| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0068/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0068/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-т холбогдох 1939001060078 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт хувийн малаа маллан амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 429 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн торгох ялаар, Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 115Б дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Э /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э нь тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг “Дунд баян” гэх газраас иргэн Г-гийн 2 тооны гүүг хулгайлж 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг “Дунд баян” гэх газраас иргэн Г-гийн 2 тооны гүүг хулгайлсан болох нь:
1. Хохирогч Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2019 оны 02 дугаар сарын 16-ний өдрөөс 17-ний өдрийн хооронд “Дунд баян” гэх газар байсан адуунаасаа 2 тооны гүү хулгайд алдсан... ....сартай хонгор зүсмийн бүдүүн гүү байсан. Им байхгүй, тамга нь зөв гуяндаа хоёр бөөрөнхий тамгатай доороо хөндөлтэй хос онги тамгатай... манай 2 гүүг Атарсайханы хаваржаан дээр ажиллаад явсан байсан. Тэгэхдээ машины мөр нь их тод үлдсэн байсан. Тухайн үед Э пажеро маркын автомашинтай явж байсан гэж сонсоод Өмнөдэлгэр сум руу очиж Эын машины дугуйны хээг харсан чинь манай адууг ажилласан газрын машины хээтэй яг таарч байсан. Тэгээд сэжиглэж байгаа юм... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 19-21 хуудас/
2. Гэрч Б.Баттөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гадуур эмчилгээ хийлгэж байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Этай таарахад би Хэнтий аймаг ороод ирлээ хүнээс мал мах авах байсан түүнийгээ аваад зарж борлуулаад ирлээ гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 38-39 хуудас/
3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд. /Хх-ийн 6-9 хуудас/
4. Хьюндай каллопер маркын 92-64 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Э-ын тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын 2 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г-д 1.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Э-аас хохирол төлбөрөө авсан болох нь хохирогч Ггийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай каллопер маркын 92-64 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь уг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 хуудас/-аар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар хийлгэснийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул дөрвөн сая төгрөгийг шүүгдэгч Эаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж уг тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э-ыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-т оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх саарал өнгийн Хьюндай галлопер автомашины үнэ болох 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Э-аас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай хяналтын прокурор Я.Сансарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ