| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0057/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0057/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Д.Энхжаргал,
Хохирогч Б.Б.,Э, С
Иргэний нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,
Шүүгдэгч Х.Б. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.3 зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б.д холбогдох 201623000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 46 настай, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5-р баг Нийтийн байрны 45-40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Х.Б. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б. нь “Экоборной” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж
-2015 оны 09 дүгээр сард хохирогч Б.Б.ыг Хэнтий аймгийн уул уурхай 5 сум хариуцсан орд газарт шалгалт хийдэг биет төлөөлөгч болгоно, танай нөхрийг захирал болгоно гэж 1960000 төгрөгийг,
-2015 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд Олон улсын байгаль хамгаалах төслийг танай суманд хэрэгжүүлнэ, ажлын байр, машинтай болгоно гэж хохирогч Д.С-с 4790000 төгрөгийг,
-2016 оны 04 дүгээр сард НҮБ-ын шугамаар зүүн 3 аймагт байгаль хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр төслийн дарга болгоно гэж хохирогч Г.Т-с 1242000 төгрөгийг,
- 2016 оны 04 дүгээр сард байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна нөхөн сэргээлт хийх төсөл хэрэгжүүлнэ гэж хохирогч Д.Б-с 8940000 төгрөгийг,
-2016 оны 09 дүгээр сард герман улсын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэг, байгаль орчны чиглэлийн төсөл хэрэгжүүлнэ, ажлын байртай болгоно, төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах санал тавьж хохирогч Б.Д-с 2472000 төгрөгийг,
-2016 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд нөхөн сэргээлтийн төсөл орж ирэх гэж байгаа гэж хохирогч Ө.Э-с 3060000 төгрөгийг тус тус залилж нийт 22464000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б. нь “Экоборной” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж
-2015 оны 09 дүгээр сард хохирогч Б.Б.г Хэнтий аймгийн уул уурхай 5 сум хариуцсан орд газарт шалгалт хийдэг биет төлөөлөгч болгоно, танай нөхрийг захирал болгоно гэж 1.960.000 төгрөгийг,
-2015 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд Олон улсын байгаль хамгаалах төслийг танай суманд хэрэгжүүлнэ, ажлын байр, машинтай болгоно гэж хохирогч Д.С-с 3.550.000 төгрөгийг,
-2016 оны 04 дүгээр сард НҮБ-ын шугамаар зүүн 3 аймагт байгаль хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр төслийн дарга болгоно гэж хохирогч Г.Т-с 1.242.000 төгрөгийг,
- 2016 оны 04 дүгээр сард байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна, нөхөн сэргээлт хийх төсөл хэрэгжүүлнэ гэж хохирогч Д.Б-с 8.940.000 төгрөгийг,
-2016 оны 09 дүгээр сард герман улсын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэг, байгаль орчны чиглэлийн төсөл хэрэгжүүлнэ ажлын байртай болгоно, төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах санал тавьж хохирогч Б.Д-с 2.498.400 төгрөгийг,
-2016 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд нөхөн сэргээлтийн төсөл орж ирэх гэж байгаа гэж хохирогч Ө.Э-с 3.060.000 төгрөгийг тус тус залилж нийт 21.250.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Б.н мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2015 оны 09 сарын 01-ний үед Х.Б. гэнэт залгаад НҮБ-ын “Экоборной” ХХК-нь уул уурхайн чиглэлээр ажилладаг компани байгаа юм. Энэ компани Хэнтий аймгийн уул уурхайн 5 сум хариуцсан орд газарт шалгалт хийдэг биет төлөөлөгч болж ажиллуулах гэсэн юм. Манай нөхөр Эрдэнэбаатарыг захирлаар нь, намайг нарийн бичгийн дарга, нягтлангаар ажиллуулах хүсэлт тавьсан. Манай компанийн төв нь МУ-ын засгийн газрын ордны 3 дугаар давхарт байдаг юм. Одоо та 2 ажилд орчвол манай төв дээр ирж ажлынхаа хүмүүстэй танилцана. Бас танай нөхөр захирал болж байгаа учраас тамга тэмдэгний мөнгө хэрэгтэй, төрийн ордонд ороход нэг хүний 250.0 төгрөг нийт та хоёр 500.0 төгрөг төлөх ёстой гэж хэлээд одоо хурдан мөнгөө явуул гэхээр нь “Экоборной” гэсэн 59590069004 гэсэн данс руу 540.0 төгрөг хийсэн. ...Одооноос та хоёр НҮБ-ын гишүүн гээд байгаль орчин уул уурхай хариуцсан дарга боллоо гээд надад 00086, манай нөхөр Эрдэнэбаатарт 00087 гэх код өгсөн. Тэгээд манай нөхөр Эрдэнэбаатарын цалин 600.000 ам доллар, миний цалинг 350.000 ам доллар гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвд оффис бариулна оффисын мөнгө гэж 200.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвд хамгийн сайн хоол хийдэг газрыг олоод тэр газартайгаа гэрээ хийгээд та нар хоол ундаа идэж бай гэж хэлсэн бас оффисын 2 ажилтан ав гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Б.Баярцэцэг, Б.Баярсайхан нарт хэлээд ажилд орохоор болсон. 2015 оны 09 сарын 07-ны өдөр оффист ажиллуулах 2 хүн ижилхэн хувцастай байх ёстой нэг хүний хувцас нь 195.0 төгрөг нийлээд 380.0 төгрөг болох юм байна гээд шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Х.Б. утсаар залгаад та хоёрт “Экоборной” ХХК-с 2 жип-69 гэх автомашин өгөхөөр болсон байна. Энэ машиныг та хоёр 5 жил унаад хувьдаа авах боломжтой юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 тал/
Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2015 оны 12 сарын 11-нээс 12-ны үед Олон улсын байгаль хамгаалах төслийг танай суманд хэрэгжүүлэх гэж байна. Танай сумаас тохитой хүн хэрэгтэй сарын цалин 500.0 төгрөг дээр нь утасны мөнгө, түлшний мөнгө нэмж олгогдоно гэж ярьсан. Тэгэхээр нь нөхрөө ажиллуулахаар болсон. Тэгээд маргааш нь дахин утсаар яриад ажилд орсон хүнд нормын хувцас, БОЯ-д нэвтрэх үнэмлэхийн мөнгө гээд 230.0 төгрөг 5959006904 дугаарын дансад хийсэн. Маргааш нь дахин залгаж Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан сумдад хэрэгжих төслийг захиран зарцуулах найдвартай хүн хэрэгтэй байна. Жаргалтхааны нэг эрэгтэйг эрүүл мэндээр тэнцэхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн, чи ер нь дээд боловсролтой юм чинь нөхрийн хамт хийвэл яасан юм бэ гээд миний анкетыг утсаар авсан. Тэгээд надаас тамга, нэвтрэх үнэмлэх, ажлын хувцас зэргийн мөнгө гэж 490.0 төгрөг хэрэгтэй гэснийг өөрийн дансаар шилжүүлсэн. Дараа нь 2-3 хоногийн дараа дахин Азийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулалт орж байгаа гадаадын хүмүүс ирж танилцах тул орон нутагт ажлын оффис барих боллоо. Жилд манай төсөвт 70000000 төгрөг байгаа тул энэ мөнгөний 10 хувийг орон нутгийн сангаас аймгийн засаг дарга Оюунбаатар шийдэж өгөхөөр боллоо. Тухайн орон нутагт ажиллаж байгаа ажилчин нь 1 сая төгрөгийг өөрсдөө гаргахаар боллоо. Надад 500.0 төгрөг байна, үлдсэн 500.0 төгрөгийг одоо яаралтай данс руу явуул гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд маргааш нь дахин утсаар залгаж, 3 сум хариуцаж байгаа юм чинь та нарт машин хэрэгтэй гээд Хурд ХХК-ийн захиалгаар Тундра гэдэг машин дөрвийг оруулж ирсэн. Нэгийг та хоёрт өгөхөөр боллоо урьдчилгаа 840.0 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Төслийн нээлт 2016 оны 01 сарын 10-ны өдөр Бор-Өндөр буцлаа хувиараа 380.0 төгрөг хүүтэй зээлээч 12 сарын цалин буухаар өгье гэхээр нь данс руу шилжүүлсэн. ...нийт 4790000 төгрөгийг Х.Б. гэдэг хүнд шилжүүлсэн. Хэд хоногийн дараа миний данс руу 400.0 төгрөг Х.Б. над руу хийсэн өөр мөнгө хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 тал/,
Хохирогч Г.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 4 сард Х.Б. анх над руу залгаад НҮБ-ын шугамаар зүүн 3 аймагт байгаль хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр төсөл орж ирж байгаа юм. Танай сумын өнгөт чулууний сүйтгэгдсэн газрын нөхөн сэргээхэд чиглэгдсэн ажил байгаа юм. Хамтарч ажиллах уу гэж санал тавьсан. Тэгэхээр нь би дуртай зөвшөөрсөн, тэгтэл Х.Б. над руу утсаар би таныг зөндөө судалсан Мэргэжлийн хяналтын дарга Сүнгээ, Байгаль орчны газрын дарга Энхбаяр, тагнуулын газраас таны тухай мэдээлэл авсан гэсэн. Тэгээд маргааш нь та НҮБ-н ажилтан боллоо би таныг бүртгүүлсэн шүү гэж хэлсэн. ...танай 2 хүүхдийг боловсрол тэтгэлэгт хамруулна гээд 115.0 төгрөг аваад явсан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр засгийн газрын ордонд төслийн нээлттэй энэ арга хэмжээнд танай амьдрах орон сууцыг гардуулж өгнө байрны ордерийн мөнгө урьдчилгаа 8 сая төгрөг хэрэгтэй төслөөс 6 сая төгрөгийг нь гаргана, та хоёр 2 сая төгрөгийг гарга гэхээр нь надад мөнгө байхгүй 1 сая төгрөг л байна гээд 1 сая төгрөг өгсөн. Тэгээд 4 сарын 15-нд арга хэмжээ болоогүй, Х.Б.гийн утас холбогдохгүй байсан. Нийт 1242000 төгрөгийг залилуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр нөхөр Пүрэв Улаанбаатар хотод байгаль орчны чиглэлээр сургалт зөвлөгөөнд сууж байхад анх Х.Б. нь манай нөхрийг хайж ирээд танилцаад гадаадын хөрөнгө оруулттай төсөл орж ирээд байгаа юм. Танай суманд байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна нөхөн сэргээлт хийнэ гэх зэргээр уулзсан байна лээ. 2016 оны 04 сарын 18-ны үед Х.Б. манай суманд ирээд нөхөр бид хоёртой уулзсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр барилгын засварын мөнгө урьдчилгаа байдлаар 6 сая төгрөг хэрэгтэй байна гэж утсаар яриад чи яаралтай 1 цагийн өмнө манай данс руу хийчих 2 цаг гээд төслийн хурлаар орно гэж хэлсэн. Тэгээд би тэр даруйдаа өөрийн найзаасаа хүүтэй мөнгө зээлээд бушуухан явуулсан юм. Тэгээд мөнгө авснаасаа хойш сураггүй алга болсон юм. Нийт 8940000 төгрөгийн хохирол учраад байна. манай нөхөр Пүрэвээс бүртгэлийн хураамж 240.0 төгрөг, надаас ажилд орох бүртгэлийн хураамж 100.0 төгрөг, барилгын засварт 6 сая төгрөг, бас байшингийн мөнгө гэж 1.680.0 төгрөг бэлнээр авсан. Батлан даалтын мөнгө гээд Санхүүгийн зохицуулах хороо гээд 250.0 төгрөг дансаар, миний төрсөн дүү Болорцэцэгийн ажилд оруулна гээд 260.0 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,
Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд сураггүй байж байгаад 2016 оны 09 сарын 27-ны өдөр гэнэт миний 98590997 дугаар руу 99563286 утсаар Х.Б. эгч нь байна гэж залгаад надтай ярьсан. Утсаар ярихдаа эгч нь Герман улсын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэг, байгаль орчны чиглэлийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм. Чи ажил хайж байна уу гэж асуусан. Би ажилгүй байгаа гэхэд чамд ажлын байр санал тавъя чи миний энэ төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би бүх аймгийн сумдаар явж хүмүүнлэг байгаль орчны чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан бөгөөд эхний ээлжинд 2017 оны 05 сар хүртэл Улаанбаатар хотод сургалтанд хамрагдана гэж байсан. Ингээд надаас 286000 төгрөгний бүртгэлийн хураамж яаралтай төлөх хэрэгтэй гээд 2016 ны 09 сарын 27-ны өдөр Төрийн банкны 320000045198 тоот дансанд мөнгөө хий гээд би уг дансанд мөнгө шилжүүлсэн. Тэгээд маргааш над руу дахиж утсаар яриад Улаанбаатар хотод байр саванд суух учир хөнгөлөлттэй төслийн 4 байр байгаа нэгэнд нь оруулья 1600000 төгрөг яаралтай явуул гэж хэлээд саяын дансанд 2016 оны 9 сарын 28-ны өдөр надаас дахин мөнгө шилжүүлж авсан. Тэгж байж байгаад 2016 оны 09 сарын 30-ны өдөр дахин яриад чиний ажиллах төсөлд нэг туслах ажилтан хэрэгтэй байна. Чамд найдвартай хүн байна уу гэхээр нь би өөрийнхөө найз Алтанзулд энэ талаар хэлэхэд би ажилламаар байна даанч бүртгэлийн хураамж байхгүй байна гэхээр нь би өөрөө хүнээс гуйж зээлээр 286000 төгрөгийг олоод Х.Б.д Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Ингээд байж байгаад 2016 оны 10 сарын 04-ны өдөр дахиж яриад одоо төслөө батлуулахад төслийн мөнгөний 1 хувь хураамж төлөх шаардлагатай байна. Бид нарын хэрэгжүүлэх төсөл 330000000 төгрөгний өртөгтэй төсөл байгаа юм. Би одоо уг мөнгөний 1 хувь болох 3300000 төгрөгийг байршуулж чадахгүй болохоор нягтландаа хахууль гэж 300.0 төгрөг төлөөд мөнгө байршуулахгүй төслөө батлуулах хэрэгтэй байна 300.0 төгрөг яаралтай явуул гээд Хаан банкны 5040139960 Бямбатулга төслийн нягтлангийн данс гээд энэ данс руу 300.0 төгрөг хийлгүүлсэн. Нөхөр бид хоёрыг төслийн ажилд оруулж өгнө гэж бид хоёроос нийт 2472000 төгрөг авчихаад байгаа ....түүнээс хойш утас нь холбогдоогүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,
Хохирогч Ө.Э-н мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Ж.Өнөрбаяр гэх эмэгтэйд 2016 оны 08 сарын 31-ний орой Сэлэнгэ аймгийн Мандал сум яваад ирлээ. Тэнд Монголын уурхайчдын дээвэр холбооны Бор-Өндөр сумын байгаль хамгаалагч эмэгтэйтэй сургалтанд суугаад ирлээ, манай нөхрийг ажилтай болгохоор болсон. Би Бор-Өндөр сумын байгаль хамгаалагч эмэгтэйтэй танилцуулья гэсэн. ...Тэгээд Х.Б. надад нөхөн сэргээлтийн төсөл орж ирэх гэж байгаа юм аа, найдвартай хүмүүс байвал би зуучлаад өгнө өө, та Бэрхэд ажиллаж амьдардаг юм байна аа. Таньд ажил хэрэгтэй бол найдвартай баг бүрдүүлээд ажиллаач гэхээр нь би итгэсэн юм. Түүнээс хойш Х.Б. 99566432 дугаараас залгаад хүмүүсээ бүртгэж байна гэсэн бөгөөд бүртгэлийн хураамж гээд ярихаар нь 2016 оны 09 сарын 01-ны өдөр 300.0 төгрөг, 320000150098 тоот Охиноо гэх дансанд аймагт төрийн банкинд хийсэн. Ажилчдад хямдхан байр өгдөг тул байрны урьдчилгаа болох 1650000 төгрөг шилжүүл гэсний дагуу 2016 оны 09 сарын 05-ны өдөр 300.0 төгрөг Охиноо гэх дансанд Бэрхэд төрийн банкинд хийсэн. Мөн Ордерийн нэр солиулна гэж надаас Х.Б. 14000 төгрөг 2016 оны 09 сарын 06-ны өдөр өөрийнхөө хувийн дансанд хийлгэсэн. Байрны урьдчилгаа гэж 2016 оны 09 сарын 06-ны өдөр тэтгэвэрийн зээл хийж байгаад 800.0 төгрөг Охиноо гэх дансанд аймагт Ханбүргэдэй Хаан банкнаас хийсэн. Х.Б. нь аж ахуй нэгж байгуулна, байгуулах аж ахуй нэгжийн тамга бичиг баримт, тамга тэмдэг, гэрчилгээ бүх зүйлийг бүрдүүлнэ гээд 2016 оны 09 сарын 08-нд бэлнээр 200.0 төгрөг Улаанбаатар хотод өгсөн. Удалгүй баг бүрдүүлэх хэрэгтэй, тэднийхээ бүртгэлийн хураамжийг явуул гэхээр нь 2016 оны 09 сарын 09-ний өдөр Бэрхийн 2 иргэнд энэ тухайгаа хэлж Г.Энхжаргалаас 186.0 төгрөг, Д.Хэрлэнчимэгээс 186000 төгрөгийг өөрсдөөр нь гаргуулан Охиноо гэх дансанд би Улаанбаатар хотод байхдаа хийлгэсэн. 2016 оны 09 сарын 12-ны өдөр дахин өөр хүний бүртгэлийн хураамж мөнгө гэж 220.0 төгрөг Охиноо гэх дансанд Бэрхээс төрийн банкинд би хийсэн. Х.Б. төсөлд ажиллах бүх хүмүүс гадаад паспорттой байх шаардлагатай гэхээр нь 2016 оны 09 сарын 13-нд гадаад паспортны үнэ болох 34000 төгрөг Бэрхээс төрийн банкинд Х.Б.гийн хувийнх нь дансанд би хийлгэсэн. Зүүн бүсийн төслийн нэгж байрлах байрыг барихад хандив гэж 2016 оны 09 сарын 14-нд 200.0 төгрөг хэрэгтэй гэж Х.Б. утсаар хэлсэн тул Бэрхээс дансаар шилжүүлсэн. Бичил уурхайчдын уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар сургалтанд хувийн зардлаар 2016 оны 09 сарын 08, 09-ны өдрүүдэд Улаанбаатар хотын сургалтанд хамрагдахад 620.0 төгрөг зарцуулсан. Х.Б. нь намайг болон бусад хүмүүсийг төслийн ажилд оруулна гэх нэрийдлээр 3060000 төгрөгийг залилан мэхэлж авсан. Х.Б. нь 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш 99566432 гэх утас руу олон удаа залгасан боловч огт утсаа авахаа больсон. Би Х.Б.гийн ярьсан зүйлийг Д.Хэрлэнчимэгт уламжилж 186000 төгрөгийг нь Х.Б.гийн данс руу шилжүүлсэн учир өөрөө бэлэн мөнгөөр 2017 оны 01 сарын 24-нд төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/,
Гэрч Ш.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Б.Б. хохирогчоор байцаалт өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан учраас нэмж ярих зүйл байхгүй. Би Х.Б. гэгчтэй утсаар ярьж байгаагүй. Манай эхнэр л байнга ярьж байсан. Ярих тоолонд би хажууд нь байдаг байсан. Сүүлд ер нь ч их хэмжээний мөнгө явуулж итгэл алдарсан болохоор эхнэрийнхээ хамтаар Улаанбаатар хот орж Х.Б. гэгчийг сураглаж төрийн ордоны 3 давхарт байх Экоборной гэх ХХК-г хүртэл хайж очсон. Тийм ХХК огт байгаагүй. Бас НҮБ-н Монгол дахь салбар дээр очсон бас л тийм ХХК бүртгэгдээгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд эгч Б.Б. өөрийнхөө дүү нарыг ажилд оруулж болох уу гэхэд нь Х.Б. болно гээд 2015 оны 09 сарын 07-ны өдөр эгчийнхээ гар утсаар Х.Б.тэй ярьж өөрийгөө танилцуулсан. Тэр эмэгтэй намайг болон төрсөн эгчийг аймгийн төвд шинээр барих оффист ажилтнаар авах боллоо. Иймд ажлын байранд дээр өмсөх хувцас ижилхэн байх ёстой учир размераа хэл мөн хувцасны 195.0 төгрөгийг шилжүүл гэсэн. Харин эгч Б.Б. тэр өдөр миний болон эгч Баярцэцэгийн хувцасны мөнгө болох 390000 төгрөгийг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 тал/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... надаас ямар ч мөнгө нэхэж аваагүй. Миний ажлын байранд өмсөх хувцасны мөнгө 195.0 төгрөгийг Б.Б. эгч өөрийнхөө мөнгөнөөс шилжүүлсэн. Миний хувьд Х.Б.д залилуулсан хохирсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 88 тал/
Гэрч Ж.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...би Х.Б.д оффисийн барьж өгнө, иж бүрэн компьютер бэлдсэн байгаа гэж огт хэлээгүй. Х.Б.тэй ямар нэгэн ажил төрлөөр нэгч удаа уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 тал/,
Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би бол Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргалыг Х.Б.д байгаль эх дэлхийгээ хамгаалах талаар жинхэнэ хүчин зүтгэж байгаа хүн гэж хэлээгүй, би бол дандаа шалгалтын талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93 тал/,
Гэрч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би бол Х.Б. гэх эмэгтэйд хохирогч Г.Тайванжаргалын талаар ямар нэгэн зүйл яриагүй, ярих ч шаардлага ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 тал/
Гэрч Я.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...манай эхнэр Д.Солонго 2016.05.14-ны өдөр хавтаст хэрэгт маш дэлгэрэнгүй байцаалт өгсөн. Одоо бид хоёрт 5.990.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 тал/,
Гэрч Х.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Х.Б. над руу залгаад төсөл маань бүтчихсэн гэж худлаа ярьсан. Тэгээд одоо танай барилгын төсөл орох гэж байна бараг дэмжигдэнэ, дэмжигдэхийн өмнө төслийн дэнчингийн мөнгө 12000000 төгрөгний барьцаа хэрэгтэй юм байна. Та 6 сая төгрөгийг гаргачих би 6 сая төгрөгийг нь гаргая энэ мөнгө зөвшөөрөгдчихвөл буцаад 12 сая төгрөг маань бид хоёрт ирнэ. Мөнгө маань ороод ирвэл би танд 6500000 төгрөг болгож өгье гэж хэлэхээр нь би эхнэр рүү яриад хэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ найз Алтанчимэг рүү хэлсэн чинь болно, болно гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр найз Алтанчимэгээс тэр мөнгийг аваад Х.Б.гийн “Экоборной” гэх данс руу 6 сая төгрөг хийсэн. ...тэгээд сураг тасарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99 тал/,
Гэрч Н.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ингээд эхнэр бид хоёрыг гэр бүлээр нь ажилд оруулна эхний ээлжинд 286.0 төгрөгний бүртгэлийн хураамж яаралтай төлөх хэрэгтэй гээд 2016 оны 09 сарын 27-ны өдөр Төрийн банкны 320000045198 тоот дансанд мөнгөө хий гээд эхнэр уг дансанд мөнгө шилжүүлсэн. Тэгээд маргааш нь эхнэр рүү дахиж ярьж хотод байр саванд суух учир хөнгөлттэй төслийн 4 байр байгаа нэгэнд нь оруулья 1600000 төгрөг яаралтай явуул гэж хэлээд саяны дансанд 2016.09.28-ны өдөр эхнэрээс дахин мөнгө шилжүүлсэн. 2016.09.30-ны өдөр дахин яриад эхнэрт чиний ажиллах төсөлд нэг туслах ажилтан хэрэгтэй байна. Чамд найдвартай хүн байна уу гэхэд өөрийнхөө найз Алтанзулд энэ талаар хэлж эхнэр өөрөө хүнээс гуйж зээлээр 286000 төгрөг олоод Х.Б.гийн төрийн банкны дансанд хийсэн. ...мөн нягтланд хахууль гэж 300.0 төгрөг явуул гэхээр нь 5040139960 Бямбатулга төслийн нягтлангийн данс гээд энэ данс руу эхнэрээр 300.0 төгрөг хийлгүүлсэн. Эхнэр бид хоёр төслийн ажилд оруулж өгнө гэж бид хоёроос нийт 2472000 төгрөг авчихаад өгөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 тал/
Гэрч Д.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Бэрх хотод Ө.Энх-Оюуны гэртэй хөрш байдаг учраас Ө.Энх-Оюун нь 2016 оны 08 сарын сүүлч үед надтай уулзаад Канад улсын байгалийн нөхөн сэргээлтийн төслийн ажил байна. чи энэ төсөлд надтай хамтарч ажиллах уу гэж санал тавьсан. Тэгээд 2016 оны 09 сарын 01-наас 02-ны үед Бэрхэд Энх-Оюунтай таарсан. Энх-Оюун надаас төсөлд элсэхэд шаардлагатай 186.0 төгрөгийг яаралтай шилжүүл, тэгэхгүй бол төслөөс хасагдах гээд байна. Мөнгөө энэ Охиноо гэх данс руу хий гэж гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109 тал/,
Гэрч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны намар өдрийг нь сайн санахгүй байна. Энх-Оюун Хэнтий аймагт ирсэн. Энх-Оюуныг Өнөрөө гэх найз эмэгтэй нь Х.Б. гэх хүнтэй танилцуулсан юм байна лээ. Энх-Оюун над руу утсаар залгаад сургалт дуусах гэж байна. Танай нөхрийг ажилд оруулах гэж байна 186000 төгрөг шилжүүл гэсэн. Би төрийн банкны дансанд шилжүүлсэн. 2-3 сарын дараа Х.Б. гэх эмэгтэй нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсэн. Энх-Оюун надаас авсан 186000 төгрөгөө 2017 оны 09 сард төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 111 тал/
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай бичил уурхайн чиглэлээр гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Нэг ёсондоо гар аргаар хувиараа ашигт малтмал олборлодог иргэд цуглаж нөхөрлөл холбоо байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Манай байгууллагад ямар нэгэн холбоо байхгүй. Зүгээр гэрээ хийж гэрээгээр сургалт зохион байгуулж түүнээс хэдэн төгрөгний урамшуулал авдаг байсан. Х.Б. нь манай байгууллагатай ямар нэгэн хамааралгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/
Х.Б.гийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр 2016 оны 05 сарын 31-ний өдөр өгсөн: “...Би дээрх хүмүүсийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 тал/
Х.Б.гийн яллагдагчаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Би Б.Б. болон түүний нөхөр Эрдэнэбаатартай анх 2015 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын аварга тосон дээр анх танилцсан. Тэгээд би Б.Б.д байгаль орчны чиглэлээр надтай хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд орон нутагт та нар ажиллах уу гэж санал тавиад анх төсөл дээр төсөл дээр хамтарч ажиллах санал тавьсан. Би Б.Б.д орон нутагт ажиллах сайн дурын ажилтан хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд орон нутгийн биет төлөөлөгч болох зардал мөнгийг бид өөрсдөөсөө гаргана гэж надад хэлж байсан. Тэр зүйлийн дагуу л надад мөнгөө өгч байсан болохоос би тэр юмны зардал гэж шууд мөнгө татаж аваагүй. Би гэхдээ гадаадын байгаль хамгаалах төсөл дээр бол хангалт маш сайн машин тэрэг орон байраар хангадаг гэж хэлсэн. Төслийг зохион байгуулахад цаг хугацаа бас их шаарддаг болохоор тэд нар намайг худлаа ярилаа залилан мэхэллээ гэж ярисан байх. Би хохирогч Б.Б.аас 1960000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна.
-Би С-тэй анх Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багт танилцсан юм. Тэгээд танилцаад Солонгод төслийн ажил давхар хиймээр байна. Хэрлэнбаян-Улаан бол улсын отрын нөөц бүс болохоор над руу залгаж билчээр хамгаалах төсөл олж өгч чадах уу гэж над руу залгасан. Тэгээд би Солонго хүсэлт тавьсаны дагуу хамтарч ажиллаж болно гэж хэлсэн. Тэгээд Б.Б. шиг зохих зардлыг Солонго надад гаргана гэж хэлсэн. Тэгээд тодорхой хугацаанд өгч чадаагүй учраас ийм асуудал болсон. Би Солонгоос нийт 4790000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна.
-Би анх Т-тэй УБ хотод Чингис зочид буудалд бичил уурхайн чуулга уулзалтан дээр танилцсан. Өмнө нь би утсыг олоод ярьж байсан. Тухайн үед би Тайванжаргалтай Батноров сумын өнгөт чулуу хууль бусаар олборлох тухай харилцан ярилцаж байсан. Тэгээд би энэ тал дээр хамтарч ажиллахаар тохиролцож олон ч ажил хийсэн. Түүний нэг нь Батноров, Бор-Өндөр, Дархан суманд блообээрг гээд олон улсын эдийн засгийн телевиз, засгийн газрын мэдээ сониныг харилцан урьж дээрх сумдуудад телевизийг ажиллуулж засгийн газрын мэдээлэл сонинд Хан Хэнтийд халдах эрхгүй ченж төлөвлөгөөний золиос гэж нийтлэлүүдийг гаргаж байсан. Мөн хамтарч ажиллах хугацаанд эдгээр телевизийг авчрах зардал мөнгийг Тайванжаргал надаас нэхэмжилсэн мөнгөнд цус орсон гэж би бодож байна. Мэдээж хэрэг надаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрч байна.
-Би Б-н нөхөр П-тэй танилцсан. Тэгээд Пүрэвээ дарга надад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэд манай суманд ирж чулуу түүгээд байна. Энийг таслан сэргийлэх хуулийн заалт байхгүй болохоор түүнийг ямар зохион байгуулалалтаар орон нутгийг иргэд ашиглаж болох гарц гаргалгаа юу байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ашигт малтмалын тухай хуулинд ХАМО-гийн хууль байдаг уг хууль нь сард нэг иргэнээс улсдаа 53.0 төгрөг төлдөг хууль байдаг учраас Пүрэвээ даргад ажилгүй иргэнээ цуглуулаад нөхөрлөл хэлбэрээр ашигт малтмал өнгөт чулуугаа ашиглаж ажлын байр гаргах боломжтой. Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоолыг санал болгосон. Тэгээд би түүнийг ажил болгое 3000000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэхэд зарцуулъя гэж хэлсэн. Нөхөрлөлийн хэлбэрт шилжвэл хүмүүст нөхөрлөлийн төв болгох байшин сав хэрэгтэй учраас Пүрэвээ даргын эхнэр Батцэцэгийн эзэмшлийн хуучин уурын зуухны барилгыг дахин төсөлд оруулж шинэчилж засахад төсөл оруулж ирэх хэлбэрээр 3 сая төгрөг зарцуулсан. Уг ажил маань бүтээгүй учраас надаас нэхэмжилж байгаа 6000000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-141 тал/,
Х.Б.гийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа, газрын баялгийг зүй бусаар ашиглаж байгаа мөн маш олон хүнсний бохирдол, гэмтлүүдийг дахин сэргээх арга хэмжээ байдаг гэдгийг харуулах гэж ийм ажил хийсэн. Үүний хүчинд Хэнтий аймагт 5 уурхайнуудыг зохих байгууллагад нь өгч байсан. Намайг зохиомол байдал бий болгосон гэж байна. Би Солонгоотой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аврага тосонд танилцаж байсан. Тэр үед Солонгоод шургааг зарсан. Солонго “Хэрлэнбаян улаан” тосгонд амьдардаг юм байна лээ. Цэнхэрмандалаас Бор-Өндөр явахдаа Хэрлэнбаян улаан тосгоны гүүрээр дамжиж явдаг. Тэгээд би олон хүмүүстэй уулзахад улсын нөөц оторын бэлчээр маш их хомсодсон байна. Үүнийг хамгаалах зүйл байдаг юм уу гэсэн чинь улсын хэмжээнд төсөв санхүү байхгүй гэж байсан. 2014 онд би Нэгдсэн үндэсний байгууллагын “Даян дэлхий сан”-тай очиж уулзсан. Отрын бэлчээрийг хамгаалах төсөл хөтөлбөр Нэгдсэн үндэсний байгууллагын шугамаар орж ирдэг үү, отрын бэлчээрийг хамгаалах төслийг хийж болох уу гэж лавласан. Тэгсэн иргэд өөрсдөө хүсвэл үүнийг хийж болдог юм гэж надад хэлж байсан. Энэ саналыг би Солонгоод тавьсан. Энэ хүмүүсийн ярьж байгаагаар би бүгдийг нь хийгээгүй гэж хэлэхгүй. Үнэхээр үүнийг хийж чадна гэж муйхарласандаа хохирогч нараас уучлалт хүсэж байна. Энэ хүмүүсийг би хохиролгүй болгоно. Ингэж би Солонгоотой харьцсан, Солонгоос үйл ажиллагааны зардлууд авсан маань үнэн. Б.Б.тай мөн л шургааг ачиж яваад танилцаж байсан. Б.Б. надад манай малын бэлчээр муу бид нар бэлчээрээ булаацалдаад хэцүү байдаг гэж хэлж байсан. Тэгээд бэлчээр хаших талаар бид хоорондоо ярьсан, иргэдийн оролцоо их байдаг. Энэ бүхнийг харилцан ярилцаж тохиролцсон. Зарим нь хүсэлтээ майл хаягаар өгч байсан заримыг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад байхгүй байсан. Энх-Оюунтай Өнөрбаяр гэдэг эмэгтэйгээр дамжуулж танилцаж байсан. “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” байгууллага Мандал суманд том арга хэмжээ зохион байгуулахад Өнөрбаярыг дахиад 2-3 хүнтэй аваачиж сургалтанд суулгасан юм. Сургалтанд яваад ирсэн чинь Өнөрбаяр өнгөт чулуу хилээр гаргадаг манай нэг эгч байдаг юм. Үнэхээр нөхөрлөл хэлбэрээр үүнийг ашиглаж болдог юм бол манай тэр эгчтэй танилц гэж хэлсэн. Тэгээд бид өнгөт чулууг хэрхэн ашиглаж болох вэ гэдэг тал дээр ажиллая гэж ярилцсан. Канадын төсөл “Шангрилад” болсон. Тэр төсөлд нөхөрлөл байгуулах хүмүүстэй цуг уулзсан. Нөхөрлөлийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд иргэний бүртгэлийн газарт өгсөн ба тэр баримтууд бүгд байгаа. Өнгөт чулууг хууль бусаар олборлохдоо тухайн нутгийн иргэд нийлж “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” алтны нинжаа нар дээр хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхийн тулд үүнийг хууль тогтоомж гаргахын төлөө ажиллаж байгаа гэдэгт санал нэгдэж явж байсан... ...2015 онд Тайванжаргалтай “Олон улсын төсөл хөтөлбөр”-өөр танилцсан. Бид өнгөт чулууны төлөө хамт тэмцэж байгаа учраас нэг дор цугларсан. Тайванжаргал намайг албан тушаалтан болохоор хэвлэлийнхэн авч хэлэлцэхгүй байна. Та ямар ч байсан хэвлэлийнхнийг аваачаад Батноров суманд яг юу болж байгааг хэвлэлээр гаргаад өгөөч гэж хэлсэн. Би 16 байгууллагатай уулзсан... ...Нэгдсэн үндэсний байгууллагын Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн нарийн бичгийн дарга экологич сэтгүүлч эмэгтэйн дугаарыг өгсөн. Тэр олон хүмүүсийг Улаанбаатараас Бор-Өндөр орох бүх зардлыг нь даагаад очсон. Тайванжаргал нь хамтарч ажиллаж байсан зардал 1.240.000 төгрөгийг надаас нэхэмжилж байгаа юм болов уу гэсэн бодол байна. ....Нэгдсэн үндэсний байгууллагын дарга болгоно гэсэн зүйл яриагүй. ...Оюунбаатар даргатай байгаль хамгаалагчийн асуудлаар олон уулзаж байсан. Тэр хүн намайг танихгүй байх шалтгаан байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд байгаль орчны газраас хүн байх ёстой байсан. Пүрэвээгийн тухайд олон улсын хурал дээр бүх орон нутгийн дарга нар сургалтад суусан. Энэ хурал дээр Пүрэвээтэй танилцсан. Пүрэвээ намайг үг хэлээд дууссаны дараа ирээд Бор-Өндөрийнхөн ирээд манайхыг ухаж төнхөөд хэцүү байдаг юм. Бид нар чулууг нь хурааж авдаг юм гэсэн. Тэгэхээр нь би та чулууг нь яадаг юм бэ гэсэн чинь зарчихдаг гэж байсан. Пүрэвээд өөрийнх нь эзэмшлийн уурын зуух байдаг. Түүнийг нөхөрлөл хэлбэрээр ашиглавал яах вэ гэсэн бодлоор хамтран ажилласан. 6.000.000 төгрөгийг хагалгаанд орох шаардлагатай байсан учраас зээлсэн. Долгортой 2016 оны сонгуулиар анх танилцаж байсан. Долгор нэг өдөр над руу залгаад би ажилгүй, нөхөр маань Солонгос явж ирээд бие муутай болсон та ажил байвал надад туслаарай гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ажил олгогч хүн биш учраас төслөөр хүмүүстэй хамтарч ажиллах болсон юм гэдэг санааг хэлсэн...” гэх мэдүүлэг,
-Экоборной ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 151-152 тал/,
-Хохирогч Д.С-ын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 157-161 тал/,
-Хохирогч Д.Б. болон нөхөр Ш.Э-с мөнгөн шилжүүлэг хийсэн хуулга /хх-ийн 162-163 тал/,
- Хохирогч Д.Б-с найз Л.Алтанчимэгээс “Экоборной” ХХК-руу 6 сая төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 164 тал/,
-Б.Долгорын дансны хуулга /1хх-ийн 165 тал/,
- мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх-ийн 166 тал/,
- Х.Б.гийн дансны хуулга /1хх-ийн 249 тал/,
-Х.Б., Б.Охиноо нарын дансны хуулга /2хх-ийн 100-115 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад Нэгдсэн үндэсний байгууллагын ажилтан болгож өгнө, дарга, нягтлан болгож өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Нэгдсэн үндэсний байгууллагын “Экоборной” компани гэж төрийн бус байгууллагаа НҮБ-д хамааралтай мэтээр ярьж, мөн олон услын төсөл орж ирэх гэж байна, хохирогч нарыг машинтай болгоно, байртай болгоно, хаана байрлалтай, ямар тавилгатай байр авах вэ зэргийг нарийн асууж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь хангалттай нотлогдож байна.
Хоёрдугаар хавтаст хэргийн 1-67 дугаар талд “Эко борной” төрийн бус байгууллагын явуулж байсан үйл ажиллагааны талаар баримтууд авагдсан байх боловч явуулсан тодорхой үйл ажиллагаа байхгүй, эдгээр баримтууд нь хохирогч нараас мөнгө залилж авсан үйлдэлтэй хамааралгүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Б.гийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Х.Б.д Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б. нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ болон түүний өмгөөлөгч өмгөөлөл явуулахдаа “...Х.Б. нь анхнаасаа хүмүүсийг залилах санаа сэдэл байгаагүй, би зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй, Нэгдсэн үндэсний байгууллагын Даян дэлхийн байгаль хамгаалах сантай оторын бэлчээрийг хамгаалах төсөл хамтарч хэрэгжүүлж ажиллаж болох юм гэдэг санаагаар, өөрийн хүчээр муйхарлан зүтгэж, төсөл хэрэгжихгүй удаж, энэ хүмүүс мөн надад итгэхгүй цагдаагийн байгууллагад өгснөөр миний ажил бүрэн зогсож ийм байдалд хүрсэн. Би энэ хүмүүсийг дарга, цэрэг болгоно гэж мөнгө, төгрөг аваагүй үйл ажиллагааны зардал л авсан... энэ бол иргэний эрх зүйн маргаан юм” гэх боловч хохирогч нарын мэдүүлгүүдийг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б. нь эхлээд хүмүүст өөрийгөө “Экоборной” уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын захирал гэж танилцуулдаг бөгөөд хохирогч нараас бүртгэлийн хураамж, тамга тэмдэгний мөнгө, төрийн ордон, Байгаль орчны яам руу нэвтрэх үнэмлэх, ажлын хувцасны үнэ, автомашины урьдчилгаа, байрны урьдчилгаа гэх мэтээр тодорхой дэс дараалалтай, зүй тогтолтойгоор өөрийн болон “Экоборной” төрийн бус байгууллага, өөр хүний данс руу мөнгө шилжүүлж авдаг байдал харагдаж байна.
Хохирол төлбөрийн хувьд хавтаст хэргээр нотлогдсон хэмжээгээр буюу шүүгдэгч Х.Б.гээс 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б.д, 3.550.000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.С-д, 1.242.000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Т-д, 8.940.000 /найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д, 2.498.400 /хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д, 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Э-д тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар дээрх хохирлыг 01 жил 06 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нь хохирогч Ө.Э-г Х.Б.гээс Г.Энхжаргал, Д.Хэрлэнчимэг нарын 372.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэх боловч хоёрдугаар хавтаст хэргийн 202 дугаар талд авагдсан нотариатаар баталгаажуулсан гэрээгээр шүүгдэгч Х.Б. нь хохирогч Ө.Э-с 3.060.000 төгрөг авснаа зөвшөөрч, төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Х.Б.гээс дээрх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б. нь шүүхийн шатанд оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж, хуяглан авчирсан зардлыг Хэнтий аймгийн шүүхийн тамгын газраас нэхэмжилсэн нь 3-р хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн тамгын газрын хүсэлт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албан тоот, шүүгдэгч Х.Б.г хуяглан авчрах замын маршрут төлөвлөгөө, хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 65.000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулж, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б.д 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нь шүүгдэгч Х.Б.д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Х.Б.гийн хувьд хохирол, төлбөр төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатнаас оргон зайлсан зэргийг түүний хувийн байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй биелэгдэх зарчмын үүднээс Х.Б.д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Х.Б.гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б.гийн баривчлагдсан болон цагдан хоригдсон 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б.г албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б.г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б.д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б.гийн цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Б.гээс 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б.д, 3.550.000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.С.д, 1.242.000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Т.д, 8.940.000 /найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б.д, 2.498.400 /хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Д.д, 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.Э.д тус тус олгож, хохирогч нар бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 01 жил 06 сарын дотор энэ тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Б.д үүрэг болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 65.000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулж, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газарт олгосугай.
8. Энэ хэрэгт хураагдсан “ЭКОБОРНОЙ” НҮТТБ-ийн тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн дансыг хохирол барагдтал хэвээр үлдээж, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА