| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0039/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0039/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-т холбогдох 1939001920118 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорохой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй С /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-20 тоотод Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь сандалаар цохиж, гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-20 тоотод өөрийн гэртээ Д.Б-ийн толгойн тус газар нь сандалаар цохиж, гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл..../хх-ийн 6-9 хуудас/
2. Хохирогч Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн орчим найз С-ын гэрт ганцаараа очсон. С гэртээ ганцаараа аав, ээж нь хөдөө явсан гэж байсан. Би Сын гэрт байж байхад 16 цагийн үед Сын найзууд гээд танихгүй 2 эрэгтэй хүн ирсэн. Бид 4 мөнгөө нийлүүлж байгаад сэнгүр, боргио нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво авч хувааж уусан. Тэгээд Сынд байсан танихгүй 2 залуу яваад өгсөн. С бид 2 гарч Хишиг нэртэй бааранд очоод 2.5 литрийн 1 ширхэг пиво хувааж уугаад сууж байтал С-той урьд нь үерхэж байсан охинтой таарсан. С урьд үерхэж байсан найз охиноо дагуулаад гэр рүүгээ явсан. Би ганцаараа үлдээд ТҮЦ-нээс тамхи авчихаад С-ынхоос үүрч явсан цүнхээ авахаар такси барин очиход С хуучин найз охинтойгоо, бас өөр нэг залуу найз охинтойгоо байсан. Тэгээд С авдарнаасаа нэг шил дарс, пиво гаргаж ирээд хувааж уугаад сууж байхад Сын найзууд гээд 5 залуу орж ирсэн. Тэр таван залуу архи уусан байсан. Сын гэрт хэрүүл маргаан үүсгээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн чинь тэр таван залуу болон Сын гэрт байсан залуу найз охиноо дагуулаад яваад өгсөн. Тэгээд Сын гэрт түүний хуучин найз охин бид 3 үлдсэн. Тухайн үед С намайг зайл гэхээр нь би цүнхээ аваад гэрээс нь гарахад түүний найз охин миний араас гарч ирсэн. Тэгэхэд С араас гарч ирээд найз охиноо чирээд оруулахад нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд С гэрийнхээ ширээ сандалыг авч шидээд, тогооны шүүгээний шургуулганаас шар бариултай хутга гаргаж ирээд надруу дайрсан. Би Сын гэрээс гарч зугтаагаад, хашааны хаалганы ард нуугдаад байж байхад С намайг олоод ирсэн. Тэгээд бид хоёрыг барьцалдахад С миний зүүн хөлний ташаа бүдүүн гуя хэсэгт 1 удаа хутгалсан. Мөн надруу модон сандал шидсэн ....гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/
4. Гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ....С Б-г яв гэсэн. Би ойлгохдоо С надтай хоёулаа байх гээд Б гэх залууг хөөгөөд байна гэж ойлгосон... С бид хоёрыг хамт явах гэж байна. Та хоёр ярилцаад цуг явах гэж байна гээд уурлаад Бтэй хэрэлдэж муудалцаад байсан... гэх мэдүүлэг ..../хх-ийн 21-22 дугаар хуудас/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 158 дугаартай:
-Д.Б-гийн биед зүүн гуяны гадна хажуу дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтооглоо.... Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..... Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт.../хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Сын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б нь хохирол болон гомдол саналгүй /хх-ийн 45 тал/ гэсэн тул Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-т оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймийн Цагдаагийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ