонн цагаан мөнгөний хүдэр, 518 тонн мөнгөний баяжмал, хөдлөх эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл 20 ширхэг зэргийг Төрийн өмчид жагсаалтаар хүлээн авсан бөгөөд жагсаалтад дурдсан Mitsubishi L200, Mitsubishi Canter маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг аваагүй талаарх мэдээллийг ирүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Дундговь аймгийн Г сумын нутагт орших С-ын уурхайн талбайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Mitsubishi L200, Mitsubishi Canter маркийн 2 тээврийн хэрэгсэл байхгүй болохыг тогтоосон.

4.3.  Цаашид төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө, мөнгө байхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон давж заалдах гомдолд тусгагдсан нэр бүхий авто тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн. Тухайн авто тээврийн хэрэгслийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээс хойш ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох дүрэм журамд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслүүд нь төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд одоог хүртэл бүртгэлтэй. Гэвч зөвхөн албан бичгийн хүрээнд төлбөр төлөгчийн эзэмшилд өр төлбөрт гаргуулах эд хөрөнгө байгаагүй учраас уг үндэслэлээр татгалзсан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар нэгэн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ, хэлцэл байгуулж, эрх бүхий байгууллагын өмчлөлд шилжүүлсэн зүйл байхгүй. Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 29-ний өдөр эд хөрөнгийг бүртгүүлж, хамгаалалтад авах ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн дагуу тухайн эд хөрөнгийг хамгаалалтад авсан. Тухайн захирамжаар зөвхөн 22 тээврийн хэрэгслийг хамгаалалтад аваагүй бөгөөд нийт 368 эд хөрөнгийг хүлээн авсан. Уг эд хөрөнгүүдээс зөвхөн төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа эд хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийлгэх хүсэлтэй байсан. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Мөн тухайн эд хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамаарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой. Иргэн, хуулийн этгээд төрийн өмчийн компани, хувийн өмч, аж ахуйн нэгжээс үл хамаарч шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Мөн нийтэд илэрхий үйл баримтаар тухайн үед С-ын мөнгөний ордны лицензийг цуцалж байсан. Тухайн лицензийг цуцлах үед 2018 оны 12 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргын захирамж гарсан. Дундговь аймгийн Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдийн өмчийг хамгаалж, тухайн захирамжийг гаргасан. Уг захирамжуудыг үндэслэж, 22 тээврийн хэрэгслийг Ж ХХК-ийн өмчлөл биш гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийгээгүй тул манай байгууллагын эрх, ашиг, сонирхол хөндөгдөж байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд ямар нэгэн үндэслэл бүхий үйл баримт, тайлбар байхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээж, найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ш болон Н-т холбогдуулан Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 52-53/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Нэхэмжлэгчийн томъёолсон ...Ш-ын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 03/1163 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох... шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин ...22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах... шаардлагын үндэслэлд хамаарч байна.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 181/ШЗ2018/05740 дугаар захирамжаар хариуцагч Ж ХХК-аас 1,300,015,000 төгрөгийг гаргуулж, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01865 дугаар шийдвэрээр 2,196,944,573 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч У ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 6-7, 8-9/ 

4.   Хуулийн хүчин төгөлдөр захирамж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 06 сарын 28-ны өдөр болон 2020 оны 08 сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авч, тээврийн хэрэгслийн лавлагаа авч, төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжилжээ. /хх 60, 67, 70-71, 72, 73/

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар төлбөр төлөгч Ж ХХК-ийн нэр дээр нийт 22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмж бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдсон. /хх 72/

Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 29-ний өдрийн А/591 дугаар захирамжаар дээрх тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжүүдийг бусад эд хогшил, эд хөрөнгийн хамтаар Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авсан байна. /хх 79-88/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн ... бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран ... хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна гэж тус тус зохицуулжээ.

6. Анхан шатны шүүх ...Засаг даргын захирамжаар эд хөрөнгийг бүртгэлжүүлж, хамгаалалтад авснаас бус өмчлөлийг шилжүүлээгүй, тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийн өмчлөлийг Э ХХК-д шилжүүлсэн гэх баримтгүй, улсын бүртгэлээр Ж ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа... гэсэн дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-т тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...22 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг... гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Дундговь аймгийн Г сумын нутагт орших С-ын уурхайн талбайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Mitsubishi L200, Mitsubishi Canter маркийн 2 тээврийн хэрэгсэл байхгүй болохыг тогтоосон... гэсэн тайлбарыг анхаараагүй байна.

7. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж 20 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг нэг бүрчлэн нэрлэн зааж, тодорхой болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, ...цаашид төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө, мөнгө байхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02164 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д тус тус зааснаар төлбөр төлөгч Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй,

L********* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Dong Feng маркийн,

L********* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Dong Feng маркийн,

L********* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Dong Feng маркийн,

L********* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Sinotruck маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

L**************** арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Beiben North Benz маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8******* арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

8****** арлын дугаартай, **-** Д** улсын дугаартай, Shaanxi маркийн,

M********* арлын дугаартай, **-** У* улсын дугаартай, CAT маркийн,

M********* арлын дугаартай, **-** У* улсын дугаартай, CAT маркийн,

A********** арлын дугаартай, **-** У* улсын дугаартай, SEM маркийн,

L********** арлын дугаартай, **-** Б* улсын дугаартай, CIMC маркийн,

S********** арлын дугаартай, **-** У* улсын дугаартай, SEM маркийн,

A********** улсын дугаартай, **-** У* улсын дугаартай, Shandong маркийн

нийт 20 ширхэг тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг Ш-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР