Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01561

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01561

 

 

 

Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/02603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Бд холбогдох,

 

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 43,553,769 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Д.Б нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/428 дугаар захирамжийг гаргаж Г.Бийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг гаргасан.

Иргэн Г.Б нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар захирамж, мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрүүд тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрүүдийн дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 26,466,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 17,087,769 төгрөг нийт 43,553,769 төгрөгийг Г.Бд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.

Иргэн Д.Бы төрд хохирол учруулсантай холбоотой нэхэмжлэхийг Төөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/503 дугаар албан бичгээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 152/Ш32023/00630 дугаар захирамжаар нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон байна.

Д.Бы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 43,553,769 төгрөгийг Т нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Д.Баас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ...Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 онд батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар Т төрийн байгууллагыг шууд төлөөлөн нэхэмжлэх авах эрхтэй болсон. Иймээс энэ хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх харилцаанд нөхөж үйлчлэхгүй, хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

2.2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.4-д зааснаар хохирлыг арилгасан байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй. Т нь хохирол арилгасан байгууллага биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Хохирол арилгасан байгууллагуудаас Тд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон баримт хэргийн материал байхгүй. Иймээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

2.3. Хариуцагч төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан ба шууд санаатай эсвэл гэм буруугийн болгоомжгүй, хэлбэрээр гэм хор учруулсан гэдгийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй.

...шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Г.Б Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг зөвшөөрч Увс аймгийн Зас засаг дарга Г.Бд сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалаа захирамжаар хүчингүй болгож харилцан буулт хийж, эвлэрсэн. Захиргааны хэргийн шүүгч нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гаргахдаа хариуцагч Увс аймгийн Засаг даргын Г.Бд сахилгын шийтгэл ноогдуулсан захирамж хууль бус эсэх асуудалд дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн гэм бурууг тогтоогоогүй. Энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг үндэслэн аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г.Бд сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх ...захирамж гарсан. Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжид Г.Бд гомдол гаргаагүй учир энэ захирамж хуулийн хүчний төгөлдөр болсон, өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээрээ байгаа.

2.4. ...Г.Бийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлаас хууль бусаар чөлөөлснийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах, Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуульд заасан урьдчилсан нөхцөл, үндэслэл бүрдээгүй байна гэж үзэж байна.

2.5. Аймгийн Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулсан тухай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Г.Бийг Засаг даргын Тамгын газрын ажилд албан тушаалд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад Иргэний хэргийн анхан шатын шүүх, түүний Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан цалингийн дунджийг тооцон бодож 2016 оны 10 дугаар сарын 05-наас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Иргэний хэргийн шүүхийг Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, илтэд алдаатай, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн алдаатай шийдвэрийн хариуцлагыг иргэн хүн хүлээх үндэслэл байхгүй.

2.6. Иргэний хэргийн анхан шатын шүүхийн хамгийн сүүлийн шийдвэр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. ...Т Чингэлтэй дүүргийн шүүхэд 5 жилийн хугацааг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймээс гэм хорын хохирол нэхэмжлэх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д заасан хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 43,553,769 /дөчин гурван сая таван зуун тавин гурван мянга долоон зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 375,719 /гурван зуун далан таван мянга долоон зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон талаар тайлбарлаж чадаагүй байна. Иргэний хуулийн 498.5-т заасан тохиолдолд хохирлыг арилгасан байгууллага бол Увс аймгийн Засаг даргын тамгын газар юм. Гэтэл нэхэмжлэлийг Т гаргасан. ...Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 50.1 дэх заалт 2019.01.01 өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Хууль батлагдахаас өмнөх үйл баримтад хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэсэн хариуцагч талын тайлбарт шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй өөрөөр хэлбэл маргаан бүхий 2016.07.16 өдрийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

Шүүх Иргэний хуулийн 498.5-т заасны дагуу шууд санаатай гэм бурууг эсвэл илтэд болгоомжгүй хандсан гэм бурууг нотлох баримтыг үнэлж дүгнэж, тогтоох шаардлагатай билээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа хариуцагчийг шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хандсан гэж буруутгаагүй. Дурдагдаж буй Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар хариуцагч аймгийн Засаг даргын Г.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2016.07.16-ны өдрийн А/498 дугаар захирамж хууль бус эсэх, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг хууль бусаар халсан эсэх асуудалд дүгнэлт хийгээгүй , хариуцагчийн шууд санаатай болон илтэд болгоомжгүй хандсан гэм бурууг тогтоогоогүй.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.1 гэсэн хэсэгт шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 -т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт , эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж дүгнэсэн. Шүүхийн ямар шийдвэрээр чухам ямар үйл баримтыг тогтоосон , мөн ямар үйл баримтын талаар зохигчид маргах эрхгүй байгаа талаар шүүх тодорхой тайлбарлаагүй.

3.Тус шүүхийн шийдвэрийн 5.2 хэсэгт шүүх ...үйл баримтаас үзэхэд Б.Б нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Г.Бийг ажилд томилоогүй эс үйлдэхүй гаргасны улмаас төрийн байгууллагад 43.553.769 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нь аймгийн Засаг даргын 2016.10.18-ний өдөр Б/98 дугаар захирамж гарган Г.Бийг Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, энэ захирамж гарсантай холбогдуулан өмнөх 2016.07.16-ны өдрийн Г.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай А/498 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцсон байдаг.

Гэтэл шүүх Увс аймгийн Засаг даргын 2016.10.18-ний өдрийн Б/98 захирамжаар Г.Бийг ажлаас чөлөөлсөн 2016.07.16-ны А/498 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцсон гэж үйл баримтыг буруугаар тайлбарлаж, учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Уг захирамжаар Г.Бийг аймгийн ЗДТГын үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг огт дурдалгүй орхисон. Ажлаас нь чөлөөлсөн энэхүү захирамжид Г.Б гомдол гаргаагүй, уг захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Г.Бийг ажилд нь эгүүлэн шүүхээр тогтоосон зүйл байхгүй. Уг 2016.10.18-ний өдрийн Б/98 дугаар захирамж өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018.09.27-ны өдрийн Б/24 тоот тушаалаар Г.Бийг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон байдаг. Аймгийн Засаг дарга нь аймгийн ЗДТГ-ын даргаас бусад ЗДТГ-ын төрийн захиргааны албан тушаалд иргэнийг томилох боломжгүй. Аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар зөвхөн Тамгын даргаа томилж чөлөөлдөг бөгөөд харин мөн хуулийн 33.4-т зааснаар Тамгын дарга нь Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын бусад төрийн захиргааны албан хаагч, ажилтнуудыг томилж чөлөөлдөг. Хариуцагч нь хариу тайлбартаа энэ талаар дурдсан бөгөөд эвлэрлийн гэрээний 3 дах заалтыг хэрэгжүүлж ажиллахыг Тамгын газрын даргадаа үүрэг болгосон талаар тайлбарласан. Хариуцагчийн энэхүү тайлбарыг шүүх үнэлж, дүгнээгүй. Г.Бийг эвлэрлийн гэрээнд заасан аймгийн ЗДТГ-ын даргаас бусад төрийн захиргааны албан тушаалын ажлын байраар хангаагүй гэж хариуцагчийг буруутгах хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

Шүүх Г.Бийг аймгийн ЗДТГын даргын ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016.10.18-ний өдрийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байхад буюу өөрөөр хэлбэл Г.Бийг аймгийн ЗДТГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй байхад иргэний хэргийн анхан шүүх яагаад , ямар хууль, эрх зүйн үндэслэлээр Г.Бийн аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн хэмжээгээр хохирлыг аймгийн ЗДТГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн талаарх буюу иргэний хэргийн шүүхийн шийдвэр илтэд алдаатай гарсан гэх хариуцагч талын тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй.

5. ...Тус шүүхийн шийдвэрийн 5.2 гэсэн дугаартай хэсэгт Өөрөөр хэлбэл хууль бус захирамж гаргасны хувьд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон, гэм буруугаас үүдэн гарсан хохирлыг хариуцан арилгах этгээд нь тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б мөн гэж дүгнэсэн. Захиргааны хэргийн шүүх нь төрийн захиргааны байгууллага , албан тушаалтны шийдвэр /үйлдэл, эс үйлдэхүй / хууль болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоодог. Захиргааны хэргийн шүүхийн Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар хариуцагч аймгийн Засаг даргын шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй хууль бус эсэх асуудалд дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн гэм бурууг тогтоогоогүй байхад шүүх хууль бус шийдвэр гаргасны хувьд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50.1 хэсэгт заасанд нийцэхгүй байна. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч шинээр шийдвэр гаргаж, өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон нь гэм буруугийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

Г.Бийг Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн , халсныг тогтоосон эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчид гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэх хариуцагч талын тайлбарт шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүхэлд нь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Т нь хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой дурдсан ба Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрд учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа хэлбэр юм. Гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжилснийг шүүгч тодорхойлоогүй, Т өөрөө тодорхойлсон. Тамгын газрын даргын захирамж болох нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлын тухайд хэрэв Төрийн албанаас халаагүй, чөлөөлөөгүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байсан ба талууд шүүхэд эвлэрэхээр очихдоо харилцан буулт хийж эвлэрэх хүсэл зоригоо илэрхийлж буй тохиолдолд шүүх эвлэрүүлж шийдэх нь зүй ёсны асуудал ба үүний цаана ажлаас халсан, чөлөөлсөн шийдвэр байгаа учир хариуцагч хүлээн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон. Хуулийг буцаан хэрэглэсэн гэх тухайд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд ...Т нь төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ... гэж заасан байдаг ба буруутай шийдвэр гаргасан этгээдээс нэхэмжилнэ үү гэхээс хэн нэгэн тодорхойгүй хүнээс нэхэмжилнэ гэх ойлголт байхгүй. Иймд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн төрд гэм хорын хохирол учруулсан 43,500,000 төгрөгийг хангаж, тухайн үед буруутай шийдвэр гаргасан Д.Баас гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Төөс хариуцагч Д.Бд холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 43,553,769 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Д.Б нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бийг сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/428 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

3.2. Улмаар талууд эвлэрсэн учир Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3.3. Мөн Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101 тоот шийдвэрээр Г.Бийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 26,469,433 төгрөг, түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 тоот шийдвэрээр 16,845,591 төгрөгийг тус тус Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Зохигчид хариуцагч Д.Быг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан талаар маргаагүй ба тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 26,466,000 төгрөг, түүнчлэн Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 тоот төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн нөхөн төлбөр хуваарилах тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 17,087,796 төгрөгийг тус тус Г.Бд олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4. Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар Д.Б нь Г.Бийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн болон уг шийдвэртэй холбоотой хэрэг маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар Тд Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн дагуу төрд учирсан хохирлыг шаардах эрх олгогдоогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

Харин Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Т нь хариуцагч Д.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй учир энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын хүрээнд хариуцагч Д.Бы буруутай шийдвэрийн улмаас Г.Бд учирсан хохирлыг төр хариуцан арилгах ба Иргэний хуулийн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар гагцхүү хариуцагч Д.Б нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан бол төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

6. Гэвч анхан шатны шүүх хариуцагч Д.Быг Г.Бд урьд өмнө сахилгын шийтгэл ногдуулсан захирамжаа хүчингүй болгосон, ажилтан хожим буюу 2018 оны 09 дүгээр 27-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдсон, мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр түүнд 43,553,769 төгрөгийн цалин хөлс олгосон гэсэн үндэслэлээр хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

6.1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 тоот захирамжид дурдсанаар Д.Б нь Г.Бд сахилгын зөрчил ногдуулсан өмнөх тушаалаа хүчингүй болгож, ажилтны Төрийн албаны тухай хууль /2002 он/-д зааснаар 3 сараас дээш хугацаагаар суралцах хүсэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөлж, төрийн жинэхэн албан хаагчийн нөөцөд бүртгэх, мөн ажилтанд 2016 оны 10 дугаар 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохын сацуу Тамгын газрын даргаас бусад төрийн захиргааны ангиллын албан тушаалд 2017 оны 1 дүгээр улиралд багтааж томилох нөхцөлөөр зохигчид эвлэрчээ.

 

6.2. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/98 тоот тушаалаар Г.Бийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд 5 /тав/-н сарын хугацаанд суралцах болсон учир Тамгын газрын даргын ажил, албан тушаалаас нь чөлөөлж, өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/428 тоот тушаалыг хүчингүй болгосон байна.

 

Шүүх, зохигчдын тус эвлэрлийн гэрээг бусдын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

Тодруулбал, ажилтан Г.Б нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр улирал дуустал ажил, албан тушаал эрхлэхгүй байх, цаашид Тамгын газрын даргын ажлаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг зөвшөөрснөөс гадна тэрээр ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах, улмаар урьд өмнө эрхэлж байсан ажил, алба тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан агуулгатай эвлэрсэн байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй байна.

 

Мөн зохигчид Г.Бийг 2018 оны 09 дүгээр 27-ны өдөр хүртэлх хугацаанд ажил, албан тушаалд буцааж томилогдох талаар холбогдох байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байсан тухай маргаагүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй.

 

Иймд, хариуцагч Д.Б нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр ажилтан Г.Бийг хууль бусаар ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэм буруутай гэж дүгнэх боломжгүй учир нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/02603 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Тийн гаргасан хариуцагч Д.Бд холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 43,553,769 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,719 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

 

  Б.МАНДАЛБАЯР