Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01562

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01562

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02539 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Э ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ...... сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/179......тай шүүгчийн захирамжаар Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэгт 5,847,704,837 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан болно.

Э ХХК-ийн өмчлөлд байх Баянгол дүүргийн ...... хороо, ....... хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ..... тоотод байрлах, .............. тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2829 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв талбайн үнэлгээг 4,500,000 төгрөг, нийт 12,730,500,000 төгрөг, ........... эрхийн улсын бүртгэлийн дугаартай 827 м.кв газрыг 5,000,000,000 төгрөгөөр тооцож үл хөдлөх хөрөнгө болон газрын хамт зах зээлд зарагдаж байгаа үнэлгээг тооцож 17,730,600,000 төгрөгөөр үнэлж санал гаргасан.

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04-146/4976 дугаартай Мэдэгдэл-д дээрх үл хөдлөх хөрөнгө, газрын нийт үнэлгээг 6,681,502,058 төгрөгөөр үнэлгээ хийлгэж мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 33.1.3-т тус тус зааснаар дээд шатны албан тушаалтанд дахин үнэлгээг Э ХХК нь өөрсдөө хийлгэх тухай хүсэлтийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч хариу өгөөгүй болно.

Баян модот ХХК-ийн үнэлгээ нь зах зээл дээр зарагдаж байгаа, ямар ч төрлийн, үйлдвэрлэл, үйлчилгээг шууд явуулж болох үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нь, хувийн ашиг сонирхол бүхий, хувийн өмчийг хэт доогуур үнэлж төлбөр төлөгчийн санхүүгийн боломж тааруу байгаа байдлыг ашиглаж, зөвхөн төлбөр авагчийн эрх ашгийг хангасан үнэлгээ байна гэж үзэж дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ...... сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/0179...... захирамжаар Э ХХК-иас 5,847,704,837 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХК-д олгохоор захирамжилсан. Төлбөр төлөгч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын ....................т бүртгэлтэй Баянгол дүүргийн ...... хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, .... тоот хаягт байршилтай 2.826 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот хаягт байрлах 827 м.кв талбайтай газрын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нт даалган шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22250977/03 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/22250977 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар, өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Э ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөө 12,730,500,000 төгрөгөөр, газрыг 5,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХК-аас төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн.

Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/61 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийн шинжээч С.Цыг томилон үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 6,681,502,058 төгрөгөөр үнэлэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхны дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш үнийн санал ирээгүй, харин нэхэмжлэгч тал шүүхэд ...... сард гомдол гаргасан байна. Үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хонгийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг тул гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна. Иймд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 102/ШШ2024/02539 дугаартай шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:

4.1. Анхан шатны шүүх Иргэний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийн шийдвэрлэсэн,

4.2. Нэхэмжлэгч шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох тухай хүсэлт гаргахад хууль бусаар хүсэлтийг хүлээн аваагүй,

4.3. Өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай бичгээр гаргасан шүүх хурал давхацсан тул шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй,

4.4. Шүүхээс томилсон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт нь хөндлөнгийн дүгнэлт гаргах байтал дүгнэлт гаргасан Баян модот ХХК-ний шинжээчээс авсан тайлбараар дүгнэлт гаргасан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Иймд, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 102/ШШ2024/02539 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч талыг дэмжид оролцсон байна.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э ХХК-ийг хүсэлтийг үндэслэн 2023 оны ....... сарын 02-ны өдрийн 102/ШЗ2023/16717 дугаартай шүүгчийн захирамжаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт болон Хос стандарт ХХК нарыг шинжээчээр томилж, зохигчдын маргаж буй хөрөнгийн үнийг цэнийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /х.х-ийн 157-159/.

 

Уг захирамжийн дагуу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-аас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 326Ш/24 тоот шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн бол, Хос стандарт ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах боломжоор хангаж ажиллахгүй байх тул шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан албан бичиг ирүүлжээ /х.х-ийн 164/.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн үнэлгээний талаарх гомдлыг хянан шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь төлбөр төлөгч этгээд болохын хувьд барьцаа хөрөнгийн үнийг 6,681,500,000 төгрөгөөс их буюу 17,730,600,000 төгрөгийн үнэтэй гэж маргаж буй тохиолдолд үүнийг нотлох үүргийн хүрээнд шүүхээс томилогдсон шинжээчид барьцаа хөрөнгө болон бусад шаардлагатай зүйлстэй танилцах нөхцөлөөр хангах үүрэг хүлээх тул нэхэмжлэгчийн шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

4. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээршүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэж, түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхэд нийцээгүй байна.

 

5. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02539 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

  ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР