Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 56

 

Ж.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолтой, Ж.Г-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Ж овогтой Г, 1887 онд төрсөн, эрэгтэй, 1952 онд 65 настай байсан, Сүхбаатар аймгийн Өлзийт сумын 8 дугаар багийн харьяат,

Ж.Г нь “1950, 1951, 1952 онуудад Сүхбаатар аймгийн Өлзийт сумын нутагт ухвар мөчид зарим ардын дунд шашны хоосон балар суртлаар нөлөөлж, тэдний дунд гүрэм, ном уншиж, өргөл барьц авч ашгийг хичээж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Ж.Г-г Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар түүний морь 2, даага 1, бяруу 2, төлөг 1, ямаа 1, хадаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хурааж, 1 жил хорих ялаар шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:Сүхбаатар аймгийн прокурор Амгалангийн баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар эрхэлсэн байцаагч Сүхбаатарын төлөвлөсөн ялын төлөвлөгөө /он, сар, өдөр бичигдээгүй/-нд: “тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн Г нь  1950-1952 онуудад Өлзийт сумын ухвар мөчид зарим ардын дунд шашны хоосон балар суртлаар нөлөөлж, тэдний дунд гүрэм, ном уншиж, өргөл барьц авч ашгийг хичээж явжээ. Энэ нь 1950 онд Н, Н нар ном уншуулж өргөл барьц өгсөн, 1951 онд ном уншуулж өргөл барьц өгч байсан А, 1952 онд ном гүрэм хийлгэж өргөл барьц барьж байсан Д нарын мэдүүлэг, өөрийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлгээр батлагдсан хэрэгтээ тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар яллагдана. Хэргийг таслан шийтгүүлэхээр Сүхбаатар аймгийн Шүүх таслах газрын эрх мэдэлд шилжүүлэх саналыг төлөвлөв” гэжээ.

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13- ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолоор: “Энэ хэргийн Ж.Г нь 1950, 1951, 1952 онуудад Өлзийт сумын нутагт энгийн сууж байхдаа орон нутгийн ухвар мөчид зарим ардын дунд шашны хоосон балар суртлаар нөлөөлж, тэдний дунд гүрэм, ном уншиж, өргөл барьц авч ашгийг хичээж байсан нь 1950 онд Н, Н нар ном уншуулж өргөл барьц өгсөн, 1951 онд ном уншуулж өргөл барьц өгч байсан А, 1952 онд ном гүрэм хийлгэж өргөл барьц барьж байсан Д нарын мэдүүлэг өөрийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлгээр батлагдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, барьцанд авсан морь 2, даага 1, бяруу 2, төлөг 1, ямаа 1, хадаг 1-ийг хураан авч улсын орлого болгох” гэж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолоор Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Ж.Г ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас нийгэм болон иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, нутгийн иргэдийн гуйлтын дагуу сан тавьж, гүрэм, ном уншиж, тэднээс барьц болгож өгсөн зүйлийг авсныг нь шашнаар мунхруулан ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна.

Ж.Г-гийн 1952 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгт: “миний бие 1949 оны өвөл тус сумын 8 дугаар багийн С.Нын эх Г, мөн багийн Н, 1950 онд Ч-ын эхнэр Гармаа, 1951 оны сүүлчээр 6 дугаар багийн М.Г нарын гуйлтаар лүйжин тавьж өгч байсан. Наас бяруу 1, Нгаас 1 морь, Ч-аас 1 адуу, 1 бяруу, Дгээс тэмээ 1-ийг тус тус барьцанд авч байсан” гэж,

Өлзийт сумын 8 дугаар багийн С.Нын мэдүүлэгт: “1949 оны намар хүүхэд Нямааг халуурах үед сандарч 1 удаа сан тавиулаад барьцанд 1 бяруу өгсөн” гэж,

мөн сумын 6 дугаар багийн Аийн мэдүүлэгт: “миний бие өвчтэй байхдаа 8 дугаар багийн Г гэх хүнийг гуйж ном уншуулан 1 адуу, 10 төгрөг өгөх гэсэн боловч 10 төгрөг, морийг аваагүй. Би 6 дугаар багийн С-аас 1 морь авах авлагатай байсан учир түүгээрээ аваарай гэсэн боловч түүнийг авсан эсэхийг мэдэхгүй байна ...” гэж,

8 дугаар багийн Д.Н мэдүүлэгтээ: “1950 оны хавар Дорноговь аймгийн харьяат түвд ламаар ном уншуулан барьцанд нь 1 тэмээ өгсөн, тэр ламын нэрийг мартсан байна” гэж,

1 дүгээр багийн Ж.Д мэдүүлэгтээ: “өнгөрсөн хавар хүүхэд өвчтэй байх үед Г лүйжин тавьж, ном уншиж өгсөн учир 1 тэмээ өгсөн” гэж,

1 дүгээр багийн Балсан мэдүүлэгтээ: миний бие Г-гээр эрт, орой аль нэгэн цагт ном гүрэм уншуулж, өргөл барьц өгч байсан удаагүй” гэж тус тус мэдүүлжээ.

Хэргийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд, Ж.Г нь бусдаас шахаж шаардаж өргөл барьц авч ашиг хонжоо харж бусдад ном уншиж, гүрэм, сан тавиагүй, харин өвчин зовлон тохиолдсон хүмүүсийн гуйлтаар очиж ном гүрэм уншиж өгсний хариуд нь тэдгээр сайн дураараа өгсөн зүйлүүдийг авч байжээ.

1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлан явуулах тухай” хуулийн 20 дугаар зүйлд: “...Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

Ж.Г нь бусдын гуйлтаар гэрт нь очиж шашны гүрэм, ном уншиж, тэдний өгсөн зүйлийг авсныг нь шашнаар нөлөөлж мунхруулан, ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 60 дугаар тогтоолоор Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Өлзийт сумын харьяат, Ж.Г-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Ж-ын Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцэв.                                                                                                                      

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоол болон хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Ж.Г нь 1950-1952 онуудад Сүхбаатар аймгийн Өлзийт сумын зарим иргэдийн хүсэлтээр шашны ном уншиж, засал хийж өгсний хариуд тэдний сайн дураар өргөл болгон өгсөн 7 мал, эд зүйлийг авсан болох нь тогтоогдсон боловч түүний энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, нийгэм болон иргэдэд хор уршиг учруулсан эсэх нь тогтоогдоогүй байхад Ж.Г-г “... орон нутгийн ухвар мөчид зарим ардын дунд шашны хоосон балар суртлаар нөлөөлж, тэдний дунд гүрэм, ном уншиж, өргөл барьц авч ашгийг хичээж байсан гэх” гэх улс төрийн хилс хэрэгт холбогдуулан тухайн үед үйлчилж байсан 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар түүний морь 2, даага 1, бяруу 2, төлөг 1, ямаа 1, хадаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хураан авч, 1 жил хорих ял оногдуулж хилсээр ял шийтгэсэн гэж үзэв.

Ж.Г-гийн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Иймд Сүхбаатар аймгийн Өлзийт сумын 8 дугаар багийн харьяат, Жаргалын Г-г улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Ж.Г-г 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар түүний морь 2, даага 1, бяруу 2, төлөг 1, ямаа 1, хадаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хурааж, 1 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Ж.Г-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ж-ын Г-г 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар түүний морь 2, даага 1, бяруу 2, төлөг 1, ямаа 1, хадаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хурааж, 1 жил хорих ял шийтгэсэн Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж-ын Г-г цагаатгасугай.

 

 

             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                 Б.БАТЦЭРЭН

                 Ч.ХОСБАЯР

                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН