Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2023/00876/И |
Дугаар | 210/МА2024/00064 |
Огноо | 2024-01-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/00064
“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02918 дугаар шийдвэртэй,
“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“У*******” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 92,897,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “С*******” ХХК нь “У*******” ХХК-тай 2021 оны 06 дугаар 02-ны өдөр “Бараа материал худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь М250 маркийн бетоныг 170,000 төгрөгөөр тооцож 740 м.куб бетоныг нийт 125,800,000 төгрөгөөр нийлүүлэх, тээвэрлэлтийн зардал болон бетон шахагч машины зардлыг 12,000 төгрөгөөр тооцож тус бүр 8,880,000 төгрөг байхаар тохиролцсон.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу өөрийн “Ш*******” нэртэй бетон зуурмагийн үйлдвэрээс 2021 оны 06 дугаар сарын 04-05-ны өдөр 22 удаагийн рейсээр 208 м.куб, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 удаагийн рейсээр 171 м.куб, мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн рейсээр 8 м.куб, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 удаагийн рейсээр 140 м.куб бетон нийт 527 м.куб бетон зуурмаг, 156 м.куб нэмэлт бодисыг ашиглан, өөрийн бетон шахагч помпоор үйлчлэн тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн. 10 сард хүйтний улирал эхэлсэн учраас бетон зуурмагийг хөлдөөхгүй байх үүднээс нэмэлт бодисыг зуурмаганд хийсэн бөгөөд энэ нь 156 м.куб буюу нийт 1,701,818 төгрөг болсон.
1.2. Харин 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин 16 м.куб бетоныг хариуцагчид хүлээлгэн өгч нийт 546 м.куб бетон нийлүүлсэн боловч 535 м.куб-ийн хэмжээгээр нэхэмжилнэ.
1.3. Нийт нийлүүлсэн 535 м.куб бетоныг 170,000 төгрөгөөр тооцоход 90,950,000 төгрөг, тээвэр болон бетон шахагч машины зардлыг нэгж үнийг 12,000 төгрөгөөр тус бүр тооцоход тээврийн заардал 6,420,000 төгрөг, бетон шахагч машины зардал 6,420,000 төгрөг, нийт 103,790,000 төгрөг болж байх бөгөөд үүнээс урьдчилгаанд авсан 43,560,000 төгрөгийг хасахад 60,230,000 төгрөг, үүн дээр 156 м.куб бетоны нэмэлт бодис 10,909 төгрөгөөр тооцоход 1,701,818 төгрөг, бүгд 61,931,818 төгрөг болж байна.
1.4. Алдангийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцоход хоногийн 309,659 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул хязгаарлаж алдангид 30,965,909 төгрөг болж байна.
1.5. Иймд хариуцагчаас нийт 92,897,727 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.6. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ 1 сарын хугацаатай байсан боловч хариуцагч байгууллагын барилгын ажлын бэлтгэл хангагдаагүй байсан. Хариуцагч нь бетон зуурмаг хэрэгтэй үедээ захиалгаа тухайн үед инженер байсан н.Анударьд өгч байсан. н.Анударь захиалгын дагуу бетон зуурмагийг бэлдэж жолооч нар хариуцагчийн барилгын талбайд хүргэн өгч байсан. Харин хариуцагч захиалга өгөөгүй байхад бид бетон зуурмаг нийлүүлэх ямар ч боломжгүй юм.
Тийм учраас бид хугацаа хожимдуулж, хэтрүүлээгүй.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. Бидний хооронд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 сарын хуагцаатай гэрээ байгуулагдсан бөгөөд нийт 143,560,000 төгрөгийн үнэ бүхий 740 м.куб бетон зуурмагийг нэхэмжлэгч нийлүүлэх ёстой байсан.
Нэхэмжлэгч нь нийт 527 м.куб бетон зуурмаг нийлүүлж, үлдэгдэлийг нийлүүлэх боломжгүй гэсэн тул гэрээ дуусгавар болсон. Нэмэлт бодисыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар тохиролцоогүй.
Гэрээний 3.5-д зааснаар бид ямар нэгэн байдлаар гэрээ дүгнээгүй, акт үйлдээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Үндсэн төлбөрөөс 31,051,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алдангийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.2. “С*******” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 22 удаагийн рейсээр 208 м.куб, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 удаагийн рейсээр 171 м.куб, мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн рейсээр 8 м.куб, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 удаагийн рейсээр 140 м.куб бетон буюу нийт 527 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн.
2.3. Гэрээний 2.6-д зааснаар нэхэмжлэгч тал бетон зуурмагийг хугацаанд нь биелүүлээгүй тул бид алданги шаардах эрхтэй. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 58 хоногийн алданги 29,930,320 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 15 хоногийн алданги 5,252,550 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 20 хоногийн алданги 6,848,200 төгрөг, нийт 42,031,070 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 62,102,000 төгрөгийн 50 хувь буюу 31,051,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У*******” ХХК-аас 90,345,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,552,727 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн “У*******” ХХК-ийн гаргасан алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 627,000 төгрөг, хариуцагч “У*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 313,210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “У*******” ХХК-аас 609,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1. Шүүхийн шийдвэрийн 5-д “...Иргэний хуулийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу зохих ёсоор, шударгааг биелүүлсэн байхад хариуцагч “У*******” ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үлдэгдэл төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгах үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ” гэжээ.
Хэрэгт цугларсан баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр 2021 оны 06 дугаар сарын 05, оны 08 дугаар сарын 29, мөн оны 09 дүгээр сарын 14, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд бетон зуурмаг нийлүүлсэн талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд дээрх баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зарлагын баримт харахад хариуцагчийг үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.
4.2. Шүүхийн шийдвэрийн 6-д “... үндэслэлээр гэрээний хариуцлага болох алданги төлөх нэмэлт үүргээс чөлөөлөгдөхгүй юм” гэжээ. Гэрээний 3.5-д "... гэрээг дүгнэж, актыг 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсны дараа 3-5 хоногт төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон” бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд хандах хүртэлх хугацаанд нэг ч удаа тооцоо нийлэх болон төлбөр төлөлтийг шаардсан талаар мэдэгдэж байгаагүй, энэ талаар нотлоогүй байхад анхан шатны шүүхээс бетон зуурмагийг нийлүүлсэн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс алданги төлөх ёстой гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчиж, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж илт үндэслэлгүй дүгнэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Бид хамгийн сүүлд бетон зуурмаг нийлүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш алдангийг тооцсон. Хамгийн сүүлд бараа нийлүүлэхэд Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд нийцүүлж шаардсан. Гэрээний 1.3 нь НӨАТ, баримттай холбоотой заалт болохоос төлбөрийг төлөх үүргээ биелүүлээд чөлөөлөх болон зогсоохтой холбоогүй.
5.2. Анхан шатны шүүх “нэгэнт бараа хүлээж авсан бол төлбөр төлөх үүрэг үүссэн, тухайн үүргийг биелүүлээгүй нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бетон зуурмаг нийлүүлсэн баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Бетон зуурмагийг 2 талын ажилчид хүлээлгэн өгч, хүлээн авч гарын үсэг зурсан эх хувь баримтууд хэрэгт байгаа. Энэ баримтуудтай хариуцагч маргадаггүй. Хариуцагч барааг хүлээн авсан атлаа төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүйтэй холбоотой алдангийг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэсэн. Гэрээний 3.5-д худалдан авагч талын буюу хариуцагч талын үүргийг заасан. Өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үүргийнхээ дагуу гэрээг дүгнэх, акт үйлдэх зэрэг шаардах эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэл бүхий үнэлж, дүгнэлт хийсэн. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “С*******” ХХК нь хариуцагч “У*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,897,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бараа материал худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч “С*******” ХХК нь М250 маркийн 740 м.куб бетоны нэгж үнийг 170,000 төгрөгөөр тооцон 125,800,000 төгрөг, тээврийн зардлыг 740 м.кубын нэгж үнийг 12,000 төгрөгөөр тооцон 8,880,000 төгрөг, бетон шахагч машины зардлыг 740 м.кубын нэгж үнийг 12,000 төгрөгөөр тооцон 8,880,000 төгрөг, нийт 143,560,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч “У*******” ХХК үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
4. Хариуцагч “У*******” ХХК-аас гэрээний урьдчилгаанд 43,560,000 төгрөгийг төлсөн, гэрээний дагуу нэхэмжлэгч “С*******” ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 04 болон 05-ны өдрүүдэд 22 удаагийн рейсээр 208 м.куб, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 удаагийн рейсээр 171 м.куб, мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн рейсээр 8 м.куб, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 удаагийн рейсээр 140 м.куб, нийт 527 м.куб М250 маркийн бетон зуурмагийг тээвэрлэн, бетон шахагч машиныг ашиглан хариуцагчийн барилгын талбайд хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Конкрете” ХХК-аас 16 м.куб бетон зуурмаг авч хариуцагчид хүлээлгэн өгч нийт 543 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч байгууллагаас захиалга өгснөөр дээрх бетон зуурмагийг нийлүүлж байсан болох нь гэрч Б.Анударь болон гэрч С.Долгорсүрэн нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон 535 м.куб бетон зуурмагийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5. Анхан шатны шүүх гэрээний 1.2-т зааснаар нэхэмжлэгчээс нийлүүлсэн нийт 535 м.куб бетон зуурмагийн үнэ 90,950,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 43,560,000 төгрөгийг хасаж 47,390,000 төгрөгөөр хариуцагчийн үүргийг тодорхойлсон нь зөв болжээ.
6. Гэрээний 1.2-т зааснаар худалдан авагч тал бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний нэмэлт үүргээр уг бетон зуурмагийг тээвэрлүүлэх болон бетон шахагч машиныг ашиглахтай холбоотой хөлсийг нэгжийн үнээр тус бүрийг 12,000 төгрөгөөр тооцож төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд 535 м.куб бетон зуурмагт ногдох хэмжээгээр хөлсийг тооцоход 12,840,000 /535*12,000 төгрөг*2/ төгрөгөөр уг үүрэг тодорхойлогдож байна.
7. Гэрээний дагуу хариуцагчийн төлбөл зохих үүрэг нь 60,230,000 /47,391,000+12,840,000/ төгрөг болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
8. Гэрээний 3.5-д зааснаар худалдан авагч тал гэрээний үнийг төлөх үүргээ хэтрүүлсэн хоног гэрээний үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг худалдагч талд төлөхөөр талууд тохиролцсон. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, анзын гэрээг бичгээр байгуулах мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Гэрээний 3.5-д барааг хүлээн авч, гэрээг дүгнэж, актыг 2 тал гарын үсэг зурж баталгаажсаны дараа 3-5 хоногт төлбөр тооцоог барагдуулаагүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ үүрэг нь гэрээний талуудын хэн алинд нь хамаарч байна. Гэрээнд зааснаар талууд уг актыг үйлдээгүй байх бөгөөд уг үүргийг худалдагч тал дангаар хариуцах үндэслэлгүй.
Гэрээний тохиролцооны ерөнхий агуулгаас дүгнэвэл бараа хүлээн авсан буюу худалдан авагч тал худалдагчаас нэхэмжлэх хүлээн авснаас хойш үүргийг зохих ёсоор гүйцэтгэх учиртай бөгөөд энэ хугацааг акт үйлдэх хүртэл хугацааг хэтрүүлэх, эсхүл огт төлөхгүй байх үндэслэлгүй.
Нөгөө талаар талууд гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан боловч гэрээний 2.3-т “3 хоногийн өмнө албан бичиг, э-мэйл, утсаар захиалсан барааны талаар худалдан авагчид мэдэгдэнэ” гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал худалдан авагч тал албан бичиг, и-мэйл эсхүл утсаар барааг захиалах, уг захиалгыг хүлээн авсан худалдагч тал 3 хоногийн дотор барааг нийлүүлэх үүрэгтэй байна. Түүнээс гадна гэрч Б.Анударийн “Анх бетон зуурмаг авах хуваарь байсан, авахаас 2 хоногийн өмнө хэлдэг байсан. ... [захиалга өгөөгүй байхад] зуурмаг өгөх боломжгүй, “У*******” ХХК өөрөө бэлтгэлээ хангах ёстой” гэсэн, гэрч С.Долгорсүрэнгийн “[ У*******” ХХК ] инженер рүү яриад [ захиалгаа] өгчихдөг байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч талаас 2021 оны 06 дугаар сарын 05, 08 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 04-ний өдөр бетон зуурмагийг хариуцагч талд нийлүүлсэнийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэхгүй юм. Түүнчлэн уг нийлүүлэлтүүдтэй холбоотойгоор худалдан авагч тал тухайн бүрт нь худалдагч талыг үүргийн зөрчил гаргасан талаар мэдэгдэж байгаагүй байна.
Нэхэмжлэгч нь алдангийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлаж 30,965,909 төгрөгийн хэмжээгээр нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 60,230,000 төгрөгөөс 50 хувиар тооцож нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж буруу дүгнэсэн, гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал тооцоо нийлэх болон төлбөр төлөлтийг шаардаж байгаагүй байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад алданги гаргуулж шийдвэрлэсэн нь буруу гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
9. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нийлүүлсэн 156 м.куб бетон зуурмагт 1,701,818 төгрөгийн нэмэлт бодис хийсэн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэж анхан шатны шүүх нэмэлт бодисын үнийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ Э.ЗОЛЗАЯА