Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 552

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугар хороо, Бага тойруугийн 7/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011022142, регистрийн 2817578 дугаартай, ”Кон-Инженерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт холбогдох,

     Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 91.323.126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан, Н.Тэсхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

  Нэхэмжлэгч ”Кон-Инженерс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”Кон-Инженерс” ХХК нь Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд гэрээ байгуулж ажилласан боловч захиалагч тал гэрээний үүргээ зөрчиж одоо болтол гэрээний 3.2, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар төлбөрийг хуваарийн дагуу төлбөрийн нэхэмжлэхийн хувийг захиалагчид ирүүлснээс хойш 30 хоногийн дотор хийх ёстойгоос нэг ч төгрөг тус компанид төлөөгүй байна. Үүнд: Зөвлөхийн гарын үсэг зурж баталгаажуулсан захиалагчийн хүлээн зөвшөөрөхүйц тайлангийн төслийг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн 70 хувь буюу 63.926.188 төгрөг, хүлээн зөвшөөрөхүйц эцсийн тайланг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн 30 хувь буюу 27.396.938 төгрөг, нийт төлөх дүн 100 хувь буюу 91.323.126 төгрөгийг гэрээнд зааснаар Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас тус тус гаргуулж өгнө үү” гэв.      

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан, Н.Тэсхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эдийн засгийн хямралтай холбоотойгоор тухайн мөнгийг төсөвт суулгаагүй учир уг мөнгийг төлөх боломжгүй. ”Кон-Инженерс” ХХК-ийн хийсэн “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын зураг нь өндөр үнээр хийгдсэн гэж үзэж байна. Иймд өр төлбөрийг барагдуулах боломжгүй” гэв.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч ”Кон-Инженерс” ХХК нь хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 91.323.126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Эдийн засгийн хямралтай холбоотойгоор тухайн мөнгийг төсөвт суулгаагүй учир уг мөнгийг төлөх боломжгүй” хэмээн маргаж байна.

      2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон “Кон-Инженерс” ХХК-ийн хооронд “Увс аймгийн “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээг үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу ажлаа 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гүйцэтгэж, мөн өдөр ажлаа хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 91.323.126 төгрөгийг 2 хувааж төлөх үүргийг тус тус хүлээжээ.

     Гэрээний зүйл нь ажлын үр дүн байх тул уг гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх нь зүйтэй байна.

    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” хэмээн заажээ.

    Ажил гүйцэтгэгч “Кон-Инженерс” ХХК нь гэрээний дагуу Увс аймгийн “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлыг 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн, захиалагч талд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь Увс аймгийн “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын ажлын зураг гүйцэтгэх УВАЗТ-25/2014 тоот гэрээг дүгнэсэн акт, зураг хүлээлцсэн актаар тус тус нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.

    Увс аймгийн “Ардын язгуур урлагийн төв” театрын барилгын ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээг үзүүлэх гэрээний 3.2 дахь хэсгийн 1-д “Зөвлөхийн гарын үсэг зурж баталгаажуулсан захиалагчийн хүлээн зөвшөөрөхүйц тайлангийн төслийг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн 70 хувь буюу 63.926.188 төгрөг”, мөн хэсгийн 2-т “Хүлээн зөвшөөрөхүйц эцсийн тайланг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн 30 хувь буюу 27.396.938 төгрөг”,  мөн хэсгийн 3-т “Нийт төлөх дүн 100 хувь буюу 91.323.126 төгрөг”, 3.3- дахь хэсэгт “Төлбөрийг төлбөрийн нэхэмжлэхийн хувийг захиалагчид ирүүлснээс хойш 30 хоногийн дотор төгрөгөөр хийнэ” гэж тус тус тохиролцжээ.

      Гэрээгээр тохиролцсоны дагуу “Кон-Инженерс” ХХК нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн боловч захиалагч тал гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна.

     Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 91.323.126 төгрөг гаргуулж “Кон-Инженерс” ХХК-д олгож шийдвэрлэв.

    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Кон-Инженерс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 614.570 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кон-Инженерс” ХХК-д олгох нь зүйтэй байна.    

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 91.323.126 /ерэн нэгэн сая гурван зуун хорин гурван мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кон-Инженерс” ХХК-д олгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Кон-Инженерс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614.570 /зургаан зуун арван дөрвөн мянга таван зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 614.570 /зургаан зуун арван дөрвөн мянга таван зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кон-Инженерс” ХХК-д олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ